Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/628

 






 

 

     2022          08           08                                        2022/ШЦТ/628


 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Эрдэнэбулган  хөтлөн,

Улсын яллагч Т.Баянмөнх, 

Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр /ҮД:2859/, Нарангарав /ҮД:1300/

Хохирогч А.Т, түүний өмгөөлөгч  Г.Халиунаа /ҮД:2029/, 

Шинжээч эмч М.Аригуунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Х овогт Гын Год холбогдох эрүүгийн 2205003411270 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Х аймгийн Ц суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Н-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Х овогт Гын Г, РД: .

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Г нь “...Гын Бтай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот хашааны гадна үл ойлголцох хэрүүл маргааны улмаас хохирогч Э.Тг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн чихний ар хөхлөгт цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Г.Г нь “...Гын Бтай бүлэглэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот хашааны гадна үл ойлголцох хэрүүл маргааны улмаас хохирогч Э.Тг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн чхний ар хөхлөгт цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гын “…Би хохирогчийг 2 удаа цохиж, 1 удаа өгшиглөсөн. Гэм буруу дээр маргахгүй байна. Ийм гэмтэл авна гэж анзаараагүй. Надаас шалтгаалж энэ гэмтэл үүсээгүй байх. Өмнө нь хохирогч 2 хүнтэй зодолдоод ирсэн гэж ярьж байсан. Миний цохисноос тийм гэмтэл гарахгүй гэж би санаж байна. Би хохирогчийн биед халдсан. 25 дугаар эмийн сангийн тэнд 2 хүнтэй зодолдоод ирлээ гэж манай хүүхдэд хэлсэн байсан. Аав нь хүртэл манай хүүхэд 25 дугаар эмийн сангийн тэнд хүнтэй зодолдсон гэж хэлсэн. Би лавлаж асуутал Сийн аав, ах 2-т зодуулсан гэж хэлсэн гэж аав нь надад хэлсэн. Өмнө нь  би Ттэй таарсан. Манай хашааны гадаа Тгийн машин байсан. Гэртээ орж ирээд байж байхад охин маань хүнтэй уулзана гэж гарсан. Би араас нь гараад хартал Тгийн машин манайхаас зүүн тийшээ хогны тэнд зогсож байсан. Яваад очиход манай хүүхдийг суулгасан байсан. Өмнө нь ээжээс нь ийм хүүхэд яваад байна гэж сонсож байсан. Чи хэдэн настай билээ, миний хүүхэд хэдэн настай билээ боль гэж хэлээд би шилбэ рүү нь цохисон. Манай хүү одоо Япон улсад байгаа. Энэ бол хувь хүний асуудал. Бид 2-г тусад нь байлгаж байцаалт авсан. Бүлэглэж үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ганцаараа хийсэн. Хохирлыг төлж барагдуулна. 2 удаа цохисон, 1 удаа өшиглөсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө. Энэ хэрэгт цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Цохисны улмаас үүссэн гэмтлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Т согтуу байсан. Машинаас нь гаргахад унаад ирсэн. Тэгэхээр нь би 2 цохиж 1 өшиглөсөн. Намайг гараад очиход Т машин дотроо рулиэ дэрлээд хэвтэж байсан. Тэгэхээр нь би татаж гаргаж ирээд 2 цохиж, 1 өшиглөсөн. Машиныхаа хажууд зогсож байсан. Эгчээ, ахаа машины түлхүүр өгчих гэж гуйгаад байхаар нь миний хүүхдээс ялгаагүй гэж бодоод машины түлхүүрийг нь өгөөд явуулсан. Цагдаад өгч шалгуулсан бөгөөд өргөдлөө авсан. Энэ талаар энд ярих шаардлагагүй байх. Т манайд 23 цаг 50 минутаас 55 минутын хооронд хашааны үүдэнд намайг гарахад байсан. Ямартай ч тэрнээс хойш 15-20 минут болсон байх. Тэр хооронд би 102-т дуудлага өгсөн байсан. Цагдаа нэлээн удаж ирсэн. Тэр үед би Тд түлхүүрийг нь өгөөд явуулсан байсан. Шүүхээс гаргахаар тогтоосон мөнгийг өгнө…” гэх мэдүүлэг, 

Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 4 тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Э.Тийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 6-7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Э.Тгийн хохирогчоор өгсөн “...Би 2022 оны 1 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот хашааны гадаа өөрийн найз охин Сийн гэрт уулзахаар очсон. Яагаад гэвэл С нь надад өөр хүнтэй яваад байгааг мэдсэн. Тэгээд би ярилцахаар очсон. Тэдний гадаа уулзаад байж байтал найз охин “аав намайг хайгаад байх шиг байна, би гэртээ орчхоод гараад ирье, чи байж байгаарай” гэж хэлээд гэр рүүгээ орсон. Тэгтэл аав нь гэх хүн миний машины хаалгыг онгойлгож намайг машинаас үсдэж гаргаад газарт унагааж миний нуруу, хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Сийн аав болон ах нар нь өшиглөж байсан. Тухайн үед аав ах 2 нь хамт гарч ирсэн юм. Хэн нь яг хаашаа өшиглөөд байгааг би анзаараагүй. Тухайн үед би өөрийгөө хамгаалах гээд эвхрээд нүүрээ дарсан байсан. Гэхдээ нуруу руу бол 2-лаа зэрэг өшиглөж байсан нь мэдэгдэж байсан. Тэгээд би хэсэг ухаан балартаад сэргээд харахад найз охин С миний хажууд уйлаад сууж байсан. Тэгтэл миний хойноос тэр 2-н нэг нь намайг босгож газарт суулгасан. Би аав нь байх гэж бодож байна. Учир нь ах нь цаанаас наад лалар чинь жүжиглээд байгаа юм, үхэхгүй, ална аа” гээд хашхираад байсан. Би учир байдлаа тайлбарлаад хэлэх гэхэд ямар нэгэн тайлбар хэлүүлэхгүй байсан ба ах нь цаанаас ирээд намайг өшиглөж, гэдэс нь тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл аав нь “боль боль” гээд болиулаад байж байтал намайг үсдээд миний чих хэсэгт нэг удаа цохисон. Тэр үед ээж нь гарч ирээд намайг хэл амаар доромжилсон ба аав нь миний машины түлхүүрийг авсан байсныг өг гэж хэлээд өгүүлсэн. Тухайн үед ээж нь намайг зайл гэх мэтээр доромжлоод байсан. Би ээжээс нь машиныхаа түлхүүрийг аваад яваад өгсөн. Тэгээд өөрийн ... тоот гэрийнхээ урд талын зогсоол дээр хэсэг машиндаа байсан. Учир нь миний хамаг бие өвдөөд машинаасаа бууж чадахгүй байсан. Тэгтэл манай ажлын эгч Н над руу өөрийн ... дугаарын утаснаас залгасан ба намайг яагаад ирэхгүй байгаа юм бэ, ажлынхан сууж байна гэхэд нь би очиж чадахгүй ээ, найз охиныхоо аав, ах 2-рт зодуулчихлаа гэдгээ хэлсэн. Би ажлынхаа эгчтэй бараг 10 орчим минут утсаар ярьсан. Тэгээд гэртээ орсон бөгөөд эмээ байсан, би явж чадахгүй байгааг эмээ хараад яасан бэ, юу болсон гээд асуугаад байхаар нь би хэнд зодуулсан гэдгээ хэлэхгүйгээр хүнд зодуулсан гэж хэлсэн. Маргааш нь манай бага дүү хөлбөмбөгийн тэмцээнтэй байсан ба би аавтай хамт хүргэж өгөх ёстой байсан, тэгээд явж чадахгүй, арай хийж явж байсан. Аав харчхаад яасан, юу болсон гээд асуугаад байхаар нь би 25-р эмийн сангийн тэнд хүнд зодуулсан гэж худлаа хэлсэн. Учир нь би Стэй сууна гэж боддог бөгөөд аав, ах 2-рт нь зодуулсан гэж хэлэх юм бол ирээдүйд муугаар нөлөөлөх байх гэж бодсондоо худлаа хэлсэн. Гэтэл аав ажлынхантай сууж байсан газрын камерын бичлэгийг шүүлгэж үзнэ гээд байхаар нь би арга буюу Сийн аав, ах 2-рт зодуулсан гэдгээ хэлсэн. Тэгтэл аав цагдаад дуудлага өгсөн. Болсон явдлыг үнэнээр нь хэлэх юм бол дахин Стэй уулзаж чадахгүй байх гэж бодсон. Би анх Стэй 2021 оны 10 дугаар сарын сүүлээр фейсбүүкээр танилцаад 10 гаран хоногийн дараа уулзаад 10-14 хоногийн дараа үерхэж эхэлсэн. Би Сийн аав, ах 2-н нэрийг нь мэдэхгүй, 2021 оны 12 дугаар сард Сийн аавтай нь нэг удаа уулзаж байсан. Стэй уулзахаар очиход аав нь таарсан бөгөөд намайг нэг удаа хөл, шилбэ хэсэгт олон удаа өшиглөж зодсон. Ахтай нь бол уулзаж байгаагүй бөгөөд утсаар ярьж байсан. Тухайн үед намайг зодоход аав, ах 2 нь байсан ба С байсан эсэхийг анзаараагүй. Зодоон болсны дараа Сийн ээж нь гарч ирсэн. Өөр хүн байгаагүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Зодуулсны дараа миний толгой маш ихээр өвдөж, хөл хөдлөхгүй байсан ба нуруу маш их өвдөж байсан. Би Сээс болоод сэтгэл санаа таагүй байсан болохоор архи огт уугаагүй. Стэй уулзахын өмнө ажлынхантайгаа 25-р эмийн сангийн тэнд Т нэртэй караокед байсан ба манай ажлынхан байсан. Тэнд ямар нэгэн хэрүүл зодоон маргаан болоогүй. Би тэндээс гарч Стэй уулзахаар ертөнцийн зүгээр зүүн талд нь тавьсан байсан машинаа унаад явсан. С одоо 4 сард 18 нас хүрэх бөгөөд одоо 17 настай, өмнө нь Стэй 3, 4 удаа бэлгийн харилцаанд орсон. Гэхдээ тухайн үед өөрсдөө хүсэж бэлгийн харилцаанд орсон. Өмнө өгсөн мэдүүлэгтээ энэ талаар асуусан байцаагч нь эмэгтэй хүн байсан тул санаа зовоод хэлээгүй. Би өмнө нуруу нугасны хагалгаанд орж байсан зүйл байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Хүлээн зөвшөөрч байна, дүгнэлттэй холбоотой гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад учирсан гэмтлийг Сийн ах, аав 2 нь учруулсан бөгөөд одоогоор эмчилгээ хийгдэж байгаа тул эмчилгээтэй холбоотой гарсан зардлын баримтаа дараа нь гаргаж өгнө. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 тал/,                                                                                                                                                                

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Э.Тгийн хохирогчоор дахин өгсөн “...шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Надад учирсан хохирлыг Сийн аав, ах 2 учруулсан бөгөөд эмчилгээ хийлгэж байгаа, эмчилгээ хийлгэж байгаатай холбоотой эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн, мөн ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ. Хохирлоо гаргуулан авмаар байна. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 84 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.У гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө би гэртээ эрт унтаад амарч байсан. Тэгтэл шөнө 22 цагийн үед охин С уйлаад байх шиг сонсогдоод байхаар нь сэрээд юу болсон талаар асуухад “Т гадаа ирчихсэн” гэхээр нь хувцсаа өмсөөд гараад харахад Т гэх хүүхэд гадаа машинтайгаа ирчихсэн зогсож байсан. Би гараад Тд хандаж “чи яагаад манай гадаа ирээд байдаг юм бэ, сургуулийн хүүхэд тайван байлгаач, одоо удахгүй ЕБШ-аа өгнө” гэж хэлэхэд манай нөхөр Г гадаа хамт зогсож байсан. Тэгээд цагдаа дуудсан, машиных нь түлхүүрийг авсан гэж хэлсэн. Тэгтэл өвдөглөж суугаад миний машины түлхүүрийг өгчих л дөө гээд 2 гараа хавсраад бараг уйлах шахам гуйгаад байхаар нь би машиных нь түлхүүрийг өг гэж хэлээд өгүүлсэн. Тухайн залуу машиндаа суугаад цагдаа дуудсаныг мэдэж байсан болохоор шууд яваад өгсөн. Т гэх залуутай өмнө нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр нэг удаа уулзсан. Учир нь манай охин С хэд хэдэн удаа гэртээ оройтож ирсэн. Би яагаад оройтоод байгааг нь асуухад Т гэх хүүхэдтэй үерхэж байгаа гэж хэлсэн. Би утасных нь дугаарыг аваад гэртээ дуудаж уулзсан. Тэгээд түүнд хандаж “чи 25 настай юм байна, яагаад сургуулийн хүүхэд уруу татаад байгаа юм бэ, энэ хүүхэд одоо шалгалт өгнө, өдийд шалгалтдаа бэлдэж байх ёстой” гэж хэлээд явуулсан. Тухайн үед аав, ээжийнхээ дугаарыг өгөөдөх гэж хэлэхэд надад өгөөгүй. Би зодоон цохион болсон талаар мэдэхгүй байна, би сүүлд гарч ирсэн бөгөөд намайг гарч ирснээс хойш ямар нэгэн зодоон цохион болоогүй, зүгээр зогсож байсан. Миний хувьд тухайн залуугийн биед халдсан зүйл байхгүй. Тэр залуу найзуудтайгаа уулзсан гэж манай охинд хэлсэн байсан. Тэр залуугаас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан ба илт мэдэгдэхээр байсан. Намайг гарахад манай нөхөр уулзаад зогсож байсан ба тэнд бид 3 байсан, өөр хүн байгаагүй. Намайг гарахад зодоон цохион болсон зүйл харагдаагүй, зүгээр л зогсож байсан. Тухайн үед манай охин С болон хүү Б нар гэртээ байсан. Манай охин тэр залуутай 2021 оны 12 дугаар сард фейсбүүкээр танилцсан гэсэн. Тэр 2-ын бэлгийн харилцаанд орсон эсэх нь энэ хэрэгтэй хамааралгүй тул хариулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Б гэрчээр өгсөн “...Би ач хүү Ттэй хамт амьдардаг юм. 2021 оны 11 дүгээр сарын үед манай хүү байнга утсаар яриад яваад байсан. Тэгээд би нэг өдөр миний хүү юу болоод байнга утсаар яриад байгаа юм бэ, хэн юм бэ гэхэд манай хүү “би найз охинтой болж байгаа” гэж хэлсэн. Тэгээд би ямаршуу хүүхэд юм бэ гэж асуухад .. дугаар сургуулийн 12 дугаар анги гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний хүүгээс насны зөрүүтэй юм байна ш дээ, нэг өдөр дагуулаад ир, ямар царай зүстэй, ямар охин байгааг нь харъя” гэж хэлсэн. Нэрийг нь С гэдэг охин дагуулж ирсэн бөгөөд тэр охин гэрт настай хүн байна гэж бодохгүй Тгийн хөлөөр тэврээд, хоол хийж байхад нь бэлхүүсээр нь тэврээд байсан, тэгж байгаад С явсан. Тэгэхээр нь би хүүдээ хандаж “наад охин чинь чамаас дүү хэрнээ чамаас хөгшин болчихсон юм биш үү” гээд ярилцаад өнгөрсөн. Дараа нь манай хүү 2021 оны 12 дугаар сарын дундуур гэртээ байхад нь харахад хөл, шилбэ нь хөхөрсөн байсан. Би хүүгээсээ яасан юм бэ гэж асуухад Сийг гэрт нь хүргэж өгөөд хашааных нь гадаа зогсож байтал аав нь ирээд өшиглөчихсөн юм гэж хэлсэн. Тэр үед цагдаа дуудаагүй өнгөрөөсөн. Хэд хоногийн дараа С манай гэрт ирсэн бөгөөд би “та 2 ингэж бүтэхгүй үерхэж байхаар тэр мессежээ бичээд байж байгаач” гэж хэлэхэд манай хүү бид нарын асуудал шүү дээ гээд өнгөрсөн. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 03-нд манай хүү ажлаасаа эрт тарж ирсэн бөгөөд орой манай ажлынхан уулзах гэж байгаа гэж хэлээд орой 20 цагийн үед гарсан. Би 22 цагийн үед залгахад одоо л ажлынхан цуглаж байна гэж хэлсэн. 00 цагийн үед залгахад тараагүй байна гэж хэлсэн. 01 цагийн үед залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд гаднаас эмээ үхлээ гээд хамаг хувцас нь шороо болоод, урагдчихсан байдалтай орж ирсэн. Би юу болсон талаар асуухад 2 хүнд зодуулсан гэж хэлсэн. Нэг нь машинаас үсдэж буулгаад баахан өшигчиж зодсон гэж хэлсэн бөгөөд хөдөлж чадахгүй байна гээд байсан. Маргааш нь бага дүү нь хөлбөмбөгийн тэмцээнтэй байсан ба аав нь хамт ирж хүргэж өгөх байсан юм. Аав нь ирэхээр нь би хэлсэн. Т аавтайгаа уулзсан юм байна лээ, аавдаа хэлэхдээ “С хүрээд ир гэхээр нь очиж уулзсан. С өөр хүнтэй уулзаад байхаар нь би “би чамд үнэнч хандаж байхад чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхээр очсон гэсэн. Тэгтэл С аав дуудаад байна гэж хэлээд гэртээ ороод гараад ирье гэж хэлээд гэр рүүгээ орсон гэсэн. Аав ах 2 нь гарч ирээд аав нь машинаас нь үсдэж буулгаад өшиглөж, цохисон гэсэн. Т ухаан алдаад сэрсэн бөгөөд баахан зодсон гэсэн. Тэгээд аав нь Тг дагуулж гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд нурууны сэртэн яс нь хугарсан, бага гэмтлүүд байна гэж хэлсэн байсан. Тэгээд аав нь цагдаад дуудлага өгсөн. Орой ирэхдээ эрүүл байсан бөгөөд архи үнэртэхгүй байсан. Манай хүү ер нь архи пиво уудаггүй. Стэй уулзаад хашааных нь гадаа байж байтал аав, ах 2 нь гарч ирээд юу хийж байгаа юм бэ гэж хэлээд цохиж зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Н гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр манай ажлынхан ажлын ачаалал дууссан гээд ажлынхнаараа гарахаар болсон. Тэгээд 25-р эмийн сангийн тэнд байдаг Т нэртэй газрын караокед орсон. Намайг очиход 2, 3-хан хүн ирсэн байсан. Тэгээд манай ажлынхан архи, пиво уусан бөгөөд Т, Х, С нар машин барьж байгаа гээд архи огт уугаагүй. Тухайн үед Т найз охинтойгоо уулзана гээд утсаар яриад гарч ороод яваад байсан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Т явсан бөгөөд араас нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд 01 цаг 13 минутын үед залгахад Т утсаа аваад найз охиныхоо ах аав 2-рт зодуулчихлаа, ухаан алдаад сэрсэн гэж хэлсэн. Тэгээд зүгээр үү, очоод авах уу гэхэд хэрэггүй гэсэн. Ажлынхаа хүмүүст хэлэхэд ажлынхан санаа зовоод утсаа авахгүй байхаар нь мессеж бичсэн. Маргааш нь буюу залгаад яасан гэж асуухад найз охинтойгоо уулзах гэж очсон юм, найз охин өөр залуутай болсон гээд очсон. Уулзаад байж байтал найз охин байж байгаарай гээд машинаас буусан, тэгээд аав, ах 2 нь гарч ирээд машинаас чирч буулгаад зодсон, ухаан алдаж унаад сэргээд гэртээ ирсэн. Эмнэлэгт үзүүлэхэд нурууны яс хугарсан байна гэж хэлсэн” гэж хэлсэн. Тэгээд одоо цагдаагаар шалгуулж байгаа, нэг бус удаа зодож байна гэсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, ер нь хэрэглээд байдаггүй. Манай ажлынхан тэгэхэд л ганц удаа гарсан. Эмээтэйгээ хамт амьдардаг гэсэн, ер нь гарч ороод байдаггүй, зөв хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Э гэрчээр өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 04-нд манай бага охин хөлбөмбөгийн тэмцээнтэй байсан ба том хүү Тгээр хүргүүлэхээр болсон юм. Тг дуудаад гэрт ирэхэд царай нь баргар, явж чадахгүй явахдаа зовуурьтай алхаад байсан. Юу болсон талаар асуухад гайгүй, гайгүй гэж хэлсэн. Манай хүү ер нь малгай өмсөөд байдаггүй, тэр өдөр малгай өмсөөд байхаар нь малгайгаа авдаа гэхэд малгайгаа авсан. Гэтэл чих нь хавдсан байсан. Би юу болсон, яасан талаар асуугаад манай хүү 2022 оны 01 дүгээр сарын 03-нд ажлынхантайгаа гарна гэж байсан болохоор тэндээ хүнд зодуулсан юм уу гэж асуухад зүгээрээ аав гэсэн. Тэгэхээр нь би юу болсон юм бэ миний хүү гээд нуруунд нь хүрэхэд “ёооё” гээд өвдөглөөд газарт суусан. Манай хүү эмээтэйгээ амьдардаг бөгөөд өмнө нь манай хүү хөл нь хөхөрч, шилбэ нь шалбараад цус гарсан байсан, тэгээд юу болсон талаар асуухад С гэдэг найз охинтой болсон, аав нь нийлүүлэхгүй гээд намайг өшиглөсөн юм гэж хэлж байсан болохоор Сийн аав зодсон юм уу гэж асуухад тийм ээ гэж үнэнээ хэлсэн. Тэгээд ажлынхантайгаа караокед байж байхад С гэрт хүрээд ир гэж дуудсан гэсэн. С нь өөр залуутай уулзаад байхаар нь яагаад өөр хүнтэй уулзсан юм бэ гэж асууж ярилцахаар л очсон юм байна лээ. Тэгээд ярилцаад байж байтал С аав намайг хайгаад байх шиг байна гэж хэлээд машинаас нь буусан гэсэн, тэгтэл аав нь ирээд Тг машинаас нь чирч гаргаад толгой тархи, нуруу, хөл рүү нь өшиглөж зодсон гэсэн. Тэгээд газарт унахад нь дахиад зодсон гэсэн. Тэр хооронд ухаан алдаад сэрэхэд Сийн ах нь наадах чинь үхээгүй, ална гэж хэлээд хашхираад байсан гэсэн. Тэгээд зодохоо болихоор нь машиныхаа түлхүүрийг аваад машиндаа суугаад гэртээ ирсэн гэсэн. Би мэдэнгүүтээ Сийн аав, ээжийнх нь дугаарыг Тгээс аваад аавтай нь ярьсан. Та нар яагаад хүүхэд ухаан алдаж унатал нь зодож байгаа юм бэ, нурууны ясыг нь хугартал зодох ямар шаардлага байсан юм бэ гэхэд юун сүртэй ю бэ, ганц 2 цохисон гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Сийн ээж нь гэх хүн ярьсан бөгөөд хүүхдийн нуруу 2 хугарсан байна, яагаад ингэтэл нь зодож байгаа юм бэ гэхэд сүртэй цохиж зодоогүй гэсэн юм ярьсан. Тэгээд цагдаа, шүүхээр нь явж шийдүүлнэ гэж хэлсэн. Дахин холбоо бариагүй. Манай хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ер нь хэрэглээд байдаггүй, 24 жилийн хугацаанд ямар нэгэн байдлаар архи үнэртүүлж орж ирж байгаагүй. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1342 дугаартай “...Э.Тгийн биед бүсэлхийн 1, 2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, дун, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн чихний ар хөхлөгт цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,

 

2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2205000001652 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-ийн 119-120 тал/,

 

Хохирогч Э.Тгийн өмгөөлөгч Г.Халиунаагийн гарган өгсөн “2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд 8999-1114 дугаараас 9158-4747 дугаарт дуудлага хийсэн талаарх лавлагаа” /хх-ийн 85-86 тал/,

 

Фейсбүүк мессенжерийн харилцан ярианы хуулбар /хх-ийн 87-93 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Гын яллагдагчаар өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө 00 цаг өнгөрч байхад манай охин С нойл орох гээд гарсан ба би гэртээ унтаж амрах гээд байж байсан. Тэгээд орж ирэхгүй удаад байхаар нь гарсан. Гадаа нойлтой учир нойл орж харахад байхгүй байсан. Тэгэхээр нь хашааны хаалга онгойлгоод харахад манай охин С урдаас уйлаад гүйгээд ирсэн. Гэрээс манай хүү Б гараад ирсэн, тэгэхээр нь Сийг аваад орж бай гэж хэлээд оруулсан. Манай хашааны гадаа филтер маркийн машин байхаар нь би явж очоод хаалгыг нь онгойлготол Т согтуу машиныхаа рүлийг дэрлэчихсэн байдалтай байсан. Би гараас нь татаж машинаас нь гаргасан ба согтуу байсан болохоор газарт унасан. Машин нь асаалттай байхаар нь түлхүүрийг нь сугалж аваад цагдаад “манай гадаа нэг танихгүй залуу ирчхээд насанд хүрээгүй хүүхэд уруу татаад байна” гэж дуудлага өгсөн. Гэтэл манай эхнэр У гэрээс гарч ирсэн бөгөөд би эхнэртээ цагдаа дуудсан гэж хэлсэн. Тэгтэл Т ахаа, эгчээ машины түлхүүр өгчих л дөө гээд гараа хавсраад гуйгаад байсан. Тэгэхээр нь машиных нь түлхүүрийг нь өгөөд явуулсан. 00 цаг 40 минутын үед цагдаа нар ирээд цагдаа дуудах хэрэг биш байна гэж хэлээд явсан. Энэ хооронд Т явчихсан байсан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, би дүгнэлтэд дурдсан гэмтлийг цохиж зодож учруулаагүй. Өмнө нь 10-аад хоногийн өмнө би Тгийн хөл, шилбэ хэсэгт хэд хэд өшиглөсөн. Яагаад насанд хүрээгүй хүүхэд уруу татаад байгаа юм бэ гэж хэлсэн. 25-р эмийн сангийн тэнд 2 залуутай зодолдчихоод ирлээ гэж хэлсэн байсан. Би тухайн үед эрүүл байсан. Би өмнө нь Тг таньдаг байгаагүй. 10 орчим хоногийн өмнө манай охинтой уулзаж байхыг нь харсан. Тэгээд би өөрийгөө хэдэн настайг харчих, манай охины хэдэн настайг харчих, уулзаж болохгүй, яагаад насанд хүрээгүй хүүхэд уруу татаад байгаа юм бэ” гэж хэлээд хэд хэд өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 66 тал/, Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 49 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан нотлох баримтыг харьцуулан дүгнэхэд хохирогч Э.Тий эрх, эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд нь бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн чихний ар хөхлөгт цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь тогтоогдлоо. 

Баянгол дүүргийн прокуророос хохирогч Э.Тд учирсан хүндэвтэр гэмтлийг шүүгдэгч Г.Г нь яллагдагч Г.Бын хамтаар учруулсан гэж шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасны дагуу бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлэхдээ  яллагдагч Г.Бд  холбогдох хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн прокурорын тогтоолоор /хх-85-86 тал/ тусгаарлан шийдвэрлэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчид учруулсан гэмтлийг бүлэглэн үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, бүлэглэсэн үйлдэл нотлогдон тогтоогдохгүй  байх тул шүүгдэгч Г.Г нь ганцаараа хохирогчийн биед гэмтэл учруулж зодсон үйл баримт тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ. 

 Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч Э.Т нь түүний биед учирсан гэмтлийг шүүгдэгч өөрийн хүү Г.Бын хамтаар учруулсан гэж мэдүүлж байх хэдий ч хохирогчийн энэ мэдүүлгийг дэмжсэн өөр бусад хууль ёсны нотлох баримт хэрэгт авагдаагүй, яллагдагч Г.Бд нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгдэгч Г.Гыг хавтаст хэрэгт авагдсан хангалттай нотлох баримтгүйгээр гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэн шийдвэрлэх нь хуульд нийцэхгүй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс, шүүгдэгч Г.Гыг ганцаараа хохирогч Э.Тий эрх, эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд нь бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн чихний ар хөхлөгт цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн тул түүнийг бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчиллээ.

Иймд шүүгдэгч Г.Гыг хохирогч Э.Тий эрх, эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд нь бүсэлхийн 1, 2 дугаар нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, зүүн чихний ар хөхлөгт цус хуралт, доод уруулд зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Г нь хохирогч Э.Тий  биед гэмтэл учруулсан гэх үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд үгүйсгэж оролцсон хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутай үйлдэлдээ маргахгүйгээр хүлээн зөвшөөрч, шинжээчийг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 1342 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь шинжээч эмч М.Аригуунтөгсийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбараар дэмжигдсэн гэж шүүх дүгнэлээ.  

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүхийн шатанд хохирогч Э.Т нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт эм тариа, эмчилгээний зардалд 2.288.550 /хоёр сая хоёр зуун наян найман мянга таван зуун тавь/-н төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсан байх хугацааны төлбөрт 2.978.571,43 /хоёр сая есөн зуун далан найман мянга таван зуун далан нэгэн төгрөг, 43 мөнгө/, өмгөөлөгчийн зардалд төлсөн төлбөр болох 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/-н төгрөг нийт 7.767.121,43 /долоон сая долоон зуун жаран долоон мянга нэг зуун хорих нэгэн төгрөг, дөчин гурван мөнгө/ төгрөгийг нэхэмжилсэн байна. 

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Э.Т нь эмчилгээний зардлын баримтуудыг  хэрэгт хавсаргасан байх ба эдгээр баримтуудаас Б эмнэлгээс олгосон 35,000 төгрөгийн баримт, Т эмнэлгээс үйлчилгээ авсан  83.000 төгрөгийн баримт, болон давхардуулан хавсаргасан Д ХХК-ийн 130,000 төгрөгийн баримт, 232.000 төгрөгийн баримт нийт 480.000 төгрөгийн нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож үлдэгдэл 1.663.050 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон  хохирогчийн өмгөөлөгчийн зардалд төлсөн 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гэмт хэрэг гарсан нөхцөл байдалтай шалтгаант холбоотой зардал гэж дүгнэн хангаж шүүгдэгчээс гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ. Тодруулбал, шүүгдэгч Г.Гоос нийт 4.163.050 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга тавь / төгрөг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Харин, хохирогч Э.Тий нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2.978.571,43 /хоёр сая есөн зуун далан найман мянга таван зуун далан нэгэн төгрөг, 43 мөнгө/ төгрөгийг нэхэмжилснийг энэ нэхэмжлэлийг хангах эсэхэд дүгнэлт хийх тооцоо гаргах хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэлэлцэхгүй орхиж хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн, хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь түүнийг гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шүүгдэгчээс  4.163.050 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга тавь / төгрөг  гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсний дараа  хуульд заасан үндэслэлээр завсарлага авч дээрх хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдаж байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Год ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласан болно.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн хэрэггүй, энэ хэргээс 2205000001652 дугаартай хэргийг тусгаарласан, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид  4.163.050 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга тавь / төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Год урьд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх арга хэмжээ болон “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Гын Год холбогдох   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт  зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х овогт Гын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар Г.Гыг 3000/гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Г.Год оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Хохирогч Э.Т нь нийт 7.767.121 /долоон сая долоон зуун жаран долоон мянга нэг зуун хорин нэгэн / төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилснээс   нийт 4.163.050 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга тавь / төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  2.978.571 /хоёр сая есөн зуун далан найман мянга таван зуун далан нэг /төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,  480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Гоос нийт 4.163.050 /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга тавь / төгрөг гаргуулж хохирогч Э.Тд олгосугай.

 

7.  Хохирогч Э.Т нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа болон ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

 

8. Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн хэрэггүй, энэ хэргээс 2205000001652 дугаартай хэргийг тусгаарласан, шүүгдэгч Г.Г нь гэм буруугийн шүүх хуралдаанаас завсарлага авч хохирогч Э.Тд  /дөрвөн сая нэг зуун жаран гурван мянга тавь / төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоол  хүчин төгөлдөр болтол Г.Год авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” таслан сэргийлэх аргах хэмжээ болон “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.



 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ