Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0226/З |
Дугаар | 221/МА2024/0467 |
Огноо | 2024-07-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2024/0467
П.Э*******ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч П.Э*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: П.Э*******
Хариуцагч: Улсын Ерөнхий прокурор
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 32, 33 дугаар дүгнэлтүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар “Ажлаас халах тухай” тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоохыг даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0360 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч П.Э*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа
Хэргийн индекс: 128/2024/0226/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч П.Э*******аас Улсын Ерөнхий прокурорт холбогдуулан “Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 32, 33 дугаар дүгнэлтүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар “Ажлаас халах тухай” тушаал хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоохыг даалгах”-аар маргасан байна.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ШШ2024/0360 дугаар шийдвэрээр:
“Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 67 дугаар зүйлийн 67.1.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-д заасныг тус тус баримтлан П.Э*******ын нэхэмжлэлтэй Улсын Ерөнхий прокурорт холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар дүгнэлтийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлт, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч П.Э*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Дээрх шийдвэрийн үлдэх хэсэг болох Прокурорын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32 дугаар дүгнэлт, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б\68 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байгаа үндэслэлээ дараахь байдлаар тайлбарлаж гомдол гаргаж байна. Үүнд:
Шүүх нь Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д “Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийг тухайн гэрээг байгуулсантай нь холбогдуулж дээрх хуулийг мөн Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.5, 2.4.10-д заасан тус тус зөрчсөн гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзнэ.
3.2.Миний бие энэ хугацаанд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос өөр ямар нэг ажил, албан тушаал хавсран эрхэлж огт байгаагүй болно. Миний хувьд ажил, албан тушаал гэдэг ойлголтыг прокурорын байгууллагаас өөр ямар нэг төрийн байгууллага, аж ахуйн нэгжид өөрөө биечлэн ажил, албан тушаалыг прокурорын ажилтай цуг эрхэлснийг ойлгоно гэж үздэг. Надад прокурорын хяналтын ажлаас өөр ямар нэг эрхэлж байсан ажил, албан тушаал угаасаа байгаагүй гэдэгт давж заалдах шатны шүүх хууль зүйн үүднээс үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээсэй гэж хүсч байна.
Өөр нэг зүйл бол “хавсран гүйцэтгэх” гэдэг ойлголтыг хууль зүйн үүднээс шүүх үндэслэлтэй зөв тайлбарлаж шийдмээр байна.
“Хавсран гүйцэтгэх” гэдэг бол прокурорын ажлын хажуугаар аль нэг байгууллагад, миний бие өөрийн биеэр, цалин хөлстэй болон хөлсгүйгээр, тодорхой хугацаагаар болон байнга ямар нэг ажил хийж гүйцэтгэсэн байх тухай хууль зүйн ойлголт гэж би үзэж байна. Гэтэл миний бие прокуророор ажиллаж байх дээрх хугацаанд аль ч газар, хаана ч, ямар нэг ажил албан тушаал огт хавсран гүйцэтгэж байгаагүй, тийм үйлдэл хэзээ ч гаргаагүй болно. Энэ нь ч хэргийн материалд нотлох баримтаар тогтоогдсон байгаа болно.
Миний хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу Монгол Улсын иргэний хувьд өмчтэй байх, өмч, хөрөнгө шударгаар олж авах, өөрийн хувийн өмч, хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах бүрэн эрхтэй, иргэний хувьд өөрийн өмч хөрөнгөө иргэний эрх зүйн харилцаанд оролцож, иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний хэлцэл хийж, бусдаар ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан үйлдлийг ажил, албан тушаал хавсран гүйцэтгэсэн гэж шүүх үзсэнийг хуулийн зүйл, заалтыг буруугаар ойлгож, шүүх хэрэглэсэн гэж үзэж эс зөвшөөрч байна. Миний бие иргэний эрх зүйн гэрээ байгуулснаас өөрөөр тухайн компанид ямар нэг ажил эрхлээгүй, тухайн гэрээний дагуу надад оногдсон ямар нэг ажил, албан тушаал үйлчилгээ огт байхгүй юм. Энэ тухай бүхий л нотлох баримт, хууль зүйн үндэслэлүүдээ гаргасан нэхэмжлэл, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон тайлбартаа хангалттай дурдсан байгааг Та бүхнийг уншиж судлан хууль зүйн дүгнэлтийг хийнэ байх гэж найдаж байна.
3.3.Шүүхээс намайг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.5-д заасан "албан үүргээ хэрэгжүүлэхэд харшлах, эсвэл сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзсэн байна. Миний бие дээрх шийдвэрийг дараах үндэслэлээс эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
- Миний бие Н.Х*******тай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахаар өөрийн ажил, албан тушаалдаа харшлах, сөргөөр нөлөөлөх ямар нэг ашиг сонирхол, үйлдэл хийгээгүй, үйл ажиллагаа явуулаагүй,
- Уг гэрээний аль ч зүйл, заалтад миний ажил, албан тушаалтай холбоотой ямар ч үг үсэг, заалт байхгүй болно.
- Би уг "Т*******" гэх компанитай ямар нэг ашиг сонирхол байхгүй, уг компани нь Сонгинохайрхан дүүрэгт ямар нэг гэмт хэрэг, зөрчил, маргаанд шалгагдаж байгаа асуудал байхгүй, би уг компанид ямар нэг давуу байдал олгох, хууль бус үйлдэл үйл ажиллагаа явуулахад нь тус дэмжлэг үзүүлэх үүрэг амлалт аваагүй, өөрөөр хэлбэл ямар нэг ашиг сонирхлын болон хамаарлын зөрчил байхгүй болно.
- Миний хийсэн иргэний хэлцэлд прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа үйлдэл, үйл ажиллагаа огтоос байгаагүй. Би энэ гэрээгээр өөртөө ямар нэг давуу байдал аваагүй, ямар нэг хөнгөлөлт эдлээгүй, зөвхөн зах зээлийн зарчмаар ажил, үйлчилгээ гүйцэтгүүлэх, үнэ хөлсөө төлөх шударга, хууль зүйн зарчмын дагуу гэрээ байгуулагдсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ талаар холбогдох мөрдөх байгууллага шалгаж, прокурор шийдвэрээ гаргасан ямар нэг ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа ашигласан үйлдэл, хуульд харшилсан зүйл байхгүй гэдгийг хангалттай шалгаж тогтоосон юм.
3.4.Шүүх нь намайг хэдийгээр нэхэмжлэгчээс иргэний хувьд гэр бүлийн хэрэгцээнд хувийн өмчөө эзэмшиж, ашигласан гэж тайлбарлаж буй хэдий ч тухайн гэрээг амины болон зуслангийн орон сууцтай адилтгах боломжгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Энэ нь:
- 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар Монгол Улс эдийн засгийн зах зээлийн харилцаанд шилжсэн, хувийн өмчийг нийтийн (төрийн) өмчийн нэгэн адил хуулиар баталгаатай хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн билээ. Гэтэл шүүх хүний хувийн орон сууц, зуслангийн орон сууцыг амины өмч гэж үзэж, миний өмчийг хувийн өмч гэж гадуурхан үзсэнд үнэхээр гайхаж байна.
Одоо Монгол Улсад амины өмч гэж байхгүй, социализмын үед байсан амины өмч гэдэг ойлголт 1990 оноос хойш байхгүй болсон. Гэтэл шүүх байгаа мэтээр ойлгож хувийн өмчийг амины өмч, бусад өмч гэх мэтээр ялгаварлан үзэж, ялгавартай хандаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Үндсэн хуулиар баталгаажсан хүний хувийн өмчийн том, жижиг, олон, цөөн, үнэтэй, үнэгүй, амины, хувийн гэх хандлагаар авч үзэж хувийн өмчийг ялгаварлан зааглаж намайг буруутгах хууль зүйн үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Давж заалдах шатны эрхэм шүүгчид хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, асуудлыг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.
Гэрээ хэлцэл ч гэсэн үнийн дүн, хийж гүйцэтгэх ажил, хэн хийлгэж байгаа зэргээс хамаарч өөр өөр байдаг ойлголт хуульд байхгүй гэж үзнэ, ямар хуулинд тийм заалт байдгийг миний бие мэдэхгүй юм.
Хэрвээ шүүх ингэж ойлгож хууль тайлбарлаж, хэрэглэвэл Монгол Улсад маш буруу, хууль бус, шударга ёсны эерэг зарчим, практик цаашид бий болж, олон олон иргэний эрхийг хохироох хууль, эрх зүйн орчин бүрдэж, шүүхийн практик бий болно гэж үзэж байна.
3.5.Шүүхийн шийдвэрийн дараагийн үндэслэл нь "Мөн нэхэмжлэгчээс маргаан бүхий гэрээг 2022.07.28-ны өдөр байгуулсан хэдий ч 2023.08.21-ны өдрөөс гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 182,520,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Нийслэлийн Баянзүрх анхан шатны шүүхэд гаргасан байх тул зөрчил мөн хугацаа хүртэл үргэлжилсэн гэж үзэх бөгөөд Прокурорын сахилгын дүрмийн 5.1-д сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл оногдуулахгүй гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж дүгнэжээ.
Миний бие гэрээ байгуулсан үйлдлийг ёс зүйн зөрчил биш гэж үзэж байгаа. Гэтэл шүүх уг үйлдлийг ёс зүйн зөрчил гэж үзэж байгаа бол уг гэрээг байгуулсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой, хэрвээ ингэж тоолбол аль хэдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэтэл шүүх миний гэрээ байгуулсан өдрөөс миний иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл ёс зүйн зөрчил үргэлжилсэн байна гэж үзэж хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:
Би гэрээ байгуулсан өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртлээ уг ажил, албан тушаалыг хавсран гүйцэтгэж үргэлжлүүлэн ажиллаж байсан мэтээр үзсэн нь хууль бус юм. Энэ тохиолдолд ямар ч үргэлжилсэн үйлдэл, үйл ажиллагаа огт болоогүй, үргэлжилж байсан гэх нотлох баримт, хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Шүүхийн дүгнэснээр бол би бүтэн нэг жил илүү хугацаагаар ажил, албан тушаал, хавсран гүйцэтгэсэн мэтээр ойлгогдож байна. Гэтэл би гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш уг гэрээний дагуу нэг ч өдөр ямар нэг ажил хийгээгүй гэдгээ удаа дараа тайлбарласан билээ. Би удаа дараа нэг жилийн туршид хулгай хийсэн бол "Чиний хулгай үргэлжилсэн байна, хөөн хэлэлцэх хугацаа чинь дуусаагүй байна" гэж хэлж болно. Гэтэл би энэ хугацаанд юу ч хийгээгүй, прокурорынхоо албан үүргээ гүйцэтгэж байхад чиний зөрчил үргэлжилсэн байна гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээрх гэрээг байгуулсны улмаас миний эрх ашиг зөрчигдөж би хохирсон учир 2023.08.21-нд иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хүсэлт гаргасан ба иргэний хэргийн шүүхээс миний зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийг хангаж гэрээний үүргээс учирсан гэм хорыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн билээ. Гэтэл шүүхээс намайг зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан үйлдлийг намайг ажил, албан тушаал хавсран гүйцэтгэж, прокурорын ёс зүйг зөрчсөн зөрчил гаргасан байна гэж үзсэнийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Үндэслэл нь: Иргэн хүн өмч, хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд хэн байхаас /шүүгч, прокурор, мөрдөгч/ үл хамааран шүүхэд гомдол гаргаж зөрчигдсөн ашиг сонирхлоо хамгаалуулах, учирсан хохирлоо арилгуулах шаардлага тавих нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүхий л хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хууль ёсны, зайлшгүй хийх ёстой үйлдэл билээ. Гэтэл шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан миний үйлдэл яахаараа прокурорын ёс зүй зөрчсөн болдог билээ. Прокурор хүн иргэний нэхэмжлэл гаргаж болохгүй, хэрвээ гаргасан бол ёс зүй зөрчсөн гэж үзнэ гэх хууль Монгол Улсад байхгүй байх, шүүх хүнийг ажил, албан тушаалаар нь ялгаварлаж Үндсэн хуульд заасан шүүх, хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байна гэдэг зарчмын эсрэг шийдвэр гаргах эрхгүй байх гэж би бодох юм, урьд нь ч гэсэн иргэний шүүхэд прокурор нэхэмжлэл гаргасан бол прокурорын ёс зүй зөрчсөн гэж үзнэ гэх шүүхийн практик байхгүй байх, би л лав сонсоогүй юм байна.
Иймд би шүүхэд нэхэмжлэл гаргаснаараа зөрчил гаргасан гэж үзэхгүй байгаа тул дээрх заалтыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.
- Шүүх ёс зүйн зөрчлийг 2022.07.28-ны өдрөөс 2023.08.21-ний өдрийг хүртэл үргэлжилсэн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэснийг эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэл гаргасан өдрийг тооцохгүй үндэслэлээ дээр тайлбарласан тул гэрээ байгуулсан өдрөөр тооцоход аль хэдийнээ сахилгын шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна.
Өөрөөр хэлбэл 2022.07.28-ны өдрөөс 2024.01.12-ны өдрийг хүртэл 1 жил 5 сар 14 хоног болсон байна. Энэ нь Прокурорын тухай хуульд болон Сахилгын шийтгэл оногдуулах дүрэмд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг илэрхийлж байна. Нөгөө талаар надад холбогдох гомдлыг Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн албан бичгийг үндэслэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж илрүүлэн шалгасан боловч, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулсан нь ёс зүйн зөрчлийг шалгах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг баталж байна. Иймд шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж дүгнэснийг бас хүчингүй болгож өгөхийг хүсье.
Миний дээрх давж заалдах гомдлыг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж “Улсын Ерөнхий прокурорын газрын ёс зүйн зөвлөлийн 2023.12.14-ний өдрийн 32 дугаар дүгнэлт болон Улсын Ерөнхий прокурорын 2024.01.12-ны өдрийн Б/68 дугаар тушаалын "Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 67 дугаар зүйлийн 67.1.5, Төрийн албаны хуулийн 48 дугаар зүйлийн 48.14-д заасныг тус тус баримтлан П.Э*******ын нэхэмжлэлтэй Улсын Ерөнхий прокурорт холбогдох нэхэмжлэлийн зарим хэсэг болох Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023.12.14-ний өдрийн 32 дугаар дүгнэлт, Улсын Ерөнхий прокурорын 2024.01.12-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж, хуучин ажилд минь эргүүлэн тогтоох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Нэхэмжлэгч П.Э*******ыг төрийн албанаас халсан Улсын ерөнхий прокурорын 2024 оны маргаан бүхий Б/68 дугаар тушаалд Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32, 33 дугаар дүгнэлтийг үндэслэсэн, тэрбээр өөрийн эзэмшлийн газарт ашиг олох зорилгоор орон сууцны барилга бариулахаар бусадтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь, түүнчлэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Б*******тэй зүй бусаар харьцан, эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн болох нь тус тус хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогджээ.
2.Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.10-т “Прокурор багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад хуулиар тогтоосон эрх, үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 2.4.5-д “албан үүргээ хэрэгжүүлэхэд …сөргөөр нөлөөлөх, прокурорын албан тушаалыг ашиглахыг санаархсан аливаа хэлцэл, үйл ажиллагаанаас зайлсхийнэ” гэж заасан.
Гэтэл нэхэмжлэгч Э******* нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр баригдаж буй 9 давхар, үйлчилгээтэй орон сууцны барилгын ханын өрлөг, шаврын ажлыг гүйцэтгүүлэхээр “Т*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Х*******тай 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, мөн энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор иргэний журмаар маргаж байсан зэрэг нь хууль, дүрмийн дээрх зохицуулалтыг зөрчсөнд тооцогдоно.
Учир нь Прокурорын тухай хуульд прокурорын чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны хараат бус байдал, хууль зүй, эдийн засгийн болон нийгмийн баталгааг тодорхойлохын сацуу прокурорын иргэний эрхэд тавих хязгаарлалтыг тогтоож өгсөн бөгөөд 9 давхар, үйлчилгээтэй 76 айлын орон сууцны барилгыг нэхэмжлэгчийн тайлбарласанчлан “…ашиг олох зорилгогүй буюу гэр бүл, хамаатан саднаараа хамтдаа амьдрах зориулалтаар бариулж байгаа…” гэж дүгнэх боломжгүй.
Түүнчлэн Улсын Ерөнхий прокурорын газрын ДХШАБХ-ын хяналтын прокурор Ё.Н*******ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс авсан тайлбарт тэрбээр “…Х.Х*******тай байгуулсан гэрээ хэрэгжсэн бол ёс зүй зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрнө, гэвч гэрээ огт хэрэгжээгүй…” гэснээс үзэхэд ёс зүйн зөрчил нь тухайн гэрээний хэрэгжилтээс үл хамаарах төдийгүй хариуцагчаас ч уг гэрээг дүгнэх эрхгүй болно.
Мөн нэхэмжлэгч П.Э******* нь газар эзэмших эрх шилжүүлэх, уг газар дээр баригдсан 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэх гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус тус өөрийн төрсөн дүү П.О*******тай байгуулсан атлаа ийнхүү ажил гүйцэтгэх гэрээг биечлэн байгуулсан идэвхтэй үйлдлийг хариуцагчаас сахилгын зөрчилд тооцож хариуцлага хүлээлгэснийг буруутгахгүй, шийдвэрт энэ болон сахилгын зөрчилд хариуцлага ногдуулах хуульд заасан хугацаа хэтрээгүй талаар үндэслэлтэй зөв дүгнэжээ.
Хуулиар хориглосон дээрх хязгаарлалтыг давж заалдах гомдолд дурдсанаар “…прокурорын албан ажлын хажуугаар аль нэг байгууллагад цалин хөлстэй болон хөлсгүйгээр тодорхой хугацаагаар болон байнга ямар нэгэн ажил хийж гүйцэтгэх…” гэж хэт явцуу утгаар ойлгохгүй, хариуцагчаас сахилгын хариуцлага хүлээлгэхэд болон шүүх маргааныг шийдвэрлэхэд ч энэ агуулгаар хэрэглэгдэхгүй.
3.Прокурорын ёс зүйн дүрмийн 2.4.22-т “прокурор согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж албадан эрүүлжүүлэгдэх, бусадтай зүй бусаар харьцах, бусдыг доромжлохыг хориглоно” гэж заасан, гэтэл Баянгол дүүргийн 27 дугаар хороо, 152 дугаар байрны 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хяналтын камерийн бичлэг, тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн байрны камерийн бичлэг, эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч С.Н*******ийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа ашигладаг энгэрийн камерийн бичлэг болон тэдгээрт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар Д.Э******* мөн өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж олон нийтийн газар иргэн Г.Б*******ийг доромжилсон, улмаар эрүүлжүүлэх байранд хүргэгдэж 1.79 хувийн согтолттой гарсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас хүлээн аваагүй зэрэг нь тогтоогдож байхад шийдвэрт тухайн үед нэхэмжлэгчид ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон шүүхийн шийтгэвэр, магадлалыг тус тус үндэслэн ёс зүйн зөрчил гараагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тухайлбал шийдвэрт “…дээрх үйл явдлыг гэмт хэргийн зөрчил, ёс зүйл зөрчил гэж тусад нь авч үзэх боломжгүй, согтууруулах ундааны зүйлийг зориулалтын буюу зөвшөөрөгдсөн газар хэрэглэсэн. …албадан эрүүлжүүлэгдсэн, зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлд хамаарахгүй…” гэх зэргээр болсон үйл баримтын талаар буруу дүгнэсэн байна.
Маргаан бүхий тушаалд нэхэмжлэгчийг зориулалтын бус газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, эсхүл Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасны дагуу хүний биед халдсан, зодсон гэж бус, харин согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн үедээ өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах зарчмыг баримтлаагүй, олон нийтийн зүгээс прокурорт итгэх итгэл, үнэлэмжийг бууруулсан буюу иргэн Г.Б*******тэй зүй бусаар харьцаж, доромжилсон, эрүүлжүүлэх байранд хүргэгдсэн” гэж буруутгажээ.
Үүнээс гадна шийдвэрийн үндэслэл болгосон шийтгэвэр, магадлалд Зөрчлийн тухай хуульд заасан дээрх зөрчлийг гаргасан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байх тул эргэлзээ гарсан тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчмыг баримтлан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь хариуцагчаас Прокурорын тухай, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан үйлдэлд сахилгын хариуцлага хүлээлгэхэд саад болохгүй.
Учир нь Прокурорын тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг, Прокурорын ёс зүйн дүрэмд прокурорын нийгмийн бусад үйл ажиллагаанд дагаж мөрдвөл зохих зан үйлийн цогц хэм хэмжээг тус тус журамласан байна.
Иймд Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2023 оны 32, 33 дугаар дүгнэлтүүд хууль, дүрэмд нийцсэн байх тул эдгээр дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг мөн адил хууль ёсны гэж үзнэ.
Анхан шатны шүүхээс Улсын ерөнхий прокурорын “П.Э*******ыг төрийн албанаас халах тухай” тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон энэ тохиолдолд уг тушаалын нэг үндэслэл болсон Прокурорын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 33 дугаар дүгнэлтийг хүчингүй болгосон ч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй болохыг шийдвэр гаргахдаа анхаарч үзсэнгүй.
Мөн нэхэмжлэлийн “...ажилд эргүүлэн тогтоохыг даалгах...” шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхигдуулсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 360 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокурорын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 67 дугаар зүйлийн 67.1.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э*******ын Улсын Ерөнхий прокурорын газрын Ёс зүйн зөвлөлийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 32, 33 дугаар дүгнэлт, Улсын Ерөнхий прокурорын 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн Б/68 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эргүүлэн тогтоохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Э*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН