Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 49

 

 

 

 

                                                                                   

 

 

 

 

Ч.Цнэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02113 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Ц нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдох  

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Т.Цэрэнминжин нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Намуун

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Батжаргал, Т.Цэрэнминжин

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Цнь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан Улаанбаатар хотын банкны харуул хамгаалалтын албанд хамгаалалтын ажилтнаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа нэхэмжпэгч нь албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Гэвч нэхэмжлэгч Ч.Ц-ийгХөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл, 6.1.25 дахь хэсэг, 11 дүгээр зүйл, 11.2.7, 11.2.14 заасныг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр захирлын №Б/358 тоот тушаалаар ажлаас халсан байна. Ч.Цнь Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйл, 6.1.25 дахь хэсэгт заасан үүргээ огт зөрчиж байгаагүй бөгөөд мөн гэрээний 11 дүгээр зүйл, 11.2.7, 11.2.14 дахь хэсэгт заасан ноцтой зөрчлийг гаргаагүй.

Хариуцагч байгууллага нь Ч.Ц-ийгажлаас үндэслэлгүйгээр халах болсон шалтгаан нөхцөл нь хариуцагч Улаанбаатар хотын банк нь харуул хамгаалалтын олон ажилтнаа өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй халсан. Ийнхүү хариуцагчийг ажлаас халах шийдвэр гаргах үед нь нэхэмжпэгч Ч.Цөөрийн найз нөхдийг ажилгүй болж байгаад нь санаа зовж хамт ажилладаг бусад нөхдийн хамт ажлаас халах шийдвэрээ дахин хянаж, залуу хүмүүст боломж олгоно уу гэх утга бүхий хүсэлт бичиж удирдлагадаа бичгээр хүргүүлсэнд л байгаа юм. Ажилтан нь хууль болон гэрээгээр олгогдсон эрхийн дагуу ажил олгогчдоо хүсэлт гаргах, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхтэй байдаг билээ. Гэтэл нэхэмжлэгч Ч.Цнь ийнхүү хүнлэг сэтгэлийн үндсэн дээр ажил олгогчдоо хүсэлт гаргасныхаа төлөө ямар ч үндэслэлгүйгээр, гүтгэгдэн ажлаас халагдсан. Мөн түүнийг банкны дотоод мэдээллийг бусдад задруулсан гэж ажлаас халсан. Үүнийгээ нотлохын тулд групп чатад бичсэн "зак ирсэн, явсан" гэдгээр нотолно гэж байна. Гэтэл энэ баримтыг Ч.Цөөрөө бичсэн юм уу, эсхүл Ч.Цгэдэг нэрээр групп чат үүсгээд бичсэнийг нотлох боломжгүй. Өнөөдөр фэйсбүүкт хэн нэгний нэрийг бичээд зургийг тавиад хуурамч янз бүрийн хаяг үүсгээд бие биеэ доромжилж байгаа зүйл элбэг болсон. Түүнчлэн ажлын цагаар ажлын байран дээр зохисгүй бичлэг үзсэн гэж байгаа боловч үүнийг Ч.Ц үзсэн болон бусдад илгээсэн гэдэг нь тодорхой бус байна. Хэрэв түүнийх мөн байлаа гэхэд хувь хүний хувийн нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр захидал харилцааг яагаад үзээд байна вэ гэдэг нь ойлгомжгүй байна. Гэтэл өнөөдөр ямар ч эрх олгогдоогүй банкны ажилтан хувь хүний нууцад халдаад зураг хэлбэрээр хэрэгт хавсаргаад байгааг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Иймд ажил олгогчийн ажпаас халсан №Б/358 тоот тушаал нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Ч.Ц-ийгажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилохыг даалган, нэхэмжпэгчийг ажилд эгүүлэн томилох хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнминжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Цнь тус банкны гүйцэтгэх захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/204 дугаар тушаалын дагуу Хамгаалалтын албаны "Хамгаалалтын ажилтан" албан тушаалд томилогдсон. Тус банкинд ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн гэрээнд заасан "ноцтой зөрчил" гаргасан үндэслэлээр гүйцэтгэх захирлын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/358 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээ хууль тогтоомжид бүрэн нийцсэн, хуулийн үндэслэлтэй шийдвэр байдаг. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 11 дүгээр зүйлийн 11.2-т ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах ноцтой зөрчлүүдийг жагсаан тодорхойлсон бөгөөд Ч.Цнь тус гэрээний 11.2.7, 11.2.14-т заасныг тус тус зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг үндэслэн ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээний 11.2.14-т  "...интернэтийн сүлжээнд албан бус зорилгоор холбогдох, тоглоом тоглох, суулгах банкны И-мэйл хаягийг хувийн зорилгоор ашиглах заалтыг зөрчсөн нь дараах үйл баримтуудаар нотлогддог. Нэхэмжлэгч нь банкны хамгаалалтын ажил үүргээ гүйцэтгэх явцдаа нийгмийн сүлжээгээр бусадтай харилцсан, садар самууныг сурталчилсан зүй бус агуулгатай дүрс бичлэг үзсэн байдаг. хамгаалалтын ажилтны ажпын байрны онцлог нь банк түүний эд хөрөнгө, бэлэн мөнгө, ажилтнуудын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах үүрэг гүйцэтгэх тухайн ажилтнаас байнгын сонор сэрэмж, анхаарал болгоомжтой, биеийн болон сэтгэл зүйн өндөр ачаалал шаардахын зэрэгцээ болзошгүй тохиололд бие дааж, хурдан хугацаанд оновчтой шийдвэр гарган ажиллахыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хамгаалалтын үйл ажиллагаанд шууд саад болж, сонор сэрэмж алдахуйц үйлдлүүд болох ажлын онц шаардлагагүйгээр интернэт орчин харилцах /чатлах/, видео бичлэг үзэх зэрэг Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь цаашид тухайн ажилтанд банкны нийт ажилтнуудын аюулгүй байдлыг хангах ажлыг даалгах боломжгүй юм. Ажлын байрны тодорхойлолтын 2-т заасан "Банкны аюулгүй байдлыг хангахын тулд хамгаалалтыг хатуу чанд, баталгаатай, өндөр сонор сэрэмжтэй, идэвх санаачилгатай зохионо." гэж заасан харуул хамгаалалтын үндсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчлийг гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн гэрээний 11.2.7-д заасан ноцтой зөрчил гаргасан тухайд: "...банкны ажилтны ёс зүйн хэм хэмжээг гажуудуулах, банкнаас хүлээлгэсэн итгэл, боломжийг хувийн ашиг сонирхолд ашигласан нь тогтоогдсон" гэж заасныг шууд зөрчсөн дараах үйлдлүүдийг гаргасан. Ч.Цнь өөрийн үүрэгт ажилд үл хамаарах тус банкны эрх бүхий албан тушаалтны байгаа байршил, хаанаас хаашаа явсан талаарх мэдээллийг гадагш задруулсан буюу банкны техник тоног төхөөрөмжийг /дотоод хяналтын камерыг/ ашиглан мэдсэн дотоод мэдээллийг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн бусдад мэдээлсэн нь Хөдөлмөрийн гэрээний 6.1.12 дахь заалтыг зөрчсөн буюу банкны удирдах албан тушаалтан, ажилтнуудын аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн албан хаагчийн хувьд ноцтой ёс зүйн зөрчил мөн.

Ч.Ц-ийгхүсэлт гаргасных нь төлөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж тайлбарлаж байгаа нь ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан бодит үндэслэлтэй нийцэхгүй байна. Хөдөлмөрийн дотоод журмын 6.1.4-т "Хөдөлмөрлөх эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл зохих журмаар эрх бүхий этгээдэд хандан шийдвэрлүүлэх", 6.1.5-д "Санал, өргөдөл гомдлоо харъяалах удирдлагад гаргаж шийдвэрлүүлэх" гэж заасны дагуу ажилтан нь шийдвэрлүүлэх эрхтэй. Гэхдээ ажил олгогчийн зүгээс хянан шалгасны үндсэн дээр гаргасан үндэслэлтэй шийдвэрийг эсэргүүцэж, ажлаас халагдсан хамгаалалтын бусад ажилтнуудыг дэмжиж, удирдах албан тушаалтны мэдээллийг задруулсан, удирдлагын шийдвэрийг эсэргүүцэхээр ажлаас гарсан ажилтнуудтай хамтран ажилласан үйлдэл нь Банкны ёс зүйн дүрмийн 1.7.4-т заасныг ноцтой зөрчиж байна. Банкны зүгээс үүнийг шалгах үүргийг гэрчээр асуугдсан Т.Энхбатад өгсөн бөгөөд тэрээр Ч.Цөөрийнх нь зөвшөөрлийн дагуу утсан дээрх бичлэг болон бусад харилцсан харилцааг хуулан авч, шүүхэд нотлох баримтаар өгсөн. Мөн гэрчээр мэдүүлэг өгсөн. Иймд нэхэмжлэгч Ч.ЦУлаанбаатар хотын банкинд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ц-ийгУлаанбаатар хотын банкны Хамгаалалтын албаны хамгаалалтын ажилтны ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-иас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 799 668 төгрөгийг гаргуулж, Ч.Цэнд-Аюушид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Цнийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 129 944 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Т.Цэрэнминжин нар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх ажилтны гаргасан ноцтой зөрчлүүдийг ноцтой зөрчил биш гэж үзээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл нь ажилтан хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй байх бөгоөд энэхүү зөрчил нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай гэж дүгнэсэн хэдий ч шүүх хуралдаан дээр ажилтан Хөдөлмөрийн гэрээнд заасан ямар ноцтой зөрчлүүдийг гаргасан нь илэрхий тайлбарлагдсан. Тэдгээрийг шүүх тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгсөн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын шийтгэл гэдэг агуулгаар тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хариуцагч талаас бүхий л боломжит нотлох баримт, (гэрчийн мэдүүлэг) гарган өгсөн боловч "нотлох баримт нь өөрөө дахин нотлох баримтаар нотлогдох ёстой байсан" гэдэг агуулгаар дүгнэсэн нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Цнь хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн 48 дугаар талд 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнминжингээс “фэйсбүүк чатаар харилцсан яриаг баримтжуулсан 10 ширхэг фото зураг, мөн бичлэг бүхий 1 ширхэг СД” зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 50-54/

 

Хариуцагч талын гаргасан дээрх нотлох баримтад үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар уг ажиллагааг хийж, үнэлсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх тухай журамд нийцээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/02113 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 744 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                             Д.ЦОГТСАЙХАН