Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 17

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК -ийн хүсэлттэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 103/ШШ2017/00376 дугаар шийдвэртэй,

 

Хүсэлт гаргагч: М ХХК -ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

 

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Багануур дүүргийн Татварын хэлтэс, ОХУ-ын БФ-Илем ХХНийгэмлэг, Швейцарь улсын “Стейнбок Минериалс” ХХК, ОХУ-ын Москва хотын “Гало Полимер” нээлттэй ХК, ОХУ-ын Пермь хотын “Гало Полимер Пермь нээлттэй” ХК, Х.Хосбаяр, М.Дэлгэрмаа, А.Ганбаяр, Л.Оюунтуяа нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: М ХХК -д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч ОХУ-ын БФ-Илем ХХНийгэмлэг, Швейцарь улсын “Стейнбок Минериалс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: А.Ганбаяр

Нэхэмжлэгч БФ-Илем ХХНийгэмлэг, “Стейнбок Минериалс” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Болот, Э.Нямбаатар

Нэхэмжлэгч: “Гало Полимер нээлттэй” ХК, “Гало Полимер Пермь нээлттэй” ХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Дүгэржав, И.Учралбаяр

Хэрэг гүйцэтгэгч: Ш.Буянжаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ж.Энэрэл нар оролцов.

Хүсэлт гаргагч /хариуцагч/ М ХХК шүүхэд гаргасан хүсэлт, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ашигт малтмал хайгуул хийх, жонш баяжуулах үйлдвэрлэл чиглэлээр байгуулагдсан. 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тус компанийн хувьцааны 51 хувийг ОХУ-ын хуулийн дагуу байгуулагдсан “Гало Полимер” ХК, 49 хувийг Монгол Улсын иргэн Э.Нямцэрэн нар эзэмшиж байгаад 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр компанийн гаргасан энгийн хувьцааг 100 хувь “Гало Полимер” ХК дангаар эзэмших болсон. Хэдийгээр уг компани 2008 онд байгуулагдан жонш баяжуулан үйлдвэрлэж борлуулж байсан хэдий ч жоншны үнийн бууралт, хөрөнгө оруулалтын саатал, компанийн удирдлагын өөрчлөлт, авлагын чанар муудаж найдваргүй авлагын хэмжээ ихэссэн шалтгаанаар үүдэн төлж барагдуулах боломжгүй өр төлбөр, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр өссөн ба харилцагчдын өр төлбөр төлөх хугацааг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж төлбөрийн чадваргүй болон үйл ажиллагаа зогссон. Тухайлбал 2012 онд нийт хуримтлагдсан алдагдал 3.418.889.509,95 төгрөг, 2013 онд 4.295.061.149,96 төгрөг, 2014 онд 4.969.109.278,8 байна. Компанийн алдагдал нь өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн үүргээ хуульд заасан хугацаанд төлөх чадваргүй болсон. Иймээс хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хурлаар дампуурлын хэрэг үүсгэх хүсэлт харьяалах шүүхэд гаргаж, компанийг татан буулгах тухай шийдвэр гарсан. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж дампуурлын хэрэг үүсгэж компанийг татан буулгаж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрч байгаа боловч төлөх хөрөнгө мөнгө байхгүй, хэрэг гүйцэтгэгч байгаа хөрөнгийг худалдан борлуулж нэхэмжэгч нарын шаардлагыг хангах байх гэж бодож байна гэжээ.

Нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тус татварын хэлтэстэй харьцдаг М ХХК , тус дүүргийн 3 дугаар хороонд байрлах үйлдвэрийн зориулалттай 731.700.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй тул Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд зааснаар үнэлгээний 0.6 хувийн татвар ногдуулдаг. Мөн ҮХЭХАТ тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлөх”-өөр хуульчлагдсан боловч 2014 оны үл хөдлөх хөрөнгийн татвар 6.554.293, 2015 оны ногдсон татвар 4.327.122 төгрөг, урьд оны Суутган-1 тайлангийн үлдэгдэл 45.471.307,9 төгрөг, 2015 оны 3 дугаар улирлын Суутган-1 тайлангаар ногдсон 2.736.700 төгрөг, нийт 59.089.422,9 төгрөгийн татварын өрийг төлж барагдуулахгүй төсвийн орлого бүрдүүлэхэд саад учруулж байна. Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд зааснаар 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр, 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдрүүдэд ерөнхий нягтлан бодогч

3.Ариунаад ажлын байран дээр нь, 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нягтлан бодогч А.Ганбаярт тус тус мэдэгдэх хуудас гардуулсан. Иймд Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.3, 70.1, 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу М ХХК-иас 59.089.422,9 төгрөгийн татварын өрийг албадан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Солонго шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Улсын бүртгэлийн 9019062091 тоот гэрчилгээтэй Багануур дүүргийн М ХХК  2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 83.964.480,19 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй бөгөөд үүнийг төлүүлэхээр удирдах ажилтан, нягтлан бодогч нартай удаа дараа утсаар ярих, очиж уулзаж шаардлага тавихад өнөөдрийг хүртэл шимтгэлийн өрөө барагдуулаагүй байна. 2014 оны 8, 12 дугаар саруудад тус компанийн НДШ-ийн өрийг төлүүлэхээр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2 удаа нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн оршин суугаа газар тодорхойгүй, эзэн холбогдогчгүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан хариу ирүүлж байсан. Иймд М ХХК-иас Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасны дагуу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл 83.964.480,19 төгрөгийг төлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х.Хосбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр М ХХК-д хүний нөөцийн менежерийн албан тушаалд орж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Улмаар 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14/01-46 тушаалаар ажлаас гэнэт халагдсан. Уг хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоход миний олон эрх зөрчигдсөн. Ажлаас чөлөөлөх тухай 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, гэнэт халагдсаны мөнгө олгоогүй, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 51 хоногийн 1.424.436 төгрөгийн цалин олгогдоогүй, ээлжийн амралт олгогдоогүй. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цалин 1.424.436,36 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ээлжийн амралт 1.548.584,9 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1.370.150,09 төгрөг, нийт 4.343.172 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч М.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2010 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр М ХХК-д нарийн бичгийн албан тушаалд орж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Улмаар 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 14/01-47 тушаалаар ажлаас гэнэт халагдсан. Уг хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоход миний олон эрх зөрчигдсөн. Ажлаас чөлөөлөх тухай 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, гэнэт халагдсаны мөнгө олгоогүй, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 51 хоногийн 1.124.436,4 төгрөгийн цалин олгогдоогүй, ээлжийн амралт олгогдоогүй. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл цалин 1.124.436,4 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ээлжийн амралт 1.617.924,5 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 1.580.943,4 төгрөг, нийт 4.323.304,3 төгрөгийг хариуцагч М ХХК -иас гаргуулж, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ганбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдөр М ХХК-д нягтлан бодогчийн албан тушаалд орж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Улмаар 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн жирэмсний амралтаа эдэлж байхад 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ерөнхий нягтлан бодогч З.Ариунаа над руу утасдаж 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажиллуулах боломжгүй болсон гэж хэлж 14/1-54 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иймээс санхүүгийн тайлан дээрх авлага 812.645,50 төгрөг, 2012 оны ээлжийн амралтын цалин 680.981,13 төгрөг, нийт 1.493.626,63 төгрөг гаргуулж, 2014 оны 01 дугаар сарын 01-нээс 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 оны 02 дугаар сарын 21-ний өдөр М ХХК-д нягтлан бодогчийн албан тушаалд орж ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Улмаар 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 14/01-44 тушаалаар ажлаас гэнэт халагдсан. Уг хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоход миний олон эрх зөрчигдсөн. Ажлаас чөлөөлөх тухай 30 хоногийн өмнө мэдэгдээгүй, гэнэт халагдсаны мөнгө олгоогүй, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүртэл 50 хоногийн 675.000 төгрөгийн цалин олгогдоогүй, ээлжийн амралт олгогдоогүй. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл цалин 675.000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралт 705.948,6 төгрөг, ажилгүйдлийн тэтгэмж 685.613,2 төгрөг, нийт 2.066.561,8 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж, 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааны Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч БФ-ИЛЕМ ХХНийгэмлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болот шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2014.09.09-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр М ХХК-иас нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлага болох нийт 439.325.162,49 төгрөг, арбитрын хураамж 15.046.405,28 төгрөгийг тус тус гаргуулж ОХУ-ын БФ-Илем ХХНийгэмлэгт олгохоор шийдвэрлэсэн. Иймд Үндэсний Арбитрын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр тогтоосон төлбөрийг М ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Гало Полимер” НХК, “Гало Полимер Пермь” НХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дүгэржав, И.Учралбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гало Полимер” НХК нь М ХХК -тай гэрээ байгуулж 750.000 ам доллар шилжүүлсэн. Гэрээнд зааснаар зээлийн төлбөрийг төлөх эцсийн хугацаа 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байсан боловч мөнгийг төлөөгүй. Зээлээс 2012 оны 12 дугаар сарын 24-нд 200.000 ам долларыг төлсөн. Өрийг хугацаанд нь төлөөгүйн улмаас 38.291.67 ам долларын хүү нэмэгдсэн. Энэхүү өрийг 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 64/2015 дугаартай Олон Улсын Арбитрын шүүхийн шийдвэрээр төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Арбитрын шүүхийн зардалд 24.836 ам доллар төлсөн. Энэ төлбөрөөс гадна 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээгээр 21.000 ам доллар шилжүүлсэн, энэ зээл нь хүүтэйгээ нийлээд 23.176.28 доллар болж байна. Нийт 636.303.95 долларын үүргийг биелүүлэх ёстой. “Гало Полимер Пермь” НХК нь М ХХК -тай 2011 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 11/05/11 гэрээ байгуулан жонш худалдан авах урьдчилгаат төлбөрт 222.400 рубль төлсөн. М ХХК  нь өөрийн 201.913.50 ам долларын өртөгтэй бараагаар хангах үүрэг хүлээсэн. 2012  оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээний нэмэлт зөвшилцлийг хийж 93.597.35 долларын өртэй болсон. 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 295.510.85 долларын өртэй болсон. Олон Улсын арбитрын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр 295.510.85 доллар, арбитрын хураамж 27.836 нийт 313.998.85 ам доллар төлүүлэхээр шийдвэрлэсэн. “Гало Полимер” НХК нь 51 хувийн хувьцаа худалдаж аваад үйл ажиллагаагаа явуулж байх явцдаа “Стейнбок Минериалс” ХХК-д өртэй байсныг мэдсэн. “Стейнбок Минериалс” ХХК нь МИМС-ийн хувьцааны 34 хувийг эзэмшиж байснаа Арбитрын шүүхэд хандаж хүчингүй болгуулсан байсан. 2015 онд Арбитрын шүүхийн 4 шийдвэр зэрэг гарснаас болоод өрөнд орж төлбөрийн чадваргүйн улмаас дампуурах үндэслэл тавигдсан. Үл хөдлөх хөрөнгийг 750.000 доллар зээлдүүлсэн зээлийн барьцаанд барьцаалсан. Хөдлөх хөрөнгийг 2015.06 сард барьцаалсан. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцоход тусгайлсан саналгүй, Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан заалтыг шийдвэртээ тусгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Стейнбок Минериалс” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болот шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр Швейцарь Улсын Голденбөүт Холдинг ХК-ийн охин компани “Стейнбок Минериалс” ХХК-д гэрээний үүрэгт 1.250.000 ам доллар, арбитрын хураамжид 27.480 ам долларыг М ХХК -иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Манайх энэ шийдвэрийн дагуу ШШГА-нд хүсэлт гаргасан. М ХХК  одоо болтол манай өрөөс нэг ч төгрөг төлөөгүй. “Гало Полимер” НХК нь М ХХК -ийн толгой компани, хувьцааг 100 хувь эзэмшиж байгаа. Толгой компани нь охин компаниасаа өр төлбөр нэхэмжилнэ гэдэг утгагүй. “Гало Полимер” НХК нь Монгол улсын хуулийн цоорхойг ашиглан өөрийн охин компаниа хуурамчаар дампууруулж байна гэж үзэж байгаа. ГалоПолимерийг манайх нэхэмжлэгч биш гэж ч үзэж байгаа, хэрэг гүйцэтгэгчид манай тал дүгнэлттэй нь холбогдуулаад хүсэлт гаргасан, хүсэлтийн хариуд өгсөн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал шүүхэд ирүүлсэн дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөрийн чадваргүйд тооцон дампууруулах хүсэлтийг гаргасан байна. Хэрэг гүйцэтгэгч би М ХХК  ийн санхүү, эдийн засгийн байдалд дүгнэлт хийхдээ хариуцагчийн шүүхэд хүсэлт гаргахдаа өгсөн санхүүгийн тайлан баланс, хэрэг гүйцэтгэгчийн хамгаалалтанд авсан баримт, Багануур дүүргийн татварын хэлтэсээс хүлээн авсан баримтын хэмжээнд хийсэн. М ХХК-ийн татварын байгууллагад гаргасан сүүлийн 3 жилийн тайлан тэнцэлээс гадна 2011 оноос 2015 он хүртлэх 5 жилийн хугацааны санхүүгийн байдлын тайлан, дэлгэрэнгүй орлогын тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан баланс болон нягтлан бодох бүртгэлийн гол үзүүлэлт, тайлбар тодруулгууд, Гаалиар импортлож, экспортлосон бараа болон вальют, төгрөгийн харилцах дансны гүйлгээнд шинжилгээ хийлээ. Тус дампуурлын хэргийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн нэхэмжлэгчдийн хурлаас хариуцагчийн санхүүгийн баримтанд хөндлөнгийн санхүүгийн шинжээч оролцуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

М ХХК нь 2011 оноос хойш аудитлагдсан тайлангаар алдагдалтай ажиллаж байсан бөгөөд санхүүгийн баримтаар жилээс жилд хөрвөх чадвар нь буурсан байна. Хариуцагчийн эргэлтийн хөрөнгө нь урт болон богино хугацааны зээлээр бүрддэг нь компанийг ашиггүй ажиллахад хүргэж, үйл ажиллагаанаас олсон ашиг нь зээлийн хүү, зээл төлөхөд зарцуулагддаг байсан.

            Хариуцагчийн гэрчилгээнд бүртгэгдсэн банкны данснаас гадна Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкнуудаас данс эзэмшдэг эсэх талаарх лавлагааг гаргуулсан. Үүнд:

            Худалдаа Хөгжлийн банкинд төгрөгийн 452391179 данс эзэмшдэг байна. Энэ дансаар 2010 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ямар нэгэн гүйлгээ хийгээгүй, дансны үлдэгдэл хангаагүй тул дансыг 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хаасан. Төрийн банкинд вальютын 102500210166 данс эзэмшдэг байна. Энэ дансаар 2013 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 868,115.91 төгрөгний орлого орж 868,104.35 төгрөгийн зарлага гарсан. Голомт банкинд валютын 1105019111, 1715008988, төгрөгийн 1105019110, 1715009083, юаны 110002518 нийт 5 данс эзэмшдэг.

            М ХХК  ийн санхүүгийн баримтанд авлага 543,453,999.33 төгрөг гэж тусгагдсан боловч энэ балансын зөрүүг авлагад бүртгэсэн бөгөөд тус компанийн захирал С.Эрдэнэсүхийн компаниудад өгсөн өглөгийг бүртгэсэн байна. Иймээс дээрх авлага нь компанид бодитойгоор эргүүлэн авах боломжгүй юм.

            Хариуцагч өглөгийг балансандаа 2.786.777.370,14 төгрөг гэж бүртгэсэн. Харин шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн үнийн дүн 6.055.092.620,12 төгрөг байна. Энэ нь шүүхэд хариуцагч дампуурах хүсэлт гаргах хүртлэх хугацаанд нэхэмжлэгч Швейцарь улсын Стейнбок Минералс ХХК, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Багануур дүүргийн Татварын хэлтэс, Галополимер Нээлттэй хувьцаат нийгэмлэг, Галополимер Пермь Нээлттэй хувьцаат нийгэмлэг, ОХУ- ын БФ-Илем ХХНийгэмлэгүүдийн өр төлбөрийн хэмжээ өссөн шүүхийн шийдвэр гарсантай холбоотойгоор зөрүүтэй байна.

            М ХХК-ийн эдийн засгийн байдалд дүгнэлт хийхэд үйл ажиллагаа нь анхнаасаа алдагдалтай байсан. Хариуцагч өөрийн хөрөнгийг бий болгох болон төлбөрийн чадвартай байх талаар ямарч үйл ажиллагаа хэрэгжүүлээгүй, хэдийгээр санхүүгийн хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулж байсан боловч үйл ажиллагаандаа хэрэгжүүлээгүй байна. Үүнээс дүгнэхэд өөрийн гэсэн хөрөнгөгүй харилцагчийн хөрөнгөөр үйл ажиллагаагаа явуулж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс өр төлбөр хуримтлагдан Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн байна. Иймээс М ХХК-ийн санхүү болон эдийн засгийн байдал төлбөрийн чадваргүй байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэжээ. 

            Шүүх: Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.1.1 дэх хэсэгт зааснаар М ХХК /Улсын бүртгэлийн дугаар 9019062091, регистрийн дугаар 5082544/-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж,

            Багануур дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй 83.964.480,19 төгрөг гаргуулах, Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй 59.089.422,9 төгрөг гаргуулах, Х.Хосбаярын нэхэмжлэлтэй 4.343.172 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, М.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй 4.323.304,3 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, А.Ганбаярын нэхэмжлэлтэй 1.493.626,63 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, Л.Оюунтуяагийн нэхэмжлэлтэй 2.066.561,8 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай, “Стейнбок Минериалс” ХХК-ийн Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар шийдвэрээр 1.250.000 ам.доллар, арбитрын хураамжид 27.480 ам доллар гаргуулах, “Гало Полимер” НХК-ийн Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрээр гэрээний үүрэгт 550.000 ам доллар, жилийн хүүд 38.291.67 ам доллар, арбитрын шүүхийн зардалд 24.836 ам доллар, 2015 оны 04 дүгээр сарын 02, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 23.176.28 доллар, нийт 636.303.95 доллар гаргуулах, “Гало Полимер Пермь” НХК-ийн Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр гэрээний үүрэгт 295.510.85 ам доллар, арбитрын төлбөрт 18.488 ам доллар гаргуулах, БФ-ИЛЕМ ХХНийгэмлэгийн Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар шийдвэрээр гэрээний үүргийн төлбөрт 439.325.162 төгрөг, арбитрын хураамж 15.046.405 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хариуцагч М ХХК хүлээн зөвшөөрснийг баталж,

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Хосбаяр, М.Дэлгэрмаа, Л.Оюунтуяа нарын 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх, А.Ганбаярын 2014 оны 01 дүгээр сараас 2014 оны 07 дугаар сарыг дуусталх хугацаанд төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон хариуцагчийн эд хөрөнгөөс гаргуулан нийгмийн даатгалын санд, Татварын Ерөнхий хуулийн 10 дугаар зүйлийн 4-д зааснаар татварын өр 59.089.422.9 төгрөгийг хариуцагчийн эд хөрөнгөөс гаргуулан улсын төсөвт тус тус оруулахыг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгаж,

            Нэхэмжлэгч Галополимер НХК, БФ-Илем ХХН, Стейнбок Минералис ХК, “Гало Полимер Пермь” НХК нарын нэхэмжлэлийн шаардлагыг Арбитрын шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу хангахыг хэрэг гүйцэтгэгчид даалгаж,

            Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М ХХК-ийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд шилжүүлж,

            Иргэний хуулийн 56.1.1, Дампуурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-д зааснаар М ХХК -ийн 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Гало Полимер Пермь” НХК-тай байгуулсан, 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр “Гало Полимер” НХК-тай байгуулсан Хөдлөх хөрөнгө барьцаалуулах гэрээнүүдийг хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг дурдаж,

            Дампуурлын тухай хуулийн 18, 34, 35, 36 дугаар зүйлүүдэд зааснаар хариуцагч М ХХК -ийн бүх эд хөрөнгөд тооллого явуулан хөрөнгүүдийг худалдан борлуулж, мөнгөн хөрөнгө хувиарлах төлөвлөгөөг шийдвэр гарснаас хойш 2 сарын дотор шүүхэд ирүүлэх, хариуцагчийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нарт төлөвлөгөөний дагуу хувиарлан, татан буулгах ажиллагааны тайланг хуульд заасан хугацаанд шүүхэд ирүүлэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгаж,

            Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар М ХХК -ийг татан буулгах ажиллагаа дуусгавар болж хэрэг гүйцэтгэгч нь холбогдох тайлангаа шүүхэд танилцуулснаар хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас хангагдаагүй үлдсэн шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, нэхэмжлэгчдийн өмнө хүлээх үүрэг дуусгавар болохыг дурдаж,

            Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д зааснаар татан буулгах ажиллагаа дуусгавар болмогц бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, Улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд үүрэг болгож,

            Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор М ХХК -ийг дампуурсанд тооцож татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг Багануур дүүргийн шүүхийн Тамгын газар, хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нарт даалгаж,

            Монголын Олон Улсын ба Үндэсний арбитрын 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 123 дугаар шийдвэртэй, 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 96 дугаар шийдвэртэй, Оросын холбоот Улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон Улсын арилжааны арбитрын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 64/2015, 65/2015 дугаар шийдвэртэй Багануур дүүргийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргүүдийг тус тус хэрэгт хавсаргаж,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур дүүрэг дэх Татварын хэлтэс, Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгч Х.Хосбаяраас Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.518 төгрөг, М.Дэлгэрмаагаас төлсөн 58.828 төгрөг, А. Ганбаяраас төлсөн 38.848 төгрөг, Л.Оюунтуяагаас төлсөн 37.050 төгрөгийг тус тус хариуцагчийн эд хөрөнгөөс гаргуулж олгохыг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд даалгаж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч ОХУ-ын БФ-Илем ХХНийгэмлэг, Швейцарь улсын “Стейнбок Минериалс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “...Дампуурлын хэрэгт шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь нэхэмжлэгчдийн хурал юм. Нэхэмжлэгчдийн хурлын гишүүд нь хариуцагчийн хөрөнгөөс өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндсэн зорилготой учраас тэрээр дампуурлын эрх зүйд хариуцагчийн өр төлбөрийг хамтран хариуцах үүрэгтэй эсвэл эдийн засгийн хувьд нэг ашиг сонирхолтой этгээд байж таарахгүй. “Гало Полимер” ХК нь формаль нэршлээр, процессийн алдаагаар „нэхэмжлэгч“ гэгдэж байгаа ч Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.4 зэргээс үзэхэд хариуцагч М ХХК-д эзэмшиж байгаа хувь хэмжээгээр буюу 100 хувийн М ХХК-ийн хөрөнгөөр бусад нэхэмжлэгчдийн өр төлбөрийг хариуцах ёстой. Иймд “Гало Полимер” ХК нь материаллаг утгаараа нэхэмжлэгч байх бололцоогүй.

...В.Н.Козырев нь М ХХК-г дампуурсанд тооцуулах тухай хүсэлтийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан. В.Н.Козырев нь Галополимер ба Галополимер Пермь компаниудаас өөрт олгогдсон итгэмжлэл, төлөөлөх эрхийн дагуу М ХХК-тай 2011 оны 03 дугаар сарын 21-нд 750 000 ам.долларын зээлийн гэрээ ба үүний эргэн төлөлтийн баталгаа болгож барьцааны гэрээ хийсэн. Үүний дараагаар тэрээр Галополимер компанийг төлөөлөн М ХХК-ийн 51 хувийг шилжүүлэн авсан бөгөөд М ХХК түүнийг М ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон...Галополимер ба Галополимер Пермь түүнчлэн М ХХК  нар нэг эрх ашигтай газар юм...

“Гало Полимер” ХК ба түүний охин компани Галополимер Пермь нар дампуурлын эрх зүйн харилцаанд нэхэмжлэгч байх бололцоогүй, харин зохион байгуулалттайгаар М ХХК-ийн хөрөнгийг нэхэмжлэгч нараас бултуулах арга заль зохиосон нь илэрхий харагдана. “Гало Полимер” ХК нь М ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан учраас дампуурлын эрх зүйн харилцаанд давуу эрхтэй. Үүний дагуу М ХХК-ийн хөрөнгийн ихэнхийг хариуцлагаас бултуулж болно, цаашлаад үлдэх хөрөнгийн хувьд дампуурлын хуулийн хэм хэмжээний дагуу өөрийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хангуулна гэх үндсэн зорилготой.

...Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нь Галополимер ба Галополимер Пермь компаниудын талд гарсан ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Олон улсын арилжааны арбитрын шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 64/2015, 65/2015 дугаартай шийдвэрүүдийг хүлээн зөвшөөрөн батламжилж захирамжилсан.

...Энэ хэрэгт Москвагийн арбитрын шийдвэрийг баталгаажуулах замаар “Гало Полимер” НХК ба “Гало Полимер Пермь” НХН нар нэхэмжлэгчээр орох, энэ замаар М ХХК нь өөрийн хөрөнгөөс “Стейнбок Минералс” ба “БФ-ИЛЕМ” ХХН нарт алдах хэмжээг багасгах зорилготой байсан болно. Иймд 51 хувь нь эзэмшдэг охин компанийнхаа эсрэг нэхэмжлэл гаргасан явдал, шийдвэр нь хэрхэн гарах нь ойлгомжтой, зохион байгуулалттай ажиллагааны нэг хэсэг болох Москвагийн арбитрын шүүхийн шийдвэр нь олон улсын болоод Монгол улсын эрх зүйн харилцаанд мөрдөгддөг нийтээр хүлээн зөвшөөрөх дэг журмыг зөрчсөн гэж үзэхээс аргагүй. Үүнийг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэр мөн адил нийтээр хүлээн зөвшөөрсөн дэг журмыг зөрчих үйлдэлд хамаарна. Иймд “Гало Полимер” НХК ба “Гало Полимер Пермь” НХН нар М ХХК-тай холбоотой дампуурлын хэрэгт нэхэмжлэгч байх боломжгүй. “Гало Полимер” ХК нь М ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмшигч бол “Гало Полимер” НХК ба М ХХК-ийг эдийн засгийн утгаар нь нэг этгээд гэж үзэх нь зайлшгүй. Энэ нь “Гало Полимер” ХК нь М ХХК-ийн үйл ажиллагааг удирдах, гүйцэтгэх захирлыг томилох, хөрөнгийг нь захиран зарцуулах, ажилчдыг нь халах, татвар төлөх болон М ХХК-д хөрөнгө оруулах зэрэг асуудлыг шийдсэн байдлаар илэрнэ. Энэ үүднээс Галополимер Пермь НХН-ийн 99.21 хувийг эзэмшдэг “Гало Полимер” НХК-иар дамжин М ХХК  үүнтэй нэг этгээд гэж үзэхээс аргагүй.

...“Гало Полимер” НХК нь М ХХК-ийн хөдлөх хөрөнгийг барьцаалах гэрээг яаралтай хийх шаардлага гарсан нь “Стейнбок Минералс” ХХК нь М ХХК-ийн эсрэг арбитрын хэрэг үүсгүүлсэн бөгөөд М ХХК ялагдвал “Гало Полимер” НХК нь М ХХК-г буюу өөрийн эзэмшлийн 51 хувийг алдах эрсдэлтэй болсон. М ХХК-ийн хөрөнгөд “Стейнбок Минерал” ХХК-ийн талд гарсан арбитрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэл явагдах нь “Гало Полимер” НХК-ийн хувьд ихээхэн алдагдалтай юм. Иймд М ХХК-ийн хөрөнгийг үүнээс бултуулах бодит шаардлага тавигдсан. Энэ эрсдэлээс зайлсхийх зорилгоор 2015 оны 06 дугаар сарын 23-ны Арбитрын шүүх хуралдаан болохоос өмнө “Гало Полимер” НХК-ийн удирдлагын зүгээс эвлэрэх саналыг “Стейнбок Минералс” ХХК-д илэрхийлэхийн зэрэгцээ М ХХК-г хариуцагчаар татахаар Москва дахь Олон улсын худалдааны арбитрын шүүхэд арбитрын хэрэг үүсгүүлсэн. Иймээс Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч ба үүрэг гүйцэтгэгч нар нэг этгээд болсон шалтгаанаар нэхэмжлэгч биш болохыг анхан шатны шүүх нь хянан тогтоох ёстой байсан. Ингэсэнсэн бол М ХХК-ийн хөрөнгөөр жинхэнэ нэхэмжлэгч нарын шаардлагыг Арбитрын шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу хангахыг хэрэг гүйцэтгэгчид даалгах тухай тогтоол гарах байсан. Ингээгүй учраас үүнд гомдол гаргаж байгаа болно.

...Хэрэг гүйцэтгэгч нь хариуцагчийн эрх ашгийг хамгаалах хууль ёсны эрх бүхий этгээд учраас хариуцагчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах ёстой. М ХХК-ийн хөрөнгийн хэмжээ 2012 оны 12 дугаар сарын 24-ний 200 000 ам.долларын шилжүүлгээр багассан бөгөөд энэ үйл явдал сүүлд тодорхой болсон. Энэ шилжүүлгээр “Гало Полимер” НХК нь М ХХК-д хууль бусаар хохирол учруулсан тул эргүүлэн төлөх ёстой.

...Энэхүү 200 000 ам.долларыг шилжүүлэхээс өмнө дампууруулах хүсэлтийг гаргах ёстой байсан боловч М ХХК-ийн удирдлага буюу “Гало Полимер” НХК нь үүнийг хийхийг хүсээгүй. Тиймээс М ХХК-ийн өмнөөс энэ хохирлыг нэхэмжлэх ёстой ба энэ талаархи хүсэлтийг Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд болон анхан шатны шүүхэд өгснийг авч хэлэлцээгүй. Хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал нь өөрт олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэгчдийн хурлаар энэ асуудлыг шийдвэрлүүлэх улмаар шүүхэд хүсэлтийг гаргах үүрэгтэй болно. Гэхдээ М ХХК, “Гало Полимер” НХК ба “Гало Полимер Пермь” НХК компаниуд нэг ашиг сонирхолтой учраас “Гало Полимер” НХК ба “Гало Полимер Пермь” НХК-иудыг нэхэмжлэгчээс хасуулах нь үүний урьдчилсан нөхцөл болно. Үүнийг хийхийг хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргал цааргалж, анхан шатны шүүх үүнийг хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байгаа нь ихээхэн төвөгтэй байдлыг үүсгэж байна. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт гомдож байна. Компанийн тухай хууль болон Иргэний хуулиар тодорхойлсон гэм хор учруулснаас хүлээх үүргийг М ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Н.Козыров мөн адил хүлээх ёстой. Учир нь тэрээр М ХХК дампуурах хүсэлтийг гаргах нөхцөл үүссэнийг мэдэж байсан боловч дээрхи шилжүүлгийг хийсэн. Энэ асуудлаар гомдол гаргагч нь хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалд, мөн шүүхэд хүсэлт гаргасан гаргасныг анхааралгүйгээр энэхүү дампуурлын хэрэгт хандах нь гомдол гаргагчийн эрхийг хөндөж байгаа гэдгийг давхар илэрхийлж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

            Хариуцагч М ХХК нь төлбөрийн чадваргүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргасны дагуу шүүх 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дампуурлын хэрэг үүсгэж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2331 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсныг тогтоож, төлбөрийн чадваргүй болсныг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр нийтэд мэдээлэхээр заажээ.

 

            Шүүх хариуцагчийн хүсэлтэд хавсаргасан М ХХК-ийн сүүлийн 3 жилийн тайлан тэнцэл /I-хх 38-62/ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй байхад уг баримтад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжгүй.

 

            Тус шүүхийн Тамгын хэлтэс нь хариуцагч М ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсон тухай 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн “Өдрийн сонин”-ы №283 (5235), “Зууны мэдээ” сонины №234 (5160) дугаарт хэвлэн мэдээлж, 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Сүлжээ-3” телевизээр нийтэд мэдээлсэн байна. /I-хх 90-94/

 

            Мөн шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргахаар заасан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмын дагуу нэхэмжлэгчдийн нэхэмжлэл гаргах хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болжээ.

 

            Нэхэмжлэгч Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Багануур дүүргийн Татварын хэлтэс, иргэн Х.Хосбаяр, М.Дэлгэрмаа, А.Ганбаяр, Л.Оюунтуяа нар нь дээрх шүүгчийн захирамжид заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна.

 

            Иргэн Н.Ням-Аюуш нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргасныг шүүх 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүсэлтийг хангахаас татгалзан шийдвэрлэжээ. “БФ-ИЛЕМ” ХХН, “Гало Полимер” НХК нэхэмжлэлээ 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, “Гало Полимер Пермь” НХН нэхэмжлэлээ 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус тус шүүхэд гаргасан /II-хх 41,42, III-хх 11-13, 19-22/, “Стейнбок Минералс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Эм Эйф Эйч” ХХК-ийн захирал Ц.Болот нь шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй тул 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр болох нэхэмжлэгчдийн анхны хуралд нэхэмжлэгчээр оролцуулах хүсэлтээ 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 23/12 тоот албан бичгээр ирүүлсэн байна. /II-хх 99/ Мөн хэрэгт “Стейнбок Минералс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт зохигчдын эрх үүргийг тайлбарласан баримт /I-хх 123/, “Стейнбок Минералс” ХХК-ийн нэхэмжлэл, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтийг хариуцагчид гардуулсан баримт /VI-хх 79/ тус тус авагдсан байх ба шүүх уг нэхэмжлэлийг тэмдэг дарж, хүлээн авсан нэхэмжлэлийн хувь хэрэгт авагдаагүй байна.

 

Эдгээр баримтаас үзэхэд шүүхээс тогтоосон хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан “БФ-ИЛЕМ” ХХН, “Гало Полимер” НХК-ийн нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгүйгээр шүүх хүлээн авсан, түүнчлэн нэхэмжлэл гаргаагүй байсан “Гало Полимер Пермь” НХН, “Стейнбок Минералс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр явагдсан нэхэмжлэгчдийн анхны хуралд нэхэмжлэгчэээр оролцуулсан нь буруу болжээ. Түүнчлэн нэхэмжлэгч нараас хэрэг гүйцэтгэгчээр Г.Цагаанбаярыг томилуулах санал гаргасан /“Стейнбок Минералс” ХХК нэхэмжлэл гаргаагүй байсан/-ы дагуу тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 148 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Г.Цагаанбаярыг томилон оролцуулсан, нэхэмжлэгчдийн удаа дараагийн хурлын ажиллагаа болон хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалыг өөрчлөн томилуулсан ажиллагаа нь Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 8.3.6, 8.3.7, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн байна.

 

Дампуурлын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “Дампуурлын хэргийг үүсгэх, хянан шийдвэрлэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулагдаагүй харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулна” гэж заажээ.

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 198 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэг гүйцэтгэгчээр Ш.Буянжаргалыг томилохдоо хэрэг гүйцэтгэгчид шүүгчийн захирамжийг танилцуулж, хуульд заасан эрх, үүргийг тайлбарлахыг шүүгчийн туслахад даалгахаар заасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагаа хангалттай хийгдээгүйгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлүүдэд заасан журам зөрчигдсөн гэж үзнэ.

 

Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд тусгах зүйлсийг заасан ба хэрэг гүйцэтгэгч Ш.Буянжаргалын гаргасан дүгнэлт нь Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан хариуцагчийн санхүү, эдийн засгийн тооцоо, түүний дүгнэлт, 13.1.4-т заасан нэхэмжлэгчдийн хэсэг болон нэхэмжлэл тус бүрийн дүнгийн талаарх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Тухайлбал, хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн М ХХК-ийн өглөг хэсэгт “Гало Полимер” НХК нь жагсаалтын 2-т 558 054 509,57 төгрөгийн өр /тайлбаргүй/, 20-д хөрөнгө оруулагчаас авсан зээл 1 133 064 000 төгрөг, 21-д зээлийн хүү 41 538 000 төгрөг, 22-т хөрөнгө оруулагчаас авсан зээл 71 131 815,01 төгрөгийн өглөгтэй гэж тус тус тусгасан /Х-хх 160,161/-ыг хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө гэж үзсэн байна. Компанийн хувьцааг эзэмшигч нь хөрөнгө оруулсан уу, эсхүл эд хөрөнгөнд хөрөнгө оруулсан эсэхийг тодорхой болгон тусгах байжээ.

 

Иймд хэрэг гүйцэтгэгч нь хариуцагч М ХХК, “Гало Полимер” НХК-ийн хооронд байгуулсан гэрээ хэлцэл, мөнгөний гүйлгээ хийсэн баримтад түшиглэн бодитой дүгнэлт хийх шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан дээрх зээлийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч хоёр нэг этгээд болсон эсэх, хувьцаа эзэмшигч “Гало Полимер” НХК-иас хариуцагч М ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтыг хариуцагчийн эд хөрөнгөөс зааглаж, тодорхойлон дүгнэлт өгсөн нөхцөлд Иргэний хуулийн 240 дүгээр зүйийн 240.1.1-д зааснаар үүрэг дуусгавар болох, Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч болон нэхэмжлэгч “Гало Полимер” НХК-ийн хариуцлага хүлээх эд хөрөнгийн хувь хэмжээг тодорхойлох боломжтой болох юм.

 

Иймд нэхэмжлэгчдийн хурлын болон хэрэг гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэвэл зохих хуулиар тогтоосон ажиллагааг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 103/ШШ2017/00376 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч “БФ-Илем” ХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосныг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                               Д.ЦОГТСАЙХАН