Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 111/ШШ2021/0014

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Сувдмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагчид холбогдох “Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч *******-ийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар В.Ундрах-Оргил нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие ******* нь 2021 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар тойрогт нэр дэвшсэн. Миний бие хуулийн дагуу нэр дэвшигчийн хандивын данс нээсэн. Ингээд сонгуульд оролцоод ялагдсан байсан. Тухайн үед ээжийн бие тааруу байснаас үүдэлтэйгээр сонгуулийн сурталчилгаа ч сайн хийж чадаагүй. Сонгуулийн үеэс эхлүүлээд биеийн байдал дордож маш их сандаргасан. Өнөөдрийн байдлаар биеийн байдал маш тааруу байна. Гэтэл 2021 оны 5 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн аудитын газраас намайг дуудаж сонгуулийн хандивын дансны тайлангаа ирүүлээгүй гэж 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байгаагаа хэлж, шийтгэвэр гардуулсан. Би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Би тус шийтгэврийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би өөрөө хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бөгөөд ээж минь үхэл амьдралын зааг дээр байсан тул надад тухайн тайланг гаргах цаг хугацаа боломж байхгүй байсан. Төрийн байгууллага ажлаа хийх үүрэгтэй ч гэсэн иргэнийхээ хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэхийг ямар нөхцөл байдал байсны улмаас хууль биелүүлээгүйг харж үзэх ёстой гэж бодож байна. Иймээс тус шийтгэвэр, шийдвэр нь хууль бус гэж үзэж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Надад 10.000.000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна.” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн улсын байцаагч ******* би, Баянхонгор аймаг дахь Төрийн Аудитын газрын /9007323/ тоот, бусад нотлох баримтуудыг үндэслэн Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэснийг зөрчсөн тул нэр дэвшигч *******гийн Г-д шийтгэл оногдуулсан болно.гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч *******-ийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зөрчлийн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно.

Нэг.Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч *******-ийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлагын тухайд:

Баянхонгор аймаг дахь Аудитын газар Нам, эвсэл нэр дэвшигчийн сонгуулийн зардлын санхүүжилт, түүний гүйцэтгэлд нийцлийн аудит хий, тус газрын дарга ******* зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллуулахаар Баянхонгор аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга *******д 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 1/11 дүгээр албан бичгийг хүргүүлснээр зөрчлийн хэрэг нээн, шалгажээ.

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагч ******* нэхэмжлэгч *******-г нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайлангаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлинй тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д “Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Монгол Улсын Их хурлын 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 23 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэж тогтоожээ.

Зөрчил гаргагч ******* нь Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар тойрогт нэр дэвшиж, ХААН банкинд ******* тоот дансыг сонгуулийн хандивын данс болгон нээж, уг дансанд нийт 2.050.000 төгрөгийн хандив цуглажээ.

Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Нам, эвсэл нь санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлнэ” гэж даасны дагуу нэр дэвшигч 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор зардлын тайландаа хувийн хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газарт хүргүүлэх шаардлагыг биелүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, зөрчлийн хэргийн баримт зэргээр нотлогдох ба зөрчил гаргагч үүнтэй маргаагүй байна.

******* нь “...хуулийн дагуу хандивын данс нээсэн, манай 2 дүү мөнгө хийсэн байсан, би зүрхний хүнд өвчтэй, хэвтэрт байдаг настай ээжийгээ асардаг тул сонгуулийн сурталчилгаа хийж чадаагүй, би сонгуулийн үр дүнгээр ялалт байгуулаагүй тул тэр мөнгийг 2 дүүдээ буцаан өгсөн, хандивын дансны тайлан гаргахыг мэдээгүй, тэгээд ч ээжийгээ байнга асардаг тул тайлан гаргах боломж байгаагүй...” гэж тайлбарлаж байгаа ба ээж нь хүнд өвчтэй, ээжийгээ асардаг болох нь түүний ээж Н.*******гийн тухай өрхийн болон эмчлэгч эмчийн тодорхойлолт, эмчлүүлэгчийн карт, гэрчүүдийн мэдүүлэг, бусад холбогдох баримтуудаар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байна. Тиймээс *******д хүндэтгэх үзэж болох шалтгаан байсан байхыг үгүйсгэх аргагүй юм.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд шийтгэл оногдуулах үндэслэлийг тусгасан бөгөөд 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулах” зарчмыг баримтлахаар хуульчилсан.

******* нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25-д заасан зөрчлийг үйлдсэн боловч түүний зөрчлийн шинж, зөрчил гарахад нөлөөлсөн хүндэтгэн үзэх шалтгаан, нөхцөл байдлыг харгалзан үзэхэд түүний үйлдсэн зөрчилд оногдуулсан шийтгэл тохироогүй, хүндэдсэн бөгөөд дээрх хуулийн зарчимд нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 25, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэн, улсын байцаагчийн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсгийг баримтлан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.СУВДМАА