Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2024/0325

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Ө.О, Э.Н

нарын гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр

 

Нэхэмжлэгч: Ө.О/РД:ШУ97122220/

Нэхэмжлэгч: Э.Н /РД:ГМ98041003/

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Ганхуяг

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулан тухай” 0014046, 0014048 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0188 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б

Хариуцагч Ш.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр

Хэргийн индекс: 128/2023/0762/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Ө.О, Э.Н нараас Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г-т холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулан тухай” 0014046, 0014048 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0188 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 10.11 дүгээр зүйлийн 6, Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 63 дугаар зүйлийн 63.2, 63.3, 67 дугаар зүйлийн 67.3.2, 71 дүгээр зүйлийн 71.5, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5, 23.6-д заасныг тус тус баримтлан Ө.О, Э.Н нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д “Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно” гэж заасны дагуу саналын эрх бүхий хувьцааны тоо, төрлийг тодорхойлох хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байтал энэ төрлийн шийдвэр гаргах эрхгүй гэж үндэслэлгүй дүгнэлт өгч хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Улмаар тооллогын комисс нь “А-Өх” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцохдоо хуулиар олгоогүй эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна гэх мөн л алдаатай дүгнэлт өгсөн нь хэргийн үйл баримтыг хууль хэрэглээний үүднээс буруу тайлбарласан гэж үзнэ.

3.2. Энэхүү гомддын маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс шууд хамаарч “А-Ө” ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол илтэд хөндөгдөх, цаашлаад тус компанийн 2023 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын материал баталгаажих эсэх, хурлаас гарсан шийдвэр хүчин төгөлдөрт тооцогдох эсэх чухал асуудлууд яригдана.

Энэ ч үүднээс “А-Ө” ХК-ийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлтэй байгаа тухайгаа, мөн гомдол гаргагч нарын зүгээс тус компанийг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүгч хүлээн аваагүй, хүлээн аваагүй захирамж дээр гомдол гаргах эрхгүй байхаар захирамжилсан байдаг.

3.3. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 3 дугаар сарын 09, 16-ны өрүүдэд С.Адъяабазар, О.Баттулга нарт тус бүр хаяглан хүргүүлсэн хууль бус албан бичгийг шийдвэрийн үндэслэл болгож буй нь буруу юм. Учир нь тус албан бичгүүдийг хууль бусаар үйлдэж, бусдад давуу байдал олгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Авлигатай тэмцэх газар явуулж байна.

Энэ талаар холбогдох баримтыг хүргүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааны гэж үзнэ.

3.4. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0188 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

2. Гомдол гаргагч Ө.О, Э.Н нараас Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Ганхуягт холбогдуулан “Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулан тухай” 0014046, 0014048 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтухай шаардлага бүхий гомдол гаргасан.

3. Гомдол гаргагч нарын хүчингүй болгуулахыг хүссэн, Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагчийн үйлдсэн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 0014046, 0014048 дугаар шийтгэлийн хуудсаар ...  С.А, О.Б нарын хувьцааг саналын эрхгүй хэмээн “А-Ө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хуралд оролцуулаагүй, хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг хаасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу Ө.О, Э.Н нарт тус бүр 500,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

4. Анхан шатны шүүх, гомдол гаргагч нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчил гаргаагүй бөгөөд хэргийн үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих Компанийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

5. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:” гээд 34.1.1-д “хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх;”, 34.6-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх зарим асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг энэ хуулиар хязгаарлаж болно” гэх зэргээр хувьцаа эзэмшигчийн эрхийг тодорхойлох бол,

мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-т “Тооллогын комисс тухайн хурлаар хэлэлцэх асуудал тус бүрээр хурлын ирц болон саналын эрхтэй байх хувьцааны тоо, төрлийг тодорхойлно”, 64 дүгээр зүйлийн 64.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-өөс тогтоосон бүртгэлийн өдрөөр тасалбар болгон компанийн үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг хөтлөх эрх бүхий этгээд гарган тухайн хурал зарласан этгээдэд хүргүүлнэ”, 67 дугаар зүйлийн 67.3-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс дараах үүрэг хүлээнэ:” гээд 67.3.2-т “тухайн хурлын хэлэлцэх асуудал тус бүрээр оролцогч бүрийн саналын эрхийн тоо, төрлийг тогтоох;”, 67.3.5-д “санал өгөх журам болон хувьцаа эзэмшигчдийн санал өгөх эрхийг хангах;” гэж тусгаснаар хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг хангах зохион байгуулалтын үндсэн хэлбэр болох компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын үйл ажиллагаанд Тооллогын комиссын хэрэгжүүлэх чиг үүргийг зохицуулжээ.

6. Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Компанийн тухай хуульд заасан бусад үүргээ биелүүлээгүй ... бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь дээрх хуулиар үүрэг болгосон, хориглосон, хязгаарласан шинжтэй аливаа хэм хэмжээг зөрчсөн, түүнийг нь Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцсон үйлдэл, эс үйлдэхүй гаргасан хүн, хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхойлсон агуулгатай зохицуулалт байна.

7. Хэрэгт цуглуулсан нотлох баримтыг харьцуулан үзэхэд,

7.1. “А-Ө” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 02/23 дугаар тогтоолоор Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчдийн нэрийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг “2023 оны 4 дүгээр сарын 11” байхаар тогтоож, тус хурлаар хэлэлцэх асуудал болон хурлын бэлтгэл хангах ажлыг жагсаалтаар тодорхойлж, Тооллогын комиссыг Ө.О, Э.Н, О.Д нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.

Тооллогын комиссын 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор, 174136 ширхэг буюу 1,567,224 саналын эрхтэй 364 энгийн хувьцаа эзэмшигч оролцохоос 95502 буюу 859,918 саналын эрхтэй 9 хувьцаа эзэмшигч; 624,816 буюу 2 саналын эрхгүй хувьцаа эзэмшигч тус тус оролцож, 54,84 хувийн ирц бүрдсэн гэж дүгнэн, Компанийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.1, 69 дүгээр зүйлийн 69.1, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэн хэргийн танхимын 2022 оны 1275 дугаар тогтоолыг үндэслэн, хурлыг хүчин төгөлдөр гэж тооцсон бөгөөд хувьцаа эзэмшигч С.А, О.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг саналын эрхгүй оролцсон гэж холбогдох бүртгэл, хурлын тэмдэглэл, бусад баримт бичигт тусгажээ.

7.2. Үүнтэй холбогдуулан нэр бүхий хувьцаа эзэмшигчдээс Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргаснаар тус Хорооны эрх бүхий албан тушаалтны 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор “А-Ө” ХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6, 11.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт тус тус зааснаар 2301000023 дугаартай зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

 Ингэхдээ эрх бүхий албан тушаалтны удирдах албан тушаалтан, прокуророос тус тус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан ба эрх бүхий албан тушаалтны зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдогчийг тогтоох, мэдүүлэг авах, гэрч, хохирогчоос мэдүүлэг авах, бичгийн нотлох баримт цуглуулах зэрэг шаардлагатай ажиллагааг гүйцэтгэсэн болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.

7.3. Тухайн тохиолдолд, 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн нээлттэй арилжаагаар “А-Ө” ХК-ийн 42000 ширхэг энгийн хувьцааг худалдаж авсан гэх С.А, 27424 ширхэг энгийн хувьцааг худалдаж авсан гэх О.Баттулга нарын хувьцаа нь “саналын эрхтэй” болохыг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 9/952, 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 9/1067 дугаар албан бичгээр тус тус тодорхойлсон байхад Тооллогын комисс нь 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанд тэднийг дээрх байдлаар “саналын эрхгүй” оролцуулсан буюу хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг хязгаарласан агуулга, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргасан байна.

8. Санхүүгийн зохицуулах хорооны ахлах хянан шалгагч Ш.Г нь Тооллогын комиссын дээрх шийдвэрийг “Компанийн тухай хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй” зөрчилд тооцож,Тооллогын комисст ажилласан нэр бүхий 3 гишүүнд шийтгэл ногдуулсныг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй.  

Анхан шатны шүүхийн дүгнэсэнчлэн, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Компанийн хувьцааг худалдан авах ажиллагааны журмыг Хороо тогтооно”, 23.6-д “Саналын эрхгүй болсон хувьцааны талаарх мэдээллийг Хороо өөрийн цахим хуудсаар дамжуулан 15 хоногийн дотор нийтэд мэдээлнэ” гэж заасны дагуу компанийн хувьцааны саналын эрхтэй, эрхгүй гэдгийг тодорхойлох эрх бүхий этгээд нь Санхүүгийн зохицуулах хороо байхад компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын Тооллогын комисс нь хуулиар олгосон чиг үүрэгт үл хамаарах асуудлаар уг шийдвэрийг гаргах замаар нэр бүхий 2 хувьцаа эзэмшигчийн санал өгөх эрхийг хязгаарлажээ.

9. Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэснийг энэ хэсгийн 5-д заасан хуулийн зохицуулалттай харьцуулан тайлбарлавал, Тооллогын комиссын чиг үүрэг нь хувьцаа эзэмшигчийн хуулиар олгосон эрхийг хангахад чиглэхээс бус тус комиссын 01 дүгээр тогтоолд заасанчлан түүний агуулгыг тодорхойлж, хязгаарлах нь хуулиар хориглосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл болно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

10. Эрх бүхий албан тушаалтан нь “А-Ө” ХК-д холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн ч Тооллогын комиссын гишүүн Ө.О, Э.Н, О.Д /тусдаа гомдол гаргаж, зөрчлийн хэрэг шалгагдаж байгаа/ нарын 3 гишүүнд Зөрчлийн тухай хуулийн 10.11 дүгээр зүйлийн 6-д заасны дагуу торгох шийтгэл ногдуулсан нь тус хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно, мөн зүйлийн 4-т Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж хууль ёсны; 1.3 дугаар зүйлийн 1-д Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна гэж шударга ёсны зарчмыг тус тус баталгаажуулсны зэрэгцээ 3.1 дүгээр зүйлийн 2-т Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна хэмээн шийтгэл оногдуулах үндэслэлийг тодорхойлсонтой нийцсэн байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсуудыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.

11. Анхан шатны шүүх дээрх байдлаар хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх болон гуравдагч этгээд оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил” гэх тайлбарыг хүлээн авсангүй. 

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3, 122 дугаар зүйлийн 122.4-д зааснаар гомдлоор үүсгэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаас бусад шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тул “гуравдагч этгээд оролцуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон” шүүгчийн захирамжид гомдол гаргах эрх олгоогүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болохгүй. 

13. Ө.О, Э.Н нарын гаргасан гомдлоор үүсгэсэн 128/2023/0762/з индекс дугаартай уг захиргааны хэрэгт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 128/ЗТ2024/0162 дугаар тогтоолоор, шүүгч Д.Х хянан шийдвэрлэх ажиллагааг эрхлэн явуулж байсан боловч тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 128/ЕШ2024/0226 дугаар захирамжаар шүүгч А.Г-ийг шүүх хуралдаан даргалагчаар албажуулснаар тэрээр хэргийг хянан шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно.  

14. Харин захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн бүртгэлээс үзэхэд, тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 128/ЗТ2024/0265 дугаар тогтоолоор, хэргийг шүүгч Д.Х-аас шүүгч А.Г-т нэгэнт шилжүүлсэн энэ тохиолдолд уг тогтоолыг хэрэгт хавсаргаагүй нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаанд тооцогдохгүй, харин шүүхийн захиргааны ажилтны энэ мэт алдааг гаргуулахгүй байхад цаашид анхаарвал зохилтойг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0188 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын гаргасан давж заалдах гомдлы хангахгүй орхисугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гомдол гаргагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авснаас хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Т.ЭНХМАА

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ