Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2024/0378

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

“З ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

 

Нэхэмжлэгч: “З ф” ХХК /РД:6211224/

Хариуцагч: Оюуны өмчийн газар

Гуравдагч этгээд: “Е-О” ХХК /РД:2036215/

Нэхэмжлэлийн шаардлага: Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/153 дугаар тушаалын 2-р хавсралтын “Golden gobi гэр набор” бүтээгдэхүүний загварыг 30-0003024 улсын бүртгэлд бүртгэж патент олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0110 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, Б.Г, Д.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Мөнхболд, Г.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 128/2022/0941/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “З ф” ХХК-аас Оюуны өмчийн газарт холбогдуулан “...Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/153 дугаар тушаалын 2-р хавсралтын “Golden gobi гэр набор” бүтээгдэхүүний загварыг 30-0003024 улсын бүртгэлд бүртгэж патент олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0110 дугаар шийдвэрээр: Патентийн тухай хууль /2006 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.2.1, 5.2.3, 14 дүгээр зүйлийн 14.2, Патентийн тухай хууль /2020 он (гэж бичсэн)/-ийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4-д заасныг тус тус баримтлан “З ф” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа захиргааны хэргийн материалд цугларсан бичгийн нотлох баримтад үнэн зөв эргэлзээгүй талаас нь дүгнэлт хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “... захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, Патентийн тухай хууль /2006/-ийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг зөрчиж, патент олгосон захиргааны актын талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үгүйсгэх буюу няцааж тайлбар хийгээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “... захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэг нь захиргааны акт гаргахдаа Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтаар патент олгохыг хойшлуулах хуулийн заалтыг зөрчсөн акт гаргасан нь хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй хуульд заагаагүй үндэслэлээр иргэн хуулийн этгээдийн ашиг сонирхолд халдсан эрхийн актыг ойлгодог.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/153 дугаартай тушаалаар “Golden gobi гэр набор” бүтээгдэхүүнд патент олгосон үйл ажиллагааны урьдач нөхцөл буюу үндэслэл болсон шийдвэрийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий актыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байх бөгөөд захиргааны илт хууль бус актыг гаргасан цаг хугацаанаас эхлэн хууль зүйн ямар нэгэн үр дагаврыг үүсгэхгүй бөгөөд тухайн захиргааны актын алдаа нь ноцтой бөгөөд илэрхий байж илт хууль бус захиргааны акт болдог.

Монгол Улс 1997 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэгдэн орсон Худалдаанд хамаарах Оюуны өмчийн хэлэлцээр /ТРИПС/-ийн 26 дугаар зүйлд бүтээгдэхүүний загварын хамгаалалт гэдэг зүйлийг тусгаж өгсөн бөгөөд энэ нь Олон улсын гэрээ конвенцид тусгагдсанаар Монгол Улсад үүрэг болгож заасан, заавал дагаж мөрдөх, биелүүлэх үүрэг бүхий заалт юм. Энэ нь Улсын дээд шүүхээс Олон улсын гэрээ конвенцийг тайлбарласан тайлбараар давхар баталгаажсан бөгөөд үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ. Энэ нь 2013 онд бүтээгдэхүүний загварын патентаар хамгаалагдсан шийдлийг маргаан бүхий акт нь тодорхой хэмжээнд хуулбарласан, агуулсан, илэрхийлсэн байгаа нь шинэ, өвөрмөц шинж чанарыг агуулаагүй буюу шүүлт хангалгүй хийсэн, мөн тэрхүү хуулбарласан загвараа 2014 оноос үйлдвэрлэж худалдаалж буй нь илт хууль бус байх шинжийг илэрхийлж байна.

3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Т.Сүхболдод хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай шинжээч нарын дүгнэлтийг үндэслэж маргаан бүхий бүтээгдэхүүний загваруудыг шууд ижил гэж дүгнэх боломжгүй гэсэн. Гэтэл энэхүү дүгнэлт нь зөвхөн мөрдөгчөөс өгсөн асуултад л хариулсан, харин Патентийн тухай хууль /2006 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан бүтээгдэхүүний загварын патент олгох 3 шалгуураар шүүлт хийгээгүй үйл баримтыг бодитоор дүгнээгүй. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтүүдэд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан шалгуураар огт дүгнэлт гаргаагүй. Учир нь дэлхийд хамгийн анх 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэр хэлбэртэй шоколад бүтээгдэхүүний загварыг “З ф” ХХК (Ж.Буд-Эрдэнэ) мэдүүлж эрхийн хамгаалалт хийлгэсэн ба тус загварын үндсэн шинж чанарууд нь Патентийн тухай хууль /2006 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т төсөөтэй бүтээгдэхүүний загвар гэж өмнө хамгаалагдсан бүтээгдэхүүний загвартай дийлэнх шинжээрээ төсөөтэй бүтээгдэхүүний загварыг, Худалдаанд хамаарах Оюуны өмчийн хэлэлцээрийн 26 дугаар зүйлийн 26.1-д “... хамгаалагдсан загварын хуулбар буюу тодорхой хэмжээнд хуулбарласан загварыг агуулсан буюу илэрхийлсэн” гэсэн хамгаалалтын эрх эдэлнэ. Эдгээр шинж чанаруудыг агуулсан мэдүүлгийг хэн нэгэн  өдрөөс хойш гаргасан бол тухайн шинж чанаруудын хувьд Патентийн тухай хууль /2006 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан шалгуурыг хангахгүй.

3.3. Захиргааны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, үндэслэлийг орхигдуулж дутуу бичсэн байх бөгөөд шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар дүгнэлтэд няцаалт хийж үгүйсгээгүй байна. Тухайлбал, Оюуны өмчийн газрын дарга “Е-О” ХХК-д патентын эрхийг олгосон нь 2006 оны Патентийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг зөрчсөн. Захиргааны актыг гаргах хууль зүйн үндэслэлгүй байхад тухайн актыг гаргасан талаарх өмгөөлөгч А.Ариунтуулын, бүтээгдэхүүний загварт бүтээгдэхүүний загвар хийц, хэлбэрийн гоёл чимэглэл, уран сайхны шийдлийг хамгаалдаг ба бүтээгдэхүүний орц, найрлага, үйлдвэрлэсэн арга ажиллагаа зэрэг нь бүтээгдэхүүний загварт хамаарахгүй талаарх итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одгэрэлийн, “Е-О” ХХК-ийн патентийн мэдүүлэгтэй холбоотой маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Оюуны өмчийн газрын дарга гуравдагч этгээдэд патент олгож, улсын бүртгэлд бүртгэх бүрэн эрхийг Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгоогүй бөгөөд хориглосон заалт зөрчсөн буюу 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчид нь Патентийн тухай хуульд заасан шинэлэг, өвөрмөц байдлыг тодорхойлох, тогтоох эрх бүхий субъект биш талаарх өмгөөлөгч Д.Нэргүйн тайлбарыг бүрэн гүйцэд тусгалгүй орхигдуулсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримт болохоор хуульчилсан. Шүүх хуралдаанд хөтөлсөн тэмдэглэлтэй танилцахад хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зарим дүгнэлтийг бичээгүй орхигдуулсан байна.

3.4. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад шүүгч шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргасны дараа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг хэргийн оролцогч нарт тайлбарлаж өгсөн бөгөөд энэхүү тайлбар нь хуралдааны тэмдэглэлд бичигдээгүй, бичгээр гарсан шүүхийн шийдвэр нь шүүгчийн дээрх тайлбараас зөрүүтэй байна. Тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 37.4-д “эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно гэж заасан. Хэрэгт авагдсан 09 тоот тогтоол нь захиргааны эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт юм. Энэхүү тогтоолоор Оюуны өмчийн газрын мэдүүлгийн бүртгэлийн 30-2019-.... дугаартай бүтээгдэхүүний загварыг Патентийн тухай хуулийн 11.9-д заасны дагуу патент олгохоор шийдвэрлэсэн, тус шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, захиргааны эрх бүхий байгууллага хуулийн хүрээнд гаргасан хүчин төгөлдөр шийдвэр буюу захиргааны акт байна. Энэхүү хүчингүй болсон шийдвэрийг үндэслэж, өөрөө маргаан бүхий 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/153 дугаар тушаалыг “Есөн од” ХХК-д олгосон. “Golden gobi гэр набор” нэртэй бүтээгдэхүүний загварын 30-... тоот патентийг олгосон байна. Тэгээд эрх зүйн урьдач нөхцөл болсон энэ шийдвэр нь хүчингүй болохоор түүнийг дагаж гарсан 3024 патент өөрөө хүчингүй болохоор шүүхээс үүнийг давхар хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн.

3.5. “Би юу шийдэх байна гэхээр энэ нөгөө тогтоолоор хүчингүй болсон шийдвэрийг дахиад би хууль бус болохыг тогтоолгохоор явж буй нь зохимжгүй юм, зүйд нийцэхгүй юм гэж үзэж байгаа юм. Ерөөсөө эцсийн дүгнэлт энэ тогтоол хүчин төгөлдөр байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй юм. Түрүүн хэлээд байгаа шүүхийн шийдвэр өөрөө биелэгдэх зарчимтай байх хэрэгтэй. Эерэг нөлөөлөл бүхий та нарын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалсан тогтоол хүчинтэй байхад би түүнийг дахиад даваад тэр дээрээс нь ингээд тэгээд гээд дэмжих юм уу яахын ийм шийдвэр гаргах шүүхээс боломжгүй. Тийм учраас энэ шийдвэрийг гаргасан. Тийм учраас та бүхэн энэ шийдвэрийг өөрсдөө сайн ухаж үз” гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг тайлбарласан шүүгчийн тайлбарыг шүүх хуралдааны явцыг бичиж авсан хуралдааны дуу-дүрсний бичлэгийг үндэслэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг тайлбарласан шүүгчийн тайлбар нь шүүхийн шийдвэр гаргасан хуулийн зохицуулалттай зөрчилдөж байх бөгөөд шүүхийн шийдвэр гарах болсон гол үндэслэлийг Оюуны өмчийн маргаан таслах комиссын шийдвэрээр 2020 оны 8 сарын 04-ний өдрийн А/153 дугаар тушаалаар “Есөн од” ХХК-д олгосон “Golden gobi гэр набор” нэртэй бүтээгдэхүүний загварын 30-... тоот патент олгосныг хүчингүй болгосон захиргааны акт хүчин төгөлдөр байхад дахин тухайн актыг илтэд хууль бус акт тул дахин дүгнэх боломжгүй гэж тайлбарласан болно.

3.6. Шүүгч Оюуны өмчийн маргаан таслах комиссын шийдвэрийг үндэслэж эрх зүйн дүгнэлт хийсэн нь захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлийн хүрээнээс хальж нотлох баримтыг үндэслэж шийдвэр гарсан нь Захиргааны шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчжээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.

3. Нэхэмжлэгчээс Оюуны өмчийн газарт холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/153 дугаар тушаалын 2-р хавсралтын “Golden gobi гэр набор” бүтээгдэхүүний загварыг 30-0003024 улсын бүртгэлд бүртгэж патент олгосон хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан.

4. Ингэхдээ шаардлагын үндэслэлээ “... Локарногийн олон улсын ангиллын дагуу 10:01-01 ангилалд анх Ж.Б эрхийн хамгаалалт хийлгэж, “З ф” ХХК-д шилжүүлсэн патент хүчинтэй буюу “Е-О” ХХК-ийн бүтээгдэхүүний загвар шинэ буюу нийтэд илэрхий бус байх шалгуурыг хангаагүй байхад патент олгож улсын бүртгэлийн 30-0003024 дугаарт бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хууль, Патентийн тухай хуулийн холбогдох зохицуулалт болон патент эзэмшигчийн онцгой эрхийг зөрчиж үгүйсгэсэн, “Е-О” ХХК нь Ж.Б-ийн хамтран ажиллах саналаас 2013 оны 12 дугаар сард татгалзсаны дараа 2014 оны 2 дугаар сараас гэр хэлбэртэй шоколад үйлдвэрлэж, худалдан түүний патентийн эрхийг зөрчсөн, 30-2019-0003836 дугаартай гуравдагч этгээдийн бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт анх шүүлт хийсэн, дахин хянасан шинжээчид нь бүтээгдэхүүний загварынх биш, шүүлтийн талаар гаргасан гомдлыг Маргаан шийдвэрлэх комисс эцэслэн шийдвэрлээгүй байхад “Е-О” ХХК-д патент олгосон нь үндэслэлгүй” гэх зэргээр тодорхойлсон бол,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... “З ф” ХХК-ийн гомдлоор Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “Е-О” ХХК-ийн 30-2019-0003836 патентыг хүчингүй болгосон тул дахин хүчингүй болгох шаардлагагүй, уг тогтоолыг эс зөвшөөрч “Е-О” ХХК-иас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус хэрэгт “З ф” ХХК гуравдагч этгээдээр оролцож байгаа, хоёр хуулийн этгээд тус бүрд патент олгосон нь Патентын тухай хуульд заасан шалгуур хангасан буюу хэлбэр дүрс, гадаад харагдах байдлаараа ялгаатай болохыг илтгэнэ” гэж,

гуравдагч этгээдээс “... энэ тохиолдолд Оюуны өмчийн газрын даргын 2020 оны А/153 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.5, 47.1.6, 47.1.7-д заасан шинжийг агуулаагүй, “Е-О” ХХК-ийн бүтээгдэхүүний загвар ялгаатай, “З ф” ХХК-иас хуулбарласан зүйлгүй, манайд патент олгосон нь үндэслэлтэй гэдгийг шинжээчийн дүгнэлтүүд тогтоосон, Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчлөх эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлөөс манай патентыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан байна. 

5. Маргааны үйл баримтын тухайд,

5.1. Ж.Б-ээс 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн анхдагч огноогоор гаргасан 30-2013-0002879 мэдүүлгийн дугаар бүхий бүтээгдэхүүний загварын өргөдлийг Оюун өмчийн газар хүлээн авч, шүүлт хийгээд, тус газрын даргын 2013 оны 132 дугаар тушаалаар улсын бүртгэлийн 30-0002313 дугаарт бүртгэж, патент өмчлөх эрхийг түүнд 10 жилийн хугацаатай олгосон.

5.2. Уг мэдүүлэгт хавсаргасан бүтээгдэхүүний загварын тодорхойлолтод, “Монгол гэр”-ийг дүрсэлсэн ба гэрийн гадна талын хээ нь янз бүр байж болох, ... хүнсний бүтээгдэхүүн дээр хэрэглэж болох, ... төрөл бүрийн савалгаатай, өнгөтэй байна, ... тодорхойлж буй дээрх дүрсүүд нь монгол гэрийг хэлбэрийнх нь дагуу бодит байдлаар хийх учраас бусад бүтээгдэхүүнээс эрс ялгагдах ба үүгээрээ онцлог байх гэж томъёолон тайлбарлажээ.

5.3. Оюун өмчийн газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/168 дугаар тушаалаар, бүтээгдэхүүний загварын “чихэр, жигнэмэг, шоколадны хэв-Монгол билэгдэг” нэртэй уг патентийг “З ф” ХХК-д шилжүүлсэн ба уг патентийн хүчинтэй хугацаа 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дууссан үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй.

5.4. “Е-О” ХХК-иас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн анхдагч огноогоор мэдүүлсэн 30-2019-0003836 дугаар бүхий өргөдлийг хүлээн авч, шүүлт хийсний дүнд Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/153 дугаар тушаалаар, “Golden gobi Гэр набор” нэртэй бүтээгдэхүүний загварын патентийг тус хуулийн этгээдэд олгосон.

5.5. Уг мэдүүлэгт хавсаргасан бүтээгдэхүүний загварын тодорхойлолтод, Монголын түүх соёлын өв болох монгол гэрийн үндсэн загварыг ашигласан, дээврийн бүрээсэнд 4 талт унжлагат хамар хээтэй, хээ хоорондын холбоосонд гоёлын нүхэн чимэглэлтэй, гэрийн орой хэсэгт хагас бүтээсэн өрхтэй, тоононы хэлбэрийг төвийлгөн гаргасан, тоононы том цонх 4 ширхэг, жижиг цонх 2 ширхэг гаргасан, гэрийн хананы доод хэсэгт төвгөр хотхор хосолсон хаяавчтай, энэ загварын онцлог шинж нь хаалга, гадна бүслүүр байхгүй, гэрийн хэлбэртэй хэвээр цутгаж шоколад үйлдвэрлэхэд ашиглана гэж томъёолон тайлбарлажээ.

5.6. “Е-О” ХХК-ийн 30-2019-0003836 дугаартай дээрх барааны тэмдгийн мэдүүлэгтэй холбогдуулан “З ф” ХХК-иас 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 20/12, 20/20, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 20/39, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20/36 дугаар албан бичгээр Оюуны өмчийн газар, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлд тус тус өргөдөл гомдол, няцаалт тайлбар гаргасан ба Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор, улсын бүртгэлийн 30-2019-0003836 мэдүүлгийн дугаартай бүтээгдэхүүний загварын /3024 дугаартай/ патентийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг асуудлаар гуравдагч этгээдээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргасан.

6. Патентийн тухай хууль /2006 он/-ийн 2 дугаар зүйлийн 2.2-т “Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.”, 3 дугаар зүйлийн 3.1.2-т “"бүтээгдэхүүний загвар" гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг;”, 3.1.10-д “"патент, гэрчилгээ эзэмшигч" гэж шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент болон ашигтай загварын гэрчилгээ, түүнтэй холбоотой онцгой эрхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан зохиогч буюу түүнээс эрх шилжүүлэн авсан этгээдийг;”, 3.1.12-т “"төсөөтэй бүтээгдэхүүний загвар" гэж өмнө хамгаалагдсан бүтээгдэхүүний загвартай дийлэнх шинжээрээ төсөөтэй бүтээгдэхүүний загварыг;”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Бүтээгдэхүүний загвар нь шинэ, гоёл чимэглэлийн болон өвөрмөц шинжтэй бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно.”, 5.2-т “Бүтээгдэхүүний загварыг хамгаалахад дараахь шинж чанаруудыг харгалзан үзнэ: гээд 5.2.1. бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг "шинэ" гэж үзнэ; 5.2.2. бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг "өвөрмөц шинжтэй" гэж үзнэ; 5.2.3. бүтээгдэхүүний загварын шинж чанарт тухайн бүтээгдэхүүний гадаад шинжийн гоо зүйн болон зохицох онцлог шинж чанарыг хамааруулна” гэж,

Монгол Улсын нэгдэн орсон, Худалдаан хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээр (ТРИПС)-ийн 9 дүгээр зүйлийн 2-т “Зохиогчийн эрхийн хамгаалалт нь биелэлээ олсон зүйлд хамаарах бөгөөд харин санаа, үйлдэл, үйл ажиллагааны арга эсхүл математиктийн үзэл баримтлалд хамаарахгүй”, 25 дугаар зүйлийн 1-д “Гишүүд бие дааж бүтээгдсэн бүтээгдэхүүний шинэ буюу өвөрмөц загварт хамгаалалт олгоно. Гишүүд тухайн үед илэрхий болсон загвар, загварын илэрхий болсон шинж чанарын нэгдлээс их хэмжээгээр ялгаагүй загварыг шинэ буюу өвөрмөц биш гэж үзэж болно…”, 28 дугаар зүйлийн 1-д “Патент нь түүнийг эзэмшигчид дараах онцгой эрх олгоно: гээд (а) хэрэв патентийг бүтээгдэхүүнд олгосон бол түүний зөвшөөрөлгүйгээр уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, ашиглах, худалдах санал тавих, худалдах, эсхүл эдгээр зорилгоор импортлохыг гуравдагч этгээдэд хориглох” гэж,

Мөн Монгол Улсын нэгдсэн орсон, Бүтээгдэхүүний загварын олон улсын ангилал тогтоох тухай Локарногийн хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн (3)-д “Олон улсын ангилалд дараах зүйлийн багтаана. Үүнд: (i) ангилал болон дэд ангиллын жагсаалт” гэж тус тус заасан.

7. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох үйл баримт, маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан гаргасан хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх тодорхойлсон тайлбарыг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудтай харьцуулах үзэхэд: Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/153 дугаар тушаалаар, “Е-О” ХХК-ийн “Golden gobi Гэр набор” нэртэй бүтээгдэхүүний загварт патент олгох үндэслэл байсан эсэх буюу тус газрын даргын 2013 оны 132 дугаар тушаалаар Ж.Буд-Эрдэнэд олгож, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/168 дугаар тушаалаар “З ф” ХХК-д шилжүүлсэн “чихэр, жигнэмэг, шоколадны хэв-Монгол билэгдэг” нэртэй бүтээгдэхүүний загварт олгосон патентаас шинэ буюу өвөрмөц байх, нийтэд илэрхий бус байх шалгуурыг хангасан эсэх, 2313 дугаартай патент эзэмшигчийн онцгой эрх зөрчигдсөн эсэх /хүчин төгөлдөр байх хугацаанд/ зэрэг асуудалд захиргааны хэргийн шүүхээс Патентийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тайлбарлан хэрэглэх замаар эрх зүйн дүгнэлт өгөх учиртай.

8. Олон Улсын эрх зүйн хэм хэмжээ, түүнтэй уялдан Патентийн тухай хууль /2006/-д тодорхойлсон дээрх зохицуулалтаас үзэхэд, Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн маргаан бүхий А/153 дугаар тушаалын 2-р хавсралтаар “Golden gobi гэр набор” бүтээгдэхүүний загварыг 30-0003024 улсын бүртгэлд бүртгэж, “Е-О” ХХК-д патент олгосон нь өмнө Ж.Б олгож, “З ф” ХХК-д шилжүүлсэн “чихэр, жигнэмэг, шоколадны хэв-Монгол билэгдэг” нэртэй бүтээгдэхүүний загварын 2313 дугаартай патентаас шинэ буюу өвөрмөц байх шинжээрээ ялгагдах эсэхийг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтын хүрээнд, эргэлзээгүй байдлаар тодорхойлох боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. “Е-О” ХХК-иас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн анхдагч огноогоор мэдүүлсэн 30-2019-0003836 дугаар бүхий өргөдөлд тодорхойлсон бүтээгдэхүүний загварын талаар гарсан дараах төрлийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан. Үүнд:

9.1. Оюуны өмчийн газар /бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл, шинэ бүтээлийн шинжээч Б.О, барааны тэмдгийн шинжээч Б.О-ын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлт нь Ж.Буд-Эрдэнийн гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллагаас 190804667 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд мөрдөгчийн тогтоолоор томилогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1, 16.5 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн шинжээчийн дүгнэлт байна.    

Үүгээр, “Е-О” ХХК нь Ж.Б-д олгосон патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загварыг хуулбарласан эсэх буюу эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийг хууль бусаар ашигласан /гэмт хэргийн шинжтэй үйлдэл/ эсэхийг тогтоох хүрээнд “... 2019.09.20-ны өдөр 3836 дугаартай бүтээгдэхүүний загварын мэдүүлэг гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар батлагдах эсэхийг тогтоох  хайлт шүүлт хийх шатанд явж байгаа, эцсийн шийдвэр гараагүй, ... /“Есөн од фүүд интернэшнл” ХХК-ийн 2567 болон Ж.Б-ийн 2313 дугаартай патентаар батлагдсан гэр хэлбэртэй бүтээгдэхүүний загварыг харьцуулахад/ гадаад хэлбэр, түүн дээрх хээ чимэглэл, дүрслэлийн шинжүүд нь хоорондоо ялгаатай, тохирсон буюу ижил төсөөтэй харагдуулах шинж дүрслэл байхгүй, ... зөвшөөрөлгүй ашигласан гэж үзэхгүй” хэмээн дүгнэжээ.

9.2. Оюуны өмчийн газар /бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл/-ын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлт нь “Е-О” ХХК-ийн 30-2019-0003836 мэдүүлгийн дугаартай “Golden gobi гэр набор” бүтээгдэхүүний загварт Патентийн тухай хууль /2006 он/-ийн 11 дүгээр зүйлд заасан журмын дагуу хийсэн мөн чанарын шүүлтийн дүнд гарсан дүгнэлт буюу захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны үе шатанд хамаарна.

9.3. Оюуны өмчийн газар /шинэ бүтээлийн шинжээч Б.Оргилмаа, барааны тэмдгийн шинжээч Г.Б, Л.Г/-ын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн бүтээгдэхүүний загварын дахин шүүлтийн дүгнэлт нь “Е-О” ХХК-ийн 30-2019-0003836 мэдүүлгийн дугаартай “Golden gobi гэр набор” бүтээгдэхүүний загварт “З ф” ХХК-иас няцаалт гаргасантай холбогдуулан Патентийн тухай хууль /2006 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу үйлдсэн дүгнэлт байна.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан тул шүүх хэргийн оролцогчдын нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэл бүрд хамаарах нотлох баримтыг бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.

11. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... хэрэгт авагдсан Ж.Б-ийн 2013 онд гаргасан 2879 дугаарлалт бүхий мэдүүлэг, “Е-О” ХХК-ийн 2019 онд гаргасан 3836 дугаарлалт бүхий мэдүүлэг тус бүрд хавсаргасан зураг, тодорхойлолт, бүтээгдэхүүний загварын товчоог харьцуулан үзэхэд дээрх 2 компанийн бүтээгдэхүүний загвар бүхий дүрсүүдийг шууд ижил хэмээн дүгнэх боломжгүй; ... эрх бүхий байгууллагаас томилогдсон шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаар дүгнэлтээр-гэрийг дүрсэлсэн хэлбэр, хээ чимэглэл, түүний дүрслэл зэргээрээ ялгаатай, “Е-О” ХХК-ийн “Golden gobi гэр набор” бүтээгдэхүүний загвар нь Патентийн тухай хуулийн 5.2-т заасан шалгуурын хангасан, Оюуны өмчийн газрын 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн дахин шүүлтийн дүгнэлтээр-ижил төсөөтэй харагдах шинж, дүрслэл байхгүй  гэснийг няцааж чадаагүй; … “З ф” ХХК-ийн “чихэр, жигнэмэг, шоколадны хэв-Монгол билэгдэг” нэртэй бүтээгдэхүүний загвар нь биет байдлаар хэлбэржвэл ямар бүтээгдэхүүн болох талаар баримт байхгүйгээс  /”Е-О” ХХК-ийн/ “Golden gobi гэр набор” бүтээгдэхүүний загвартай адил болон ялгамжтай байдал бодитоор илэрхийлэгдэхгүй байна; ... Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор 30-2019-0003836 мэдүүлгийн дугаартай Golden gobi гэр набор” бүтээгдэхүүний загварын шүүлтийн дүгнэлтийг хүчингүй болгосон; ... Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн А/153 дугаар тушаалаар Golden gobi гэр набор” бүтээгдэхүүнд патент олгосон үйл ажиллагааны урьдач нөхцөл буюу үндэслэл болсон шийдвэрийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад зөвхөн хэргийн оролцогчдын тайлбараар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлгүй” гэх зэргээр маргааны үйл баримт, түүнд хамаарах эрх зүйн зохицуулалтын талаар зөрүүтэй буюу тодорхой бус дүгнэлт хийснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

12. Оюуны өмчийн газрын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар, Ж.Б-ийн 2013.05.13-ны өдрийн анхдагч огноогоор бүртгэж олгосон 2313 дугаартай патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загвартай харьцуулсан гэх 2567 дугаартай бүтээгдэхүүний загварын патент нь “Есөн од фүүд интернэшнл” нэртэй хуулийн этгээдээс 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 3180 дугаартай мэдүүлгээр гаргасан “Үндэстэн /4 төрөл/, Гэр” нэртэй шоколадан бүтээгдэхүүний сав баглаа боодлын загварт олгосон байжээ.

Өөрөөр хэлбэл, шийдвэрийн үндэслэл болгосон, Оюуны өмчийн газрын 2019 оны 26 дугаартай шинжээчийн дүгнэлт нь маргаан бүхий захиргааны актаар “Е-О” ХХК-д олгосон 3024 дүгээр патентаар хамгаалагдсан бүтээгдэхүүний загвартай холбогдолгүй болох нь тогтоогдоно.

13. Ийм нөхцөлд анхан шатны шүүхээс “З ф” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах “Е-О” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 30-2019-0003836 дугаартай мэдүүлгийн дагуу “Golden gobi Гэр набор” нэртэй бүтээгдэхүүний загварын 3024 дүгээр патент нь энэ хэсгийн 5.1-5.3-д заасны дагуу нэхэмжлэгчид олгосон патентаас шинэ буюу өвөрмөц шинжээрээ ялгагдах эсэхийг тодорхойлоход ач холболтой нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулаагүй буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй атлаа маргааны үйл баримтад үл хамаарах Е о ф и” нэртэй хуулийн этгээдэд олгосон өөрт патентийн талаар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу.

14. “Е-О” ХХК-ийн 3024, Есөн од фүүд интернэшнл” ХХК-ийн 2567 дугаартай бүтээгдэхүүний загварын патентуудыг хэрэгт нотлох баримтаар цуглуулаагүй атлаа цаг хугацааны хувьд маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнөх, хэргийн үйл баримтад үл хамаарах шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.6, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т тус тус заасан нотлох баримт, түүнийг цуглуулж үнэлэх зарчмын шаардлагад нийцээгүй байна.

15. Энэ хэсгийн 3, 4 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага, хэргийн оролцогчдын шаардлага ба татгалзлын үндэслэл, 6-д заасан эрх зүйн зохицуулалтыг хамтатган авч үзвэл, мөн хэсгийн 5-д заасан “Е-О” ХХК-иас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 3836 мэдүүлгээр гаргасан “Golden gobi Гэр набор” нэртэй бүтээгдэхүүний загварт маргаан бүхий А/153 дугаар тушаалаар олгосон  3024 дүгээр патент нь Патентийн тухай хууль /2006 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шинж чанарыг хангах эсэх нь шинжлэн ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудал тул шүүхийн санаачилгаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуулиар тус тус тогтоосон журам, зарчим, шаардлагын дагуу хариуцагч Оюуны өмчийн газраас хараат бус мэргэжилтнүүдийг шинжээчээр томилж, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход хамааралтай нотлох баримтыг нэмж цуглуулах шаардлагатай.

16. Тухайлбал, 3024 дугаар патентаар хамгаалагдсан “Е-О” ХХК-ийн Golden gobi Гэр набор” нэртэй бүтээгдэхүүний загвар нь “З ф” ХХК-ийн “чихэр, жигнэмэг, шоколадны хэв-Монгол билэгдэг” нэртэй бүтээгдэхүүний загварт олгосон 2313 дугаар патенттай харьцуулахад, Патентийн тухай хууль /2006 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу патент олгох шалгуур нөхцөлийг хангах эсэхийг мэргэжлийн шинжээчээр тогтоолгох нь шүүхээс энэ хэсгийн 7-д заасан асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль ёсны шийдвэр гаргахад ач холбогдолтой юм.

17. Хэрэгт цуглуулсан нотлох баримтаас үзэхэд, маргаан бүхий актаар олгосон  “Е-О” ХХК-ийн 3836 дугаартай мэдүүлгээр гаргасан “Golden gobi Гэр набор” нэртэй бүтээгдэхүүний загварт олгосон 3024 дүгээр патентийг хүчингүй болгосон буюу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн нарын тайлбарын үндэслэлд дурдсан “Оюуны өмчийн газрын дэргэдэх Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоол”-ыг хүчингүй болгуулахаар “Е-О” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй /”З ф” ХХК гуравдагч этгээдээр оролцсон/ захиргааны хэрэгт, шүүх энэ хэргээс тусад нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь тодорхойлогдож байна.

18. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 1074 дүгээр захирамжийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221/ШТ2023/0198 дугаар тогтоолд “... 09 дүгээр тогтоолоор “З ф” ХХК-ийн гомдлыг хангаж, улсын бүртгэлийн 2019-0003836 дугаартай бүтээгдэхүүний загварын патентийг хүчингүй болгосон ... энэ тохиолдолд уг акт /Оюуны өмчийн газрын даргын 2020 оны А/153 тушаалын холбогдох хэсэг/-ыг илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд ямар эрх зөрчигдсөн болох нь тодорхойгүй, ... “Е-О” ХХК-д олгосон 3024 дугаартай бүтээгдэхүүний загварын патенттай холбоотой нэг маргаан 2 тусдаа явагдаж байгааг хоорондоо хамааралгүй гэж үзэхгүй, .. эдгээр маргааныг хамтатган нэг мөр эцэслэн шийдвэрлэх боломжтой” гэж дүгнэснийг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

19. Маргаан бүхий захиргааны актаар “Е-О” ХХК-д олгосон 3024 дугаартай бүтээгдэхүүний загварын патентийг хүчингүй болгосон Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тогтоол хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүхээс эхэлж шийдвэрлэвэл зохих нөхцөлд, уг патентийг олгосон Оюуны өмчийн газрын даргын 2020 оны А/153 дугаар тушаал хуульд нийцсэн эсэхийг эхэлж шийдвэрлэх нь эрх зүйн зөрчилтэй үр дагавар үүсгэнэ.

Энэ тохиолдолд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, ... хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасан ба маргааны хувьд харилцан хамаарал бүхий буюу хоорондоо уялдаатай үйл баримт бүхий хэргийг нэгтгэж шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмнэлттэй байх зарчимд нийцэхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шуурхай явуулахад ач холбогдолтой байжээ.

20. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй учраас шийдвэрийн хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2024/0110 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

 

 

                          ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ