Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 26 өдөр

Дугаар 525

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, ...................... оршин суух, ******* овогт Ц.О  /РД:.............../

 

        Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, *******, .............................. тоотод оршин суух, ******* овогт М.Б /РД:............................./

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О , хариуцагч М.Б , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Б тэй 2014 оноос 2017 оны 01 сар хүртэл хамтран амьдарсан. Бид хамт амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б.М   төрсөн. Одоо Б.М   2 настай. Хамтран амьдрах боломжгүй учраас салсан. Иймд хариуцагч М.Б эс хүү Б.М  эд тэтгэлэг гаргуулан авах хүсэлтэй байна. М.Б  бид хоёр эд хөрөнгийн маргаангүй” гэжээ.

Хариуцагч М.Б  шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.О гаас хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. М.Б  миний бие “ССМ” ХХК-д ажилдаг тул 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө шүүх хурлыг хийж өгөхийг хүсэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О  нь хариуцагч М.Б д холбогдуулж 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.М  эд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг зөвшөөрч байна.” гэх тайлбар /хх-11/ гаргажээ.

Ц.О , М.Б  нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй, хамтран амьдарч байх хугацаанд тэдний дундаас 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б.М   төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх тул шүүх Ц.О гийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эхийн хэн аль нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй. Иймд хариуцагч М.Б эс хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Б.М  эд сар бүр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн хүүхдийн төрсний гэрчилгээ нь иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгогдож, тухайн байгууллагын тамга, албан тушаалтны гарын үсгээр баталгаажсан ба уг төрсний гэрчилгээний хуулбар нотариатчаар гэрчлэгдсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн нэг үндэслэл болголоо.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын “Шим билэг” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор зохигчдын хүү Б.М   нь одоо эхийн асрамжинд амьдарч, эрүүл бойжиж байгаа болохыг нотолсон баримт болно.

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар хүүхэд нь эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах тохиолдолд тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул хариуцагч М.Б тэй хүү Б.М  ийг уулзуулж байхыг нэхэмжлэгчид даалгах нь зүйтэй байна.

Хүүхдийн тэтгэлгийг тогтоохдоо тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшинтэй уялдуулан тогтоох бөгөөд хүн амын амьжиргааны доод түвшин 2018 оны байдлаар Өмнөговь аймагт 175 600 төгрөг байна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүүхэд 11 нас хүрээгүй тул амьжиргааны доод түвшингийн 50 хувь буюу 87 800 төгрөгийг сар бүр хариуцагч М.Б эс гаргуулан хүү Б.М  эд олгох үндэстэй байна.

Хүүхдийн тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 болон 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэвэр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу 1 хүүхдийн сарын тэтгэвэр 87 800 төгрөгийг 1 жил буюу 12 сарын хугацаанд төлөх үнийн дүн 1 756 000 /87 800 х 12 сар= 1 756 000/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43 046 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Даланзадгад сум, *******,******* тоотод оршин суух, ******* овогт М.Б /РД:..................../-ээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.М  ийг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч М.Б  нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

3.Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.М  ийг, эцэг М.Б тэй уулзуулж байхыг эх Ц.О д даалгасугай.

4.Нэхэмжлэгч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Ц.О гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б эс 43 046 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.О д тус тус олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЭНХТӨР