Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 82

 


Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 
Улсын яллагч Б.Уранцэцэг, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, 
Шүүгдэгч А.Мөнхбат нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Мөнхбатад холбогдох эрүүгийн 201617000273 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Нэг. Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг, Оюутын 11-26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар КЮ85051074, Борзон Халзан овгийн Алтанчимэгийн Мөнхбат.

Холбогдсон гэмт хэргийн талаар:/яллах дүгнэлтээр/

          Яллагдагч А.Мөнхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэр “Цагаан усны хоолой” гэх газар Тоёота Приус-11 маркын 94-00 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 б-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй...буюу түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн ...хүнд жолоог шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.Буянцогтод жолоогоо шилжүүлсний улмаас зам тээврийн осол гарч, иргэн Б.Буянцогт нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.Мөнхбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 09 сарын14-ний шөнө тавуулаа машинтай хотоос Дорнод аймаг руу гарсан. Тэгээд замдаа зогсоод бие засчхаад жаахан унтаж байгаад явья гэхэд Буянцогт  унтаж байхаар би машин бариад явъя гэж хэлсэн. Тэгээд осол болсон. Машинаас буухад машин жолоодож байсан залуу байхгүй байсан. Тэгээд хайгаад харахад Буянцогт гэдэг залуугийн нүд бүлтэрчихсэн харахын аргагүй болсон байсан. Хажуу талд айл байхаар нь түргэн юм уу цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн. Утсаар ярьж хэлүүлчхээд хүлээгээд байж байсан. Буянцогт гэдэг хүн нас барсан. Талийгаач ямар ч ухаангүй хөдөлгөөнгүй байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.Жолоо шилжүүлснээс болж найзынхаа амь насыг алдсандаа маш их харамсаж байна гэв.

          Хохирогч Б.Буяннямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...талийгаач Б.Буянцогт нь 2016-09-14-ний орой надтай утсаар ярихдаа ах нь Улаанбаатар хот явж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумаас найз ирж байгаа, найзыгаа хүлээж байна. Ирэхээр нь Дорнод аймаг руу явна. Дорнод аймагт очиж хүнээс адуу авна гэж ярьсан үүнээс хойш огт холбоо бариагүй. 2016-09-15-ны 15 цагийн үед талийгаачийн эхнэр над руу ярьж зам тээврийн ослын улмаас нас барсанг мэдсэн. ...талийгаач Дорнод аймгаас адуу авах хүнтэйгээ 2016-09-15-ны өдөр уулзалдах ёстой байсан гэсэн. Уг өдөртөө амжихгүй байна гээд их яарсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 х / 

- Иргэний нэхэмжлэгч С.Чимэдхандын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд машин онхолдсоноос болж дахин ашиглах боломжгүй болсон. ...надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл ч байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 х /

- Гэрч Б.Баярмагнайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 09 дүгээр сарын 15-нд нарийн цагийг сайн санахгүй байна 11-12 цагийн орчим “482 км” гэсэн шонгийн тэнд байдаг аавындаа очсон байсан юм. Гэтэл баруун талаасаа жижиг машин ирж замын урд тал руу онхолдсон. Тэгээд 4 залуу машинаасаа бууж ирээд дуудахаар нь мотоциклтойгоо замын хойд талд нь яваад очиход 1 хүн машиныхаа баруун талд нас барсан байдалтай хэвтсэн, машин нь хажуу талаараа харсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 х / 

- Гэрч Б.Насанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ах маань хүрээд ирээрэй гэхээр нь танил дүү Золбоог хамт авч явъя гэж бодоод уулзаж, надад хүний гар утасны дугаар өгөхөөр нь ярихад Нарантуул зах дээр байна гэхээр нь очиход талийгаач Буянцогт, Мөнхбат нар байсан. 2016 оны 09 дүгээр сарын 14-нд өдөржингөө хүн хүлээж байгаад шөнө ирээд Дорнод аймаг руу 00 цагийн үед гарсан. ...2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим осол болохоос өмнө машин зогсоод машины жолооч ах нойр хүрээд байна унтаж байгаад явъя гэхэд урд талын суудалд сууж явсан Буянцогт нь зогсож байснаас би бага ч гэсэн явж байя гээд машиныг Буянцогт ах жолоодоод Мөнхбат нь урд талын суудалд суугаад сандлынхаа түшлэгийг хойшлуулаад хэвтсэн. Машин хөдлөөд 1 километр явсан уу үгүй гэнэт хажуу тийшээ шарвахад би сэрсэн чинь замын баруун гар тал руу машин унасан. Бид нар машинаас гарахад осол болох үед машиныг жолоодож явсан Буянцогт ах газар хэвтчихсэн толгой нүүр нь аймаар болчихсон ямар ч хөдөлгөөн байхгүй, харваас ойлгомжтой нас барчихсан байхаар нь дээгүүр нь өмсөж явсан цэнхэр куртикээ толгой дээгүүр нь бүтээчихсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 х / 

- Гэрч Ө.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...машин жолоодож явсан Мөнхбат нь би унтах гээд нойр хүрээд байна хэсэг унтаж байгаад явъя гэсэн чинь Буянцогт чи унтаж бай би гэлдэрч байя гэсэн. Тэгтэл зогсоод хүмүүс бие засаад буцаад сууцгаахад машин жолоодож явсан Мөнхбат нь жолоочийн хажуу талын суудалд суугаад шууд суудлаа налуулаад хэвтсэн. Харин машиныг Буянцогт жолоодоод хөдлөөд удаагүй гэнэт л  тас буугаад явчихсан. Тас тас гээд хэд хэдэн удаа дуугараад чимээгүй болсон хойно нь хөөе гэхэд машин зүүн талаараа уначихсан байсан. Би арын суудлын зүүн гар талд сууж явсан бөгөөд миний дээрээс хүн дарчихсан би дуугарч чадахгүй байсан. Сүүлдээ хурдан гараарай гэж байгаад арын шил хагарчихсан байхаар нь арын шилээр бүгд гарахад машин жолоодож явсан Буянцогт машины баруун хойд талд дээшээ харчихсан нүд нь бүлтрээд гарчихсан, ямар ч хөдөлгөөнгүй байсан. Харахад нэгэнт нас барсан нь тодорхой болчихсон, харахаас аймаар байхаар нь хамт явсан Насанжаргалын куртикийг бүтээчихсэн юм. Зам дээр нүх байсан уг нүхнээс болоод  шарвасан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 х / 

- Гэрч Б.Золбоогийн “...2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн үед жолооч ах зогсоод та нар бие засаарай, дахиж зогсохгүй шүү гэснээ буцаад машиндаа сууцгаагаад хөдлөх гэсэн чинь машины урд сууж явсан талийгаач Буянцогт нь жолооч Мөнхбат ахаас би машин жолоодно гээд байсан. Тэгтэл Мөнхбат ах бага зэрэг унтая гэхэд би гэлдэрч байя гэж гуйгаад  байсан чинь Мөнхбат за за гээд жолооны суудлаас босож урд талын суудалд суусан. ...Мөнхбат нь бага зэрэг унтлаа гээд сандлаа налуулаад унтаад өгсөн. Харин машин жолоодож байсан Буянцогт нь нилээн хурдлаад ирсэн бөгөөд урд талын суудалд сууж явсан Мөнхбат ах руу хараад буцаад зам руу хартал зам дээр нүх байсан уг нүхийг нь тойрч гарах гэж зүүн гар тийш дараад буцаад баруун гар тийш огцом дарсан чинь замаас баруун гар тал руугаа дараад замаасаа гарч газрыг машиныхаа хамраар мөргөөд  дахин өнхөрч байсан сүүлдээ юу ч мэдэхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 х / 

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шинжээчийн 8671 тоот дүгнэлтэнд “...Монгол Улсын AG8949580 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс каффейн /caffeine/-ны агууламж илэрч байна. Каффейн /caffeine/ нь НҮБ-ын Олон улсын Конвецийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисийн жагсаалтанд хамааралгүй болно...” гэжээ. /хх-ийн 46 х /

- Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гарын хэлбэр дүрс алдагдсан олон тооны ясны сэлтэрхий үүсгэсэн үйрч, бяцарсан хугарал, тархины эдийн эвдрэл, бяцрал, няцрал, хатуу хальсны урагдал, толгойн хуйхны дотор гадаргуу, баруун, зүүн чамархайн булчингийн тархмал цус хуралттай, духны өмнөд дээд хэсгээс духны зүүн гадна булан, зүүн шанаагаар явж зүүн хацар хүртэл үргэлжилсэн зөөлөн эд яс, тархины эд ил хуулагдаж урагдсан шарх, хамар, хацар, эрүү яс, баруун 2,6,7,8,9,10-р хавирганы далд хугарал, орчны эдийн цус хуралт, зүүн чихний омогны сэлтэрсэн шарх, зүүн хацар шанаа, хүзүүний зүүн хажуу хэсэг, цээж, баруун эгэм, мөр, суга, баруун бугалга, гуя, шилбэ, зүүн гуя, шилбэ, цээж, хэвлий, зүүн мөрний зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. 3.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаач нь дээрх гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. 5. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 6.Талийгаач нь АВО системээр О/I/ бүлгийн цустай байна...” шинжээч эмч Н.Энхцолмон гэсэн дүгнэлт /хх-ийн 61-62 х /, 

- Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүх химийн шинжилгээний 38 тоот дүгнэлтэнд: 1. Б.Буянцогтоос авсан гэх цус,  ходоодны шингэнд 2,8 промиль этилийн спирт илрэв. 2. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 67 х / 

Шинжээчийн 415, 416, 417, 414 дүгээр дүгнэлтүүд /хх-ийн 71, 74, 77, 80 дугаар хуудас/ 
Шинжээчийн 14 тоот дүгнэлтэнд: 1. 94-00 ӨМА улсын дугаартай Приус маркийн автомашиныг жолоодон явсан Б.Буянцогт нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 2. Жолооч Б.Буянцогт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй” байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б-д заасан “хамгаалах бүсээр тоноглогдсон авто машин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүх хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7а-д заасан Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахаараагүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3.Уг тээврийн хэрэгслийн жолооч А.Мөнхбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна. 4. Уг тээврийн хэрэгслийн жолооч А.Мөнхбат нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7б-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна. 5. Замын нөхцөл байдалд осол гарахад нөлөөлөөгүй байна...” гэх цагдаагийн ахмад Б.Даваадоржийн дүгнэлт /хх-ийн 82-83 х /, 

-    Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-н 3-7 х /

-    Авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хх-н 11-14 х /

-    Эд зүйл, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, / хх-н 15-18 х /

-    Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд / хх-н 46-60 х /

-    Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 2-ний өдрийн 49 дугаартай дүгнэлт

-    Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-н 65-67 х /

-    Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 сарын 28-ны өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт

-    Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар багийн засаг даргын 2016 оны 09 сарын 19-ны өдрийн 1045 тоот тодорхойлолт

-    Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх-н 93 х /

-    А.Мөнхбатын иргэний үнэмлэхийн хуулбар, / хх-н 97 х / зэрэг болно.  
         
         Шүүгдэгч А.Мөнхбат нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 12 цагийн орчим Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэр “Цагаан усны хоолой” гэх газар Тоёота Приус-11 маркын 94-00 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 б-д заасан “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй...буюу түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн ...хүнд жолоог шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б.Буянцогтод жолоогоо шилжүүлсний улмаас зам тээврийн осол гарч, иргэн Б.Буянцогт нас барсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Буянням, гэрч Б.Баярмагнай, Б.Насанжаргал, Ө.Мөнхбаяр, Б.Золбоо нарын мэдүүлгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 
        
Шүүгдэгч А.Мөнхбат нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглох зэрэг хууль, дүрмээр хүлээсэн үүргээ мэдсээр атлаа согтууруулах ундаа уусан Б.Буянцогтод жолоогоо шилжүүлсний улмаас  осол гарч Б.Буянцогтын амь нас хохирсон нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч А.Мөнхбатын “ ... ядраад байхаар нь жаахан унтая гэтэл талийгаач Буянцогт унтаж байхаар явж байя би машиныг чинь барьчихая гэхээр нь тэг тэг гээд хэлээд явсан. Би Буянцогтын хажууд суугаад унтчихсан байсан. Гэнэт машин дайвалзаад эхлэхээр нь сэртэл замын хажуу руу их хурдтай ороод хэд хэдэн удаа машинтайгаа өнхөрсөн. Тэгээд буух гэтэл хаалга дараатай байхаар арынх цонхоороо цувраад гартал Буянцогт байхгүй байхаар машины араар тойроод хартал машины баруун талд дээшээ харсан тархи нь бяцарсан цус их гоожсон байсан...” гэх, хохирогч гэрч Б.Золбоогийн “...Мөнхбат нь бага зэрэг унтлаа гээд сандлаа налуулаад унтаад өгсөн. Харин машин жолоодож байсан Буянцогт нь нилээн хурдлаад ирсэн бөгөөд урд талын суудалд сууж явсан Мөнхбат ах руу хараад буцаад зам руу хартал зам дээр нүх байсан уг нүхийг нь тойрч гарах гэж зүүн гар тийш дараад буцаад баруун гар тийш огцом дарсан чинь замаас баруун гар тал руугаа дараад замаасаа гарч газрыг машиныхаа хамраар мөргөөд  дахин өнхөрч байсан сүүлдээ юу ч мэдэхгүй болсон...“ гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Шүүх химийн шинжилгээний 38 тоот дүгнэлтэнд: 1. Б.Буянцогтоос авсан гэх цус,  ходоодны шингэнд 2,8 промиль этилийн спирт илрэв. 2. Энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх зэргээр нотлогдож байна. 
Өөрөөр хэлбэл, дээрх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А.Мөнхбатын тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох эрхийн үнэмлэхгүй, мөн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд  жолоогоо шилжүүлсэн гэм буруутай үйлдэлтэй холбоотой хийгээд уг ослын талаар гарсан Техникийн шинжээчийн болон жолоо барьсан Буянцогтын цусны шинжилгээний 38 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч А.Мөнхбатад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогджээ.

Иймд шүүгдэгч А.Мөнхбатыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хэрэглэж, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй  гэж шүүх үзнэ.

    Шүүхээс ял шийтгэл ногдуулахад шүүгдэгч Мөнхбатын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас  гэмшсэн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
            Шүүгдэгч Мөнхбат нь  хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа,   үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа,гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Мөнхбат нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Буянням нь шүүгдэгч А.Мөнхбатаас хохирол нэхэмжлээгүй бөгөөд тэр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч С.Чимэдхандын гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А.Мөнхбатын 541877 дугаартай BC ангилалын жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигчид буцаан олгож, 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, 4 ширхэг тестийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн А.Мөнхбатын иргэний үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэв.

      Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 291 дүгээр зүйлийн 291.1, 291.3, 292 дугаар зүйлийн 291.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Борзон Халзан овгийн Алтанчимэгийн Мөнхбатыг согтуурсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсний улмаас хүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
          2. Шүүгдэгч А.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг / жилийн хугацаагаар хасаж,1 жил 6 сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан Мөнхбатад  оногдуулсан 1 жил 6 сарын  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан А.Мөнхбатад оногдуулсан 1 жил 6 сарын  хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар  хянан харгалзсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан А.Мөнхбатад хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.4-т заасныг тус тус баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А.Мөнхбатын 541877 дугаартай BC ангилалын жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, 01276888 дугаартай 94-00 ӨМА тээврийн хэрэгслийн гэрчилгээг эзэмшигч С.Чимэдхандад  буцаан олгож, 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, 4 ширхэг тестийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

  7. Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн А.Мөнхбатын иргэний үнэмлэхийг буцаан олгож, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,  хохирогч Б.Буянням, иргэний нэхэмжлэгч С.Чимэдханд нар ялтан А.Мөнхбатаас хохирол нэхэмжлээгүй бөгөөд тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, ялтан   бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан А.Мөнхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар уг тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

      10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.СУГАР