Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 110/ШШ2021/0018

 

         Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: Д.А  нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  Улаанхус сумын  улсын бүртгэгч , Улаанхус сумын Засаг дарга  нарт холбогдох;

 “Д.Аыг М.Е ,А.А нарт үрчилснийг бүртгэхийг  улсын бүртгэгчид даалгах, Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай,  шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн  хүсэлтдээ:

Д.А би 2001 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүн эмнэлгийн төрөх тасагт эх Х.К, эцэг М.Д нарын анхны хүүхэд болж төрсөн. Миний ээж, аав намайг төрсний дараа аавын төрсөн дүү М.Е, А.А нарт харилцан зөвшилцөж байгаад намайг үрчлүүлсэн байна. Би ухаан орсон цагаас өнөөдрийг хүртэл М.Е аав, А.А ээж гэж дуудан, тэдний төрсөн үр хүүхэд мөн гэж итгэж явдаг. Би 2001 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрснөөс эхлэн М.Е, А.А нарын асрамжид өнөөдрийг хүртэл өсөн хүмүүжиж байна.

Би 7 настай байхад намайг төрүүлсэн ээж Х.К 2011 оны 08 дугаар сарын 04-ны өдөр нас барсан байна. Намайг М.Е, А.А нар үрчилж авсныг би 18 нас хүрсэн үед надад иргэний цахим үнэмлэх авах гэж аав, ээж маань сумын Иргэний бүртгэл, мэдээллийн албанд хандаад төрсний гэрчилгээ олдсонгүй гэж хэлж паспортыг авч чадаагүй гэсэн үед мэдсэн.  Намайг үрчлэн авах, үрчлүүлж өгөх талаар үрчлэгч, үрчлүүлэгчид удаа дараа тус сумын Засаг дарга, улсын болон иргэний бүртгэлийн байцаагчид өргөдөл өгч, хүсэлтээ гарган хандаж байсан бөгөөд тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнууд хайхрамжгүй хандаж бүртгэж аваагүй, бүртгэсэн гэж худал хэлж итгүүлсэн, эцэслэн шийдэж өгөөгүй, үрчлэлт хийгээгүйгээс болж иргэн Аманбол би өнөөдөр хүртэл улсын бүртгэлд бүртгэлгүй болж хохирсон.

Тухайн үед намайг М.Е, А.А нарт үрчлүүлсэн, тэдний хүүхэд мөн гэдгээр  М.Е, А.А нарын өрхөд бүртгэж байжээ Надад холбогдох бүх бүртгэл судалгаа, эмнэлэг, сургууль, халамж үйлчилгээ зэрэг байгууллагууд одоогийн үрчилж авсан эцэг ,эхийн нэр дээр бүртгэсэн бөгөөд эдгээр бүртгэлтэй холбоотой баримт бичгийг нь үнэлэх нь хүртэл хэцүү болж цаашид улс нийгэмдээ суралцах, зорчих, эмнэлэг, бусад үйлчилгээг авах эрхгүй болж хохирч байна. Намайг ухаан орох үеэс өнөөдрийг хүртэл асран халамжилж, сурган хүмүүжүүлж, төрсөн үр хүүхэд минь гэж хайрлаж өсгөж байгаа эцэг ,эх минь болсон М.Е, А.А нарын хүүхэд болохыг хүсэж байна.

Би үрчлэлт хийгдээгүйг дурдаад одоогийн эцэг, эх минь болсон М.Е, А.А нарын хамт сумын Засаг даргад үрчлүүлсэн тухай захирамж  гаргаж өгөхийг хүсэж өргөдөл гаргахад Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга О.Н нь 2020.04.15-ны өдөр Б/19 дугаартай захирамжаар намайг М.Е, А.А нарт үрчлүүлсэн тухай эрхийн акт гаргаж өгсөн юм. Гэтэл аймгийн Улсын бүртгэлийн газар нь уг захирамжийг Д.А нь 19 нас хүрсний дараа гарсан болохоор 2018 онд өөрчлөлт орсон Гэр бүлийн тухай хуулийг үндэслэж хүчингүй гэж үзэж, намайг үрчлэгдсэн гэж улсын бүртгэлд бүртгэхгүй байна. Мөн 2018 онд үрчлэлтийн байдалтай холбогдож гарсан хуулийн заалтуудыг үндэслэсэн гэж тус Улаанхус сумын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаартай захирамжаар Засаг дарга нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 дугаартай захирамжийг хүчингүй болгосон билээ. Би Засаг даргын тус захирамж үндэслэлгүй гарсан байна гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Энэ Б/24 тоот захирамж гарснаар миний бүртгэлд бүртгүүлэх, иргэн болох эрх минь ноцтой зөрчигдсөн юм. Тэгээд ч миний төрүүлсэн ээж нас барсан, төрүүлсэн эцэг М.Д нь үрчлүүлэхийг одоо хүртэл хүлээн зөвшөөрөөд байгаа зэрэг нь иргэн Д.А миний хувь заяа, амьдралыг боломжийн байдлаар шийдэхэд нааштай нөлөөлөх бөгөөд сөрөг үр дагавар байхгүй юм. Миний үрчлэлт бол тухайн үед 2001 оны 10 дугаар сарын 07-нд үрчлэгч, үрчлүүлэгчийн болон сумын бүртгэл мэдээллийн албан тушаалтны хооронд хийгдчихсэн болохоор үрчлэлтийн байдлыг 2017 он хүртэл мөрдөж байсан гэр бүл, үрчлэлтийн тухай хуулиар шийдэх боломжтой гэж үзэж байна.

Иймд Д.А намайг М.Е, А.А нарт үрчлүүлснийг бүртгэхийг улсын бүртгэгчид даалгаж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаартай захирамжийг хүчингүйд тооцож өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгааг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага  нь Д.Аыг М.Е, А.А нарт үрчлүүлснийг бүртгэхийг  улсын бүртгэгчид  даалгах ,сүүлд Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаартай захирамжийг хүчингүй болгох гэж шаардлагаа ихэсгэсэн байгаа.  Д.А   нь  М.Е, А.А нарын хүүхэд болж, өсөж, хүмүүжиж ирсэн талаар нэхэмжлэл болон өөрийнхөө өгсөн тайлбарт  тодорхой тайлбарласан байгаа.  Өмнөх  хуулиуд  буюу гэр бүл, үрчлэлтийн тухай хуульд тухайн иргэн өөрөө үрчлүүлэх асуудлаа шийднэ гэдэг талаас нь ханддаг байсан. Үрчлэлтийн асуудлыг 2020 оноос хойш хүчингүйд тооцож, үрчлэлтийн асуудал хүндэрсэн байгаа. Уг хуулийг үндэслээд үрчлүүлэх боломж байхгүй гэсэн тайлбар өгсөн. Д.А нь 2001 онд төрснөөс хойш М.Е, А.А нарын асран хамгаалалтад байж хүмүүжиж ирсэн. Одоо хүртэл М.Е, А.А нарын асрамжид байгаа. Тухайн сумын Засаг дарга Д.Аын үрчлэлтийг бүртгэхийг улсын бүртгэлийн байцаагчид удаа дараа хэлж, бүртгэлд  орсон байдлаар явж байсан.  Д.А 18 насанд хүрч иргэний цахим үнэмлэх авах үед энэ байдал илрээд шүүхэд хандсан байгаа. Үрчлэлтийн байдлын хувьд гэр бүл, үрчлэлтийн  тухай хууль шинэчлэгдээгүй үед үрчлэгдсэн.  Д.А өөрийгөө М.Е нарын хүүхэд гэдэгт итгэж явдаг. Төрсөн эцэг нь М.Д ганц бие амьдардаг, ээж нь нас барсан, мөн  эцэг нь   үрчлүүлэхийг зөвшөөрсөн байгаа. Тиймээс эдгээр  байдлыг үндэслээд 2020 оны Б/19 дугаар захирамж гарсан. Иймд Д.Аыг М.Е, А.А нарт үрчлүүлснийг бүртгэхийг даалгах, Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай  шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч  Улаанхус сумын улсын бүртгэгч Б.Б. шүүхэд ирүүлсэн  тайлбартаа:

Миний бие Б.Б Улаанхус сумын 7 дугаар багт оршин суудаг. Одоо Улаанхус суманд улсын бүртгэгчээр ажилладаг. Би Д.Аын нэхэмжлэлтэй танилцсан болно. Д.Аыг үрчилж авах талаар надаас ах нь болох М.Е нь 2020 оны 2 дугаар сарын үед асууж тодруулж байсан нь үнэн болно. М.Ед сумын нийгмийн бодлогын ажилтан болон Засаг даргад хандаарай гэж зөвлөсөн болно. Би тухайн үед  Д.Аыг 19 нас хүрснийг мэдээгүй болно. 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 тоот хүүхэд үрчлүүлэх тухай захирамж гаргуулаад ирсэн байна. Би тухайн үед захирамжийн  хамт бүрдүүлж ирсэн бусад материалыг хянаж үзээд  Д.А нь 19 насанд хүрснийг үзээд Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн заалтыг зөрчсөн тул бүртгэлд бүртгэхээс татгалзсан болно. Энэ талаар М.Ед хуулийн дагуу тайлбарлаж өгсөн болно. Мөн Засаг даргад тухайн үед хуулийн заалтыг зөрчсөн талаар мэдэгдсэн болно. Мөн  2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тус захирамжийг хүчингүй болгосон байгаа. Өөр хуулийн заалтаар шүүхийн шийдвэрээр үрчлүүлэхэд миний зүгээс татгалзах зүйлгүй болно гэжээ.

Хариуцагч Улаанхус сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Тус сумын 4 дүгээр багийн иргэн болох М.Е, А.А нарын өргөдөл, хүсэлтийн дагуу Д.Аыг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 дүгээр захирамж гаргаж үрчлүүлсэн. Гэвч тухайн үед Д.А нь насанд хүрсэн гэдгийг мэдээгүй учраас захирамж гаргасан юм байна.

Иймд хуучин ажиллаж байсан Засаг дарга О.Нурлан нь бүрэн эрхийн хүрээнд, хүүхэд үрчлүүлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 тоот захирамжийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 тоот захирамжаар хүчингүй болгосон байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Аын  “М.Е ,А.А нарт үрчилснийг бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах, Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Аманбол нь  2001 оны 10 дугаар сарын 07-ны өдөр М.Д /эцэг/, Х.К /эх/ нарын гэр бүлд төрсөн,  2011 оны 08 дугаар сарын 04-ний өдөр  эх Х.К  нь нас барсан, 2020 оны 01 дүгээр  сарын 14-ний өдөр  М.Д нь  өөрийн хүү  Аманболыг үрчлүүлэх тухай зөвшөөрөл, М.Ды дүү М.Е, түүний эхнэр А.А нар  үрчлэн авах тухай хүсэлт, Д.А  нь үрчлүүлэхэд татгалзах зүйлгүй тухай өргөдөл  тус тус гаргаж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн сумын Засаг даргад өгсөн, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанхус сумын нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээс “Улаанхус сумын 4 дүгээр багийн оршин суугч М.Е, А.А нарт хүүхэд үрчлүүлэхэд  хууль зүйн хувьд харшлах зүйлгүй,  өөрийн хүүхдийн адил өсгөн хүмүүжүүлэх бүрэн боломжтой өрх” гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар Улаанхус сумын Засаг даргаас  2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/19 дүгээр  “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамж гаргаж, Д.А М.Е, А.А нарт үрчлүүлж,  холбогдох хууль журмын дагуу үрчлэгдсэн хүүхдийн бичиг баримтыг  бүрдүүлж, бүртгэлийн  ажиллагаа явуулахыг улсын бүртгэгч Б.Б зөвшөөрсөн боловч улсын бүртгэгч нь  үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан, уг Б/19 дүгээр  захирамжийг Улаанхус сумын Засаг  даргын  2020 оны  06 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр захирамжаар  хүчингүй болгосон  байх ба эдгээр үйл баримтууд нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тус тус тогтоогдсон болно.

Хариуцагч Улаанхус сумын улсын бүртгэгч болон Засаг даргаас “Д.А нь насанд хүрсэн байхад үрчлүүлсэн захирамж гаргасан нь хууль бус бөгөөд уг захирамжийн дагуу  үрчлэлтийг бүртгэх нь хууль зөрчих учраас бүртгэхээс татгалзсан, хүүхэд үрчлүүлэх тухай уг хууль бус захирамжийг бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгосон” гэсэн тайлбар гаргасан нь дараах байдлаар үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн  “Хүүхэд үрчлэх” гэсэн 7 дугаар бүлгийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ”, 55 дугаар зүйлийн 55.1-д “Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн байна”, 55.6-д “Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана”, 55.7-д “Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана” гэж, мөн Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч  дараах баримт бичгийг бүрдүүлж, хүүхдийн оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг даргад  өөрийн биеэр хандана”, 11.5-д “Сум, дүүргийн Засаг дарга  хүүхэд үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг энэ хуулийн 11.4-т заасан дүгнэлтэд үндэслэн  20 хоногийн дотор гаргана” гэж   тус тус заасан.

Үрчлэлт, үрчилсний бүртгэлийг зохицуулсан хуулийн дээрх заалтуудаас үзэхэд үрчлэгдэгч нь зөвхөн хүүхэд байхаар хуульчилсан, өөрөөр хэлбэл уг хуулиудаар хүүхдийг үрчлэх, үрчлүүлэх тухай харилцааг зохицуулснаас гадна үрчлэлт  нь гагцхүү хүүхдийн ашиг сонирхлын  үүднээс хийгддэг  үйл ажиллагаа юм.

Хүүхдийн эрхийн тухай  конвенцын  1 дүгээр зүйлд “Энэхүү Конвенцын зорилгод тухайн хүүхдэд хэрэглэх хуулийн дагуу тэрээр 18 наснаас өмнө насанд хүрсэнд тооцогдоогүй бол 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэнэ”  гэж зааснаар 18 насанд хүрээгүй тохиолдолд хүүхэд гэж тооцогддог байна.

Гэтэл М.Е, А.А нараас 2001 оны  10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн  Д.Аыг үрчлэн авах тухай хүсэлтийг 2020 оны  01 дүгээр сарын 14-ний өдөр  буюу  18 нас  хүрсний  дараа гаргасан байхад  Улаанхус сумын Засаг даргаас  уг хүсэлтийг үндэслэн 2020 оны 04 дүгээр  сарын 15-ны өдөр гаргасан  Д.Аыг үрчлүүлэх тухай шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл хууль  тогтоомжид нийцээгүй буюу Гэр бүлийн тухай хууль, Иргэний  улсын бүртгэлийн тухай хуулийн дээрх заалтуудтай нийцээгүй,   хууль бус захиргааны акт байна гэж дүгнэлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн  29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх; 4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх”, 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна: 19.4.2.энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 19.4.3.энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус зохицуулжээ.

Дээрх байдлаар Д.Аыг үрчлүүлэх тухай Улаанхус  сумын Засаг даргын  2020 оны 04 дүгээр  сарын 15-ны өдрийн Б/19 дүгээр захирамж нь үрчлэлтийн харилцааг зохицуулсан хууль тогтоомжид нийцээгүй, хууль бус захиргааны акт  тул улсын бүртгэгчээс уг захирамжийн дагуу үрчлэлтийг улсын бүртгэлд бүртгэхээс  татгалзаж шийдвэрлэснийг, мөн сумын Засаг даргаас хуульд нийцээгүй уг захирамжийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй, уг  захиргааны актууд нь  Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.7, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1,11.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4,4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.2,19.4.3-д заасантай нийцсэн, эрх хэмжээний хүрээнд гарсан  байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс “Намайг үрчлэн авах, үрчлүүлж өгөх талаар үрчлэгч, үрчлүүлэгчид удаа дараа тус сумын Засаг дарга, Улсын болон иргэний бүртгэлийн байцаагчид өргөдөл өгч, хүсэлтээ гарган хандаж байсан бөгөөд тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнууд хайхрамжгүй хандаж бүртгэж аваагүй, бүртгэсэн гэж худал хэлж итгүүлсэн, эцэслэн шийдэж өгөөгүй, үрчлэлт хийгээгүйгээс болж иргэн Аманбол би өнөөдөр хүртэл улсын бүртгэлд бүртгэлгүй болж хохирсон” гэсэн тайлбар гаргасан.

Гэтэл  2001 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  төрснөөс хойш 2020 оны 01 дүгээр сар  хүртэлх хугацаанд Д.Аыг үрчлүүлэх, үрчлэн авах талаар  эцэг болох М.Д болон М.Е, А.А нараас  хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж, үрчлүүлэх зөвшөөрөл өгч байгаагүй тул энэ хугацаанд Д.Аыг үрчлүүлэх тухай  эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, мөн  нэхэмжлэгч А нь төрсний бүртгэлд Д.А гэж  бүртгэгдсэн, төрсний гэрчилгээтэй бөгөөд 16  насанд хүрсэн үед  иргэний үнэмлэх авахаар хуульд заасан журмаар  эрх бүхий этгээдэд хандаагүй  болох нь тус тус  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] тогтоогдсон тул  Д.Аыг 18 нас хүртэлх хугацаанд үрчлүүлэх тухай шийдвэр гараагүй, бүртгэл хийгдээгүй  нь захиргааны байгууллагаас шалтгаалаагүй, өөрөөр хэлбэл  захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас Б.А эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж  үзэхээргүй байна.

Мөн Гэр бүлийн тухай хууль нь 1999 оны хууль бөгөөд уг хуулийн хүүхэд үрчлэх , үрчлүүлэх үндэслэл, журам, ерөнхий нөхцөлийг зохицуулсан 54,55 дугаар зүйлд  нэмэлт, өөрчлөлт ороогүй, хүүхэд үрчлүүлэхийг хориглосон этгээдийн талаар зохицуулсан 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалтад 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь тухайн тохиолдолд хамааралгүй. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн үрчлэлтийн бүртгэлийг зохицуулсан 16 дугаар зүйл  болон 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс  эхлэн   дагаж мөрдөж буй  Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн үрчлэлтийн асуудлыг зохицуулсан 11 дүгээр зүйлд хүүхэд үрчилсний бүртгэлийн талаар зохицуулсан  бөгөөд 18 нас хүртэлх хугацаанд  Д.Аыг үрчлэн авах, үрчлүүлэх талаар үрчлэгч, үрчлүүлэгч нараас хууль заасан журмын дагуу зөвшөөрөл өгч ,хүсэлт гаргаагүй тул эрх бүхий этгээдээс түүнийг үрчлүүлэх тухай шийдвэр гараагүй  байгаа энэ тохиолдолд  “Д.Аын үрчлэлтийн асуудлыг 2017 он хүртэл мөрдөж байсан гэр бүл, үрчлэлтийн тухай хуулиар шийдэх боломжтой” гэсэн нэхэмжлэгч талын тайлбар ойлгомжгүй байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд энэ талаар  тодорхой тайлбарлаж чадаагүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан, хуулийн заалтын агуулгаас үзэхэд нэгдүгээрт, захиргааны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр хууль бус  байх, хоёрдугаарт,  энэ хууль бус  үйл ажиллаагаа, шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх гэсэн хуульд заасан нөхцөл нь  давхар хангагдсан тохиолдолд  маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох, захиргааны акт гаргахыг даалгах ёстой бөгөөд  эдгээр нөхцөл хангагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй  гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.7, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3,Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлийн  4.1.4, 4.1.5, 19 дүгээр зүйлийн 19.4.2,19.4.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн “Д.Аыг М.Е, А.А нарт үрчилснийг бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах, Улаанхус сумын Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/24 дүгээр захирамжийг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 8,9,10,11,13,14,17,20,21,22,23,27-28,39,44-45,48,74-75,83-р хуудас

[2] Хэргийн 12,43,47,50,74-75-р хуудас