Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2018/01708

 

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 155/ШШ2018/01708

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З.Гэ,

Хариуцагч: З.Гм нарт холбогдох

Зээлийн төлбөр 51.720.000 /тавиан нэгэн сая долоон зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Манлайбаяр, нэхэмжлэгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.Гэ, З.Гм нар нь 2017 оны 11 сарын 22-ны өдөр Б.М надаас 34.480.000 төгрөгийг зээлж аваад 2018 оны 03 сарын 22-нд буцааж өгөхөөр харилцан тохирч гэрээ хийсэн боловч уг зээлж авсан мөнгөө өгөхгүй 6 сар буюу 183 хонож намайг хохироож байна. Иймд З.Гэ, З.Гм нараас зээлж авсан мөнгө 34.480.000 төгрөг, түүний алданги болох 17.240.000 төгрөг, нийт 51.720.000 төгрөгийг гаргуулж Б.М намайг хохиролгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч З.Гэ, З.Гм нарын “мөнгө зээлүүлээч” гэх хүсэлтийн дагуу 34.480.000 төгрөгийг нотариатаар баталгаажуулан өгч байсан. Тус мөнгийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөр хугацаа тогтоож гэрээ байгуулсан юм. Гэвч хариуцагч нар нь миний мөнгийг гэрээнд заасан хугацаанд өгөхгүй байсан учир тэднээс мөнгөө олж авахаар Улаанбаатар хот руу 2-3 удаа өөрийн зардлаар явж байсан. Иймд З.Гэ, З.Гм нараас үндсэн зээл 34.480.000 төгрөг, 183 хоног хугацаа хэтрүүлсэн зээлийн алданги 17.500.000 төгрөг, нийт 51.720.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэл гаргасан. Одоо шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 1.720.000 төгрөгийг хасаад үлдээд үлдэх 50.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Хариуцагч нарын тайлбарт дурдагдсан 6.810.000 төгрөг өгсөн гээд байгаа нь өмнөх зээлийн гэрээний буюу 2017 оны 9 дүгээр сард зээлж авсан 10.000.000 төгрөгтэй холбоотой юм. Тухайн үед тэд нар уг мөнгөний хугацааг мөн л хэтрүүлж 11 дүгээр сард  үндсэн зээлсэн мөнгөө, алданги 6.810.000 төгрөгийн хамт өгч байсан. Тиймээс би үүнийг нотлох гэрээ болон хугацаа хэтрүүлж төлсөн баримтыг хавсаргаж өгсөн. Өнөөдрийн маргаж байгаа зээлийн гэрээний асуудалтай холбоогүй. Алдангийн тухайд бид нар гэрээ байгуулахдаа нотариатч дээр очиж гэрээгээ батлуулсан ба нотариатч хэлж зөвлөсний дагуу бид 3 хувь байхаар харилцан ярилцаж тохиролцсон. Би гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй хэмжээгээр алдангийг нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч З.Гэ, З.Гм нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Мөрөн сумын иргэн Гэ, төрсөн дүү Гм бид Мөрөн сумын иргэн /тухайн үед “Хөвсгөл Дулааны станц” төрийн өмчит хувьцаат компанийн захирал ажилтай байсан/ Б.Маас бэлнээр 30.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй харилцан тохиролцож зээлж авсан. 2017 оны 12 сараас хойш нийтдээ 6.810.000 төгрөгийн хүүг дансаар төлсөн байна. Бид нэхэмжлэгч Б.Мд 30.000.000 төгрөгөөс хүү төлж байсан бөгөөд Иргэний хуулийн дагуу үндсэн зээл, хүү, алдангийн нийлбэр 45.000.000 төгрөгийг төлөх саналтай байна. Гэхдээ уг 45.000.000 төгрөгийн төлбөрөөс бид 6.810.000 төгрөгийг төлсөн тул уг хүүгийн төлбөрийг хасч 38.190.000 төлнө гэж үзэж байна. Иргэн Б.Мтай үлдэгдэл төлбөр 38.190.000 төгрөгийг төлөх хугацааг тохирч, шүүхийн бус журмаар буюу эвлэрүүлэн зуучилж өгнө үү. Бид иргэн Б.Мтай эвлэрлийн журмаар ойлголцож төлбөрийг төлөх хүсэлтийг гаргаж байна. Бид үндсэн зээлээс гадна 15.000.000 төгрөгийн хүү, алдангийг төлөх бөгөөд өмнө нь төлсөн хүүг хасч 8.190.000 төгрөгийн хүү алданги болон үндсэн зээл 30.000.000 төгрөг, нийт 38.190.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч З.Гэ, З.Гм нараас зээлийн төлбөр 51.720.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 50.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч З.Гэ, З.Гм нар нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр Б.Маас 30.000.000 төгрөгийг авсан ба уг мөнгөний хүүд нийт 6.810.000 төгрөгийг төлсөн. Зээл, хүү, алдангийн нийлбэр нийт 45.000.000 төгрөгийг Б.Мд төлөх ба уг төлбөрөөс өмнө өгсөн хүүний төлбөр 6.810.000 төгрөгийг хасаж үлдэх 38.190.000 төгрөгийг төлнө гэх тайлбарыг гаргасан ба хэн аль нь шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд гаргасан тайлбар, бусад баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.  

Нэхэмжлэгч нь хариуцагч З.Гэ, З.Гм нартай маргаж байгаа зээлийн гэрээнээс тусдаа 2017 оны 09 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 10.000.000 төгрөгийг зээлсэн ба уг гэрээ ёсоор 2017 оны 09 сарын 26-ны өдөр зээлийг төлөх, дурдсан хугацаанд мөнгийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээгээр тохиролцсон хугацаанд хариуцагч нар нь зээлийн төлбөрийг төлөөгүй уг 10.000.000 төгрөгийг надад 2017 оны 11 сарын 17-ны өдөр өгсөн. Хариуцагч нар нь надад 6.810.000 төгрөгийг биш 5.950.000 төгрөгийг өгсөн ба энэ мөнгө нь бидний өмнөх гэрээ буюу 2017 оны 09 сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний алдангид төлсөн төлбөр юм.  Иймд 2017 оны 11 сарын 22-ны өдөр бичгээр байгуулсан гэрээ ёсоор үндсэн зээл 34.480.000 төгрөг, түүний алданги 17.240.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна гэж маргаж байна.

Зохигч нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 34.480.000 төгрөгийг хүүгүйгээр, 4 сарын хугацаатай, зээлийн хугацаа хэтэрвэл хоногт 3%-ийн алданги тооцохоор зээлийн гэрээг бичгээр байгуулсан байх ба дээрх гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээнд үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй тохиолдолд алданги  төлөхөөр заасан байх ба энэ заалт нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангажээ. /хх-ийн 2-р тал/

Талууд зээлийн гэрээ байгуулсан үйл баримтанд маргаагүй ба харин дээрх зээлийн гэрээгээр 34.480.000 төгрөгийг өгч авалцсан эсэх талаар маргаж байгаа ба нэхэмжлэгч Б.М нь хариуцагч З.Гэ, З.Гм нарт 34.480.000 төгрөгийг гэрээ ёсоор хүлээлгэн өгсөн болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар нотлогдохгүй, нэхэмжлэгч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй.

Иймд хариуцагч нарын зөвшөөрсөн дүнгээр буюу 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.М нь 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч З.Гэ, З.Гм нарт зээлдүүлсэн байна гэж шүүх үзлээ.

Мөн дээрх зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж нэхэмжлээгүй, байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хувьд хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.

Хариуцагч нар нь зээлийн хүүд 6.810.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн гэх тайлбарыг ирүүлсэн байх боловч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, зохигч нь дээрх гэрээнд хүү өгч авалцахаар тохиролцсон тохиролцоо байхгүй байх тул нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...хариуцагч нар нь надад 5.950.000 төгрөгийг өгсөн... гэх тайлбарыг үндэслэн үндсэн зээл 30.000.000 төгрөгөөс хариуцагч нарын өгсөн гэх 5.950.000 төгрөгийг хасч, зээлийн гэрээний үндсэн үүрэгт хариуцагч нар нь төлбөл зохих төлбөр 24.050.000 төгрөг байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй буюу бүрэн төлж барагдуулаагүй тул түүнийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги хэмээн тодорхойлж, уг анзыг гэрээнд заасан нөхцөлд шаардах эрхтэй байхаар хуульчилсан.

Талуудын 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний  4-т “Зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацаагаа зөрчвөл зээлдүүлэгчид хугацаандаа төлөөгүй мөнгөний дүнгийн 3 хувиар хугацаа хэтэрсэн хоног тутам алданги тооцно”  хэмээн тохирсон нь алданги шаардах үндэслэл бүрджээ.

Гэхдээ гэрээний талууд алдангийг тохирохдоо хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тохирох байтал 3 хувь гэж тохиролцож гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн байх хэдий ч нэхэмжлэгч нь нэхэмжлэхдээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги гаргуулна гэснийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд хариуцагч гэрээний үүргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр буюу 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 180 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул гүйцэтгээгүй үүрэг болох 24.050.000 төгрөгийн алданги /24.050.000*0.5%*180/ 21.645.000 төгрөг болж байх ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээнд хязгаарлахад 10.822.500 төгрөг болох ба нийт 34.872.500 төгрөгийг хариуцагч нар нь нэхэмжлэгч Б.Мд төлөхөөр байх боловч хариуцагч З.Гэ, З.Гм нар нь 38.190.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө гэх тайлбар ирүүлснийг үндэслэн хариуцагч нараас 50.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 39.190.000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 10.810.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Гэ, З.Гм нараас 39.190.000 төгрөг тохирох улсын тэмдэгтийн хураамж 353.900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч З.Гэ, З.Гм нараас 39.190.000 /гучин есөн сая нэг зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10.810.000 /арван сая найман зуун арван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416.550 /дөрвөн зуун арван зургаан мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Гэ, З.Гм нараас 353.900 /гурван зуун тавин гурван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БЯМБАСҮРЭН