Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/646

 






 

    2022             08         19                                          2022/ШЦТ/646


 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Эрдэнэбулган  хөтлөн,

Улсын яллагч: Ц.Сэргэлэнбаатар,

Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Тт холбогдох эрүүгийн 2205016631904 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1962 оны 18 дугаар сарын 08-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, 

Б овогт Цийн Т /РД:ШД62120813/.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Т нь “2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” барилгын дэлгүүрийн баруун талд “агуулгын хаалга машинаараа хааж тавьсан” гэх шалтгаанаар хохирогч Ц.Бтэй маргалдаж уруул хэсэг рүү толгойгоороо мөргөж, нуруу хэсэгт гараараа цохиж түүний биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч  Ц.Т нь “2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” барилгын дэлгүүрийн баруун талд “агуулгын хаалга машинаараа хааж тавьсан,  гэх шалтгаанаар хохирогч Ц.Бтэй маргалдаж уруул хэсэг рүү толгойгоороо мөргөж, нуруу хэсэгт гараараа цохиж түүний биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Ц.Бгийн хохирогчоор өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр би өөрийн охинтойгоо М гэдэг компаниас юм авах гээд агуулах дээр нь очсон. Тухайн М ХХК-ын агуулахын хаалгыг Т цайвар хөх өнгийн приус-30 машинтай хаагаад зогссон байсан. Тухайн машин дээр очиход хүнгүй байсан ба би тухайн үед энэ хэний машин бэ? Эзнийг нь харсан уу? Мэдэх үү? Гээд тэр хавийн хүмүүсээс асуутал нэг ах би байна яах гэсэн юм гэхээр нь би та машинаа холдуулчих аа би ийшээ гээ орж юм авах гэж байна гэтэл тэр ах чадахгүй гэж байна гэж хэлэхээр нь би юу гэсэн үг юм бэ? Та албан байгууллагын үүдийг таглаад зогсчихлоо 2-3 машины зайд машинаа тавьчхаад ямар учиртай юм бэ? гэтэл тэр чамд ямар хамаатай юм бэ? Би ч гэсэн наанаас чинь юм авах гэж байна гэхээр би тэр ах руу дөхөж очтол тэр ах миний уруул хэсэг рүү нэг удаа мөргөөд дахиад дахиад мөргөх гэж байхаар нь би зайлсан чинь тэр ах өөрөө газар өнхрөөд уначихсан. Тэгээд босож ирэхдээ чамайг ална аа гээд газраас чулуу аваад дайрахаар нь би өөрийгөө хамгаалаад тэр ах руу нургаараа хаатал миний нуруу хэсэг рүү цохиод байсан. тэгээд би зугтаагаад М ХХК-ын хашаа руу орсон. М ХХК-ын агуулахын хаалгыг Т цайвар хөх өнгийн приус-30 машинтай хаагаад зогссон байсан. Тэрнээс болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,  

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ц.Бгийн дахин хохирогчоор өгсөн “...би мөнгө нэхэмжлэхгүй, хуулийн дагуу асуудлаа шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дахь тал/,

                                                                                       

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Эгийн гэрчээр өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн ажил болох “М” ХХК-ын агуулахын харуулын ажлыг хийж байхад улаан хүрэн өнгийн машинтай залуу охиныхоо хамт ирээд танай байгууллагаас худалдан авалт хийх гэж байна гэхээр нь би заавал агуулахын ажилтнаас зөвшөөрөл авч ордог юм аа та Зөвшөөрөл авсан уу? Гэтэл би орох ёстой гэхээр нь би хаалгаа хаачихсан. Тэгээд би дараа нь хаалгаа нээгээд хартал тухайн залуугийн амнаас нь цус гарсан байдалтай манай хашаа руу гүйгээд ороод ирсэн. Тэгээд тэр залуу нөгөө өвгөнийг явуулахгүй гээд машинтай нь хамт танай агуулахын хашаа руу оруулчихсан.тэгээд орж ирчхээд хэсэг байж байгаад машинтайгаа гартал ардаас нь гарсан. Тухайн үед яг зодолдож байхыг нь хараагүй. Харин сүүлд хаалгаа нээтэл тэр залуугийн амнаас цэс гарчихсан манай хашаа руу гүйж орж ирсэн. Тухайн үед тэр залуугийн уруулаас яагаад цус гарсан талаар мэдэхгүй байна. Өвгөний биед ил харагдах шарх бэртэл байгаагүй. Намайг хаалгаа хаагаад хэсэг хугацааны дараа онгойлгоход цус гарсан байсан. Манай байгууллага дотор хашааны үүд хэсэг рүү харсан камертай бөгөөд хашаагаа хаасан тохиолдолд хашааны гадна талыг камер бичихгүй, хаалга камерыг хаачихдаг. Мөн манай хашааны хойд талд нэг камер байдаг ба тухайн зодооныг бичсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр насан хүрээгүй Б.Ггийн гэрчээр өгсөн “...2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр би аавтайгаа “М” компани руу аав ажлаар намайг дагуулаад машинтайгаа явсан. Тэгээд тухайн компани дээр очсон. Тэгээд манай аав машинаасаа буугаад тухайн байгууллагын манаачтай юм ярьж байгаад байсан. тэгээд дараа нь нэг танихгүй хүнийг машинаа холдуул чи гэтэл тэр танхигүй хүн үгүй чадахгүй гээд тэр хүн аавыг мөргөсөн чинь аав амнаас нь цус гарчихсан, тэгээд ахиад мөргөх гэтэл аав холдоод нөгөө ах газар уначихсан. тэгээд тэр ах газраас чулуу аваад аав руу дайраад байсан ба аав зогсоолд байсан машин тойроод гүйгээд байсан. тэгээд аав зугтаагаад тухайн компанийн хашаа руу орчихсон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн. Манай аавыг тэр танихгүй ах духаараа мөргөчихсөн чинь амнаас нь цус гарчихсан. Тэгээд газраас чулуу аваад дайраад байсан. Тухайн үед манай аав, тэр залуу 2 л хоорондоо маргаад байсан. Хажууд нь танихгүй зөндөө хүмүүс байсан. Тухайн хүмүүсийг одоо хараад би танихгүй. Би том болоод зураач, мөрдөгч болно гэж боддог, тухайн үед болсон үйл явдлыг би дараа нь зурсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.Тын яллагдагчаар өгсөн... “2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хороо “Б” барилгын материалын дэлгүүрийн баруун талд байрлах “ногоон тал” ХХК-ын хашааны гадна талд би өөрийн эзэмшлийн саарал өнгийн Тоёота приус-30 маркийн машиныг тавьсан байсан юм. Тэгтэл тэр бэмби загварын улаан хүрэн өнгийн машин миний баруун талд ирээд манаачийн хаалга дээр тулж зогсоод нэг эрэгтэй хүн буугаад тухайн зогсоолын манаачтай уулзаж байхаар нь би хүнд саад болж магадгүй гээд машинаа холдуулах гэтэл тэр залуу хөөш наад машинаа холдуулчхаач ийшээ гээ ухарчхаач гээд захирангуй ярихаар нь би ард машин байсан тул ах нь хөгшин хүн ухарч чадахгүй хүний машин мөргөчихвөл хэл аманд орно ш дээ гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу манаачтай маргалдаж байгаад над руу чиглээд ирэхээр нь би яах гэж байгаа юм бол доо гээд машинаасаа буугаад байж байтал тэр залуу ирэнгүүтээ дух хэсэг рүү чанга мөргөхөөр нь би чи одоо яаж байгаа юм бэ гэж хэлээд барьцалдаж аваад намайг газар унагаачихсан. Тэгэхээр нь би босоод тэр залуугийн уруул хэсэг рүү нь нэг удаа нүүр хэсэг рүү нь нэг мөргөөд газраас чулуу аваад чи яасан их хүн дээрэлхэж зоддог юм бэ? Гээд гээд хэлтэл тэр залуу зугтаагаад манаачийн хашаа руу гүйгээд орсон тэгээд цагдаа ирсэн. Тэр залуу намайг машинаа холдуул, ийшээ гээ тавь гэж заагаад маргалдаж эхэлсэн. Тухайн үед миний өвдөг, тохой шалбарсан. Тухайн гэмтэл нь газарт унах үед учирсан. Тэр залуу намайг газарт 2 удаа унагаасан. Би тэр залуугийн нүүр хэсэгт 1 удаа мөргөсөн. Бид 2 л хоорондоо маргасан. Би шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /хх- ийн 74-75 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийн 7254 дугаартай “...Ц.Тын биед зүүн тохой, зүүн өвдөгт зулгаралт тогтоогдлоо.. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийн 7241 дугаартай “...Ц.Бгийн биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Тын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 тал/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 61 тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 62 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар /хх-ийн 63 тал/, гэрлэлт бүртгэлгүй лавлагааны хуулбар /хх-ийн 64 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагааны хуулбар /хх-ийн 65 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 55-58 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 100 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар, 

Шүүгдэгч Ц.Т нь “…тэр эхлээд намайг зодсон…” гэж мэтгэлцэж оролцсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Ц.Т нь хохирогч Ц.Бгийн биед “уруулд няцралт шарх, цус хуралт, баруун бугуйд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 31-32 дахь талд авагдсан шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7254 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7254 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 7254 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Т нь “2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” барилгын дэлгүүрийн баруун талд “агуулгын хаалга машинаараа хааж тавьсан” гэх шалтгаанаар хохирогч Ц.Бтэй маргалдаж уруул хэсэг рүү толгойгоороо мөргөж, нуруу хэсэгт гараараа цохиж түүний биед уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөрөнд зулгаралт, 1 шүдний сулрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Т нь өөрийн хууль бус үйлдлийг аргагүй хамгаалалт байсан гэж маргасан бөгөөд түүний тайлбар хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэсэн болохыг дурдаж байна.

 

Учир нь аргагүй хамгаалалт гэх хууль зүйн ойлголт нь өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус, тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харилцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмт хэрэг учруулсан нөхцөлд аргагүй хамгаалалт гэж үзэхгүй юм. Иймд шүүгдэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Ц.Бгийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн “би төлбөр нэхэмжлэхгүй, харин хэргийг хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан байх ба хавтаст хэргийн 45 дугаар талд нийт 38.200 төгрөгийн баримтыг хавсарган өгсөн байна. Иймд шүүгдэгч Ц.Тыг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бд төлбөл зохих 68.200 /жаран найман мянга хоёр зуу/-н төгрөгийн хохирол төлбөртэй гэж дүгнэж шийдвэрлэлээ.

 

Хохирогч Ц.Б нь гэмт хэргийн улмаас цаашид учирсан хохирол төлбөрөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Тт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Цийн Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч Ц.Бд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 68.200 /жаран найман мянга хоёр зуу/-н төгрөгийн төлбөл зохих хохирол төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ