Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

                                       

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Аззаяа

Улсын яллагч Э.Ариунболд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******, хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат

Шүүгдэгч Х.******* түүний өмгөөлөгч Б.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Шар цоохор ургийн овогт Хөхөөгийн *******т холбогдох эрүүгийн 2136001320151 дугаартай, 178/2022/0134/Э индекстэй хэргийг 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Шар цоохор ургийн овогт Хөхөөгийн *******, 1978 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд үйлчлэгч ажилтай, ам бүл 4, гурван хүүхдийн  хамт Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 12-31 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: ПИ78052100

 

                   Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 34-44 ХОҮ улсын дугаартай,Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бага насны явган зорчигч Ц.*******ийг мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 12-14-р хуудас/

Үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 15-17-р хуудас/

2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн... уг зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөл нь 34-44 ХОҮ улсын дугаартай  Тоёото Приус маркийн  тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Х.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч Ц.*******ийг мөргөж, зам тээврийн осол гаргах үедээ тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүйгээс уг зам тээврийн осол гарсан...гэх  Мөрдөгчийн магадлагаа

/ хэргийн 18-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Ц.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хичээлээ тарчихаад Ц.Бат-Эрдэнэ ахынхаа хамт автобусанд суухаар автобусны замын эсрэг талаас зам хөндлөн гарах гээд зогсож байтал Ховд их сургуулийн талаас ирсэн нэг машин намайг “ гар” гэж дохихоор нь урдуур нь гартал эсрэг урсгалаас хурдтай явж байсан машин миний баруун ташаа хэсэг рүү мөргөөд намайг замын хажуу талын шороон хэсэг дээр унагаасан.Тухайн үед Ц.Бат-Эрдэнэ ах зам хөндлөн гараагүй замын нөгөө талд зогсож байсан...гэх мэдүүлэг / хэргийн 8-9-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 11:40 цагийн үед гэрээсээ гараад зах дээр явж байтал танихгүй дугаараас залгаад “ танай хүүхэд захын урд талд машинд мөргүүлчихлээ” гэхээр нь гараад яваад очиход манай хүүхэд замын хажуу талын шороон дээр хувцас хунар нь шороо болчихсон орилж байхаар нь очоод авах гэтэл тэнд байсан хүмүүс   “битгий гар хүрээрэй, эмнэлэг цагдаа дуудчихсан байгаа” гэхээр нь хараад байж байтал 103-н машин ирээд хүүхдийг маань аваад явсан.Эмнэлэг дээр очоод рентген зураг авхуулахад “өсөлтийн зон шахагдсан, аарцагны зөөлөн эдийн гэмтэлтэй, хугарал байхгүй, гэртээ хэвтрийн дэглэм сахь гээд эм бичиж өгсөн.Гэтэл хүү маань гэртээ очоод зовиурлаад байхаар нь маргааш нь дуудлага дуудаж үзүүлээд эмнэлэгт хэвтсэн.05 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгээс гараад гэртээ хэвтрийн дэглэм сахь гэхээр нь компьютерт харуулахад “умдаг ясны хугаралтай байна” гэсэн...гэх мэдүүлэг/ хэргийн 33-34-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 480 дугаартай ...Ц.*******ийн умдаг ясны баруун талын хугарал, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 42-43-р хуудас/

Шүүгдэгч Х.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 34-44 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр эмнэлэгт хүнд цай хоол өгчихөөд захын доод талын 3 замын уулзвар дээр явж байтал бага насны эрэгтэй хүүхэд миний машины урдуур гүйгээд гарахаар нь би цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлтэл нөгөө хүүхэд гэнэт буцаж гүйгээд миний машины жолооч талын урд хэсгээр шүргүүлээд газарт унасан. Би машинаа зогсоогоод 103 дуудаж хүүхдийг эмнэлгийн машинд өгч явуулаад цагдаад хандсан.Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй ч эмнэлэгт хэвтсэн ээжид надаас өөр хоол цай хүргэх хүн байгаагүй болохоор өөрөө явж байсан. Тухайн үед Ц.*******ийн ээжид “ эм тариа аваарай” гээд өөрт байсан 100000 төгрөгийг өгсөн. Мөн цай хоол, боов боорцог, ундаа жүүс авч өгсөн. Гэхдээ үүнийг би мөнгөөр тооцохгүй...гэх мэдүүлэг / хэргийн 46-47-р хуудас/

Жолоочийн согтуурлыг Alcotest 7510 багажаар шалгасан... согтолт 0.00 хувь .. гэх тэмдэглэл/ хэргийн 58-р хуудас/

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл / хэргийн 57-р хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Ц.*******ийн “Өвчний түүх”-ийн хуулбар / хэргийн 65-75-р хуудас/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Очирбатын хүсэлтийг хангаж Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЗ/269 дугаартай шүүгчийн захирамжаар дахин дүгнэлт гаргуулсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 721 дугаартай шинжээчдийн...иргэн Ц.*******ийн биед умдаг ясны баруун талын хугарал, зөөлөн эдийн няцрал, толгойн хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 07-нй өдрийн 480 дугаартай дүгнэлт үндэслэлтэй... гэх дүгнэлт, шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан 10 хуудас хохирлын баримт зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Х.******* нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 3444 ХОҮ улсын дугаартай  Тоёото Приус маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр жолоодож Ховд аймгийн Жаргалант сумын  Баатархайрхан багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв захын дээд талын 3 замын уулзвар орчимд  замын хөдөлгөөнд оролцож явахдаа тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авч чадаагүйгээс  зам хөндлөн гүйсэн бага насны явган зорчигч Ц.*******ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

 

Тухайн хэрэг учрал болох үед буюу 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Х.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын лавлагаагаар, бага насны хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 480 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 721 дугаартай шинжээчдийн дүгнэлтээр, мөн шүүгдэгч Х.******* Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Мөрдөгчийн магадлагаагаар тус тус тогтоогдсон.

Шүүгдэгч Х.*******ийн үйлдэлд хяналтын прокуророос “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

 

Тухайн хэрэг учралын үед шүүгдэгч Х.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй болох нь “Жолоочийн согтуурлыг Alcotest 7510 багажаар шалгасан “... согтолт 0.00 хувь ...” гэх тэмдэглэлээр тогтоогдсон ба шүүгдэгч өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол учирч болно гэдгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан ч бусдын эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэм буруугийн болгоомжгүй ангилалд хамаарч байна.

 

Хэдийгээр тухайн хэрэг учралын үед шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, явган зорчигчийг зам хөндлөн гүйх үед тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүй буруутай боловч,  бага насны буюу 8 настай /нас тоолсон тэмдэглэл-61-р хуудас/ хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулж,  Замын хөдөлгөөний дүрмийн 27.2-т Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ.а/ “10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх” гэх заалтыг зөрчсөн хохирогчийн асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгчийн буруутай үйлдэл зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэлээ.

 Шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.2-т заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...гэм буруугаа ойлгон гэмшиж байна, хохирогчийн хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй...” гэж мэдүүлсэн болно.

 

            Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.******* нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Х.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хэргийн 52-р хуудас/-аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Х.*******ийн хувийн байдлын талаар гэрч К.Ялалтын    өгсөн...Х.*******тэй 2017 оноос хойш хамт ажиллаж байна. Төлөв даруу зантай, хүнд тусархуу, элдэв муу зуршилгүй, цагаан цайлган зантай хүн байгаа юм. Эцэг эхээс дөрвүүлээ, айлын бага хүүхэд нь.Одоо 3 хүүхэд, өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг....  гэх мэдүүлэг /  хэргийн 22-р хуудас/

Гэрч Б.Буянхишигийн өгсөн...Х.******* нь төлөв даруу зантай, зөөлөн сэтгэлтэй, муухай зан ааш байхгүй гэр бүлдээ халамжтай хүн.3-р сургуульд үйлчлэгчээр ажилладаг, групийн мөнгө болон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгөөр амьдардаг... гэх мэдүүлэг / хэргийн 24-р хуудас/ Х.*******ийн  иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Х.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоох эрхгүй үедээ Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцсон тул шүүгдэгч Х.*******ийг   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, зорчих эрхийг хязгаарлах ялыг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй,  шүүгдэгчээс хохирлын 1423018 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөг, нийт 1923018 төгрөгийг гаргуулах, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх  санал,дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Х.*******ийн өмгөөлөгч Б.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд   заасан  хөнгөрүүлэх  нөхцөл байдал буюу тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй   нөхцөл   байдлын улмаас  анх  удаа  гэмт хэрэг үйлдсэн,1.2-т гэмт хэрэг  үйлдсэний  дараа  хохирогчид  шууд  эмнэлгийн   бусад  туслалцаа  үзүүлсэн  гэх  нөхцөл  байдал   байгаа.Хохирогчийн нэхэмжилсэн 1423018 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, харин өмгөөллийн хөлс 500000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт: энэ гэмт хэргийн улмаас хүүхэд маань гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн.Хохирлоо гаргуулж авна, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Хэрэв энэ гэмт хэргийн улмаас хүүхэд маань хохирогч болоогүй бол өмгөөлөгч авах шаардлага гарахгүй байсан.Тиймээс өмгөөлөгчийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү гэх тайлбар,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Очирбат шүүхийн хэлэлцүүлэгт: Хохирогч Ц.******* нь насанд хүрээгүй 8 настай бага насны хүүхэд байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бага насны хүүхэд өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулах зохицуулалт байгаа тул өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс гаргуулах нь хуулийн зарчимд нийцнэ. Мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэгч эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэх санал, дүгнэлт тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т  заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

 Шүүхээс: Шүүгдэгч Х.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож  Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хасч, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг язгаарлах ял оногдуулж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэх үеэс эхлэн тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3-т зааснаар шүүгдэгч Х.*******ийг Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарлаж шийдвэрлэв.

 

Гурав.Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Х.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас бага насны хохирогч Ц.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь  шинжээчийн дүгнэлтүүдээр  тогтоогдсон.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* шүүгдэгчээс 1423018 төгрөг, нэмж өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөг, нийт 1923018 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд  хохирлын баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч түүний өмгөөлөгч нар нь хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос 1423018 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, өмгөөлөгчийн хөлс 500000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн.

Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.*******ээс хохирлын 1423018 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн өмгөөллийн зардал 500000 төгрөгийг тус тус гаргуулж бага насны хохирогч Ц.*******д олгох, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Х.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Шар цоохор ургийн овогт Хөхөөгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 -д зааснаар шүүгдэгч Шар цоохор ургийн овогт Хөхөөгийн *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1,3-д зааснаар шүүгдэгч Х.*******ийг эрх бүхий байгууллагын хяналтад Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож,  ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.*******т тайлбарласугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх үеэс эхлэн тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Х.*******ээс хохирлын 1423018 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчийн зардал 500000 төгрөг, нийт 1923018 /нэг сая есөн зуун хорин гурван мянга арван найман/ төгрөгийг гаргуулж бага насны хохирогч Ц.*******д олгуулсугай.

 

6.Шүүгдэгч Х.******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт үгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.*******т  оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд  хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах  шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Б.ГАНТӨГС