Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 3427

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Сайхан булган хотхоны 34А байрны 0 давхарт байрлах, Булган СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Сайхан булган хотхоны 34А байрны 12 тоотод оршин суух, Боржигон овогт Цагаанхүүгийн Үүрцайх /РД:ЙМ87030109/-д холбогдох,

 

1,232,844 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган СӨХ нь Сайхан булган хотхоны оршин суугчдын үүсгэл санаачилгаар байгуулагдсан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 6-р сарын 07-ны өдрийн 266 тоот гэрчилгээтэй болно. Тус Булган СӨХ нь Сайхан Булган хотхоны 169 өрхийг хариуцан ажиллаж байна. Булган СӨХ нь хотхоны орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө, цэвэр, бохир ус тараалтын болон цахилгааны шугамыг хамгаалан, элэгдэн хуучирсан даруйд шинээр солих, эвдэрсэн эд хөрөнгийг хугацаа алдалгүй засварлах, орц, хонгил, гаражийн гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн зам талбай, орцны цэвэрлэгээг тогтмол хийж, хотхоныг камержуулах, суугчдын ая тухтай аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэн, гэрээт байгууллагуудтай байгуулсан гэрээний дагуу өр үүсгэхгүй хууль тогтоомжид заасны дагуу анхан шатанд хуулийг хэрэгжүүлэн үйл ажиллагааг явуулж байна. Ц.Үүрцайх нь 34А байрны 12 тоотын сууц өмчлөгч бөгөөд хүлээсэн үүргийнхээ дагуу СӨХ-ны төлбөрийг тогтоосон хугацаанд төлж барагдуулах үүрэгтэй атлаа иргэний үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүй өдий хүрсэн байна. СӨХ-ны байцаагч төлбөрөө төлөх талаар хууль ёсны шаардлага, мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн бөгөөд нийтийн зориулалттай орон сууцны нэг нэгээсээ хамааралтай байдлыг ашиглан төлбөрөө хугацаандаа төлдөг суугчдын мөнгөөр СӨХ-оос үнэгүй үйлчилгээ авч бусдыг хохироон нийтийн эрх ашгийг зөрчиж СӨХ-ны хэвийн үйл ажиллагаанд доголдол учруулсаар ирсэн. СӨХ-оос Ц.Үүрцайхыг төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан. Бусад оршин суугчдын СӨХ-ны төлбөрөөр завшиж амьдарсан төлбөрийг Ц.Үүрцайхаас гаргуулахаар шүүхэд хандсан.

Иймд 34а байрны 12 тоотын өмчлөгч н.Үүрцайхаас СӨХ-ны төлбөрт 2014 оны 4 сараас 12 сарын төлбөр 203,310 төгрөг, 2015 оны 1 сараас 12 сарын төлбөр 271,080 төгрөг, 2016 оны 1 сараас 12 сарын төлбөр 271,080 төгрөг, 2017 оны 1 сараас 12 сарын төлбөр 319,432.40 төгрөг, 2018 оны 1 сараас 6 сарын төлбөр 167,924.40 төгрөг нийт 1,232,844,80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Үүрцайх шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: СӨХ-ны маргааны хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Иймд 2015 оны 9 дүгээр сараас хойшхи хугацааны СӨХ-ны төлбөр төлнө. Өмнөх СӨХ-ны захирал оршин суугчдаас үндэслэлгүй мөнгө хураадаг байсан учраас би СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзаж, төлдөггүй байсан гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Булган Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ нь хариуцагч Ц.Үүрцайхад холбогдуулан СӨХ-ны2014 оны 4 сараас 2018 оны 06 сар хүртэлх хугацааны төлбөрт нийт 1,232,844.80 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх ба үндэслэлээ ...хөөн хэлэлцэх хугацааны дагуу 2015 оны 9 дүгээр сараас өмнөх хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөхгүй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ц.Үүрцайх нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт жамсранжав гудамж 34а байрны 12 тоот хаягт байршилтай, 64,5 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205057069 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгч мөн болох нь 000374128 дугаарта үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Булган СӨХ нь Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33,34,34а байрны сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажилладаг болох нь Баянгол дүүргийн Засаг даргаас 2018 оны 06 дугаар сарын 19-ны өдөр олгосон 266 дугаартай гэрчилгээ болон нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх тул Булган СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нараас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсан зардлыг шаардах эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад ...төлнө гэжээ.

 

Иймд хариуцагч Ц.Үүрцайх нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг СӨХ-д төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэжээ.

 

Сууц өмчлөгчийн өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөр төлөх үүрэг нь тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгт хамаарч байх тул хариуцагч Ц.Үүрцайхаас 2015 оны 08 сараас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 3 жилийн хугацааны өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Ц.Үүрцайхаас нэхэмжлэл гаргахаас өмнөх 3 жилийн хугацааны буюу 2015 оны 08 дугаар сараас 2018 оны 08 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрт 871,405 төгрөгийг гаргууланнэхэмжлэгчид олгож, үлдэх 361,439.80 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Үүрцайхаас 871,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Булган Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, үлдэх 361,439.80 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Үүрцайхаас улсын тэмдэгтийн хураамжинд 25,464 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Булган Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА