Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

 

 

 

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

         Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бид холбогдох эрүүгийн 2219000000244 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.Б

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймаг Дэлгэрэх сумын 4 дүгээр баг, Бичигтийн 226 тоотод хохирогч Д.Цг үгэнд орсонгүй, харьж амарсангүй гэх зүйлээр шалтаглан, нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг, хармын нуруу, зүүн нүдний доод зовхины зулгаралт, цээжний зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Г.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2022 оны 06 сарын 14-ний өдөр гэртээ байж байгаад орой гарахад манай хойд талын хашаанд хүмүүс шуугиад байсан. Яваад очиход аавын хашаанд манай дүү Ц согтуу хүмүүстэй муудалцаж, агсам тавиад байсан. Пүрэвхүү гэх хүнтэй маргалдаж нэлээн согтуу байсан, дээрээс нь манай ээжтэй маргалдсан гэхээр нь би дүүгээ гэртээ харьж амар, битгий агсам согтуу тавиад бай гэж хэлэхэд миний шаардлагыг хүлээж аваагүй агсам тавиад байхаар нь 1 удаа нүүрэн тус газарт цохисон. Намайг зөрүүлээд нэг удаа цохихоор нь би үргэлжлүүлээд 3-4 удаа нүүрэн тус газарт цохисон. Энэ үйлдэл болж байхад Пүрэвхүүгийн эхнэр Ц цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн байсан. Цагдаа ирээд манай дүү Цг цагдаагийн хэсэг рүү авч явсан. Би цагдаагийн хэсэгт очиж би өөрөө дүүгээ зодсон миний буруу гэж очиж хэлсэн. Хүний эрх эрх чөлөөнд халдаж, дүүгийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсандаа харамсаж байна. Сумын Засаг даргын албан тушаалыг хашдаг. Энэ албан тушаалаа сэвтүүлсэндээ харамсаж байна. Чин сэтгэлээсээ харамсаж байгаа учраас байдлыг харгалзан үзэж ялаас хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн мэдүүлэг,

          Хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ээжийн төрсөн эгчийн охин болох Дарьсүрэн эгчийн гэрт нь ирэхэд Дарьсүрэн эгч, нөхөр Галбадрах, Ц, Пүрэвхүү ах энэ 4 архи уугаад сууж байсан. Намайг ороод очтол Дарьсүрэн эгч чи манайд согтуу орж ирлээ гээд загнаад байхаар нь тэгвэл дүү нь явлаа гэж хэлээд Дарьсүрэн эгчийн зүүн мөрөн дээр нь 1 удаа баруун гараараа зөөлхөн алгадаад гарсан чинь Ц ардаас гарч ирээд чи эгчийгээ зодлоо гэж хэлээд миний нурууны баруун талын далны хэсгээс хазахаар нь би Цг зүүн  гараараа баруун хацар хэсэгт нь 1 удаа алгадсан чинь Цгийн нөхөр Пүрэвхүү ах чи манай эхнэрийг алгадлаа гэж хэлээд над руу дайрахаар нь би Пүрэвхүү ахыг тэврээд бид хоёр зууралдаж байгаад унаад өгсөн, цааш нь би юу болсныг сайн санахгүй байна ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

         Гэрч Г.Дарьсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 06 сарын 14-ний өдөр Дэ.Ц, С.Пүрэвхүү хоёр манайд хүүхдээ харуулж үлдээсэн юм. Орой 9 цагийн орчим Дэ.Ц болон С.Пүрэвхүү хоёр хүүхдээ авах гэж ирэхэд нь би тэр хэдийг гаргаж өгөх гээд гэрээсээ гартал өөдөөс До.Ц халамцуу маягтай гарж ирээд танайд оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс гарч явна яах гэж байгаа юм бэ гэж асуухад миний мөрөн дээгүүр гараа тавиад та намайг оруулсангүй, би танд гомдож байна гэж хэлсэн. До.Ц гомдох маягтай мөрөн дээр гараа тавьчихаад авахгүй зууралдаад зогсоод байхаар нь би гарыг нь мөрөн дээрээсээ хүчээр аваад цааш нь түлхээд гэр лүүгээ орох гэтэл араас миний дал хавьцаа цохисон юм. Тэгээд би, чи намайг зодох гэж байгаа юм уу гэхэд Дэ.Ц болон С.Пүрэвхүү хоёр До.Цгийн 2 гарыг барьж аваад та орж бай бид хоёр Цг тайвшруулаад гэрт нь хүргээд өгье гэж хэлэхэд би гэр лүүгээ явж орсон. Цааш нь юу болсон талаар мэдэхгүй байна ...“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “... 2022 оны 06 дугаар сарын 14-ний орой 21 цагийн орчимд гэрээсээ гартал манай хойд хашаан дотор аав, ээж хоёрын гэрт хүмүүс шуугилдаад байхаар нь очтол манай үеэл дүү Ц архи уусан байдалтай согтуу агсам тавиад байхаар нь би Цг гэртээ харьж амар гэсэн чинь үгэнд орохгүй өөдөөс маргалдаад байхаар нь баруун гараа зангидаж байгаад толгойны зүүн шанаа болон зүүн нүдэнд нь 3, 4 удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22, 61, 63 дугаар хуудас/,

          Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/0306 дугаартай “Д.Цгийн биед зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зулгаралт, цээжний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

          Хохирогч Д.Цгийн Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

    Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймаг Дэлгэрэх сумын 4 дүгээр баг, Бичигтийн 226 тоотод хохирогч Д.Цг үгэнд орсонгүй, харьж амарсангүй гэх зүйлээр шалтаглан, нүүрэн тус газарт цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг, хармын нуруу, зүүн нүдний доод зовхины зулгаралт, цээжний зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хөнгөн хохирол учруулсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 Шүүгдэгч Г.Бийн үйлдлийн улмаас хохирогч Д.Цгийн эрүүл мэндэд  зүүн нүдний салстын цус харвалт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун хөмсөг, хармын нуруу, зүүн нүдний доод зовхины зулгаралт, цээжний зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02/0306 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд шинжилгээг гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг шүүгдэгч, хохирогч нарт танилцуулсан, дүгнэлтийг үл зөвшөөрөх, тайлбар өгөх, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

          Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд эрх чөлөөнд нь халдаж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн гэж үзнэ.

          Иймд шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

          Хохирогч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

           Шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч Г.Б нь төрийн алба хашдаг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж харж байгаа тул залуу хүний цаашдын ажил, амьдралыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж өгнө үү гэснийг улсын яллагчаас эсэргүүцэж мэтгэлцээгүй болно.

            Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор  уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, уг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид 3 сарын хугацаагаар Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бид оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                      

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА