Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 3409

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2018/03409

Улаанбаатар хот

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг сум  дүгээр байр тоотод оршин суух, онд төрсөн  настай, Б овогт С.Б

 Хариуцагч: Баянгол дүүрэг  дүгээр хороо, 3 дүгээр байр 2 тоотод оршин суух, 1 онд төрсөн  настай, Б овогт Б.З

            Орон сууцнаас албадан гаргах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Ц нь миний ээж. Би өөрөө Говь-Алтай аймагт амьдардаг тул ээжээрээ дамжуулж гэрээ хийж байраа түрээсэлсэн. ,  дүгээр байр  тоот орон сууц нь нэг өмчлөгчтэй, өмчлөгч нь би. Ээж Ц.Ц М.Б гэгчтэй 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр орон сууцыг 1 жилийн хугацаатай түрээслэх гэрээ байгуулсан. Гэрээгээр түрээсийн төлбөрийг 3 сараар авахаар тохиролцсон. 3,3 сараар түрээсийн төлбөрийг төлж байсан боловч 2018 оны 06 дугаар сараас хойш түрээсийн төлбөрөө төлөхгүй алга болсон. Сураг сонсоход Хорих 402 дугаар ангид хоригдож байгаа гэсэн. Түрээсийн гэрээ дуусч орон сууцандаа орох гэтэл өөр хүн байсан. Гэтэл Б.З гэж хүн М.Бд мөнгө зээлсэн, байрнаас гарахгүй гэж хэлсэн. Одоогийн байдлаар байрыг чөлөөлж өгөөгүй тул Б.Зийг орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.З нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн М.Бтэй гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулан 9.000.000 төгрөгийг зээлдүүлж, хүүнд нь түүний мэдэлд байсан Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Голден парк хотхон 301 байрны 72 тоот орон сууцыг 1 жилийн хугацаатайгаар үнэгүй хөлслөн суухаар тохиролцож суусан. Энэ гэрээ албан ёсны хүчинтэй. Уг байранд гэр бүлээрээ амьдран сууж байтал 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 20-21 цагийн орчим үл таних 2 хүн цагдаагийн хувцастай хүмүүстэй хамт ирж хаалганы цоожийг дур мэдэн сольж гэрт орсон байсан. Тэр хүмүүс “н.Билгүүнд байраа хөлслүүлсэн хүмүүс байна байраа авмаар байна” гэж хэлсэн. Байрны өмчлөгч С.Б гэж хүн 4 жилийн өмнө уг байрыг 8 хувийн зээлд хамрагдан авсан. Одоогоор зээлээ төлж дуусаагүй, байрыг суллаж өг н.Билгүүнтэй 8 сарын 17-ныг хүртэл гэрээ байгуулсан. н.Билгүүн сүүлийн 2 сарын түрээсийн мөнгөө төлөөгүй гэж хэлсэн. н.Билгүүн, С.Б нар бүлэглэн нийлж биднийг залилж байх магадлалтай гэж харж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. 2018 оны 11 дүгээр сарыг дуустал энэхүү байранд хөлсөөр суухаар тохиролцож гэрээ хийсэн гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Зд холбогдох Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Голден парк хотхон 301 дүгээр байрны 72 тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Ц.Ц нь Нью паблик ХХК үл хөдлөх хөрөнгө зуучлалын төвөөр зуучлуулж түрээслэгч М.Бтэй Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Голден парк хотхон 301 байрны 72 тоот 44 мкв талбай бүхий  орон сууцыг 2017 оны 09 дүгээр сарын 16-наас 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 500.000 төгрөг төлөхөөр тохиролцож Түрээсийн гэрээ байгуулжээ.

 Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Голден парк хотхон 301 байрны 72 тоот 44 мкв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Боржигон овгийн Сүхээгийн Батсайхан, Ц.Ц нь С.Бы ээж болох нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч Б.З нь М.Бтэй 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр  Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Голден парк хотхон 301 байрны 72 тоот 2 өрөө орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэл 1 жилийн хугацаатай, түрээсийн төлбөр 9.000.000 төгрөг төлөхөөр, 2017 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж 9.000.000 төгрөг зээлдүүлж, энэ хугацаанд орон сууцыг хөлслөн суухаар тохиролцож орон сууц түрээслэх гэрээ, зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.

 Хариуцагч Б.З нь “М.Бд нэг жилийн хугацаатай мөнгө зээлдүүлж, орон сууцыг үнэгүй хөлслөн суухаар тохиролцсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан боловч түрээслэгч М.Б түрээсийн гэрээний 4.3 түрээслэж авсан орон сууцыг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр дамжуулан түрээслэхийг хориглох, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.7 хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, дамжуулан хөлслөх гэсэн гэрээ, хуулийн заалтыг зөрчсөн тул тайлбар нь үндэслэлгүй.

 Ц.Ц М.Б нарын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц түрээслэх 1 жилийн гэрээ дуусгавар болсон, орон сууцын өмчлөгч нь С.Б тул нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшигчээс чөлөөлөхийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.Зийг Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Голден парк хотхон 301 дүгээр байрны 72 тоот орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэгч С.Бы нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

          Хариуцагч Б.Зд энэ өдрийн шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                          ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д зааснаар Баянгол дүүрэг 4 дүгээр хороо Голден парк хотхон 301 дүгээр байрны 72 тоот орон сууцнаас хариуцагч Б.Зийг албадан гаргасугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Зоос 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бд олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ж.КУЛЬДАНА