| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2018/00442/И |
| Дугаар | 543 |
| Огноо | 2018-11-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 543
Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах “ДДЦС” төрийн өмчит хувьцаат компани /УБД:......................, РД:.............../
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, ...................... оршин суух, ******* овогт Ц.Ц /РД:..................../
“Дулааны эрчим хүчний төлбөр 804 053 төгрөг, алданги 116 588 төгрөг нийт 920 641 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2018 оны******* дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2018 оны******* дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х , хариуцагч Ц.Ц , нарийн бичгийн дарга Ө.Мөнхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Ц нь 2015-2017 онд өөрийн сайн дурын үйл ажиллагаа явуулж байсан байрны халаалтын төлбөрийг төлөхгүй хуримтлуулан 804 053 төгрөгт хүргэж, төлөхгүй байна. Бид удаа дараа холбогдож, мөн очиж уулзах зэргээр төлбөр мөнгийг нэхсээр ирсэн ба дулааны эрчим хүчний төлбөрт Эрчим хүчний тухай хуулийн 31.3 дахь заалтын дагуу алданги тооцсон. Иймд иргэн Ц.Ц ийн дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 804 053 төгрөг, алданги 116 588 төгрөг нийт 920 641 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Ц ийн төрийн бус үйл ажиллагаа явуулж байсан байрны 2015 оны******* дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал дулааны эрчим хүчний төлбөр 920 641 төгрөг болсон. Үүнээс хариуцагч 2015 оны******* дугаар сард 57*******0 төгрөг, 2016 онд******* дугаар сард 64 085 төгрөг нийт 121 185 төгрөг төлснөөс үлдэгдэл нь 804 053 төгрөгийг огт төлөөгүй учраас хуулийн дагуу алданги тооцоод 116 588 төгрөг нийт 920 641 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэн байгаа. 2015-2017 оны нэхэмжлэгийг би өөрөө хариуцагчид гарт нь өгч байсан. 2016 оны******* дугаар сараас байцаагч Д, Б нарт өгөөд явж байсан. Хариуцагч энэ зун хүртэл төлнө гэж ярьж байсан байж гэнэт төлөхгүй гэж хэлж байгааг гайхаж байна гэв.
Хариуцагч Ц.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Өмнөговь аймаг дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлийн байранд 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эд хөрөнгө болох сандал, ширээ, оёдол эсгүүрийн ширээ зэрэг зүйлүүдийг аваачиж тавьсан. Боломжтой бол тэнд сургалт явуулах бодолтой байсан боловч тэр байшин суулт өгч нуранги үүсэж хана нь хагарсан, бие засах өрөөгүй, цэвэр усгүй хоёр парны нэг нь халдаггүй зэрэг хүн амьдрах орчин байгаагүй учир өөр газар сургалтаа явуулсан. 3 дугаар багийн төв болон бусад сумаар сургалт явуулснаас гадна 2016 оны 08 дугаар сард Мишээл төвийг түрээслэсэн болно. Эд хөрөнгөө байлгасан хугацааны дулааны төлбөрийг иргэн хүн амьдарч байсан хэлбэрээр төлөхийг хүссэн боловч аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байсан байдлаар төлбөр тогтоож, алданги нэхсэн тул төлбөр төлөх учраа олоогүй өдий хүрсэн. Би эд хөрөнгөө байлгасан хугацааны мөнгийг иргэн хүн амьдарч байсан жишгээр төлөхөөс аж ахуйн нэгж байгууллагын төлөх ёстой төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй, төлж чадахгүй. Мөн алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Надтай байгуулсан гэрээ байхгүй гэжээ.
Хариуцагч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг Эмэгтэйчүүдийн зөвлөлийн байранд үйл ажиллагаа явуулж байсан гээд байгаа боловч үйл ажиллагаа явуулах ямар ч нөхцөл байхгүй байр байсныг олон хүн мэднэ. Тухайн байранд миний ажлын ширээ, сандал, оёдлын машин гээд сургалтад хэрэглэхгүй байгаа тоног төхөөрөмж, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн бичиг баримт гэсэн агуулахын хэмжээний бичиг баримт байдаг байсан. Уг байшинг суулт өгч нуранги үүссэн, акталсан байшин гэж ярьдаг байсан учраас стандарт хангаагүй байранд сургалт хийсэн байвал сургалтын ажил татан буугдаж, зогсоно, элдэв асуудал гарна гэж хүмүүс анхааруулж байсан учраас нэг ч удаа тэр байранд сургалт хийж байгаагүй. Аж ахуйн нэгж гэсэн утгаар хандаж дулааны төлбөрөө нэмсэн. Тэнэж яваад олдохгүй байсан гэж нэхэмжлэгч тал хэлж байна. 2015-2017 он хүртэлх хугацаанд би Өмнөговь аймгийнхаа 15 суманд явуулын сургалт хийж байсан. Сэлэнгэ, Улаанбаатар хот гээд уригдсан газраа очиж хичээл заах ажилтай байсан. Хэрвээ сургалт хийхээр бол Б даргатай 3 дугаар багийн төв дээр очиж сургалт хийдэг байсан. Эд зүйлээ хадгалуулсан иргэн хүний хувиар төлбөр төлнө гэж хэлдэг байсан нь үнэн. Эмэгтэйчүүдийн зөвлөлийн байр актад гарсан гэдгийг би мэдээгүй. Аж ахуй нэгж биш, хувь хүнээр дулааны мөнгөө төлөх хүсэлтэй байна. Төлөх боломж байсан ч хүмүүс намайг мөнгөө битгий төл актанд гарсан ийм байшинд үйл ажиллагаа явуулахгүй биз дээ гэдэг байсан. Нэхэмжлэгч тал манай гэрт ирээд байхаар нь би өөрийнхөө байсан хугацааны мөнгийг иргэн хүний хувиар өгнө гэж хэлж байсан удаа байгаа. Энэ байранд байгаагүй ч миний эд зүйл байсан нь үнэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ДДЦС” ТӨХК нь хариуцагч Ц.Ц т холбогдуулан дулааны эрчим хүчний төлбөр 804 053 төгрөг, алданги 116 588 төгрөг нийт 920 641 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдож байна.
Эрчим хүчний тухай хуулиар эрчим хүчээр хангах, хэрэглэх харилцааг зохицуулжээ. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар 3.1.1-д “эрчим хүч” гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг, 3.1.16-д “эрчим хүчээр хангагч” гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг, 3.1.19-д “хэрэглэгч” гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгохоор заажээ.
Нэхэмжлэгч “ДДЦС” ТӨХК-ийг /станц/ дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах тусгай зөвшөөрөл бүхий этгээд болохыг нотлох тусгай зөвшөөрөл хэрэгт авагдаагүй боловч улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар /хх-3/ дээрх үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд гэж үзэх үндэстэй байна. Станц нь эрчим хүчээр хангагчийн хувьд иргэн, хуулийн этгээдтэй Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифын үнийн дагуу дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж, гэрээнд зааснаар дулааны эрчим хүчний тооцоог хийх бөгөөд энэ тухай Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.22, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, 28.3-д заажээ.
Нэхэмжлэгч эрчим хүчээр хангагч болохын хувьд иргэн, хуулийн этгээдэд холбогдуулан дулааны эрчим хүчний төлбөр, алданги нэхэмжлэх эрхтэй боловч гагцхүү энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хэрэглэгчтэй байгуулсан гэрээг үндэслэн шаардах эрх нь үүсэх бөгөөд хангагч, хэрэглэгч нар гэрээ байгуулаагүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл /хх-1/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа /хх-44-47/ иргэн Ц.Ц т холбогдуулан төлбөр, алданги нэхэмжилсэн гэх боловч тарифын үнийг тогтоохдоо хуулийн этгээд буюу “Дэлгэрэх ухаан” Төрийн бус байгууллага дулааны эрчим хүч ашигласнаар тооцож төлбөр нэхэмжилсэн гэх Ц.Ц ийн тайлбарыг няцааж чадахгүй байна. Улмаар “Ц.Ц ийн сайн дурын үйл ажиллагаа явуулж байсан байрны ДЭХ-ний төлбөр тооцооны задаргаа” гэх баримтад /хх-4/ зааснаар дулааны эрчим хүчний төлбөр, алданги нэхэмжилсэн гэх боловч Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан тарифын үнэ хэрэгт авагдаагүй тул дээрх тооцоог үндэслэл бүхий гэж үзэхгүй.
Иймд Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д зааснаар нэхэмжлэгч “ДДЦС” ТӨХК, хариуцагч Ц.Ц нар дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй, иргэн /Ц.Ц /, хуулийн этгээдэд /”Дэлгэрэх ухаан” ТББ/ холбогдуулан нэхэмжлэл гаргаж буй эсэх нь тодорхой бус тул дулааны эрчим хүчний төлбөр 804 053 төгрөг, алданги 116 588 төгрөг нийт 920 641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “ДДЦС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/37 дугаар тушаал /хх-2/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-3/, “Ц.Ц ийн сайн дурын үйл ажиллагаа явуулж байсан байрны ДЭХ-ний төлбөр тооцооны задаргаа” /хх-4/, Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Булган, Баян-Овоо сумын Засаг даргын тамгын газар, Хилийн 0166 дугаар ангийн тодорхойлолт /хх-15-19/, Үнэтэй даалингийн үнэгүй сургалтад оролцогсдын бүртгэл /хх-20-28, 37-40/, “ДДЦС” ТӨХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 173 дугаар мэдэгдэл /хх-34/ зэргийг нотлох баримтаар үнэлж шийдвэрийг үндэслэлээ.
Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтын /хх-14/ огноо засвартай тул нотлох баримтаар үнэлсэн боловч шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч “ДДЦС” ТӨХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3, 35 дугаар зүйлийн 35.3-д зааснаар “ДДЦС” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Ц т холбогдох дулааны эрчим хүчний төлбөр 804 053 төгрөг, алданги 116 588 төгрөг нийт 920 641 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 650 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР