Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
Хэргийн индекс | 186/2022/0715/Э |
Дугаар | 2022/ШЦТ/767 |
Огноо | 2022-09-28 |
Зүйл хэсэг | 27.10.1., |
Улсын яллагч | А.Ариунаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/767
2022 09 28 2022/ШЦТ/767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч Э.С нарыг оролцуулан эрүүгийн 2203003650396 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Э-ийн С /РД:хх0000000/, 1987 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр, Дорнод аймагт төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, барилгын арматур боох ажил хийдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, Хангайн 00 дугаар гудамжны 00 тоотод оршин суух, урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.С нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Нисдэг машин төвийн зүүн талын замд Тоёота Приус маркын 00-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Дугаар 239 тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлгийн 1.3 дугаар зүйлд Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., мөн тогтоолын хавсралтаар батлагдсан Замын тэмдэглэл Нэг. Хэвтээ тэмдэглэл гэсний 1.4 дэх заалтанд заасан 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж үргэлжилсэн хос шугамыг давж зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ “Таккен GT250R” маркын улсын дугааргүй мотоциклыг мөргөсний улмаас мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.О-ын мэдүүлэг, гэрч Г.Батболдын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Дугаар 9260 дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн Дугаар 816 мөрдөгчийн магадлагаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтууд, Тоёота Приус 00-00УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 114 үнэлгээний тайлан, Мацумод ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №22/574 албан бичиг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.Э-ын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 343 үнэлгээний тайлан, иргэний нэхэмжлэгч Т.Э-ын мэдүүлэг, шүүгдэгч Э.С-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Э.С:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн оролцсон болно.
2. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох баримтуудын тухайд:
2.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.С нь Мацумод ХХК-ийн өмчлөлийн, Г.Э-ын эзэмшлийн Тоёота Приус маркын 00-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Нисдэг машин төвийн зүүн талын замд замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Дугаар 239 тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлгийн 1.3 дугаар зүйлд Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., мөн тогтоолын хавсралтаар батлагдсан Замын тэмдэглэл Нэг. Хэвтээ тэмдэглэл гэсний 1.4 дэх заалтанд 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж үргэлжилсэн хос шугамыг давж зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ “Таккен GT250R” маркын улсын дугааргүй мотоциклыг мөргөсний улмаас мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-5, 6-7, 8-15 дахь тал), хохирогч Б.О-ын мэдүүлсэн “...2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 7 буудлаас вокзал орох гээд Энх-Амар гэх хүний нэр дээр байдаг Таккен маркын улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодоод ганцаараа 20 цаг 10 минутын 20 цаг 10 минутын орчим Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Нисдэг машин төвийн зүүн урд замд 2 дугаар эгнээнд хойноосоо урагшаа чиглэлтэй явж байтал 1 дүгээр эгнээнд явж байсан Тоёота Приус-30 маркын 00-00 УБД улсын дугаартай автомашины зүүн урд гупер хэсгийг очиж мөргөөд автомашин дээгүүр даваад зам дээр унасан. Ослоос болж миний баруун хөлний эрхий хурууны савхан яс хугарсан, баруун хөлний шилбэ хэсэг шалбарсан. Өөр гэмтэл байхгүй”” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал), иргэний нэхэмжлэгч Т.Э мэдүүлсэн “...2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өглөө би гэртээ байж байтал манай хадам дүү О- нь манай гэрт ирээд Таккен маркын улсын дугааргүй мотоциклыг худалдаж авахаар тохиролцоод гаалийн бичиг, мотоциклын хамгаалалтын малгай, мотоциклыг аваад Дундговь аймаг руу авч явахаар болоод явсан. Би уг мотоциклыг Нарны буман гэрэл ХХК-аас 2 жилийн өмнө 4.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Улсын дугаарыг нь аваагүй байсан. Тэр өдрийн орой нь О- осолд орсон. Мотоцикл О-т 4 сая төгрөгөөр зарахаар ярилцаж тохиролцсон байсан. ...автомашин жолоодох эрхийн үнэмлэхтэй болохоор нь мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхтэй гэж бодсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), гэрч Г.Батболд мэдүүлсэн “...Улиастайн голоос Энхбаярын эзэмшлийн Тоёота Приус 30 маркын 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг Э.С жолоодоод Энхбаяр жолоочийн хажуу талын суудал дээр би зүс таних эмэгтэй, Манлайбаатар бид гурав хойд талын суудал дээр суугаад намайг Тэнгисийн ойролцоо хүргэж өгөхөөр явж байсан. Би тэгээд тасарчихсан байна лээ. Нэг мэдсэн мотоциклтой хүнтэй автомашин нь мөргөлдсөн байсан. Тоёота Приус 30 маркын 00-00 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь үргэлжилсэн цагаан шугам дээр зогсчихсон мотоцикл нь эсрэг урсгал руу орчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал), иргэний нэхэмжлэгч Г.Э мэдүүлсэн “...Улиастайгаас Тэнгис кино театр орж Батболдыг буулгах гээд Нисдэг машины урд замд 1 дүгээр эгнээнд хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад 1 дүгээр эгнээний автомашинууд түгжрээд байхаар нь 2 дугаар эгнээ рүү би хэлээд Э.С нь 2 дугаар эгнээнд ороод нэлээн удаан хөндөлдөөд зогсож байтал хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан мотоцикл автомашины зүүн урд хэсгийг мөргөсөн. Би их согтуу байсан тул мотоциклтой машинтай Батболд түрүүлж очоод тохиролцоод салъя гэхэд 7 сая төгрөг өгчих гэсэн ...Э.С нь үргэлжилсэн цагаан шугам даваад зогссон байсан. Мотоциклын жолооч хурдтай явж байгаад автомашин дөхөж ирэхэд нь зогсоох арга хэмжээ авалгүй шууд ирээд мөргөснөөс болж осол гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 01-ны өдрийн Дугаар 9260 дүгнэлт “...Б.О-ын биед баруун хөлийн 1 дүгээр хурууны өлмий ясны зөрүүтэй далд хугарал, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 52-53 дахь тал), Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 343 үнэлгээний тайлан “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 670.000 төгрөг” (хавтаст хэргийн 69-70 дахь тал), Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Дугаар 114 үнэлгээний тайлан “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 4.085.000 төгрөг” (хавтаст хэргийн 80-81 дахь тал), Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа “...Тоёота Приус 30 маркын 00-00 УБД улсын дугаартай тээврийн автомашины жолооч Эрдэнэбилэг овогтой Э.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт 1.4. 1.1-1.3, 1.15а-1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...Таккен маркын улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...Таккен маркын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлийг эзэмшигч Т.Э нь 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: б/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...хүнд жолоогоо шилжүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн. ...Жолооч Э.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж үзэх үндэслэлтэй байна” (хавтаст хэргийн 90-91 дэх тал), шүүгдэгч Э.С яллагдагчаар мэдүүлсэн “...сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 101 дэх тал), зэрэг нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.
3. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн тухайд:
3.1 Шүүгдэгч Э.С нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Тоёота Приус маркын 00-00 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Нисдэг машин төвийн зүүн талын замд замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалт, тэмдэг, тэмдэглэгээний журмыг зөрчсөний улмаас үргэлжилсэн хос шугамыг давж зүүн гар тийш эргэх үйлдэл хийхдээ “Таккен GT250R” маркын улсын дугааргүй мотоциклыг мөргөсний улмаас мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан хохирогч Б.О-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлдээ хандаж буй сэтгэхүйн харьцаа нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргийг биелүүлэх, хориглосон үйлдлийг хийхгүй байх, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул өөрийн үйлдэлд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хандсан байна.
3.2. Шүүгдэгч Э.С-гийн үйлдэлд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.С-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
6. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
6.1. Иргэний нэхэмжлэгч Ж.С мэдүүлсэн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.О нь 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 262.000 /хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөг гарсныг яллагдагч Э.С-гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №04/3699 албан тоот, хавсралт “...Б.О ...гэмтлийн яаралтай тусламж 214.000 төгрөг ...ойрын дуудлага 48.000 төгрөг” (хавтаст хэргийн 45-46 дахь тал) тус тус авагдсан. Шүүгдэгч Э.С нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд 262.000 /хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөгийг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд ирүүлжээ.
Хохирогч Б.О мэдүүлсэн “...эмчилгээний зардал болон мотоциклын журмын хашааны зардалд баримтгүйгээр 351.500 төгрөг, баримттайгаар 285.000 төгрөг нийт 636.500 төгрөгний зардал гарсан. Энэ мөнгөө буруутай жолоочоос нэхэмжилнэ. Мотоциклын эвдрэлийн зардлыг Энх-Амар ах өөрөө нэхэмжлэх байх. Мотоциклын эвдрэлийн зардалд 718.000 төгрөгийн хохирол гарсан байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хохирогч Б.О-аас өөрт учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг (хавтаст хэргийн 18-20 дахь тал), иргэний нэхэмжлэгч Т.Э мэдүүлсэн “...би мотоциклоо хохирлын үнэлгээ хийлгээд үнэлгээгээр гарсан зардал мөнгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал), Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Дугаар 343 үнэлгээний тайлан “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 670.000 төгрөг...” (хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав. Хохирогч Б.О нь 1.346.500 /нэг сая гурван зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөгийг шүүгдэгч Э.С-гаас хүлээн авсан, хохирол гомдол саналгүй гэх нотариатаар гэрчлүүлсэн хохирол барагдуулсан хэлцэл гэх баримтыг шүүхэд ирүүлжээ.
Иргэний нэхэмжлэгч Г.Э мэдүүлсэн “...би автомашины хохирол мөнгөө Э.С-гаас нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал) хэрэг авагджээ.
Шүүгдэгч Э.С нь хохирогч Б.О, иргэний нэхэмжлэгч Т.Э нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулсан хохирлыг нөхөн төлсөн, мөн иргэний нэхэмжлэгч Ж.С-гээс нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан төлбөрийг нөхөн төлсөн. Энэ талаарх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлсэн тул шүүх дээрх нотлох баримтуудыг хүлээн авч, үнэлж дүгнэн Э.С нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэх үндэслэлтэй байна. Мөн иргэний нэхэмжлэгч Г.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан болохыг дурьдах нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
7. Шүүгдэгч Э.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.
8. Шүүгдэгч Э.С нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, урьд гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2 дахь заалтанд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
9. Шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасны дагуу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоожшийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн С /РД:хх0000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.С-д сануулсугай.
5. Шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, прокурор, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР