Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

Б А ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02758 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т В ХХК-д холбогдох  

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8 110 300 тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэлт-Од, О.Мандахзул нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Мандахзул, О.Гэрэлт-Од

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Батбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Оюунзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б А ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, Польш улсаас барилгын материал импортлох, худалдах, барилгын гадна фасадны засварын үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай компани нь Т В ХХК-тай Санзай хотхоны 23, 29 тоот барилгын гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэхээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ 11/20, Бүтээгдэхүүн нийлүүлэх 11/21 тоот гэрээ байгуулсан билээ. Хариуцагч нь 2011 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бараа материалын төлбөр болох 16 000 000 төгрөг, ажлын урьдчилгаа төлбөр 4 000 000 төгрөгийг тус тус тушаасан болно. Манай компани барилгын засварын ажлыг 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэхэд бүрэн хийж гүйцэтгэн захиалагч тал болох Т В ХХК-д хүлээлгэн өгсөн билээ. Гэрээнд заасны дагуу ажил дууссаны дараа ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 8 110 300 төгрөгийг Т В ХХК-иас шилжүүлэхийг хүссэн боловч одоохондоо мөнгөгүй байна гэж тухайн үед Т В ХХК-ийн захирал Ё.Гансүх хэлж байсан. Гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг тухайн үед Т В ХХК-ийн байрлаж байсан оффис дээр очиж үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардсан боловч мөнгө байхгүй, удахгүй мөнгөтэй болохоор төлнө гэж хэлдэг байсан.

Манай компанийн зүгээс төлбөрийг барагдуулах талаар Т В ХХК-ийн захирал Ё.Гансүхтэй удаа дараа уулзаж төлбөрөө төлөхийг шаарддаг байсан боловч төлбөрийг одоо болтол барагдуулаагүй байна. Т В ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо нийлж, үлдэгдэл 8 110 300 төгрөгийг манай компанид төлөхөө хүлээн зөвшөөрсөн болно. "Тиймворк Визуал” ХХК-тай байгуулсан 11/20 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 8 110 300 төгрөгийг "Тиймворк Визуал" ХХК-иас гаргуулж манай компанийг хохиролгүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Манай компани нь нэхэмжлэгчтэй байгуулсан барилгын ажил гүйцэтгэх болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээ бүрэн хэрэгжиж дуусгавар болсон. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй төлбөр тооцооны асуудал байхгүй. Нэхэмжлэгч 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн гэсэн нь үндэслэлгүй, тооцоо нийлсэн акт үйлдээгүй болно. Харин нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, чанарын шаардлага хангахгүй бараа материалаар ажлын үр дүнг доголдолтой хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг тус тус баримтлан Т В ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлтэд 8 110 300 төгрөг гаргуулахыг хүссэн Б А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 144 715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөгч О.Гэрэлт-Од, О.Мандахзул нар давж заалдах гомдолдоо: “...Талуудын хооронд байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан ажилгүй гүйцэтгэх гэрээний 3.4 “Гүйцэтгэгчийн буруутай ажлаас болж барилгын хийгдсэн ажил гэмтсэн тохиолдолд гүйцэтгэгч өөрийн зардлаар түүнийг засах үүргийг 3 жилийн дотор хүлээнэ” гэж баталгаат хугацаа тогтоосон байна. Хэдийгээр баталгаат хугацаанд гаргах шаардлага гаргах эрх ажил гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгчид хамаарлагүй боловч ажил гүйцэтгүүлэгч тал буюу хариуцагч тал нь үлдэгдэл төлбөрийг баталгаат хугацаанд барьцаа болгон барьж байсан учир нэхэмжлэгч Б А ХХК-ийн шаардлага гаргах эрх нь 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэнэ гэж үзэж байна. ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “хариуцагч компанийн захирал Ё.Гансүхийг удаа дараа шаардсан үр дүнд Б А ХХК-ийн оффис дээр Ё.Гансүх ирж тооцооны үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурсан гэж мэдүүлсээр байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй, хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б А ХХК нь хариуцагч “Т В” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 110 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид хоорондоо 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 11/20 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 11/21 тоот бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 18 883 000 төгрөгийн бараа материалаар Санзай хотхоны 23, 29 тоот барилгын гадна фасадын ажлыг 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын хөлс 12 340 000 төгрөгийг гэрээ багйуулах үед 40 хувь буюу 4 936 000 төгрөг, ажил хүлээлцэх үед 60 хувь буюу 7 404 000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан үүрэг хүлээсэн, талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг үндэслэн зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн, харин ажил гүйцэтгэх гэрээний хөлс бүрэн төлөгдөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 8 110 300 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй, ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болоогүй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шаардах эрх үүссэн үеэс тоолох бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэл байхгүй тохиолдолд дээрх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хариуцагчаас мөнгөн төлбөрийн үүргийг шаардаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан тул энэ хугацаагаар хамааруулж дүгнэх учиртай.

 

Дээрх 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад нийцсэн гэж үзнэ.

 

Хэргийн 15 дугаар талд авагдсан талуудын тооцоо нийлсэн баримтад 11/20 тоот “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үлдэгдэл төлбөр болох 8 110 300 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр тохиролцож 2 тал гарын үсэг зурсан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5321 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтад “Төлөгч байгууллагын нягтлан бодогч” гэсний ард зурагдсан гарын үсэг нь Гансүхийн өөрийнх нь гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна” гэжээ. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлүүдэд зааснаар шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, зохих журмын дагуу хийгдсэн шинжээчийн дүгнэлт авагдсан байх тул хариуцагч байгууллагын төлөөлөгч гарын үсэг зурсан гэж үзэх боломжгүй байна. /хх 15, 72-75/

 

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02758 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б А ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 144 715 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

              ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                    Д.ЦОГТСАЙХАН