| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00356/И |
| Дугаар | 516 |
| Огноо | 2018-11-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 516
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн 3 дугаар баг, ............................ оршин суух, ******* овогт Т.А /РД:.................../
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн 3 дугаар баг, ........................ оршин суух, ******* овогт А.Б /РД:................/
Нэмэлт тэтгэлэг 9 806 895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын сарын 09-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч А.Б , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Т.А миний бие 1995 онд хариуцагч А.Б тэй танилцаж улмаар 1996 онд нэг гэрт орж амьдарч байгаад 2001 оноос тусдаа амьдарсаар өнөөдрийг хүрч байна. Хамт амьдарч байх хугацаанд 1997 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Н , 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Ж нарыг төрүүлсэн. Хүүхдүүд маань одоо 21, 19 настай, эрүүл саруул миний асрамжид өсөж хүмүүжиж байна. А.Б нь хамт амьдарч байх хугацаандаа өөр хүнтэй гэр бүлийн дотно харилцаа тогтоосны улмаас бид цаашдаа хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал үүсч би 2 хүүхдээ 4 болон 6 настай байхад нь өрх толгойлон үлдэж үр хүүхдээ бусдаас дутаахгүй, бусдын жишгээр сургуульд оруулж боловсролтой хүн болгохын төлөө зүтгэсээр ирсэн. Хүүхдүүдийн эцэг бага насны хүүхдээ өнчрүүлж явчихаад эргээд үр хүүхдээ тэжээн тэтгэх, сургуульд боловсрол эзэмшүүлэх зэрэг Монгол улсын үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй өдийг хүрлээ. Одоо 2 хүүхэд маань насанд хүрч охин Б.Н МУБИС-ийн орос хэлний багш орчуулагч мэргэжлээр суралцаж төгссөн, хүү Б.Ж Белорусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд элсэн суралцаж энэ жил 1 дүгээр курсээ төгсөөд ирсэн ба удахгүй 08 дугаар сарын сүүлээр буцаад сургуульдаа сурахаар явах гэж байна. А.Б нь тусдаа салж амьдарсан цагаас хойш өнөөдрийг хүртэл 2 хүүхэддээ ямар нэгэн байдлаар тусламж үзүүлж байгаагүй, миний хувьд эрүүл мэндийн хувьд өвчтэй, ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, байнгын эмчилгээ, сувилгаа хийлгэх болсон тул охин Б.Н гийн сургалтын төлбөрийг төлсөн зардал, хүү Б.Ж ын их сургуульд элсэн суралцаад сургууль руугаа явах болон буцаж ирэх зардлыг Гэр бүлийн тухай хуульд зааснаар хариуцагчаас нэмэлт зардалд тооцуулан гаргуулахыг хүсэж байна. Энэхүү зардлыг хуульд зааснаар хариуцагчаас хүүхдүүдийг их сургуульд суралцсантай холбогдуулан гарсан зардал болон гарах зардлыг нэхэмжлэх эрхийг тодорхойлон хуульчилж өгсөн учраас нэхэмжилж байгаа юм. Үүнд охин Б.Н 2013-2017 оны хооронд МУБИС-д элсэн орж суралцсан ба тухайн сургуулийн сургалтын 4 жилийн хугацааны төлбөр болох 1 дүгээр курсын 1 650 000 төгрөг, 2, 3,4 дүгээр курс тус бүрт 1 950 000 төгрөгийг би төлж байсан тул сургалтын нийт төлбөр болох 7 500 000 төгрөгийг, Хүү Б. Б.Ж ын Белорусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд явах, буцах унааны зардал болох өөрөөр хэлбэл 2017 онд төлсөн сургууль руугаа явсан зардал 508 300 төгрөг, амраад буцаж ирсэн зардал 498 595 төгрөг, одоо 2018 оны 08 дугаар сарын сүүлээр сургуульдаа явах болон амраад буцаж ирэх зардал болох 1 300 000 төгрөг буюу нийт 9 806 895 төгрөгийг хариуцагч А.Б ээс гаргуулан өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нэхэмжилэлдээ
Нэхэмжлэгч Т.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагчтай 1995 онд гэрлэж, 2001 онд салсан. Энэ хугацаанд охин Б.Н , хүү Б.Ж нарыг төрүүлсэн. Б.Н гийн 3 жилийн сургалтын төлбөр болох 4 820 500 төгрөг, Б.Ж ын 1 дүгээр курсийн ирж, буцах вагоны зардал 999 200, 2 дугаар курсийн ирж буцах онгоцны тийзний зардал 1 950 369 төгрөг нийлээд 2 949 569 төгрөг болж байгаа. Хариуцагч тал хүүхдүүддээ мөнгө өгдөг гэж худлаа хэлж байгаад нь гайхаж байна. Хүүхдүүдээ өсгөхөд надаас маш их мөнгө гарсан. Энэ хүн охиноо жирэмсэн болоод төрөхөд нь мөнгө өгөөгүй. Хүүгээ сургуульд явахад нь мөнгө өгөөгүй. Би ээж, аавынхаа хадгаламжийг барьцаалж мөнгө олж өгч байсан” гэв.лийн шаардлагаа өөрчилсөн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Т.А би 1995 онд хариуцагч А.Б тэй танилцаж улмаар нэг гэрт орж амьдарч байгаад 2001 оноос тусдаа амьдарсаар өнөөдрийг хүрсэн. Хамт амьдарч байх хугацаанд 1997 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Н , 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Ж нарыг төрүүлсэн. Хүүхдүүд маань одоо эрүүл, саруул миний асрамжид өсөж хүмүүжиж байна. Хүүхдүүдээ 4 болон 6 настай байхад нь өрх толгойлон үлдэж амьдралын хүнд хэцүү, хатуу цаг үед хүүхдүүдээ хүнээс дутаахгүй, эрдэм боловсролтой, эрүүл саруул, төлөв томоотой сайн хүн болгохын төлөө зүтгэсээр ирсэн. Охин Б.Н МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн орос хэлний багш орчуулагчийн мэргэжлээр, хүү Б.Ж Белорусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд элсэн суралцаад одоо 2 дугаар курсэд тус тус суралцаж байна. Миний хувьд 2 хүүхдийнхээ сургалтын төлбөр болоод бусад холбогдох бүх зардлыг бүрэн хариуцаж үр хүүхдээ тэжээн тэтгэсээр ирсэн. Одоо миний бие эрүүл мэндийн хувьд өвчтэй байнгын эмчилгээ хийлгэдэг, ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул хүүхдүүдийнхээ эцэг болох *******ээс доорх нэмэлт тэтгэлгийг нэхэмжилж байна. Үүнд: Б.Н гийн 2014-2015 оны хичээлийн жилд сургалтын төлбөрт 1 815 000 төгрөг, 2015-2016 оны хичээлийн сургалтын төлбөр 1 330 000 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилд 930 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрийн өр 745 500 төгрөг байгаа ба нийт сургалтын төлбөр 4 820 500 төгрөг /энэ төлбөрт 4 курсын төлбөр ороогүй/. Хүү Б.Ж ын сургуульдаа ирж, буцах унааны зардал болох 2 949 569 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулан өгнө үү. Нийт нэхэмжлэх мөнгөн дүн 7 770 069 төгрөг болно” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь нэхэмжилж байгаа мөнгөн дүн өөрөөр хэлбэл нэхэмжлэлд байгаа хоёр төрлийн шаардлагын нэг шаардлага болох хүү Б.Ж ад өгөх 2 949 569 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна. Охины 4 жилийн сургалтын төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь төлөх боломжгүй гэж хэлж байна. Төлбөрийг төлөх боломжгүй гэдэг үндэслэл бол эрх зүйн үндэслэлгүй юм. Яагаад вэ гэвэл хариуцагч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл өвчтэй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой гэдэг юм уу хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаантай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа төлбөрийг хариуцахгүй гэх эрх зүйн үндэслэлийг бүрдүүлж өгөөгүй байна. Хариуцагчаас “Хаан банк” ХХК-ийн дансны хуулга, “Голомт банк” ХХК-ийн болон бусад банкнуудын дансны хуулга гаргаж өгсөн байдаг. Энэ банкны хуулгаар хариуцагч нь охин Б.Н гийн төлбөрийг нь төлсөн гэж маргахгүй, зөвхөн хэрэглээний төлбөрүүдийг өгч байсан гэдгээ хэлдэг. Нэхэмжлэгч тал тэжээн тэтгүүлэх асуудал яриагүй, нэмэлт тэтгэлэгтэй холбогдож нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 1995 онд анх гэр бүл болж хамтын амьдралыг бий болгож 6 жил хамт амьдарсан байдаг. 6 жилийн хугацаанд гэр бүлийн харилцаа, эцэг, эх үр хүүхдийн хоорондын харилцаа үүссэн эсэхийг хуулийн зүйл заалттай нь холбож хэлэхэд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар 6 жилийн хугацаанд 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Ж , 1997 оны 06 дугаар сарын 07-ны өдөр охин Б.Н нарыг төрүүлснээр эцэг, эх, үр хүүхдийн хоорондын харилцаа үүсэж бий болсон нь нотлогдож байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэг эцэг, эхэд оногддог. Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтаар хариуцагч үр хүүхдийнхээ сурч хүмүүжүүлэх, эрүүл мэнд өсөн бойжих талаар үүргийг хүлээсэн учир Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар нэмэлт зардлыг нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн нэг шаардлага болох хүү Б.Ж ын зардал дээр хариуцагч маргахгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар Б.Ж тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шийдэж өгнө үү гэсэн саналын оруулж байна. Охин Б.Н гийн сургалтын төлбөртэй холбоотой зардлыг хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд Монгол улсын Боловсролын их сургуулийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 8441 тоотод тухайн хүүхэд сургуульд суралцаж байгаа нь үнэн болохыг баталсан нотолгоо байна. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь төлөөгүй, нэхэмжлэгч Т.А 100 хувь төлсөнтэй маргахгүй гэдгээ илэрхийлсэн. Гагцхүү сургалтын төлбөрийг төлөх боломжгүй гэсэн тайлбарыг хэлж байгаа боловч Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд зааснаар төлбөр төлөхийг хариуцахгүй байх үндсэн шалтгаан нөхцөл бол ажилгүй, ямар нэгэн орлогогүй байгаа гэдгээр хязгаарлагдахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хэлмээр байна. Хариуцагч өөрийнхөө дансны хуулгаар тодорхой хэмжээний хэрэглээний зардлыг өгч байсан гэдэг тайлбараас үзэхэд хариуцагч Б.Н гийн сургалтын төлбөрийг ямар нэгэн байдлаар төлөөгүй байгаа нь нотлох баримт болон хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Нэхэмжлэгч 2001 оноос хойш 2018 он хүртэл хоёр хүүхдээ 6 болон 4 настай байхад хариуцагч өрх тусгаарлаад тусдаа амьдралыг бий болгосон 17 жилийн хугацаанд үр хүүхдээ тэжээн тэтгэх, өмсөж хэрэглэх, сурч боловсрох энэ их хэмжээний зардлыг зөвхөн нэхэмжлэгч нуруун дээрээ үүрч байсан. Т.А ын нэхэмжилсэн 7 770 069 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д зааснаар нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Б миний бие 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн нэг хувийг авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Т.А тай 1997 онд нэг гэрт орж айл болсон. Улмаар 1997 онд охин Б.Н , 1999 онд Б.Ж төрж хоёр хүүхэдтэй болсон боловч хувийн таарамж муутайгаас 2001 онд салж тусдаа амьдарч 2003 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, сар бүр 18 500 төгрөг төлөх шийдвэр гарч 2 хүүхэддээ бэлэн болон хадгаламжаар төлсөн. 2 хүүхдээ 18 нас хүртлэх хугацаатайгаар 2006 онд 3 000 000 төгрөг “Голомт банк” ХХК-д хадгалуулсан байхад Т.А дахиж мөнгө төгрөг нэхэхгүй тэтгэмжээ хаая гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр хаалгасан, мөнгө авсан. Гэвч би эцэг хүний үүргээ хүлээж байгаагийн хувьд мөнгө бэлэн болон дансаар сар бүр 2 хүүхэддээ өгч байсан. Гар утас, хувцас, эд материалын тусламж байнга үзүүлж байсан. 2 хүүхэд их дээд сургуульд суралцаж байхад мөнгө төгрөг бэлэн болон дансаар байнга өгч байсан. Б.Н Улаанбаатар Их сургуулийг 2018 онд төгссөн. Б.Ж Беларусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд компанийн тэтгэлгээр 100 хувь сурдаг. 2 хүүхэд суралцаж байх хугацаанд 2 хүүхдийн данс руу нийт 4 560 000 төгрөг шилжүүлсэн байна. Бэлнээр данс руу хийсэн мөнгөн дүнг 2 хүүхдийн дансны хуулгаар харах боломжтой. ******* би чадлын хэрээр 2 хүүхдээ тусламж, эд материал, мөнгө төгрөг болон сэтгэл санааг нь дэмжин эцэг хүний хувьд амьдралын зөв бурууг байнга сургаж, тусалсаар ирсэн. Ер нь байнга холбоотой байдаг. Цаашдаа ч тус дэм болж явах нь мэдээж хэрэг. Би *******аас салснаас хойш 10 жилийн дараа гэрлэж, ******* хамт амьдарч байна. Ам бүл 4. ******* оюутан Монгол Улсын их сургуульд сурдаг. Б.Удвал 3 настай. Цэцэрлэгийн насных. Өрхийн тогтмол орлого байхгүй хувийн компанид ажилдаг нэртэй боловч 17 сар цалин аваагүй. Миний хувьд өөрийн эд хөрөнгө байхгүй. Лизингээр байрны зээл сар бүр 420 000 төгрөг төлдөг. Бэлнээр өгсөн мөнгийг 2 хүүхэд гэрчилнэ. Харин Т.А ын нэхэмжилж байгаа 9 806 895 төгрөг өгөх боломжгүйгээс гадна хууль эрх зүйн хувьд насанд хүрсэн эрүүл саруул хүнд нэмэлт тэтгэлэг өгөх хуулийн заалт байхгүй гэж бодож үзэж байна. Ийм учраас энэхүү нэхэмжлэлийг үндэслэлгүй эцэг 2 хүүхдийн дунд сэтгэл санааны хүнд цохилт болж ёс суртахуунгүй зүйл болж байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүүхдүүдийг гэрчээр асууж, нотлох хэрэгтэй байлцуулмаар байна” гэжээ.
Хариуцагч А.Б нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “А.Б миний бие Т.А тай 1997 онд албан ёсоор гэр бүл болж 1997 онд Б.Н охинтой болж 1999 онд хүү Б.Ж төрж 2 хүүхэдтэй болсон нь үнэн. Хүү маань эрүүл саруул өссөн, охин Б.Н нь тархи толгойны хүнд өвчтэй гэдэг оношийг 2013 онд эмнэлгээр гаргуулсан шалтгаан бол Т.А тай суусан гэх одоо хамт амьдарч байгаа Дамдинсүрэн нь толгой руу өшиглөн зодож гэмтээсэн байсан тухай үед гомдол гаргах гэсэн боловч Т.А охин Б.Н гээр дамжуулан битгий гомдол гаргаачээ гэж удаа дараалан гуйж байсан. Миний охин Б.Н одоо хүртэл тархи толгой өвддөг байнга эм уудаг. Ийм учраас эмнэлгийн тодорхойлолт шинжилгээгээр 2 хүүхэд эрүүл саруул өсөж бойжиж байгаа гэсэн баримтыг хавсаргамаар байна. 2 хүүхэдтэйгээ ойр маш дотно харилцаатай байдгийн хувьд 2 хүүхэддээ 18 нас хүртлэх тэтгэлэг хаагдсан гэж бодохгүй байнгын харилцаатай эцэг хүнийхээ үүргийг ухамсарлаж тодорхой хэмжээгээр бэлэн мөнгө, бэлэн бус мөнгө, эд материал болон сэтгэл санааны дэмжлэг болон эцэг хүний хувьд амьдралд зөв амьдарч явах талаар байнга зөвлөж ярилцдаг. Т.А ын нэхэмжлэл болох 7 770 069 төгрөг нэхэмжлэгч талд өгөх боломж байхгүй. А.Б би 2 хүүхдээ шүүхээр нэхэмжилж мөнгө авсан ч би цаашид 2 хүүхэддээ тусалсаар явах болно. Шүүх хуралд миний охин болох Б.Н г оролцуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Охины төлөөд дууссан төлбөрийг би эргэн төлөх боломжгүй. Хүүгээ сургуульд явахад нь замын зардал гэж 600 000 төгрөгийг өгсөн. Тохиролцоод хүүгийн замын зардал болох 2 949 569 төгрөг төлөх боломжтой. Яагаад хүүгийнхээ мөнгийг өгнө гэж хэлээд байгаа вэ гэхээр би охиндоо ахуйн хэрэгцээнд нь хангалттай мөнгө өгч байсан болохоор ингэж хэлж байгаа юм. Аливаа зүйл хувь тэнцүү байх ёстой. Надад өөрийн гэсэн орлого байхгүй, бага насны хүүхэдтэй, 39 000 000 төгрөгийн байрны зээлтэй. Эхнэр маань хувцасны лангуу ажиллуулж амьдралаа залгуулдаг. Манай эхнэр хүүхдүүдийг маань илүү үздэггүй. Манай хүүхдүүд эхнэрийн маань лангуун дээр очоод дуртай хувцсаа аваад явдаг. Би нэг жил гаруйн хугацаанд хүүгийнхээ замын зардлыг өгнө. Харин охин Б.Н гийн сургалтын төлбөрийг өгөх боломжгүй учраас хууль эрх зүйн хувьд намайг харгалзан үзэх боломж байна уу гэж хэлэх хүсэлтэй байна. Хүүхдүүд маань 18 нас хүрсэн, сургалтын тэтгэлэг, зээл гээд авах боломжтой нийгэмд амьдарч байна шүү дээ. Би 1997 онд Т.А гэж хүнтэй гэр бүл болсон, эцэг хүнийхээ хуулиар хүлээсэн үүргээ хүлээдэг байсан. Хүүхдүүд маань ээждээ ярьдаггүй зүйлээ ганцхан надад л хэлдэг байсан. Нэхэмжлэгч энэ бүх хугацаанд ганцаараа ачааг үүрч байсан гэсэн нь өрөөсгөл ойлголт юм. Энэ асуудлаас болоод би одоо амьдарч байгаа гэр бүлээсээ салахад хүрээд байна, би өөр олон зүйл яримааргүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч А.Б эд холбогдуулан нэмэлт тэтгэлэгт 9 806 895 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7 770 069 төгрөг болгон багасгасныг хариуцагч 2 949 569 төгрөгийг хүлээн зөвшөөрч 4 820 500 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ “охин Б.Н гийн 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 1 815 000 төгрөг, 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 1 330 000 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилийн төлбөр 930 000 төгрөг төлсөн. ... нийт сургалтын төлбөр 4 820 500 төгрөг, хүү Б.Ж ын сургуульдаа ирж, буцах унааны зардал 2 949 569 төгрөг нийт 7 770 069 төгрөг хариуцагчаас гаргуулна” гэж,
Хариуцагч татгалзлаа “хүү Б.Ж ын сургуульдаа ирж, буцах унааны зардал 2 949 569 төгрөг төлнө, охин Б.Н гийн сургалтын төлбөр 4 820 500 төгрөг төлөх боломжгүй” гэж үндэслэжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд эцэг, эх хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй, 38 дугаар зүйлд эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд 1997 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн охин Б.Н , 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Б.Ж нар нь хэдийгээр насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй буюу сургуульд суралцдаг тул эцэг, эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй болно. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд нэхэмжлэл гаргаж болно.” гэжээ. Нэхэмжлэгч Т.А нь тэжээн тэтгүүлэгч Б.Н , Б.Ж нарыг төрүүлсэн эх бөгөөд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тул /хх-3-4/ нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болно. Дээрх зүйлд заасан "Онцгой нөхцөл байдал тохиолдсон" гэдэгт тэжээн тэтгүүлэгч хүүхдийн амьдралд өөрчлөлт оруулсан үйл явдал, үйл баримт нь хөрөнгө, мөнгөний хэрэгцээг нэмэгдүүлж, тэтгэлгийн хэмжээгээр хангагдах боломжгүй байх нөхцөлийг хамааруулах бөгөөд онцгой нөхцөл байдал тохиолдсон үед тэдгээрт нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулж болох хэдий ч энэ нь тогтоогдсон байхыг шаарддаг. Тэжээн тэтгүүлэгч / Б.Н , Б.Ж / нар нь сургуульд сурснаар сургалтын зардал, тээврийн зардал төлж, нэмэлт зардал гаргасан эсэх талаар зохигчид маргаагүй, энэ нь хэрэгт цугларсан баримтаар /хх-6-10, 98, 100-102/ тогтоогдож байна.
Тодруулбал охин Б.Н Монгол улсын Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуульд суралцаж, 2014-2015 оны хичээлийн жилд сургалтын төлбөр 1 815 000 төгрөг, 2015-2016 оны хичээлийн жилд 1 330 000 төгрөг, 2016-2017 оны хичээлийн жилд 930 000 төгрөг нийт 4 075 000 төгрөг төлжээ. Хүү Б.Ж Беларусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд суралцдаг болохыг нотлох бичмэл баримт хэрэгт авагдаагүй боловч нэхэмжлэгчийн “хүү ... Беларусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд элсэн суралцаад …” гэх тайлбар /хх-1/, хариуцагчийн “хүү Б.Ж Беларусь улсын Жодино хотын Үндэсний техникийн их сургуульд компанийн тэтгэлэгээр 100 хувь сурдаг” гэх тайлбар /хх-21/ болон сургуульд явж, ирсэн галт тэрэгний тасалбар, нисэх онгоцны цахим тасалбараар Б.Ж сургуульд суралцдаг болох нь нотлогдож байна. Улмаар галт тэрэгний тасалбарт 998 200 төгрөг, нисэх онгоцны тасалбарт 1 950 369 төгрөг төлж, нийт 2 949 569 төгрөгийн нэмэлт зардал гаргажээ.
Хариуцагч А.Б тэжээн тэтгүүлэгч 2 хүүхэддээ хэрэгцээтэй үед нь өөрийн боломжоороо мөнгө төгрөгийн туслалцаа үзүүлж байснаа нотолж холбогдох банкнуудын дансны хуулгыг ирүүлсэн нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаж байна. Тухайлбал охиндоо 100 000 төгрөг /хх-40/, 150 000 төгрөг /хх-46/, 1 300 000 төгрөг /хх-105/ хүүдээ 100 000 төгрөг /хх-36/, 90 000 төгрөг /хх-50/, 250 000 төгрөг /хх-53/, 260 000 төгрөг /хх-54/ гэх мэтээр олон удаагийн үйлдлээр бага бус хэмжээний мөнгө шилжүүлж байжээ. Гагцхүү хариуцагч эдгээр мөнгөн шилжүүлгийг хүүхдүүдийн сургалтын төлбөр, тээврийн зардалд зарцуулж байгаагүй, өдөр тутмын ахуйн хэрэгцээнд нь зориулж өгч байсан болохоо, нэхэмжлэгч Т.А сургалтын төлбөр, тээврийн зардлыг хариуцан төлдөг байсныг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргадаг.
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтын нэгтгэж үзэхэд охин Б.Н сургалтын төлбөрт 4 075 000 төгрөг /1 815 000+1 330 000+930 000=4 075 000/, хүү Б.Ж тээврийн зардалд 2 949 569 төгрөг /508 300+389 100+109 800+1 950 369=2 949 569 / тус тус төлж нэмэлт зардал гаргасан нь нотлогдож байх бөгөөд нисэх онгоцны тасалбарт гадаад валютаар 49 868.82 рубль төлснийг тасалбар авсан 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн гадаад валютын ханшаар тооцож 1 950 369 төгрөг /49 868.82 х 39.11= 1 950 369/ нэхэмжилснийг буруутгах аргагүй байна. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зөвхөн тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон үед ”гарсан зардлыг хариуцуулах”-аар заасан байхад шүүх ирээдүйд гарах зардал буюу төлөгдөөгүй зардлыг А.Б эд хариуцуулах үндэслэлгүй тул Б.Н гийн төлөгдөөгүй сургалтын зардал 745 500 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.
Дээр дурдсаныг үндэслэн хариуцагч А.Б ээс охин Б.Н гийн сургалтын төлбөрт 4 075 000 төгрөг, хүү Б.Ж ын тээврийн зардалд 2 949 569 төгрөг нийт 7 024 569 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А д олгож, үлдэх 745 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхдээ итгэмжлэл /хх-3-4/, Монгол улсын Боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 8441 дүгээр тодорхойлолт /хх-6/, Монголын төмөр замын тасалбар /хх-7-10/, хариуцагч А.Б ийн “Хас банк” ХХК-ийн дансны хуулга /хх-22-32/, “Голомт банк” ХХК-ийн дансны хуулга /хх-33-34/, “Төрийн банк” ХХК-ийн Депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-35/, Чингис хаан банкны харилцагчийн дансны хуулга /хх-36/, “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ийн харилцах дансны гүйлгээний хуулга /хх-37-57/, “Хаан банк” ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-58-80, 106-108/, охин Б.Н гийн “Хаан банк” ХХК-ийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-105/, Монгол улсын Боловсролын их сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тодорхойлолт /хх-98/, Өмнөговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А-60/59 дугаар албан бичиг /хх-99/, нислэгийн цахим тасалбар, түүний монгол орчуулга /хх-100-102/ зэргийг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.
Хавтаст хэрэгт авагдсан “Belavia”, “UTG” /хх-11-12/ гэх бичвэр бүхий баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т заасан “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна.” гэх шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлсэн ч шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Т.А 9 806 895 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамжид 171 860 төгрөг төлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тохиолдолд багасгасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж зааснаар 171 860 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 7 024 569 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 127 343 төгрөгийг хариуцагч А.Б ээс гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч А.Б ээс охин Б.Н д 4 075 000 төгрөг , хүү Б.Ж ад 2 949 569 төгрөг нийт 7 024 569 төгрөгийн нэмэлт тэтгэлэг гаргуулан нэхэмжлэгч Т.А д олгож, үлдэх 745 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.А ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 860 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б ээс улсын тэмдэгтийн хураамж 127 343 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР