Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/182

 

 

 

 

 

 

   

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Адъяа даргалж,

         Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа, 

         Улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

         Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

  Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Аад холбогдох эрүүгийн 2219003190266 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Б.А

         Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.А нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Төмөр замын 2 дугаар байрны 1-2 тоотод эхнэр Ч.Чтэй маргалдах явцдаа түүний эзэмшлийн Самсунг А-52 маркийн гар утсыг шидэж гэмтээн, 550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Мэдүүлэг өгөхгүй ...” гэв.

          Хохирогч Н.Чийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Аад зодуулснаас болж эмнэлгийн байгууллагаар явж үзүүлснээс нийт 120.000 төгрөг, гар утасны үнэлгээний 50.000 төгрөг нийт 170.000 төгрөг нэхэмжилж байна... А намайг Чээ гээд дуудахаар нь ороод очтол паарнаас өөрийгөө боочихсон байхаар нь би хутгаар уяаг нь тастаад босгосон чинь миний гар утсыг шидээд эвдчихсэн бас өөрийн гар утсыг шидэж эвдээд манай том хүүгийн гар утсанд миний симийг хийгээд бариад гарсан ... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38, 80-81 дүгээр хуудас/,

          Шүүгдэгч Б.Аын мөрдөн шалгах ажиллагаанд гэрч болон яллагдагчаар өгсөн: “ ... 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймаг Сайншанд сумын 5 дугаар багт эхнэр Чийн гэрт очсон. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өглөө манай эхнэр Ч ажилдаа явсан бөгөөд би эхнэрийн амьдардаг гэр буюу Дорноговь аймаг Сайншанд сум 5 дугаар баг, Төмөр замын 2-р байр 1-2 тоотод байж байгаад гэрээс гарч хуучны танил залуутай гэрийн гадна 2 сав пиво уучихаад гэрт ортол манай эхнэр ирчихсэн унтаж байсан ба би эхнэр Чийг сэрээгээд бид хоёр маргалдах болсон. Тэгээд би Чийн духны хэсэгт нэг удаа мөргөсөн бөгөөд гар утсыг нь булааж аваад угаалтуур цохиж эвдчихээд тэр чигтээ гарч яваад замын унаанд суугаад айраг суманд очсон ...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 74-75 дугаар хуудас/,

          “Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 23-ны TXY-922/4363 дугаартай “... Самсунг А-52 маркийн гар утас 550,000 төгрөг ...” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/,

          Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 84-86 дугаар хуудас/,

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 82 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн,  хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үнэлэв.

Шүүгдэгч Б.А нь ажлын шаардлагаар Айраг суманд, эхнэр Н.Ч нь Зүүнбаянгийн төмөр замд ажилладаг, тусдаа амьдарч байгаад Б.А нь  Зүүнбаянд шилжин ирж хамт амьдрах болсон байна.

           Шүүгдэгч Б.А нь 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Төмөр замын 2 дугаар байрны 1-2 тоотод эхнэр Ч.Чтэй маргалдах явцдаа түүний эзэмшлийн Самсунг А-52 маркийн гар утсыг шидэж гэмтээн, 550,000 төгрөгийн хохирол учруулсан үйл явдал болсон нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Б.А нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болохоо хүлээн мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.  

Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэж гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

          Хохирогч Н.Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд “хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, гомдол саналгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Эрүүгийн хариуцлагын талаар:

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай олж тогтоон шударгаар ял оногдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд орших бөгөөд гэмт этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Шүүгдэгч Б.Аын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

         Шүүгдэгчид торгох ял оногдуулахдаа түүний орлого, ам бүлийн байдал, эд хөрөнгө, орлого олох боломж, шүүгдэгчийн хүсэлт зэргийг харгалзан түүний эдийн засагт дарамт учруулахгүйгээр оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон жолоочийн үнэмлэх шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгуулийн ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

        4.Шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

         5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Б.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

        8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Н.АДЪЯА