Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
Хэргийн индекс | 112/2021/0038/З |
Дугаар | 112/ШШ2021/0037 |
Огноо | 2021-09-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 112/ШШ2021/0037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Б.Чийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-******* аймгийн ******* сумын ******* Д.Эд холбогдох ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/17 тоот захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Миний бие ******* сумын харьяат Б.Ч нь Боловсролын байгууллагад 23 жил ажилласан тус байгууллагын удирдлагаар 10 жил ажиллаж байгаа. Энэ хугацаанд ажлын ямар нэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл ******* сумын ******* Э нь намайг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр сумын ******* болон холбогдох дээд шатны байгууллагуудад цэцэрлэгийн барилгын талаар бичиг тоот өгсөн. Нэг нь ч хариу өгөөгүй. Дараа нь улсын их хурлын гишүүнд ч хандаж байсан. Барилгын асуудлын талаар хөөцөлдөөд сүүлдээ би прокурорт хандсан. Прокурор надад танай энэ барилгыг судалж үзлээ. Төсөвт нь суугдаагүй байгаа юм байна. Улсын төсөвт тодотголоор орохоор шатандаа явж байгаа юм байна гэдэг хариу ирсэн. Сумын ******* бид нарыг удирдлага арга зүйгээр хангаад, байгууллагын албан хаагч нарыг урам зоригоор тэтгээд, дэмжээд явж байх ёстой. Тэгэхэд боловсролын салбарын 2 ажилтан байхад сургуулийн захирлыг тэг зогсолттой байхад ирж захирамжийг нь гаргаад урамшуулал өгсөн. Энэ талаар тодруулаад асуухад мөнгө хэрэггүй юм байх гэж бодлоо гэсэн. Тэг зогсолттой байна шүү дээ дарга минь гэдэг асуудлыг ярьсан. Эрүүл мэндийн байгууллагад манай байгууллагын зүгээс хөрөнгө оруулалт хийсэн. Энэ дээр удирдлагын зүгээс манай хамт олныг дэмжээд сэтгэлийн үг хэлэх байх гэж бодсон боловч хэлээгүй. Тэгээд бас мод тарих ажил явагдаад энэ дээр манай байгууллагын дэмжээд өг гэсэн чинь дэмжээгүй. Тэгээд би ******* болон сумын нийт удирдлагууддаа та нар эвлэлдэн нэгдэхгүй байна гэдэг байдлаар хэлсэн юм. Би үүнийг зөрчил биш гэж үзэж байгаа. Хувь хүний зүгээс үзэл бодлоо илэрхийлсэн. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж ******* сумын засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/17 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/17 дугаартай сахилгын шийтгэл оногдуулсан Засаг даргын захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48.1.1 дэх хэсгийг үндэслэсэн байгаа. Мөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3, 4 дэх хэсгүүдийг үндэслэсэн байгаа. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 131.1 дэх хэсгийг үндэслэсэн байгаа. Миний үйлчлүүлэгч үр дүнгийн гэрээгээр ажилладаг. Хөдөлмөрийн гэрээ дотоод журмаар эрх зүйн харилцаа нь зохицуулагддаггүй байгаа. Мөн миний үйлчлүүлэгчийг төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэж үзэж байгаа бол төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн шийдвэрлэдэг зөвлөл хороогоор ороогүй. Хариуцагч 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтыг барьж миний үйлчлүүлэгч дээр сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байгаа. Өөрөөр бол ёс зүйн зөвлөлийн тогтоолыг үндэслэх ёстой байсан. Иймд захирамжийг хүчингүй болгож өгнө үү? гэв.
Хариуцагч Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тус сумын Цэцэрлэгийн эрхлэгч ажилтай Б.Чийн гомдолтой ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг эс зөвшөөрсөн үйлдэлд дараах тайлбарыг гаргаж байна. Б.Чийн сошиал орчинд бичсэн постыг хэргийн материалд гаргаж өгсөн. Энэ нь Уучлаарай хүмүүсээ, би жоохон сошиалаар явмаар санагдаад байна. Уур хүрээд, бухимдаад байна гэсэн байгаа юм. Энэ нь төрийн албаны тухай хуулийн 37.1.10 албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх гэж заасан байгаа. Мөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн 3.1.6.в хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх гэж заасан байдаг. Тэгэхээр уур нь хүрэхээр бүхэл бүтэн байгууллагын эрхлэгч сошиал орчинд жиргэсэн нь хууль зөрчсөн байна. Сумын шийдвэр гаргадаг нөхдүүд миний үйл ажиллагааг дэмждэггүй нь сонин, хачин. Мөн элдэв коммент бичлээ гэж намайг буруутгана гэж байгаа. Энэ 2 зүйл дээрээ бол манай нэхэмжлэгч тайлбар хэлэх байх. Ямар үйл ажиллагааг нь дэмжээгүй, ямар коммент бичсэн гээд арга хэмжээ авсан юм бэ? тийм баримт байгаа бол гаргаж өгнө үү? Ямар ч нотлох баримтгүйгээр сошиал орчинд жиргэсэн байна гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээг авсан.
Цахимд дурдсан асуудлын агуулга мөн чанар нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагад нийцэхгүй бөгөөд төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.4 Б, 3.1.7 А, 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалт, сумын *******тай байгуулсан 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд хавсаргасан батламжийн 6 дахь заалтыг зөрчсөн төдийгүй аймаг сумын Засаг даргын шийдвэрээр архи согтууруулах ундаагаар худалдах үйлчлэхийг хориглосон үед зөрчил гаргасныг сумын Цагдаагийн хэсэг шалган тогтоосон. Сумын шийдвэр гаргах түвшний нөхдүүд гэсэн чигтэй сумын *******, Засаг даргын Тамгын газрын дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гэх мэт гээд бичсэн байгаа юм. Өчигдөр орой Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга А-ын албан бичгийг шүүхэд хүргүүлсэн. Нэхэмжлэлд миний ажлыг дэмждэггүй гэсэн зүйл оруулсан байсан. Би энэ хүний ажлыг дэмжээд 2021 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Ч-аар ахлуулсан ажлын хэсэг ******* сумд ирж ажиллахад нь тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчийг өөрийг нь дагуулж яваад цэцэрлэгийн барилгыг үзүүлээд энэ барилгыг цааш нь царцаахгүйгээр хэрхэн ашиглалтад оруулах талаар ярьсан. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны үед газрын албаны ахлах мэргэжилтэн Б-оор ахлуулсан ажлын хэсэг эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажлыг хүлээж авахтай холбоотойгоор ******* сумд ирж ажилласан. Тэр үед бас энэ цэцэрлэгийн барилгын ажлыг шийдэж өгнө үү? 2021 оны төсвөөс манай сумын цэцэрлэгт ерөөсөө мөнгө хуваарилагдаагүй байгаа юм. Энэ талаар арга хэмжээ авч өгөөч гэдэг асуудлыг хэлсэн. Энэ талаар өчигдөр газрын албанаас хариу ирүүлснийг шүүхэд хүргүүлсэн байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар үйл ажиллагааг нь дэмжээгүй асуудал байхгүй. Энэ хүн бол цэцэрлэгийн барилгын ажил царцаад байхад та нар юм хийсэнгүй гэдэг асуудлыг надад ярьж байсан. Харин энэ талаар би холбогдох хүмүүст нь уламжилж байсан гэдэг нь шүүхэд баримтаар очсон байгаа. Уурлахаараа л сошиалд юм бичээд байгаа нь ёс зүйн алдаа гэж үзэж байна. Иймд Б.Чт хариуцлага тооцсон сумын Засаг даргын 2021 оны Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүйг дурдаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.Ч 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр өөрийн C B гэх Facebook цахим хуудсаар Уучлаарай хүмүүсээ би жаахан сошиалаар явмаар санагдаад аа, уур хүүрээд бухимдаад байна аа. Өчүүхэн алслагдмал жаахан сум нам энэ тэр гэж ийм байдалд орчих гэж дээ...Налигнасан нь хожиж нам гүм байсан нь хохирдог болсон цаг юу уу. гайхаад л... галхираад л байх юм. Сумын шийдвэр гаргах түвшний нөхдүүд бидний, миний үйл ажиллагааг дэмждэггүй нь сонин хачин аа... жич: СЗД, ЗДТГД, ИТХД, ЕБСзахирал...гм. би нь та бүхэндээ сэтгэлээ илэрхийлснээр эцэст нь хариуцлага тооцно, элдэв комент бичлээ гэж намайгаа буруутганаа. энэ хаанахын ёс үзэл вэ. Бид 1л сум орон нутагтаа байгаа хойно үзэл бодол, сэтгэл, санаагаа ч 1 л чигт байлгамаар байх юм даа. Та бүхэн анзаарсан бол үнэнээр явдаг нь үлдэгсэд /хаягсад/ болж, үгээр илэрхийлдэг нь од/сайн/ болдог болжээ. Цаг үе нийгмийн хувьслаа гэж... гэсэн мэдээлэл бичиж оруулсан.
Үүнтэй холбогдуулж цахимд дурдсан агуулга мөн чанар нь төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд тавигдах шаардлагад нийцэхгүй гэж үзэж, Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/17 дугаар захирамжаар Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1 дэх заалт, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4.б , 3.1.7.а, 4.2.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ******* сумын Цэцэрлэгийн эрхлэгч Б.Чт ёс зүйн зөрчил гаргасан тул сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхээр зохицуулсан бөгөөд хуулийн 16-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, ...эрх чөлөөтэй... гэж заасан. Б.Ч нь иргэн хүний тухайд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй, гэхдээ төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтны тухайд төрийн албаны үйл ажиллагаанд баримтлах үзэл бодол, зан суртахуун, үг, үйлдлээрээ Үндсэн хууль бусад хуулиар баталгаажуулсан хууль ёсыг эрхэмлэн дээдлэх нийтлэг ёс зүйн хэм хэмжээ сахих үүрэгтэй.
Б.Чийн тухайд цахим хуудсаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж ...сумын шийдвэр гаргах түвшний нөхдүүд бидний, миний үйл ажиллагааг дэмждэггүй нь сонин хачин аа... жич: СЗД, ЗДТГД, ИТХД, ЕБС-ийн захирал...гм... гэх агуулга бүхий мэдээлэл бичиж оруулсныг Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4.б төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх, 3.1.7.а удирдлагадаа байгаа албан хаагчдын өмнө нэр хүнд, ажил хэргийн үлгэр жишээг үзүүлэх гэж заасан төрийн албан хаагчид тавих ёс зүйн шаардлагыг зөрчин төрийн албаны нэр хүндэд харшлах үйлдлийг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-т сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулсан эсэх, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гаргасан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй байгаа нь хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасныг зөрчсөн байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм-ийн 5, 6 дугаар зүйлд төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн тухай гомдол мэдээллийг шалгах, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Төрийн албан хаагчийн ёс зүйн зөвлөл төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллахаар байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-******* аймгийн ******* сумын Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/17 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ