Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/104

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн танхимд

Нарийн бичгийн дарга Ч.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч Д.Шинэбал

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.Шинэбалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Эрдэнэбилэгт холбогдох 2232001390117 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг Мандал суманд 1994 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, ахын хамт амьдрах, Сэлэнгэ аймаг Мандал сумын 3 дугаар баг, Гандангийн № 44 тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Батжаргалын Эрдэнэбилэг. /РД:МЗ94050410/

 

           Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ц.Пүрэвсүрэнгийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд өлөнтөд байрлах Дөт нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд гээгдүүлсэн хохирогч Ц.Мягмарсүрэнгийн эзэмшлийн Самсунг А-12 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 380000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг гар утасны хамт гээгдүүлсэн хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн худалдаа хөгжлийн банкны 455056339 дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дээрх гээгдүүлсэн Ц.Мягмарсүрэнгийн гар утасны мобайл банкыг ашиглаж 440000 төгрөгийг хулгайлан авсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн өгсөн ....... 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр би Дунд өлөнтөд байрлах Дөт дэлгүүрийн ойролцооноос самсунг маркийн гар утас олсон. Гар утас нь хар өнгийн хавтастай байсан. Хавтсан дотор нь иргэний үнэмлэх жолооны үнэмлэх, виза карт байсан. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, виза картыг нь салгаж аваад цамцныхаа хармаанд хийсэн. Гар утасных нь сим картыг гаргаад хаячихсан. Тэгээд гэртээ ирсэн. Гэртээ ирээд гар утсанд нь өөрийнхөө сим картыг хийсэн. Худалдаа хөгжлийн банкных нь мобайл руу нь ороход зүгээр кодгүй орчихсон. Тэгэхээр нь би Энхбат гэх дүү рүү ярьж 440000 төгрөг шилжүүлсэн. Отгонсүрэн гэх найзтайгаа холбогдоод Энхбат руу шилжүүлсэн 440000 төгрөгнөөс 100000 төгрөгийг шилжүүлсэн. Маргааш өглөө нь Самбаллхүндэв гэх ахтай таараад түүний данс руу Энхбатаас 310000 төгрөгийг  шилжүүлж авсан. Уг 310000 төгрөгнөөс Жагаа гэх ахад 150000 төгрөг өгсөн. Үлдсэнээр нь гэртээ юм авсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Ц.Мягмарсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2022 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 07цаг 48 минутанд Дунд өлөнтөд байрлах Дөт дэлгүүрийн орчим Энхтайвныг хүргэж өгөөд гэртээ иртэл утас байхгүй байсан. Утасны гэрэнд манай нөхөр Ц.Пүрэвсүрэнгийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, ногоон өнгөтэй Хаан банкны карт, Тэс петролиум шатахуун түгээх станцын карт байсан. .... 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нөхөр Пүрэвсүрэн, эгч Мягмарсүрэнгийн хамт тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу аялалын шугамаар явсан. Тэгээд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орой 23 цагийн орчимд данснаасаа 91000 төгрөгөөр бензин худалдаж авсан. Маргааш өглөө нь дэлгүүр ороод юм авах гэтэл дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэхээр нь гайхаад АТМ рүү ороод шалгатал дансанд 9000 төгрөгний үлдэгдэлтэй 440000 төгрөг нь алга болсон байсан. Тэгээд Завханаас Зүүнхараад ирээд цагдаагийн байгууллагад хандсан. .... Би 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Зүүнхараа Мобиком салбараас Самсунг А-12 загварын гар утсыг 599000 төгрөгөөр худалдаж авч байсан. ... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 16-17, 18 дугаар хуудас/

Хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Уг худалдаа хөгжлийн банкны 455056339 тоот данс нь миний тэтгэврийн данс. Уг дансны виза карт нь манай эхнэрт байдаг. Манай эхнэр Ц.Мягмарсүрэн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр интернет банк руу ороход миний тэтгэврийн 455056339 дугаарын данснаас 440000 төгрөг өөр данс руу шилжүүлж алга болсон байсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /Хх-н 21 дүгээр хуудас/

Гэрч Б.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...... Би 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн орой 22 цагийн орчимд гэртээ унтаж байсан чинь Билгээ нэртэй Стич хочтой хуурай ах над руу фейсбүүкээр холбогдож виза карт байна уу гэж асуухаар нь байхгүй ээ ахаа гэсэн чинь данс байна уу ахын дүү гэж асуухаар нь данс байгаа мобайлтай гэж бичсэн чинь дансаа явуулчих гэхээр нь би өөрийн эзэмшлийн 5619225473 дугаартай Хаан банкны дансны дугаар гэж явуулсан. Тэгээд удалгүй миний дансанд 440000 төгрөг шилжин орж ирсэн чинь чатаар Ариунболд гэх нэртэй 5001703370 дугаарын данс явуулаад 100000 төгрөг шилжүүлчих гэхээр нь дээрх данс руу нь 100000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр над руу үл мэдэх утасны дугаараас залгаад Стич ах нь байнаа над руу үлдэгдэл мөнгийг нь хийчих данс мессежээр явуулъя гэхээр нь үлдэгдэл 310000 төгрөгийг нь шилжүүлсэн... үлдэгдэл 30000 төгрөгийг нь надад тамхи тариа авч тат гээд үлдээсэн гэх мэдүүлэг /Хх-н 23 дугаар хуудас/

Самсунг А-12 загварын гар утсыг 380000 төгрөгөөр үнэлсэн Арвижих эстимейт ХХК-ний үнэлгээний дүгнэлт /Хх-н 40 дүгээр хуудас/

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 56 дугаар хуудас/

Б.Эрдэнэбилэг нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 67 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 72 дугаар хуудас/

Хохирогч Ц.Пүрэвсүрэн, Ц.Мягмарсүрэн нарын Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 73-74 дүгээр хуудас/ зэрэг болно.

  

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэг нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн Ц.Пүрэвсүрэнгийн Сэлэнгэ аймаг Мандал сумын 6 дугаар баг, Дунд өлөнтөд байрлах Дөт нэртэй хүнсний дэлгүүрийн орчимд гээгдүүлсэн хохирогч Ц.Мягмарсүрэнгийн эзэмшлийн Самсунг А-12 загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшиж 380000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг гар утасны хамт гээгдүүлсэн хохирогч Ц.Пүрэвсүрэнгийн худалдаа хөгжлийн банкны 455056339 дугаартай данснаас 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дээрх гээгдүүлсэн Ц.Мягмарсүрэнгийн гар утасны мобайл банкыг ашиглаж 440000 төгрөгийг хулгайлан авсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан,  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн хохирогч Ц.Мягмарсүрэнгийн Самсунг А-12 загварын гар утсыг олсон үйлдэл нь уг гар утас буюу гээгдэл эд хөрөнгө нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, уг гар утсыг ашиглан шунахай сэдэлтээр нууц далд аргаар Ц.Пүрэвсүрэнгийн худалдаа хөгжлийн банкны 455056339 дугаарын данс руу нэвтрэн орж 440000 төгрөгийг хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил,  түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Эрдэнэбилэгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 4500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, шүүгдэгчийн сарын өрхийн орлого, эрхэлсэн ажилгүй байдал болон бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 05 сарын хугацаанд 5 хувааж сард 90000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх, албадлагын арга хэмжээнд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэбилэг нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Эрдэнэбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Боржигон овогт Батжаргалын Эрдэнэбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Эрдэнэбилэгийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу  450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.Эрдэнэбилэгийг 06 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тогтоосугай.

            3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Эрдэнэбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эрдэнэбилэг нь 450000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд 5 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэбилэг нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Эрдэнэбилэг нь үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9-д зааснаар Б.Эрдэнэбилэгт оногдуулсан тэнссэн болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай. 

            8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэбилэгт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Б.ХЭРЛЭН.