| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2018/00158/И |
| Дугаар | 158 |
| Огноо | 2018-11-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 158
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ХААН банкны Сэлэнгэ салбарын Номгон тооцооны төвийн хүсэлттэй, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багт оршин суух Б.Насандэлгэр, М.Баясгалан нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 17-ныөдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Сэлэнгэ салбарын Номгон тооцооны төв нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Б.Насандэлгэр нь 2016 оны 04-р сарын 18-ны өдөр 10.000.000 /арван сая/ төгрөгийг жилийн 20,4%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай бизнесийн зээлийн 201642613311 тоот гэрээ байгуулан авсан бөгөөд зээлийн төлбөрийг хагас жил тутам үндсэн зээл, хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгээр авсан.
Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 2,950,871.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 696,643.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 48,473,95 төгрөг, нийт 3,695,989.49 төгрөгийг төлсөн байна.
Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 10 сарын 16-ны өдрөөс хойш графикт зээлээ төлөлгүй одоог хүртэл хугацаа хэтэрч байна. Зээлдэгч нь 2018.02.28-нд 999,800 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш огт төлөлт хийгдээгүй.
Зээлдэгч Б.Насандэлгэр нь зээлийн гэрээгээ зөрчиж , графикт заагдсан зээлийн төлбөрөө төлөхгүй, хаана байгаа нь тодорхойгүй, утсаа авахгүй, нэг удаа зээлийг төлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч шүүх хяналтын байгууллагаас холбоо барих боломжгүй байсан учир материалыг буцаасан байгаа. Бидний болон шүүх хяналтын байгууллагын ажилд хүндрэл чирэгдэл учруулж байгаа тул уг зээлдэгчийг эрэн сурвалжлах тухай захирамж гарган, Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү.
2018 оны 10 сарын 03-ны байдлаар зээлийн үлдэгдэл 11,405,742,73 төгрөг байна.
Жич: Зээлдэгч Б.Насандэлгэр нь зээл авах үедээ Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багт Хөшөө чулуу хэмээх газарт төмс хүнсний ногоо тариалж байгаад 2016 оны намар ургац алдсан болон, зээлийг зээлдэгч Б.Насандэлгэр өөрийн дүү нартайгаа хуваан авсан шалтгаанаар зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа. Зээлийг төлүүлэхээр холбоо барихаар бие биерүүгээ түлхэн, хэн нь үнэн ярьж байгаа хэн нь худлаа мэдээлэл өгч байгааг мэдэхэд маш хүндрэлтэй байгаа. Зээлээ төлөхөөр алтанд явж байгаа гэх боловч, зээлийг төлөх сонирхолгүй, шүүх хяналтын байгууллагад шилжүүлэх талаар зээлдэгч болон хамтран зээлдэгч нарт удаа дараа олон удаа хэлж анхааруулсан боловч үл тоож харьцаж байгаа. Зээлдэгчтэй хамгийн сүүлд 2016 оны 06 сард 99391767 утсаар холбоо барьсан. Заамарт алтанд байгаа сурагтай байгаа, тогтсон тодорхой хаяггүй байгаа. Хамтран зээлдэгч эхнэр болох Мөнхдурсгал овогтой Баясгалан нь Дархан-Уул аймагт байр түрээслэн амьдардаг тодорхой хаяггүй, ДУА-т байгаа гэрийн хаягийг асуухаар хэлдэггүй. Хамтран үүрэг гүйцэтгэгч эхнэр М.Баясгалан утас 99130295 гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасаншаардлагадаа: ...Зээлдэгч Б.Насандэлгэр нь 2016 оны 04 сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар авсан. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу нийт үндсэн зээлд 2.950.871.66 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 696.643.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 48.473.95 төгрөг, нийт 3.695.989.49 төгрөгийг төлсөн байна. 2018 оны 02 сарын 28-ны өдөр 999.800 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш огт төлөлт хийгээгүй. Залгахаар утсаа авахгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа. Өмнө нь шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан тул буцаасан. Насандэлгэр нь зээлийг ах дүү нартайгаа нийлж авсан талаар хэлдэг. Эхнэр нь Дархан-Уул аймагт түрээсийн байранд байдаг юм байна лээ. Нөхөр нь алтанд явсан гээд утас нь холбогдохгүй байгаад байгаа. Ах дүү нар нь хаана байгааг нь мэдэхгүй гээд хэлж өгөхгүй байгаа. Тиймээс уг зээлдэгчийг эрэн сурвалжлуулах захирамж гаргаж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хаан банкны Сэлэнгэ салбарын Номгон тооцооны төв нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Насандэлгэр, М.Баясгалан нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Учир нь Б.Насандэлгэр, М.Баясгалан нар нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Хаан банкны Сэлэнгэ салбарын Номгон тооцооны төв болон Б.Насандэлгэр, М.Баясгалан нарын хооронд байгуулсан 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 201642613311 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Б.Насандэлгэр, М.Баясгалан нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багт оршин суух хаягтай боловч одоо хаана оршин суугаа болох нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээлснээр Б.Насандэлгэр нь Заамрын алтны урхайд байх сурагтай, эхнэр М.Баясгалан нь Дархан-Уул аймагт түрээсийн байранд амьдардаг гэх боловч хаяг тодорхойгүй гэх тул иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд Б.Насандэлгэр, М.Баясгалан нарыг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох нь зүйтэй байна.
Мөн Б.Насандэлгэр нь МФ76112017дугаарын регистртэй, 99391767 утасны дугаар эзэмшиж байсан, М.Баясгалан нь ТВ84010705 дугаарын регистртэй, 99130295 утасны дугаар эзэмшиж байсан.
Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Боржигин овогт Бүжингийн Насандэлгэр /РД:МФ76112017/, Чандмань овогт Мөнхдурсгалын Баясгалан /РД:ТВ84010705/ нарыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасагт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Сэлэнгэ салбарын Номгон тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч байгууллага эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН