Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/726

 

 

 

 

 

 

 

  2022         09         12                                    2022/ШЦТ/726

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Э.Н,

гэрч П.Н,

нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч К.Бауиржан нарыг оролцуулан эрүүгийн 2111012670234 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Дархан овогт Э.Н

Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 08-нд өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүүхдийн эмч мэргэжилтэй, нөхөр хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

 

Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Э.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс “Бүүвэй ээж” ХХК-ийн захирлын “ажлаас чөлөөлөх тухай” хуурамч тушаал гаргаж, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “ажилгүйдлийн тэтгэмж авах тухай” хүсэлт гаргаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг ашиглан албан тушаалын байдлаа ашиглаж, 2018 оны 10 дугаар сарын 24-нд 778.305 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 778.305 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 778.305 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 353.775 төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээг авч төрд 2.688.690 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс “Бүүвэй ээж” ХХК-ийн захирлын “ажлаас чөлөөлөх тухай” хуурамч тушаал гаргаж, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “ажилгүйдлийн тэтгэмж авах тухай” хүсэлт гаргаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурамч баримт бичиг ашиглан албан тушаалын байдлаа ашиглаж, 2018 оны 10 дугаар сарын 24-нд 778.305 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 778.305 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 778.305 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 353.775 төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээг авч төрд 2.688.690 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

 

- шүүгдэгч Э.Нн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тэр үедээ 2018 оны 09 дүгээр сард сурах боломж гараад сурахаар болсон тэгээд ажлаасаа гарсан ажилгүйдлийн тэтгэмж авсан юм. Тэр өөрөө тухайн үедээ би өөрөө захирал нь байсан тул өөрөө өөртөө тушаал гаргаж байсан юм. Тэгээд нийгмийн даатгалын байцаагч нь та өөрөө өөртөө тушаал гаргаж болохгүй гэхээр нь О эмчтэй ярьж байгаад сурах гэж байгаагаа хэлээд түүний нэр дээр тушаал гаргаж Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газарт өгөөд ажилгүйдлийн тэтгэмж авч байсан юм. Тэр үед О нь өөрөө гэртээ байж байсан утсаар ярьж байгаад чи өөрөө миний гарын үсгийг зурчихгүй юу гэж хэлэхээр нь би түүний өмнөөс тушаал гаргаж байгаад гарын үсгийг нь О гэж зурсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 135 дугаар тал/,

- хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Бүүвэй ээж” компаниас ажлаас чөлөөлөгдсөн тушаал гаргуулан авч энэ тушаалаа манай Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ажилгүйдлийн тэтгэмжийн материал авахаар бүрдүүлж өгсөн байна лээ. Э.Н нь иргэний үнэмлэхийн хуулбар, ажлаас гарсан чөлөөлөгдсөн гэх тушаал, нийгмийн даатгалын дэвтэр зэргийг бүрдүүлж өгсөн байна. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 2019 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд манайхаас 1.688.690 төгрөгийн тэтгэмж авсан байна. Тэгээд тэрнийхээ дараагаар 2019 оны 2 дугаар сарын 14-ны өдөр манайхаас ирж нийгмийн даатгалын дэвтрээ эргүүлэн авсан байна. ...Ямар материал бүрдүүлж өгснийг нь сайтар харах ёстой байдаг ба энэ удаад Э.Нд холбогдох материалд компанийн захирал солигдсон, өөр хүнийг захирлаар томилсон гэх тушаал байх ёстой бөгөөд ийм тушаал ирүүлээгүй байсан Компанийн гэрчилгээн дээр хэн нэгэн захирал солигдсон талаар материал даатгалын хэлтэст ирүүлээгүй байсан. Аливаа нэг компанийн захирал тушаал гаргах эрхтэй, тамга тэмдэг нь өөрт нь байдаг. Бид нарын гол харах зүйл нь тушаалыг баталгаажуулсан тамга байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 119 дүгээр тал/,

- гэрч П.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрөө эмнэлгийн байгууллагын ажилтан байсан бөгөөд 2015 онд тэтгэвэртээ гараад 2006 оноос 2017 оны хооронд “Бүүвэй ээж” ХХК-ын захирлаар ажиллаж байсан. Манай компани хүүхдийн мэдрэлийн чиглэлээр ажиллаж байсан ба 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Э.Н гэдэг эмэгтэйд компанийнхаа 50 хувийг үнэ төлбөргүй бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн өгч байсан. Тэгээд түүнээс хойш бид 2 жил гаран хамтран ажиллаж байсан тул би түүнд санал болгож “чи одоо залуу хүн юм чинь энэ эмнэлгээ авч яваарай” гэж хэлээд түүнийг компани захирлаар би өөрөө томилж, компанийнхаа тамга, тэмдэг, бичиг баримтуудыг хүлээлгэн өгч, би өөрөө зөвлөх эмчээр ажиллаж байсан юм. Тэгтэл 2020 оны 01 дүгээр сард гадаад яваад ирэхэд Н нь намайг ажилдаа орох гэтэл гадаад, дотоод хаалгануудынхаа бүх түлхүүрийг надад өгөөгүй байсан. Тэр үедээ тэд нар зугаалгад явсан байсан ба би ажлынхаа өрөөнд орж чадаагүй. Энэ байдлаас болж бид 2-ын хооронд хэрүүл маргаан үүсэж, мөн түүний нөхөр нь бас надтай хэрүүл хийсэн. Тэгээд би өөрийнхөө компанийн татварын тайлан болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт өгсөн үйл ажиллагааны тайланг интернэтээр орж үзэхэд татварын албанд миний гарын үсгээр Нийслэлийн эрүүл мэндийн газарт үзлэгийн тоогоо худал тайлагнасан байна лээ. Тайлангуудаа миний тоон гарын үсгээр татварын албанд худлаа тайлан өгсөн байсан. Мэргэжлийн бус хүнийг хүүхдийн эмнэлгийн эмч гэж баахан дуудлагад явуулсан байсан. Энэ нь тусгай зөвшөөрөлгүйгээр баахан эмчилгээ хийсэн байсан. Мөн ажлаас халагдсан утга агуулга бүхий хуурамч баримт бичиг үйлдэж Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмж авсан байсан. ...Тэр хүн миний өмнөөс өөрийгөө ажлаас чөлөөлж, гэрээгээ цуцалсан гэж хуурамч бичиг баримтууд бүрдүүлж Нийгмийн даатгалыг газарт “Бүүвэй ээж” ХХК-ын захирлын 12 дугаартай хуурамч тушаал бүрдүүлж өгсөн байдаг. Нэг ёсондоо намайг хуурамчаар захирал болгож 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хуурамч тушаал гаргаж, миний гарын үсгийг хуурамчаар зураад компани тэмдэг дарсан байсан. ...О миний болон Э.Н эмчийн үзлэгийн бүртгэлийг иргэний хэргийн анхан шатны шүүхээс би өөрөө гар утсан дээрээ зургийг нь авч байсан юм. Яагаад гэвэл энэ үзлэгийн бүртгэл баримтуудыг Э.Н өөрөө тэр шүүхэд авчирч өгсөн байдаг. Би шүүхэд гаргаж өгөөгүй, надад угаасаа байгаагүй юм. Тиймээ тэр өдрийг санаж байна. Би тэр өдөр 4 хүүхэд үзэж байсан юм байна лээ. Э.Нгийн өөрийнх нь шүүх дээр аваачиж өгсөн материал дунд байж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,

- гэрч П.Нын шүүхийн хэлэлцүүлэгт: “7 дугаар сарын 08-ны өдөр компанийг үүсгэн байгуулагч компанийнхаа 50 хувийг Н эмчид бэлэглэлийн гэрээгээр үнэ төлбөргүйгээр өгсөн. Ямар нэг асуудал гарч байгаагүй. Шаардлага тавьсны хариуд хэлэх бус үгээр доромжилсон. Бид нарын хооронд скандал үүссэн. Бэлэглэлийн гэрээгээр 50 хувиа өгсөн. Нг надаас уучлалт гуйхыг хүлээсэн. Компанийн тухай хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан” гэв,

- гэрч Ж.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Э.Н гэгч нь Нийгмийн даатгал төлж байгаа цагт манайхаас ажилгүйдлийн тэтгэмж ажилгүй болсныхоо дараагаар нь авсан байна. Энэ нь 2018 оны 10,11,12 дугаар саруудад олгогдсон байна. Энэ мөнгө нийтдээ 2.688.690 төгрөг бодогдож олгогдсон ба энэ нь ажлын 76 хоногоор бодож олгогдсон байна. Гарын үсгийг бусдын гарын үсэг мөн биш гэж батлах, үзэж харах, шалгах боломжгүй. Гэхдээ тухайн хүнийг манай Нийгмийн даатгалын газарт шимтгэл төлж байгаа эсэхийг нь хараад, шалгаад тэтгэмжийг нь олгодог. Бас ажлаас чөлөөлсөн тушаал нь эх хувь, тамгатай эсэх талаар үзэж шалгаад мөнгө төгрөгийг нь олгодог” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74 дүгээр тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баримт бичиг шинжилгээний лабораторийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2682 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай “Бүүвэй ээж” ХХК-ийн захирлын “ажлаас чөлөөлөх тухай” гэсэн тушаал баримтын доод хэсэгт “ЗАХИРАЛ” гэсний ард. П.Нын гэх гарын үсгийн ард зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн П.Нын гэх -арын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинж тэмдгийн боловсруулалт /хавтаст хэргийн 54-61 дүгээр тал/,

- 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 12 дугаартай “Бүүвэй ээж” ХХК-ийн захирлын “ажлаас чөлөөлөх тухай” гэх тушаалын хуулбар /хавтаст хэргийн 32 дугаар тал/,

- Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж олголтын хуваарь, хүсэлт, ажилгүйдлийн тэтгэмжийн хувийн хэрэг /хавтаст хэргийн 22-31 дүгээр тал, 33-36 дугаар тал/,

- үзлэгийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

 

 Б. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч: “...хэргийн хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байна. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хуурамч баримт бичиг ашиглаж хохирол учруулсан гэж дүгнэсэн. Нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйг тооцно гэсэн. Гэмт хэргийн үндсэн шинж байгаа эсэх дээр бодит дүгнэлт өгөх ёстой. Н энэ баримтыг өөрөө үйлдсэн. О гэх хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлөөр хийсэн. Компанийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдсэн зүйл байхгүй. 2018 оны 09 сараас 2019 оны 01 сар хүртэл хугацаанд төлөөгүй. Тухайн цаг хугацаанд Н гэх хүн ямар нэгэн ажил хөдөлмөр эрхлээгүй, ямар нэгэн цалин орлогогүй байсан гэсэн байна. Н нь ажил хөдөлмөр эрхлээгүй сурч байсан гэдэг. Нийгмийн даатгалын сангаас хуурамч баримт үйлдээд ажилгүйдлийн тэтгэмж авахаар бол ажил хөдөлмөр эрхэлж байхдаа хуурамч баримт бичиг үйлдээд авсан байвал бодит байдлыг нуух замаар гэж орно. Н нь тухайн цаг хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, цалин хөлс олж байгаагүй. Мөрдөн байцаалтын шатанд энэ нөхцөл байдлыг О мэдэж байсан эсэхийг тогтоох, ямар нэгэн байдлаар маргаж байсан асуудал үүсээгүй. 2018 оны 09 сард ажиллаж байх хугацаандаа нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан гэж байна. Иргэний хэргийн материалд эх хувийг аваад үзлэг хийсэн бол тодорхой болох байсан. Бодит байдлыг нуух зохиомол байдлыг бий болгохыг үгүйсгэсэн. О гэх хүний гарын үсгийг өмнөөс нь зурсан. Эрүүгийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан хуурамчаар үйлдсэн гэх зүйл анги руу орно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасан гэмт хэргийн шинж хийгдсэн. Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.12-т заасан гэмт хэрэг биш, 23.2 т заасан гэмт хэрэг хийгдсэн. Энэ баримтыг ашиглаад гаргаж өгсөн үйлдэл байна. Энэ гэмт хэргийн шинжээс хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан гэдэг орно. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ гэмт хэргийг агуулсан шинж байхгүй гэв....” гэх утга агуулга бүхий санал гаргаж хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх талаар маргаж өмгөөллийн үйл ажиллагаа явуулж үндэслэлээ тайлбарлан мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Э.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авсан нь хуулийн мэдлэг дутуу байсан. Тухайн үед өөрөө өөр дээрээ тушаал гаргаад очсон. Та өөр дээрээ гаргаж болохгүй өөр хүн байна уу гэхэд та тэр хүнийхээ нэрээр гаргаж болно гэсэн. Тухайн үед зөвлөсний дагуу би зурсан нь алдаа болсон. О эмчтэй 2017-2020 он хүртэл эвтэй ажиллаж байсан. Эмнэлгээс хамт ажиллаж байсан эмч нарыг аваад тусдаа гараад явсан. Тэр цагаас хойш намайг шалгуулаагүй газар байхгүй. Шалгуулаагүй байхад өнөөдрийг хүртэл яваагүй. Эмч бол ажиллаж байх хугацаандаа сурч болох мэргэжил биш. Тухайн өдөртөө үзэх ёстой хүн ээ үзээд буудаг. Зайлшгүй чөлөөлөгдөж сурахаас өөр арга байдаггүй. Сургалт дан дадлага хэлбэрээр явагддаггүй. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад дэвтрийн талаарх хүсэлтүүдийг гаргаж байсан. Иргэний хэргийн шүүхээс авах боломжтой байсан. Энэ талаар байнга ярьдаг боловч энэ талаарх баримтыг гаргаж ирдэггүй. Хүний гарын үсгийг дуурайлгаснаа хүлээн зөвшөөрч байна гэж байна. Хүний гарын үсгийг ямар ч байдлаар дуурайх ёсгүй. Албан ёсны эрхийн дагуу байх ёстой. О гэх хүний гарын үсгийг ашиглаад тухайн ажлаас чөлөөлсөн баримтыг мэдэхгүй гэдэг. Энэ тушаалын талаар мэдүүлдэг. Энэ тушаал нь анхнаасаа хууль бус хүчин төгөлдөр бус болсон гэдэг. Энэ баримт бичиг нь жинхэнэ баримт бичиг биш. Хуурамч баримт бичиг үйлдсэн гэх шинжийг нь дурдсан. Өмгөөлөгчийн маргаад байгаа баримтуудын тухайд он сарын хувьд 2020 оноос хойших баримтууд авагдсан байна. Эх хувиас аваагүй байна гэж маргаад байгаа асуудал нь үндэслэлгүй. Мөрдөгч ойлгохгүй бол гомдол гаргах эрхтэй. Энэ дэвтэр нь мөн эсэх талаар үзлэг хийсэн баримтыг хууль бус гэж үзэх боломжгүй. Нийгмийн даатгалыг төлж эхлэхэд ажилгүйдлийн тэтгэмж шууд зогсох ёстой. Төлөөгүй байгаа нь ажил эрхлээгүй байна гэж нотлох боломжгүй. Компанийн захирлыг чөлөөлөх гэж байгаа бол энэ талаар хавтаст хэрэгт авагдсан байдаг. Нийгмийн халамжийн үйлчилгээ авах гэж байгаа бол компанийн тухай хуулиар тодорхой заасан байдаг. Энэ талаараа чөлөөлсөн баримтыг хийх ёстой. О гэдэг хүн өөрөө гаргасан бол өөр байдлаар ярьж болох байсан. Өмгөөлөгчийн яриад байгаа, мэтгэлцээд байгаа баримтууд үндэслэлгүй. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж  тус тус заасан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ ” гэж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж  тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд мөрдөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг прокурор хянаж нягталсны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож гэмт этгээдэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох гэмт хэргийн зүйлчлэлээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх нь шүүгдэгчийн хувьд прокурорын шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарт тэгш боломж олгон шинжлэн судлуулж, мэтгэлцүүлсний үндсэн дээр эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хэрэгт цугларсан нотлох баримтуудад түшиглэн харьцуулах, батлах, үгүйсгэх зэрэг аргуудаар үйл баримтыг сэргээн дүрсэлж тогтоож, хууль зүйн дүгнэлт хийх учиртай билээ.

Эрүүгийн шүүх нь хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх ажиллагааг хийдэггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Нд холбогдох хэргийг шүүх хянаж үзээд хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үйл баримтыг сэргээн дүрсэлж хууль зүйн дүгнэлт хийхэд: шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэн тайлбарлаж буй шиг үйл баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н нь өөрийгөө “Бүүвэй ээж” ХХК-ны захирлын албан тушаалаас чөлөөлсөн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалыг /хавтаст хэргийн 62 дугаар тал/ гаргахдаа тус компанийг үүсгэн байгуулагч П.Н нь тухайн өдөр ажил дээрээ байгаагүй учир түүнтэй утсаар ярьж зөвшөөрөл авсны үндсэн дээр гарын үсгийг нь дурайлган зурсан гэх нь хууль сануулж мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч П.Нын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Мөн үйл явдал болсон тухайн өдөр гэрч П.Н нь ажил дээрээ байж эмчийн ажил үүргээ гүйцэтгэж 4 хүүхдийг үзсэн болох нь хавтас хэрэгт авагдсан үзлэгийн дэвтрээр тогтоогдож байна. Ямар ч тохиолдолд бусдын гарын үсгийг дуурайж зурах нь хууль бус үйлдэл бөгөөд уг үйлдлийг шүүгдэгч хийсэн нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Баримт бичиг шинжилгээний лабораторийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2682 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сараас 12 дугаар саруудад сургалтад суусан нь үгүйсгэгдэхгүй байгаа боловч тухай үед ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан үзлэгийн дэвтрээр тогтоогдож байна. Үүнээс гадна дээрх байдлаар “Бүүвэй ээж” ХХК-ны захирлын албан тушаалаас чөлөөлөгдсөн атлаа уг албан тушаалдаа 2019, 2020 онуудад үргэлжлүүлэн ажилсан нөхцөл байдал тогтоогдож байна. /хавтаст хэргийн 76-77 дугаар тал, 113 дугаар тал/,   

Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох өмгөөллийн саналыг хүлээж авах боломжгүй гэж шүүх үзэв.

 

В. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлд заасан хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэрэг нь иргэдэд төрөөс олгож  буй нийгмийн халамж, үйлчилгээг хууль ёсоор тэгш хүртэх эрхэд гэмт этгээд нь хууль бусаар халдаж халамж үйлчилгээг өөртөө авахыг ойлгоно.

Мөн тус зүйл ангийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасан албан тушаалын байдлаа ашиглаж гэдэг нь гэмт этгээд өөрт олгогдсон бүрэн эрхийг ашиглаж хууль бус үйлдэл хийн өөртөө болон бусдад давуу байдал бий болгодог билээ.

 

Иймд шүүгдэгч Б.Н нь өөртөө ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд  “Бүүвэй ээж” ХХК-ийн захирлын албан тушаалаа буюу тус компанийг төлөөлөн бүх үйл ажиллагаанд шийдвэр гаргах эрх болон өөрт байгаа тамга, тэмдгийг ашиглан  хууль бус үйлдэл хийж буйгаа ухамсарлаж 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Бүүвэй ээж” ХХК-ийн захирлын ажлаас өөрийгөө чөлөөлөх тухай үүсгэн байгуулагч П.Нын гарын үсгийг дурайлган зурж хуурамч тушаал гарган түүнийгээ ашиглан 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст “ажилгүйдлийн тэтгэмж авах тухай” хүсэлт гаргаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож  2018 оны 10 дугаар сарын 24-нд 778.305 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 778.305 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 778.305 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 353.775 төгрөгийн нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээг авч төрд нийт 2.688.690 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан ба түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.    

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зааснаар хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллах эрхийг хасаж, 12.000 нэгжээр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан Э.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас учирсан хохирол 2.688.690 төгрөгийг хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Э.Нгээс нийт 2.688.690 төгрөгийг гаргуулж, хохирогч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Дархан овогт Э.Нг албан тушаалын байдлаа ашиглаж хуурамч баримт бичиг ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийгмийн халамжийн үйлчилгээ авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Нд хуулийн этгээдийн удирдах албан тушаалд ажиллах эрхийг 2 /хоёр/ жил хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийн торгох ял оногдуулсугай.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Нд оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Э.Нг торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Нгээс нийт 2.688.690 /хоёр сая зургаан зуун наян найман мянга зургаан зуун ер/ төгрөгийг гаргуулан, хохирогч Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгож 5 /тав/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ