Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/642

 

 

 

                

 

 

 

 

 

    2022          08             18                                         2022/ШЦТ/642

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч: Б.Тэгшбаяр,

Шүүгдэгч: Г.О, түүний өмгөөлөгч Б.Ариунболд /ҮД:1331/

Хохирогч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ггийн От холбогдох эрүүгийн 2205000000554 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа ... тоотод оршин суух хаягтай, урьд

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн.

Б овогт Ггийн О, РД: .

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.О нь “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Л.Бээс мөнгө нэхэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодох явцдаа гарыг нь мушгиж 270.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А30 загварын гар утас, “Хаан” банкны виза карт зэргийг хүч хэрэглэж дээрэмдэн авахдаа Л.Бийн биед дагзны хуйх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал,эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.О нь “2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Л.Бээс мөнгө нэхэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодох явцдаа гарыг нь мушгиж 270.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А30 загварын гар утас, “Хаан” банкны виза карт зэргийг хүч хэрэглэж дээрэмдэн авахдаа Л.Бийн биед дагзны хуйх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал,эрүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Оын өгсөн “...Тухайн үед бид дөрвүүлээ байсан. Уд очиж бууз чимхсэн. Маргаан болсон. Гарна гэхээр нь би гаргахгүй гэж цүнхийг нь авсан. Цохиж зодоогүй. Гараад чирсэн гэж байсан. Энэ бол худлаа. Гадаа сууж байхаар нь ороо яах гэсэн юм бэ гэхэд орохгүй суугаад байсан. Би үснээс нь чирч зодсон зүйл байхгүй. Камер шалгасан ч болно. Тухайн үед 2 цагдаа ирсэн. Би 1, 2 татсан байсан. Цагдаа ирээд танай эхнэр согтуу яриад байна. Хаана байгаа нь мэдэгдэхгүй, та гайгүй маргааш ирээрэй гэхээр нь за гэсэн. Тэр хүртэл байсан. Би байцаагчид худлаа яваад байна гэж хэлсэн. Байцаагч чи мэдэхгүй, дуугүй бай гэхээр нь за за гээд байж байтал гэнэт прокурор дээр ирээд ийм зүйл болсон. Үүн дээр би эхнээсээ өмгөөлөгч аваагүй, хууль зүйн мэдлэггүйгээс болсон гэж ойлгож байна. Би прокурорт буцаад мөрдөн байцаалт хийлгэе, би хуулийн мэдлэгтэй хүн авъя гэж хэлсэн. Би түрүүлж хүн цохидоггүй. Манай хүн шууд цохиж нүдсэн. Бага зэрэг мөнгөний маргаан байдаг. Мөнгөний маргаан юун дээрээс болдог вэ гэвэл энэ хүн гэрлэлтээсээ залхсан байх хугацаанд манай ах эгчээс 11.000.000 төгрөг авч Бугантад хашаа байшин авсан. Тэрүүгээр намайг одоо барьцаалж байгаа. Өмнө нь Чингэлтэй дүүргийн шүүхээр би хайчаар тархиа хагалуулаад гарыг нь барьснаас болж би 7 хоног авч байсан. Шүүх шийдвэртээ намайг гомдол гаргаач гэхэд би эмэгтэй хүн юм чинь яах юм гээд гаргаагүй. Гэтэл дахиад намайг ингэж байна. Би энэ хүнтэй суухаас өмнө цагдаагийн байгууллагад очиж үзээгүй. Энэ хүнтэй сууснаас хойш байнга цагдаагийн байгууллагад очдог болсон. Одоо Чингэлтэй дүүргийн 15, 16 дугаар хэсгийн байцаагч хүртэл энэ хүнтэй сууснаас хойш байнга цагдаагийн байгууллагад очиж байна. Гомдолтой байна. Одоо ганцаараа амьдарч байна. Би энэ хүнийг гарна гэхээр нь гаргахгүй гэж маргалдсан. У энэ 2 түрүүлж ороод архи уусан байсан. У архи уугаагүй гэж хэлсэн. Би битгий худлаа яриарай, нүгэл нүдээрээ гардаг гэж хэлсэн. Тэгээд энэ хүн дуугүй бай гөлөг минь гэж гээд зодоон болсон. Би одоо хоёулаа салсан юм чинь ингэж яах юм гэсэн. Мөнгөө 5, 10-аар нь авч ах дүүстээ өгмөөр байна. Тэгээд хоёулаа мөрөөрөө явцгаая. Би чамаас салаад ганцаараа явъя гэж хэлсэн. Ийм зүйлээс маргаан үүсдэг. Би утсыг нь аваагүй. Гарах гээд  Уд цүнхээ өгөөхөөр нь би Угаас булааж авсан. Виза карт нь миний өмнө байсан. Би өглөө Замын-Үүд рүү ажилд явах байсан тул картад байсан мөнгөнөөс 200.000 гаруй төгрөг авч хувцас авсан байснаа буцааж зарж охинд нь мөнгийг нь өгсөн. Байрны мөнгө мөн өгсөн. Иймэрхүү зүйл зөндөө болдог байсан. 1 өдөр дуудаад албаар зуруулсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Бийн өгсөн “...Би энэ хүнтэй хамт амьдраад 8 жил болсон. Амьдраад 2 жил болсны дараа миний эд зүйлийг булаадаг, биед маань хүрэх зэрэг асуудлыг байнга гаргадаг болсон. Салъя гэхээр өөрийнхөө эзэмшил гэрт биш миний орон гэрт байдаг тул яв гэхээр явдаггүй. Ийм зүйлүүдээс болж их маргаан гардаг байсан. Энэ хүний өндөр настай ээжийг нь бодож олон зүйл дээр гомдолгүй гэж гаргаж байсан. Өнөөдрийн ярьж байгаа байдлыг нь харахад хүнийг гүтгэж, одоо хүртэл гэмшээгүй, худлаа мэдүүлэг өгөөд би зодоогүй, зодуулсан гэж хэлээд зогсож байгааг нь харахад үнэхээр гомдолтой байна. Би өглөө ирэхдээ олон жил ханилсан юм чинь гээд өөр бодолтой орж ирсэн. Гэтэл энэ хүний яриад зогсож байгааг нь харахад үнэхээр гомдолтой байна. Би үгүй гэдэг, очихгүй гэдэг. Тэгээд л араас ирээд дарамтлаад эхэлдэг. Би сэтгэл санаа, бие махбод, эдийн засгийн хүчирхийлэлд байнга өртдөг. Цагдаад дуудлага өгөхөд архи уугаагүй, согтуу биш байна гээд буцаагаад явуулдаг. Буцаж ирээд намайг дарамталдаг. Гэрт ороод ирэхэд энэ том биетэй залуу сууж байдаг. Орилж чарлаад гар гэдэг. Сүүлдээ дийлэхээ байдаг. Би наад хүнтэй чинь хамт амьдарч байгаа шүү дээ гэдэг. Гомдолтой байна. Биед нь битгий хүрээрэй гэдэг. Би одоо өрх толгойлсон 2 хүүхэдтэй эмэгтэй. 2 хүүхдээ тэжээмээр байна. Хот руу ирээд ажил хийж байхад ажил дээр ирээд очиж дарамталдаг. 102 руу залгахад утас булааж авдаг. Миний утсыг булааж аваад ямар ч цагдаа дуудах боломжгүй болгож, хаалга түгжиж байгаад намайг хүчирхийлдэг. Миний утсан дээр хувь чатаар зүгээр найз хүмүүс рүү, эрэгтэй хүн байвал шөнө шууд залгадаг. Тэгээд чи янхан минь гэж яагаад залгадаг юм. Энэ хүн миний утсыг булааж аваагүй гэж байна. Угаасаа булааж авдаг. Дандаа намайг цагдаа руу залгах гэхэд утас булааж авдаг. Бид 2 албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Би хувиараа гутлын бизнес эрхэлдэг. Тэгээд ингээд байна гэж шүүхэд хэлэхэд гэр бүлийн хүмүүс тул наадах чинь хамаагүй гэсэн. Тэгэхээр нь би яах ёстой вэ гэхэд албан ёсоор гэрлэлтээ цуцлуулах ёстой гэсэн тул гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулсны дараа энэ хүн очихгүй гэж хэлчхээд хүрээд ирдэг. Ирэнгүүт нь би явахаар хүүхдийнд маань очоод амьдарчихдаг. Мөнгөнөөс болж маргалддаг. Тэр мөнгө ямар учиртай мөнгө вэ гэхээр намайг салсан байхад ах эгч нар мөнгө өгөх гээд байна гэхээр нь би авахгүй наадхаа аваад яв гэхэд охиныд байсаар байгаад ах эгч нар нь 11.000.000 төгрөг өгч байшин худалдаж авахаар хүн рүү шилжүүлж энэ хүн 11.000.000 төгрөг, би 10.000.000 төгрөг оруулж Бугантад хашаа байшин худалдаж авсан. Тэр мөнгийг суусны дараа байнга мөнгө өг, би чамаас салмаар байна, чи миний мөнгийг авсан биз дээ гэж байнга дарамталдаг болсон. Гэтэл энэ хүн, бид хоёрын нэр дээрх өмчлөл нь байгаа. Ийм зүйлээр намайг дарамталж байгаа. Чи өөрөө салахгүй байсан. Чиний өмч тэнд байна гэхээр чи надад мөнгө өгөх ёстой гэдэг. Мөнгө аваад байгаа байдал нь тэр мөнгөнөөс авч байгаа байдал гэсэн. Түрээсэнд өгөх байсан 350.000 төгрөгийг авсан  байсан. Дараа нь картад байсан 340.000 төгрөгийг авсан байсан. Байнгын ингэж булаалт хийдэг...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2205000000554 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Л.Бгийн хохирогчоор өгсөн “...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 21 цагийн үед гэртээ ганцаараа байж байтал манай салсан нөхөр болох О гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл орж ирсэн бөгөөд надаас мөнгө нэхээд намайг зодсон. Миний үснээс зулгааж 2-3 удаа алгадаад ор нь дээр түлхэж унагасан. Тэр үед би дагзаараа хана мөргөсөн. О нь “чамайг ил гэмтэлгүй зодно” гэж хэлээд миний аймхай хэсэгт 1 удаа цохиод 2 гар мушгиад ар талд нь бариад миний Хаан банкны виза карт, гэрийн түлхүүр аваад явсан. Хайч бариад “мөнгө өгөхгүй бол намайг ална” гээд айлгаад байж байтал гаднаас манай найз У, Т нар гэрт орж ирсэн. Тэгээд би зугтаагаад байрны гадаа байж байтал намайг хөлөөс татаж цемент дээр чирээд байсан. Тэгтэл манай найз У араас гарч ирээд Оыг салгасан бөгөөд энэ хооронд нь би таксинд суугаад зугтаасан. Би Отай 2013 онд гэр бүл болсон бөгөөд бидний дундаас төрсөн хүүхэд байхгүй. Харин би 10-14 насны 2 хүүхэдтэй. 2020 онд Оаас салж тусдаа амьдрах болсон. Гэтэл О нь миний байгаа газрыг олж ирээд намайг дарамтлаад байдаг. О нь Самсунг А30 загварын гар утас 2021 оны 5-н сард 450.000 төгрөгөөр авч байсан гар утас, Хаан банкны ... тоот дансны виза карт байсан бөгөөд дансанд байсан 350.000 төгрөгийг авч явсан. О нь миний виза картын нууц үгийг мэддэг. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгоно. Намайг өмнө нь 3 удаа зодож биед маань гэмтэл учруулж байсан. Би өмнө нь цагдаагийн байгууллагаар шалгуулж байсан. Би эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 87 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Л.Бийн хохирогчоор дахин өгсөн “...Би Оаас гар утас, виза картаа авсан. Харин картаас авсан 350.000 төгрөгийг аваагүй байгаа. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Л.Бийн хохирогчоор дахин өгсөн “...Би 2021 оны 01 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны иргэний бүртгэлд хандаж нэр солиулах хүсэлтээ өгсөн. Миний нэрийг Л овогтой Б гэдэг байсан бөгөөд хүмүүс дуудахдаа буруу дуудаж, буруу бичээд байсан болохоор Р овогтой Б болгож хүн хэлж, бичихэд амархан болгосон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Т гэрчээр өгсөн “...Тухайн өдөр манай эхнэр Б рүү залгаад ирээд бууз хийлцээд өгөөч гэсэн. Тэгээд Б ирэхдээ салсан нөхөр Оын хамт ирсэн. Манай бууз хийж байгаад 22 цагийн үед дууссан бөгөөд Б, О 2-ыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Тэгээд гэртээ орохын өмнө тэр 2 маргалдах гээд байсан. Би Отай 0,33 литрийн Хараа архи 1 шилийг хувааж уугаад гэр рүүгээ орсон. Манай эхнэр Бтэй гэрт нь хамт байсан. Тэгж байгаад манай эхнэр гарч ирсэн бөгөөд “О Бийг зодоод байсан. Гэхдээ Б зугтаачихсан” гэж хэлсэн. Удалгүй О манай машин дээр ирээд эхнэрээ асуугаад яваад өгсөн. Б над руу танихгүй дугаараас залгаад баруун 4 зам дээр ирээд аваач гэсэн. Тэгээд баруун 4 замаас Бийг аваад гэр рүүгээ явсан. Тэдний гэрт юу болсон талаар би мэдэхгүй, манай эхнэр л сайн мэдэж байгаа. Өмнө нь Бийг зодож байсан гэж манай эхнэр хэлж байсан. Тэр 2 уг нь салсан ч эргээд нийлчихсэн байсан. Тухайн үед тэр 2 мөнгөний талаар яриад маргаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Уын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би Бийг манайд ирээд цагаан сарын бууз хийлцээд өгөөч гэхэд за гээд өөрийн салсан нөхөр Оын хамт ирсэн. Тэгээд манайд бууз хийц байгаад 22 цагийн үед дуусаад тэр 2-ыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгтэл тэр 2 машин дотор мөнгөний асуудлаас болоод маргах гээд байсан. Тэгээд гэрийнх гадаа буулгаад би Бтэй гэрт нь орсон. О манай нөхөр 2 гадаа 0,33 литрийн архи уусан байсан. Нөхөр маань Отай гэрт орж ирэхэд бага зэрэг архи үнэртсэн бөгөөд би нөхөртөө “машин барьж байж уулаа” гэж уурласан. Тэгтэл гал тогооны өрөөнд О, Б 2 маргалдаад байхаар нь манай нөхөр би гарлаа гээд гараад явсан. Тэгтэл Б би ер нь найзындаа очиж хонолоо гээд цүнхээ аваад надад өгөх гэтэл О Бийг шууд багалзуурдаад авсан. Тэгээд ор руу түлхээд алгадаад байсан. Би салгах гээд ноцолдож байтал Б гараад зугтаасан. О араас нь гарсан бөгөөд намайг гарч ирэхэд тэр 2 харагдахгүй байхаар нь би машиндаа суугаад болсон явдлыг хэлсэн. Удаагүй байж байтал О ирээд Бийг асуусан. Хараагүй гэхэд яваад өгсөн. Б удаагүй манай нөхрийн дугаар руу залгаад 4 зам дээрээс ирээд авчих гэсэн. Бид 2 баруун 4 замаас Бийг очиж авсан. Тухайн үед Б миний гар өвдөөд байна гэж хэлж байсан ч маргааш нь гар нь хөхөрсөн байсан. Тэр оройдоо хоолой нь улаан эрээн болсон байсан. Тэр 2 мөнгөний асуудлаас болж маргаад байх шиг байсан. Уг нь салсан ч эргээд нийлчихсэн байсан. О өмнө нь Бийг зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1724 дугаартай шинжээчийн: “...Л.Бгийн биед дагзны хуйх, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 101-102 тал/,

 

Л.Бгийн “Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл” /хх-ийн 9-11 тал/,

 

 “Дамно” хөрөнгийн үнэлгээний 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн БГ1-22-294 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 107-108 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Оын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би Б буюу Бийг гаргахгүй гэсэндээ утсаа өгчих гэсэн юм. Утсыг нь авчихвал явахгүй байх гэж бодсон. Тэгтэл найз Удаа өгчихсөн бөгөөд би надад өгчих гээд авсан. Харин картыг бол би хүчээр аваагүй, толины өмнөх шүүгээ нь дээр байсан. Маргааш нь би Замын-Үүд рүү ажлаар явах гэж байсан болохоор картыг авч 300.000 төгрөг аваад гараад ойр зуурын юм авсан. Харин утсыг нь бол охин Үүрийнтуяад өгөөд явуулсан. Би авсан 300.000 төгрөгийнхөө 100.000 төгрөгийг Бгийн охин Гэгээнээд өгөөд эм тариа авч өгөөрэй гэж хэлсэн. Мөн 200.000 төгрөгийг байрны түрээсэндээ өгөөрэй гээд өгсөн ба дараа нь 200.000 төгрөгийг өгсөн. Би нийтдээ 500.000 төгрөг өгсөн. Бд учирсан гэмтлийг би учруулсан. Шүүх эмнэлгийг дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би 50 грамм шахуу архи уусан байсан. Б эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 тал/,

 

2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн “овог, нэр өөрийн нэрийг өөрчлөсний бүртгэлийн лавлагаа” /хх-ийн 153 тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Оын өмгөөлөгч Б.Ариунболдын шинжлэн судалсан нотлох баримт болох:

 

Хавтаст хэргээс Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогчийн гаргасан өргөдөл /хх-н 8 тал/, хохирогч Бийн мэдүүлэг /хх-н 87 тал/, гэрч н.Уын мэдүүлэг /хх-н 98 тал/, гэрч н.Тамирын мэдүүлэг /хх-н 96 тал/ зэрэг баримтыг шинжлэн судлав.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 130 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 131 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 132 тал/, гэрлэлт дуусгавар болгосны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 133 тал/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 134 тал/, Цагдаагийн асап сангийн мэдээлэл /хх-ийн 135-138 тал/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 26-82 тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч  Г.Оын “2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэрлэлтээ цуцлуулсан эхнэр Л.Бээс мөнгө нэхэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож биед нь гэмтэл учруулсан үйл баримт болсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1724 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 101-102 тал/ зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг санаатайгаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байхыг шаардана.

 

Шүүгдэгч Г.О болон хохирогч Л.Б нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 154 тал/ зэргээр тогтоогдож байна.

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан байх тул шүүгдэгч  Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэйгөөр  үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Баянгол дүүргийн прокуророос шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

 Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэргийн үйл баримттай маргаагүй ба харин мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэх хэргийн үйл баримттай маргаж мэтгэлцэж шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.О нь хохирогчийн эд зүйл болох гар утас, виза карт дотор нь байсан 340,000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдсон хэдий ч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь Дээрэмдэх гэмт хэргийн шинжид гэмт этгээд уг хэргийг үйлдэхдээ шунахайн сэдлээр санаатайгаар хохирогчийн зөвхөн эд хөрөнгө, эд юмсыг авах зорилгоор довтолж халдлагыг эхлүүлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлж улмаар  хохирогчийн бие мах бодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.

 

Харин хохирогч, шүүгдэгч нар нь хоорондын өр авлагаас улбаатай гэр бүлийн шинжтэй санхүүгийн  маргааны улмаас маргалдсан, улмаар шүүгдэгч Г.О нь хохирогчийг зодож цагдаагийн дуудлага өгөх гэсэн гэх хохирогчийн үйлдэлд саад учруулах зорилгоор хохирогчийн гар утсыг авсан, гарч явахдаа толины өмнө байсан хохирогчийн картыг авч гарч картад байсан 340,000 төгрөгийг авч хувьдаа хэрэглэсэн зэрэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох хохирогч Л.Бгийн хохирогчоор өгсөн “...О нь миний байгаа газрыг олж ирээд намайг дарамтлаад байдаг. О нь Самсунг А30 загварын гар утас 2021 оны 5-н сард 450.000 төгрөгөөр авч байсан гар утас, Хаан банкны ... тоот дансны виза карт байсан бөгөөд дансанд байсан 350.000 төгрөгийг авч явсан. О нь миний виза картын нууц үгийг мэддэг....” гэх мэдүүлэг /хх-ийн 87 тал/, Л.Бийн хохирогчоор дахин өгсөн “...Би Оаас гар утас, виза картаа авсан. Харин картаас авсан 350.000 төгрөгийг аваагүй байгаа. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 88 тал/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Тын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр манай эхнэр Б рүү залгаад ирээд бууз хийлцээд өгөөч гэсэн. Тэгээд Б ирэхдээ салсан нөхөр Оын хамт ирсэн...Тэгээд гэртээ орохын өмнө тэр 2 маргалдах гээд байсан...тэр 2 уг нь салсан ч эргээд нийлчихсэн байсан. Тухайн үед тэр 2 мөнгөний талаар яриад маргаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 96 тал/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Уын гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би Бийг манайд ирээд цагаан сарын бууз хийлцээд өгөөч гэхэд за гээд өөрийн салсан нөхөр Оын хамт ирсэн. Тэгээд манайд бууз хийц байгаад 22 цагийн үед дуусаад тэр 2-ыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгтэл тэр 2 машин дотор мөнгөний асуудлаас болоод маргах гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99 тал/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Оын яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би Б буюу Бийг гаргахгүй гэсэндээ утсаа өгчих гэсэн юм. Утсыг нь авчихвал явахгүй байх гэж бодсон. Тэгтэл найз Удаа өгчихсөн бөгөөд би надад өгчих гээд авсан. Харин картыг бол би хүчээр аваагүй, толины өмнөх шүүгээ нь дээр байсан. Маргааш нь би Замын-Үүд рүү ажлаар явах гэж байсан болохоор картыг авч 300.000 төгрөг аваад гараад ойр зуурын юм авсан. Харин утсыг нь бол охин Үүрийнтуяад өгөөд явуулсан. Би авсан 300.000 төгрөгийнхөө 100.000 төгрөгийг Бгийн охин Гэгээнээд өгөөд эм тариа авч өгөөрэй гэж хэлсэн. Мөн 200.000 төгрөгийг байрны түрээсэндээ өгөөрэй гээд өгсөн ба дараа нь 200.000 төгрөгийг өгсөн. Би нийтдээ 500.000 төгрөг өгсөн. Бд учирсан гэмтлийг би учруулсан. Шүүх эмнэлгийг дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед би 50 грамм шахуу архи уусан байсан. Б эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 тал/ зэргээр тогтоогдож хуульд заасан дээрмийн гэмт хэргийн шинж бүрэн үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэв.

 

Тодруулбал, шүүгдэгч нь анхнаасаа хохирогчийн эд зүйлийг авахаар шунахайн сэдэлтэйгээр довтолж хохирогчийн биед халдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт нь талуудын хоорондын  тааламжгүй харилцаанаас улбаатай байх тул шүүгдэгчийн хохирогчийн эд зүйл болох гар утас, виза карт дотор нь байсан 340,000 төгрөгийг авсан үйл баримтыг дээрэмдэх гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Харин шүүгдэгч Г.Оын хохирогчийн эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авсан  энэ үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ хохирогчийн гар утсыг авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн виза картыг авч гарч улмаар картаас нь 340,000 төгрөгийг авч хэрэглэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлээ.

 

 Хохирогч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ...миний салсан нөхөр миний картын нууц үгийг мэддэг байсан... гэж мэдүүлсэн ба энэ нөхцөл байдал нь  түүний картад байсан мөнгийг шүүгдэгч авч өөртөө завших боломжийг бүрдүүлсэн гэж шүүх дүгнэж шүүгдэгчийн энэ үйлдлийг гэмт хэргийн шинжтэй, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бт 900.120 /есөн зуун мянга нэг зуун хорь/-н төгрөгийн хохирол учирсан байх ба хохирогч Л.Б нь нийт 290.120 /хоёр зуун ерэн мянга нэг зуун хорь/-н төгрөгийн эмчилгээний зардлын баримтууд /хх-ийн 20-23 тал/-ыг хэрэгт хавсаргажээ.

 

Тэрээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Б нь Г.Оын Хаан банкны картаас авсан гэх 340.000 /гурван зуун дөчин мянга/-н төгрөг болон Самсунг А30 маркийн гар утасны үнийг нэхэмжилсэн ба түүний Самсунг А30 маркийн гар утсыг “Дамно” хөрөнгийн үнэлгээний төвийн БГ1-22-294 дугаартай тайлан /хх-ийн 107-108 тал/-гаар 270.000 /хоёр зуун далан мянга/-н төгрөгөөр үнэлсэн байна.

 

Харин шүүгдэгч болон хохирогч нар хохирогчийн эзэмшлийн Самсунг А30 маркийн гар утсыг буцаан өгсөн талаар хэн аль нь маргадгүй, тэрээр шүүгдэгч Г.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “хохирогч Л.Бийн Самсунг А30 маркийн гар утсыг эргүүлэн өгсөн” гэж, хохирогч Л.Б нь “утсаа авсан” гэж тус тус мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч Г.Оыг гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бт 270.000 /хоёр зуун далан мянга/-н төгрөгийн үнэ бүхий Самсунг А30 маркийн гар утсыг буцаан өгч, хохирогчид гэмт хэргийн улмаас төлбөл зохих 630.120 /зургаан зуун гучин мянга нэг зуун хорь/-н төгрөгийн хохирол төлбөртэй гэж дүгнэлээ.

 

Хохирогч Л.Б нь гэмт хэргийн улмаас цаашид учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн нь тус тус тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Г.От ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан шууд болон шууд бус хор уршиг, шүүгдэгч Г.Оын хувийн байдалд дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 720 /долоон зуун хорь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар  шүүгдэгч Г.От оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон 2.800.000 /хоёр сая найман зуун мянга / төгрөгөөр торгох торгуулийн ялыг  тус тусад нь эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.О нь  шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж байна.

 

Шүүгдэгч Г.От оногдуулсан 2.800.000  /хоёр сая найман зуун мянга / торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд  сайн дураар, хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд даалгаж, оногдуулсан ялуудын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Г.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас хохирогч Л.Бт 630.120 /зургаан зуун гучин мянга нэг зуун хорь/-н төгрөгийн төлбөл зохих хохирол төлбөртэй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Ггийн От холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Б овогт Ггийн Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Г.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасаар  шүүгдэгч Г.От оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болон 2.800.000 /хоёр сая найман зуун мянга / төгрөгөөр торгох торгуулийн ялыг  тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.О нь  шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй бол ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Г.От оногдуулсан 2.800.000  /хоёр сая найман зуун мянга / торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд  сайн дураар, хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд даалгаж, оногдуулсан ялуудын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Г.Оаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 630.120  /зургаан зуун гучин мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Л.Бт олгосугай.

 

8. Хохирогч Л.Б нь гэмт хэргийн улмаас цаашид учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шүүгдэгч Г.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.От авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ