Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/640

 






 

         2022           08           17                                            2022/ШЦТ/640


 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгч Г.С

Хохирогч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ггийн Сд холбогдох эрүүгийн 2205000001953 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1969 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Д аймагт төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Э сургуульд эмч ажилтай, ам бүл 1, ганцаараа ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 

Б овогт Ггийн С, /РД:  /.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.С нь “2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод хохирогч Д.Аг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр муухай харж, бие рүү нь ус цацсан гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Г.С нь “2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр ... тоотод хохирогч Д.Аг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр муухай харж, бие рүү нь ус цацсан гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сгийн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205000001953 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Агийн 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай сургууль Хөвсгөл аймаг руу явсан юм. Тэгээд 2022 оны 07 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ 11 цаг өнгөрч байхад ирсэн. Гэрт ороход аав нэг эмэгтэйтэй хамт байж байхаар нь би юу ч дуугаралгүй ачаагаа тавьчхаад дэлгүүр орсон. Намайг гэрт байх хугацаанд тэр эмэгтэй муухай хараад байсан юм. Тэгээд юм уух гээд зочны өрөөнд байж байхад тэр эмэгтэй түрүүнээс хойш юундаа муухай хараад, уурлаад байгаа юм гэхээр нь би гэр орондоо ямар байх аа танаар заалгах юм уу гэхэд хэл амаар доромжлоод байхаар нь уух гэж байсан усаа гэдэс хэсэг рүү цацчихсан юм. Тэгтэл намайг түлхэж хананд шахаад үснээс үсдэж байгаад миний толгойг хана руу мөргүүлэхэд аав хажуугаас миний 2 гарыг бариад нөгөө эмэгтэй нь миний нүүрийг маажаад үснээс зулгаагаад бие рүү цохиж дайраад байсан юм. Намайг аав түлхсээр байгаад унтлагын өрөөнд оруулаад загнаад гаргахгүй байсан. Тэр хооронд нөгөө эмэгтэй нь гараад явчихсан юм. Аав тэр эмэгтэйг өөртэй нь холбоогүй аавд эмчилгээ хийж байгаа хүн гэж хэлсэн. Би гомдолтой байгаа. Надад нэхэмжлэх зүйл гэвэл толгойгоо 5 удаа бариач дээр очиж бариулсан. Нэг удаа бариулахад 60.000 төгрөг болсон. Нийлээд 300.000 төгрөг, сорвины тос, тамаден 2 авсан 25.100 төгрөг болсон. Одоо толгой, зүрхний эм авах гээд хайхад эмийн сангуудад тасарсан гэж байгаа юм. Миний авах гэж байгаа толгойн эм 25.000 төгрөг, 32.000 төгрөг байсан. Миний хэлсэн ярьсан бүгд үнэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Я.Дийн гэрчээр өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр өглөө ажлын газрын эмэгтэй Сд дусал залгаж өгсөн юм. Тухайн үед манай охин А Хөвсгөлөөс гэртээ орж ирсэн.Сгийн дусал нь дуусаагүй байсан. А гэртээ орж ирээд биеийн хэлэмжээрээ уурлаад үүдэнд байсан Сгийн гутлыг өшиглөж, “сайн явж ирсэн үү” гэхэд надтай ч дуугараагүй. А гэрээсээ гарчхаад буцаж орж ирсэн. Тэр үед Сгийн дусал дуусаад гарах гэж байхад А С руу аягатай усаа цацаад хэрэлдээд зодолдож эхлэхээр нь би Аг боль гээд тэвэрч авсан. Тухайн үед охин маань өөрөөсөө эгч хүнтэй харьцаж байгаа нь таалагдаагүй болохоор боль гэж хэлсэн тэрнээс охиныгоо цохиж зодоогүй. Аг түлхээгүй харин дундуур нь орж салгасан. Би бол сайн хараагүй хоорондоо зодолдож байсан. Миний биед хэн нэгэн халдаж цохиогүй. Охин маань хөдөө яваад ирэхэд гэрт нь эмэгтэй хүн байхаар уурласан гэж бодож байна. Тэгээд Сгийн нүүр рүү ус цацахад л тэр хоёр хоорондоо маргалдаж зодолдсон. Би таньдаг болоод 2 жил болж байна. Манай ажлын газрын эмэгтэй байгаа юм. Бид 2 бие биеийнхээ гэрээр орж гардаг юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй, миний хэлсэн, ярьсан бүгд үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10072 дугаартай “...Д.Агийн  биед тархи доргилт, дух, зүүн хацар, доод уруул, зүүн шуу, зүүн гарын чигчий хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр, 2022.07.18-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Сгийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдөр дусал хийгээд өгөөч гээд найз Д руу залгасан. Тэгтэл манайд хүн алга, ирээд хийлгэчих гэсэн. Тэгэхээр нь би өглөө 09 цагийн үед очсон бөгөөд дуслаа хийлгээд байж байтал охин нь 11 цагийн үед гаднаас ороод ирсэн. Охин нь аавдаа уурлаад аяга тавгаа шидээд аавыгаа загнаж байгаад гараад явчихсан. Тэгээд эргэж орж ирээд манайд юу хийж байгаа юм бэ гэхээр нь эгч нь дусал хийлгэсэн юм, одоо явлаа гэхэд миний урдаас аягатай бүлээн ус цээж хэсэгт цацчихсан. Би тухайн үедээ цочролд ороод цамцнаас нь бариад авсан ба бид 2 зууралдаж байтал Д бид 2-н голоор орж салгасан. Тэрнээс биш охиныхоо гарыг барьсан зүйл байхгүй. Тэгээд охиноо нөгөө өрөөнд түлхээд оруулсан бөгөөд энэ хооронд нь би гараад явчихсан. Би өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Сгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 34 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 35 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 36 тал/, ажлын үнэмлэх /хх-ийн 37 тал/, Г.Сгийн Хаан банк дахь ... тоот депозит дансны хуулга /хх-ийн 38-39 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 40 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.С нь “2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр ... тоотод хохирогч Д.Аг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр муухай харж, бие рүү нь ус цацсан гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 6 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Я.Дгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 10 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 10072 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 тал/ зэргээр нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүхээс, шүүгдэгч Г.С үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.С гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

 

Шүүгдэгч өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай эсэхэд маргаагүй болохыг дурдаж байна.

 

Шүүгдэгч нь хохирогч Д.Агийн биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 62 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд  нийт  382.100 /гурван зуун наян хоёр мянга нэг зуу/-н төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт 25.100 /хорин таван мянга нэг зуу/-н төгрөгийн баримтыг гарган өгсөн байна.

 

Шүүгдэгч Г.С нь 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өөрийн Хаан банкны 5003870963 тоот данснаас хохирогч Д.Агийн Хаан банкны ... тоот дансанд 382.100 /гурван зуун наян хоёр мянга нэг зуу/-н төгрөгийг шилжүүлсэн баримтыг /хх-ийн 47 тал/ хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус заасны дагуу хохирогч Д.А нь гэмт хэргийн хор уршгаар цаашид гарах хохирол, зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.Сд ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Г.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 46 тал/,

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. 

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Г.Сд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Г.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ. 

 

Шүүхээс, шүүгдэгч Г.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

 

Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж байна. 

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж  Г.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ггийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар Г.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд баримтаар нэхэмжилсэн хохирол төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хохирогч Д.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.



 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ