| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2018/01773/и |
| Дугаар | 3513 |
| Огноо | 2018-11-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 3513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байр, 153 тоотод оршин суух, Хуулар овогт Балжиннямын Ням-Отгон /РД: ЧК75111406/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 63 дугаар байр, 34 тоотод оршин суух, Хаадархан овогт Балжиннямын Ням-Осор /РД: ЧК71093003/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байр, 106 тоотод оршин суух, Хуулар хианууд овогт Балжиннямын Нямсүрэн /РД: ЧВ74062705/ нарт холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр Б.Нинжоролцоог тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэх, 54 140 000 төгрөг гаргуулах, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ням-Отгон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Бэрхсайхан, хариуцагч Б.Ням-Осор, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, хариуцагч Б.Нямсүрэн, гэрч Б.Отгонням, Б.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Амарсана нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ням-Отгон шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 39 дүгээр байр, 83 тоотын 1 өрөө орон сууцыг “Визарговь” ХХК-тай захиалан бариулах гэрээ байгуулж төлбөрт 29 000 ам.доллар төлсөн. 2009 онд орон сууцаа хүлээн авч 4 жил гаруй хугацаанд эзэмшиж байгаад 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр уг орон сууцыг эгч Б.Ням-Осорт 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохирсон ба Б.Ням-Осор төлбөрийг надад цувуул төлөхөөр болсон. Гэвч өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 29 040 000 төгрөгийг төлөөгүй байх тул үлдэгдэл төлбөр 29 040 000 төгрөгийг Б.Ням-Осороос гаргуулж өгнө үү.
Мөн 2004 онд миний бие том эгч болох Б.Нямтуяагийн хамт БНСУ-д ажиллахаар явсан бөгөөд бид 2-ын мөнгөөр манай аав Шадивланд зуслангийн газар худалдан авсан. Манай аав Балжинням 2013 оны 3 сард, том эгч Б.Нямтуяа 2012 оны 12 дугаар сард тус тус нас барсан. Том эгч Б.Нямтуяагийн төрсөн хүүхэд Б.Нинж-Оролцоо нь тархины саажилттай, хөдөлмөрийн чадвар 90 хувийн алдагдалтай, группт байдаг. Том эгч Б.Нямтуяаг нас барснаас уг газрыг Б.Ням-Осор өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Миний бие уг газрыг худалдан авахад аавд 3 500 000 төгрөг өгсөн, мөн 3 000 000 төгрөгийн үнэтэй төмөр хашаа барьсан. Надаас нийт 6 500 000 төгрөгийн зардал гарсан тул уг төлбөрийг хариуцагч Б.Ням-Осороос гаргуулж өгнө үү.
Мөн том эгч Б.Нямтуяа 2012 оны 12 дугаар сард нас бархад Баянгол дүүрэг, Хөгжил хотхонд 1 давхарын 38 м.кв талбайтай орон сууц үлдсэн. Энэ байрыг 62 000 000 төгрөгөөр зарж, 2013 оны 5 дугаар сард Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр байр, 106 тоотын 2 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгөөр худалдан авсан ба Б.Ням-Осор 8 000 000 төгрөг гаргасан. Уг орон сууцанд охин Б.Нинж-Оролцоо, дүү Б.Отгонням нар нүүж орсон. Гэвч хэдэн сарын дараа Б.Нинж-Оролцоог уг байрнаас гаргаж, 1 өрөө байранд оруулсан. Тухайн үед 2 өрөө орон сууцыг нь бусдад түрээслүүлж, олсон мөнгийг нь Б.Нинж-Оролцоогийн асаргаа, сувилгаанд зарцуулна гэж хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл Б.Нинж-Оролцоог сувилалд явуулаагүй. 5 жилийн түрээсийн төлбөрийг Б.Ням-Осор өөрөө авсан. Иймд Б.Ням-Осор нь Б.Нинж-Оролцоогийн ээжээс нь үлдээсэн байрыг зарж, уг зарсан мөнгөөр байр худалдан авч, худалдан авсан байраа бусдад түрээсэлж, түрээслүүлсэн мөнгийг Б.Нинж-Оролцоогийн асаргаа, сувилгаанд зарцуулахгүй өөрөө авч завшиж байгаа тул Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр байр, 106 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Нинж-Оролцоог тогтоож, гэрчилгээг түүний нэр дээр гаргуулж өгнө үү.
Мөн Б.Ням-Осор нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 16 дугаар байр, 63 тоот орон сууцыг залилан мэхэлж, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан тул уг орон сууцны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү.
Хариуцагч Б.Нямсүрэн нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 16 дугаар байр, 63 тоот орон сууцыг 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 5 жил 2 сарын хугацаанд оршин сууц ашигласан тул байр ашигласны төлбөрт 18 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Мөн хариуцагч Б.Нямсүрэнгийн эзэмшиж буй Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр байр, 106 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Нинж-Оролцоог тогтоож, гэрчилгээг түүний нэр дээр гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ням-Осор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 39 дүгээр байр, 83 тоотын 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгчээс 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Төлбөрт 25 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөрт 15 000 000 төгрөг төлөх ёстой боловч 20 000 000 төгрөгийг төлж болно.
Шадивлан зуслан дахь газрыг миний аав Д.Балжинням өөрийн 5 000 000 төгрөгөөр худалдан авсан ба надад газрыг албан ёсоор шилжүүлж өгсөн. Худалдан авахад Б.Ням-Отгоны мөнгө ороогүй. Тэрээр уг газарт хөрөнгө мөнгө гаргаж, засан сайжруулалт хийгээгүй. Эгч Б.Нямтуяаг нас барахад түүний орон сууцыг 62 000 000 төгрөгөөр зарж, түүнээс манай эгч, дүү нар ногдох хувиа авсан бөгөөд миний бие аавын нэр дээр байсан газрыг шилжүүлж авсан тул эгчээс ногдох хэсгийг аваагүй. Уг газарт нэхэмжлэгч нь хашаа бариагүй тул надаас 6 500 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.
Миний эгч Б.Нямтуяа болон охин Б.Нинж-Оролцоо нарын нэр дээр байсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр байр, 218 тоот орон сууцыг ээж нь болох Б.Нямтуяа нас барсаны дараа Б.Нинж-Оролцоогийн асран хамгаалагч болох миний ээж Б.Тошлоогийн оролцоотойгоор 60 000 000 төгрөгөөр худалдсан. Ээж нас өндөр болоод цаашид намайг дүүгээ асар гэсэн учир дүү Б.Нинж-Оролцоогийн хамт амьдарч асрахын тулд Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр байр, 106 тоот орон сууцыг 75 000 000 төгрөгөөр худалдан авсан. Зөрүү 15 000 000 төгрөгийг манай гэр бүл гаргасан. Б.Нинж-Оролцоо болон Б.Нямтуяа хоёрын нэр дээрх Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр байр, 218 тоот орон сууцыг Б.Нямсүрэнгийн мөнгөөр анх худалдан авч байсан. Энэ байранд Б.Нямсүрэн, Б.Нинж-Оролцоо нар амьдарч байгаад 2010 оноос миний эгчийн байр болох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 16 дугаар байр, 63 тоот орон сууцанд нүүж орсон. 2018 онд Б.Нинж-Оролцоогийн эгч нар болох бид ярилцаж ээжийнх нь өмч хөрөнгө болох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 16 дугаар байр, 63 тоот орон сууцанд Б.Нинж-Оролцоогийн нэрийг өмчлөгчөөр оруулан албан ёсоор баталгаажуулан хаягийн шилжилт хөдөлгөөн хийсэн. Одоог хүртэл тэндээ амьдарч байгаа. Энэ байр нь Б.Ням-Отгонд ямар ч хамааралгүй нэхэмжлэл нь үндэслэлгүй. Иймд орон сууцны үлдэгдэл төлбөр 29 040 000 төгрөг гаргуулах шаардлагаас 20 000 000 төгрөгийг зөвшөөрч байна. Харин үлдэх хэсэг болон бусад шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1999 - 2004 оны хооронд БНСолонгос улсад ажиллаж амьдарч байсан бөгөөд энэ хугацаанд цуглуулсан мөнгөө аавдаа явуулж байсан. 2002 онд миний мөнгөөр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр байр, 218 тоот орон сууцыг худалдан авсан. Энэ байрыг авахдаа Б.Нямтуяа, Б.Нинж-Оролцоо хоёрын нэрээр авсан. Учир нь Б.Нинж-Оролцоо нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тул 1 давхарт тохиромжтой гэж үзсэн. Дараа нь байраа эгчтэйгээ сольж аваарай гэсэн. Би 2008-2010 онд энэ байранд дүү Б.Нинж-Оролцоотой хамт амьдарч байсан. Эгч Б.Нямтуяагийн зөвлөснөөр өөрийнх нь байр болох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 16 дугаар байр, 63 тоот орон сууцанд очиж амьдарсан. Энэ байр бол миний байр. Б.Ням-Отгон нь энэ байр болон хаяган дээр хэзээ ч амьдарч байгаагүй. Би өөрийнхөө байранд амьдарч байсан тул Б.Ням-Отгоны нэхэмжлэсэн 18 600 000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Одоо миний эзэмшиж байгаа Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр байр, 106 тоот орон сууцыг би эгч Б.Ням-Осорт 1 өрөө байраараа сольсон. Энэ 1 өрөө байранд Б.Нинж-Оролцоо бие даан амьдардаг ба миний эгч Б.Ням-Осор төлбөр тооцоо болон ахуйн бүх хэрэглээг бүрэн хариуцан асран хамгаалагч нь юм. Иймд нэхэмжлэлийншаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ням-Отгон нь хариуцагч Б.Ням-Осорт холбогдуулан орон сууц худалдсаны үлдэгдэл төлбөрт 29 040 000 төгрөг гаргуулах, газар худалдан авахад зарцуулсан 3 500 000 төгрөг, хашаа барьсан 3 000 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр байр, 106 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Нинж-Оролцоог тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэх, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 16 дугаар байр, 63 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг, хариуцагч Б.Нямсүрэнд холбогдуулан орон сууц ашигласан төлбөрт 18 600 000 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр байр, 106 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Нинж-Оролцоог тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1.1. Хариуцагч Б.Ням-Осорт холбогдох 29 040 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 39 дүгээр байр, 83 тоот орон сууцыг 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Ням-Осорт 50 000 000 төгрөгөөр худалдсан” гэх боловч шүүх хуралдаанд “40 000 000 төгрөгөөр худалдсан” гэж тайлбарлах бөгөөд үлдэгдэл төлбөр 29 040 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлжээ. Хариуцагч нь шаардлагын үндэслэлийг анх шүүхэд гаргасан тайлбартаа “50 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон” гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд “40 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 25 000 000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөг боловч урт хугацааны турш төлөхөөр тохирсон тул 20 000 000 төгрөгийг төлнө” гэжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх шаардлагын зарим хэсгийг зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч болон хариуцагч Б.Ням-Осор нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол /16092/, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 39 дүгээр байр, 83 тоот орон сууцыг хариуцагч Б.Ням-Осорт 10 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч өмчлөх эрх хариуцагч Б.Ням-Осорт шилжиж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний зүйлийн талаар маргаагүй бөгөөд харин гэрээний зүйлийн үнийн талаар маргажээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Талууд гэрээний үнийн талаар улсын бүртгэлд 10 000 000 төгрөг гэж бүртгүүлсэн байх боловч шүүх хуралдаанд 40 000 000 төгрөг, 50 000 000 төгрөг гэж харилцан адилгүй мэдүүлсэн. Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гэрээний үнийг 40 000 000 төгрөг гэж тайлбарласан, үүнийг хариуцагч үгүйсгээгүй байх тул талууд гэрээний үнийг 40 000 000 төгрөгөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь уг гэрээний үлдэгдэл төлбөр 29 040 000 төгрөгийг хариуцагч төлөөгүй гэх боловч уг шаардлагаа баримтаар нотлоогүй байна. Гэвч хариуцагч нь уг шаардлагаас 20 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар дээрх гэрээний үүрэгт 20 000 000 төгрөгийг хариуцагч Б.Ням-Осороос шаардах эрхтэй.
1.2. Хариуцагч Б.Ням-Осорт холбогдох, газар худалдан авахад зарцуулсан 3 500 000 төгрөг, хашаа барьсан 3 000 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Талийгч Д.Балжинням нь 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдөр нас барсан байх бөгөөд 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн 18642322815516 нэгж талбарын дугаартай, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Шадивлангийн гудамж, 700 м.кв газрыг 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр өөрийн төрсөн охин Б.Ням-Осорт шилжүүлсэнээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын шийдвэрээр хариуцагч Б.Ням-Осорт уг газрыг эзэмшүүлэхээр болжээ. Хэрэгт авагдсан баримтаар дээрх газрыг талийгч Д.Балжинням худалдан авахад нэхэмжлэгч нь 3 500 000 төгрөгийг талийгч Д.Балжиннямд өгсөн буюу 3 500 000 төгрөг, уг газарт хашаа барихад нэхэмжлэгч нь 3 000 000 төгрөг зарцуулсан буюу 3 000 000 төгрөгийн зардал тус тус гаргасан нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг газар эзэмших эрхийг өвийн үндсэн дээр бус, гэрээний үндсэн дээр шилжүүлж авсан, мөн талуудын хооронд гэрээний үүрэг үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд хариуцагчийг нэхэмжлэгчийн 6 500 000 төгрөгийн хэмжээнд буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх үндэслэлээр 6 500 000 төгрөг шаардах эрхгүй байна.
1.3. Хариуцагч Б.Ням-Осорт холбогдох, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 16 дугаар байр, 63 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын тухайд:
Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 63 тоот орон сууц нь 1998 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Д.Мөнхтогтох, С.Удаанжаргал, М.Эрдэнэсайхан, М.Энхсайхан нарын 4 хүний өмчлөлд бүртгэлтэй байж байгаад 2003 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн бэлэглэлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч болон хариуцагч нарын өмчлөлд, 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн, 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч болон Б.Нинж-Оролцоо нарын өмчлөлд тус тус шилжсэн байна.
Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 63 тоот орон сууцны өмчлөх болон эзэмших эрхээс татгалзах, нэрээ хасуулах хэлцэлд төлөөлөх эрхийг Б.Нямзаяад 3 жилийн хугацаатай олгожээ. Уг итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямзаяа нь нэхэмжлэгчийг төлөөлж дээрх орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэлийг 2013 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчтай байгуулсанаар Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 63 тоот орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Б.Ням-Осор үлдэж, нэхэмжлэгч хасагдсан байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд өмчлөгч нь хууль бус өмчлөгч байх, мөн хууль бусаар эзэмшиж байх, түүнчлэн шаардлага гаргаж буй этгээд нь өөрөө хууль ёсны өмчлөгч байхыг шаардана. Дээрх үйл баримтаас үзвэл нэхэмжлэгчээс Б.Нямзаяад олгосон итгэмжлэл нь хүчин төгөлдөр, уг итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч нь өмчлөгчөөс татгалзсан, хариуцагч нь уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэвээр байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 63 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхгүй.
2.1. Хариуцагч Б.Нямсүрэнд холбогдох, орон сууц ашигласан төлбөрт 18 600 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч нь дээрх шаардлагын үндэслэлийг хариуцагч Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 63 тоот орон сууцыг 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ашигласны төлбөрт 18 600 000 төгрөг гаргуулах гэж тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглуулах талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл, мөн хариуцагчийг нэхэмжлэгчийн 18 600 000 төгрөгийн хэмжээнд буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх үндэслэлээр 18 600 000 төгрөг шаардах эрхгүй байна.
3.1. Хариуцагч Б.Ням-Осор, Б.Нямсүрэн нарт холбогдох, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр байр, 106 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Нинж-Оролцоог тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагын тухайд:
Хариуцагч Б.Ням-Осорын болон Б.Алтангэрэл нарын хооронд байгуулагдсан 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 14 дүгээр байр, 106 тоот орон сууц нь хариуцагч Б.Ням-Осорын өмчлөлд, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээний үндсэн дээр дээрх орон сууц нь хариуцагч Б.Ням-Осорын өмчлөлөөс хариуцагч Б.Нямсүрэнгийн өмчлөлд шилжиж, улсын бүртгэлд бүтгэгдсэн байна.
Баянгол дүүргийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 248 дугаар захирамжаар тархины саа оноштой, хөдөлмөрийн чадвар 90 хувь алдсан Б.Нинж-Оролцоогийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр түүний үрчлэгч эх Б.Тошлоог тогтоосон байна. Улмаар Баянгол дүүрэгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс болон хариуцагч Б.Ням-Осор нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах гэрээ”-ээр асруулагч Б.Нинж-Оролцоогийн асрагчаар Б.Ням-Осорыг тогтоож, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, мөн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулжээ. Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн А/409 дүгээр захирамжаар Б.Нинж-Оролцоогийн асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр Б.Ням-Осорыг тогтоосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д зааснаар асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь асрамж, дэмжлэгтээ байгаа хүнтэй хэлцэл хийхийг хориглох бөгөөд хэрэв хийсэн тохиолдолд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан буюу хууль зөрчсөн хэлцэлд тооцогдох бөгөөд мөн зүйлийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр байр, 106 тоот орон сууцны өмчлөгч солигдсон үйл баримтад дээрх нөхцөл байдал буюу хариуцагч Б.Ням-Осор өөрийн асрамж, дэмжлэгтээ байгаа Б.Нинж-Оролцоотой энэ талаар хэлцэл байгуулагдсан гэж үзэх, түүнчлэн, хариуцагч Б.Нямсүрэнг уг шаардлагыг хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь мөн зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч нарт холбогдуулан шаардах эрхгүй байна.
Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Ням-Осороос 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болон хариуцагч Б.Нямсүрэнд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ням-Осороос 20 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Ням-Отгонд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 040 000 төгрөг гаргуулах, 6 500 000 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 16 дугаар байр, 63 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр байр, 106 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Нинж-Оролцоог тогтоолгох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Нямсүрэнд холбогдох, 18 600 000 төгрөг гаргуулах, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 14 дүгээр байр, 106 тоот орон сууцны өмчлөгчөөр Б.Нинж-Оролцоог тогтоолгох тухай нэхэмжлэгч Б.Ням-Отгоны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 873 300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ням-Осороос 257 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН