Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00639

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 06 03 001/ХТ2021/00639

 

 

 

Б.Амгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02042 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2247 дугаар магадлалтай,

 

Б.Амгалангийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159, Б/160 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,040,160 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хонгорзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 21 жил боловсролын салбарт ажиллаж байна. 2015 онд 125 дугаар сургуулийн захирлаар томилогдож, 2017 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд энэхүү захирамжийг хууль бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж, 3 шатны шүүхээс намайг ажилд минь эгүүлэн тогтоох шийдвэр гарч, 2018.08.22-нд намайг эгүүлэн ажилд минь томилсон боловч 2018.09.20-ны өдөр дахин ажлаас минь чөлөөлсөн. Хэвийн ажил хөдөлмөрөө эрхэлж байсан миний хөдөлмөрлөх эрхийг удаа дараа зөрчиж байгаад нь гомдолтой байна. Нийслэлийн Засаг даргын Б/159 тоот Ажлаас чөлөөлөх тухай захирамжаар Багануур дүүрэгт ашиглалтад орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг 125 дугаар сургуультай нэгтгэн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль байгуулсан гэж Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15., Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2., 40 дүгээр зүйлийн 40.1.1., 42 дугаар зүйлийн 42.1.-д заасныг үндэслэл болгосон. Үүнийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2.-т ажилтан нас барсан бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгохоор зохицуулжээ. Гэтэл миний бие өнөөдөр амьд сэрүүн байгаа тул энэ заалт надад хамаарахгүй. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15.-д Нийслэлийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхтэй байхаар зохицуулжээ. Хэдийгээр уг заалт нь Нийслэлийн засаг даргад эрх олгосон зохицуулалт боловч хуулийн гол үзэл санаа бол уг ажлын байранд сонгон шалгаруулалт явагдах, улмаар түүний үр дүнг үндэслэн тухайн сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрх олгосон заалт юм. Миний бие тус албан тушаалд 2014 онд зарласан удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж томилогдсон бөгөөд надтай байгуулсан үр дүнгийн гэрээг холбогдох байгууллага, албан тушаалтнаас дүгнэсэн зүйл байхгүй. Иймд уг заалтыг чөлөөлөх үндэслэл болгосон нь нийцэхгүй байна. Нөгөө талаар 2 сургуулийг нэгтгэснээр уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаж, түүний үр дүн гарсан тохиолдолд хэрэгжих боломжтой заалт юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан. Миний бие дээрх үндэслэлүүдийн алинд нь хамаарч ажлаас чөлөөлөгдсөн нь тодорхойгүй байна. Хуулийн дээрх заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.1.1-д Орон тоог цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно, 15.1.2-т Орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно гэсэн. Мөн надад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д зааснаар 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой байтал огт мэдэгдээгүй. Гэнэт ирээд л ажил хүлээлцсэн. Бодит байдлаар 2 өөр сургуулийг нэгтгээгүй. Өөрөөр хэлбэл тус дүүрэгт 320 хүүхдийн шинэ хичээлийн шинэ байр барьж ашиглалтанд оруулж, манай 125 дугаар сургуулийн байр болгон 125 дугаар сургуулийн нэрийг нь Оюуны эрин цогцолбор сургууль болгон үйл ажиллагаа явуулж байгаа. Миний ажиллаж байсан 125 дугаар сургууль татан буугдаагүй, захирлын орон тоо хасагдаагүй, ажилтны тоо цөөрөөгүй бөгөөд ажлаас чөлөөлөх тухай захирамжид ийнхүү дээрх агуулга тус бүрийн алийг нь үндэслэл болгосныг огт дурдаагүй. Миний ажиллаж байсан 125 дугаар сургуулийн үйл ажиллагааны чиглэл огт өөрчлөгдөөгүй, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа, сургалтын тусгай зөвшөөрөл мөн адил байгаа бөгөөд Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сургуулийн барилгыг сургуулийн хичээлийн 2 дугаар байр болгож, нэрийг нь өөрчилсөн. Сургалтын үйл ажиллагаа явуулсан үндсэн чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй. Хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчилснөөс болж ажилтанг ажлаас чөлөөлөх хууль зүйн үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1., Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т ямар тохиолдолд нэгтгэсэн гэж ойлгох вэ гэж тодорхой заасан. 2 тусдаа хуулийн этгээд хоёулангийнх нь үйл ажиллагаа дуусгавар болгож, улсын бүртгэлээс хасаж, шинээр хуулийн этгээд байгуулагдахыг нэгдэх гэж үздэг. Гэтэл 125 дугаар сургуулийн оноосон нэрээс бусад бүх хувийн хэрэг, гэрчилгээний дугаар, регистрийн дугаар зэрэг бүх зүйл нь хэвээрээ байгаа. 125 дугаар сургууль татан буугдсан процесс ажиллагаа болоогүй, хуулийн этгээд татан буугдаагүй гэдэг нь харагдаж байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 23 дугаар зүйлийн 23.1.-д хуулийн этгээд татан буугдсан талаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэж заасан, мөн хуулийн 23.4.-т хуулийн этгээдийг татан буугдсан цагаас хойш тухайн хуулийн этгээдийн бүртгэлд өөрчлөлт оруулахгүй гэж заасан. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог. Иймд Багануур дүүргийн 125 дугаар сургуулийг татан буугдсан талаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, харин мэдээлэлд нь оноосон нэр өөрчилсөн тухай мэдээлэл бүртгэгдсэн байна. 2018.09.20-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Б/160 тоот захирамжаар Ж.Бат-Эрдэнийг Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Оюуны эрин цогцолбор сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2018.10.05-нд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь 2018.10.08-ны өдөр бүртгэгдэж гарсан бөгөөд энэ нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10., 5 дугаар зүйлийн 5.1., 5.2., Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-д заасан заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. 125 дугаар сургуулийг улсын бүртгэлээс хассан нь тогтоогдохгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.2.-т хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд оролцохыг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, Оюуны эрин цогцолбор сургуулийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарахаас өмнө иргэний эрх зүйн чадвар үүсээгүй байхад хууль бус захирамж гаргаж, нэхэмжлэгч Б.Амгалангийн эрхийг зөрчсөн байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.14.-т заасныг зөрчиж, сонгон шалгаруулалтад ороогүй хүнийг томилсон. Иймд би нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж нэмэгдүүлэн, 125 дугаар сургуулийн нэр Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль болсон учир тус сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүсч байна. Мөн ажилгүй байсан хугацааны цалинд Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн сүлжээ 2019.01.01-нээс хэрэгжиж эхэлсэн тул энэ сүлжээгээр захирлын ажил нь ТҮБД-5 зэрэглэлийн 4 дүгээр шатлал болох 868,980 төгрөгийн цалин болж нэмэгдсэнийг үндэслэн 2018.09.20-ноос 2020.09.01-нийг хүртэл хугацаанд олгогдох ёстой 18,181,160 төгрөгөөс 2019.02.25-ны өдрийн Б/84 тоот Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын тушаалаар 2,141,000 төгрөгийн тэтгэмж олгосон байгааг хасаж суутган 16,040,160 төгрөгийг гаргуулахаар, Нийслэлийн Засаг даргын 2018.09.20-ны өдрийн Б/159, Б/160 тоот захирамжуудыг тус тус хүчингүй болгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичиж баталгаажуулж өгөх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Олон жилийн хугацаанд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хонгорзул шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Багануур дүүрэгт 320 хүүхдийн суудалтай сургуулийг тус дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийг Нийслэлийн Засаг даргын 2018.08.02-ны өдрийн Цогцолбор сургууль болгон өөрчлөн байгуулах тухай А/703 дугаар захирамжаар байгуулсан. Ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийг байгуулсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.-т зааснаар ажил олгогчийн санаачилгаар тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасныг үндэслэн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Амгаланг Нийслэлийн Засаг даргын 2018.09.20-ны өдрийн Б/159 тоот захирамжаар ажлаас нь чөлөөлсөн. Түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.-т зааснаар 3 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Ажлаас халсан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2.-т заасан үндэслэл барьсан нь техникийн алдаа, өөрөөр хэлбэл 38.1.2.-ыг баримтлах байсан. Нийслэлийн засаг даргын Тамгын газраас Багануур дүүргийн 125 дугаар сургуулийг татан буулгаж, Оюуны эрин цогцолбор сургууль болгож өөрчилсөн нь энгийн хэв шинжтэй байсан сургуулийг цогцолбор сургууль болгож өөрчилсөн. Энэ бол Боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1., 12.2.-т заасныг үндэслэл болгож, Нийслэлийн Засаг дарга А/703 тоот захирамжаар Багануур дүүрэгт шинээр ашиглалтад орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг 125 дугаар сургуультай нийлүүлэн өөрчилж, Оюуны эрин цогцолбор сургууль болгосон. Ийм захирамж гарсантай холбогдуулж нэхэмжлэгч Б.Амгаланг ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2.-т заасны дагуу ажлаас чөлөөлж, ажилгүйдлийн тэтгэмж олгосон. Үүний дараа 2018.09.20-ны өдрийн Б/160 дугаар захирамжаар Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын сул орон тоон дээр зохих журмын дагуу нөхөн гүйцэтгэх хугацаанд Ж.Бат-Эрдэнийг сургуулийн захирлын түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд томилсон нь хууль зөрчөөгүй болно. Мөн сүүлд нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Б/160 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.Амгалан нь Нийслэлийн Засаг даргын А/703 тоот захирамжид гомдол гаргаагүй байж, шүүх хуралдаан дээр уг захирамжтай маргаад байна. А/703 тоот захирамжид гомдол гаргах хуулийн хугацаа ч дууссан. Тухайн үед уг захирамжтай маргаагүй, маргах эрх нь нэхэмжлэгчид байсан. Ер нь А/703 тоот захирамжийг гаргахдаа Бага дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.-т заасныг үндэслэж сургуулийг нэгтгэн зохион байгуулж, цогцолбор сургууль байгуулсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь бүхэлдээ үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Ж.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагчийн гаргасан тайлбарыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Багануур дүүргийн 125 дугаар сургуулийг өргөтгөж, Оюуны эрин цогцолбор сургууль болгож, шинээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон. Иймд уг байгууллагыг шинээр байгуулагдсан гэж үзэж байна. Учир нь орон тоо бүтэц өөрчлөгдөж, нэмэгдсэн учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02042 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Амгаланг Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт нийт 14,130,829 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/159, Б/160 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах, 1,909,331 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1., 46.2.-т зааснаар дээрх хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, Б.Амгалангийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийн нөхөн бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Засаг даргад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 228,604 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2020/02247 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02042 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Хонгорзул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Б.Амгалангийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох иргэний хэргийн 2019.11.06-ны өдрийн 2247 дугаар магадлалд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Б.Амгалан 2018.10.15-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2018.09.20-ны өдрийн Б/159 тоот захирамжийг хүчингүй болгуулах, Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг анхан болон давах шатны шүүхийн шийдвэрээр хангаж шийдсэн нь анхан болон давах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. 1. Б.Амгаланг Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажлаас бус, харин 125 дугаар сургуулийн захирлын ажлаас чөлөөлсөн тул Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд буцаан томилох шийдвэр нь үндэслэлгүй юм. 2. Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасныг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2018.08.02-ны өдрийн А/703 тоот захирамжаар Багануур дүүрэгт шинээр ашиглалтанд орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг мөн дүүргийн Ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн хэв шинжийг өөрчилж Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль байгуулж сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон уг зөвшөөрөлтэй нэхэмжлэгч тухай үед маргаагүй. 3. Мөн Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэлх хугацаанд Ж.Бат-Эрдэнийг сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай 2018.09.20-ны өдрийн Б/160 дугаартай захирамжийг Нийслэлийн засаг дарга гаргасан. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.16-ны өдрийн 182/ШШ2020/02042 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 2247 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Амгалан нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018.9.20-ны өдрийн Б/159, Б/160 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 16,040,160 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Б.Амгалан нь 2015 онд Багануур дүүргийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажилласан байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017.6.28-ны өдрийн Б/123 дугаар захирамжаар ажлаасаа халагдаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.11.14-ний өдрийн 2202 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон, уг шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.01.19-ний өдрийн 235 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.5.03-ны өдрийн 701 дугаар тогтоолоор хянаж, хэвээр үлдээсэн байна.

Хариуцагчаас шүүхийн шийдвэрийг биелүүлж, Нийслэлийн Засаг даргын 2018.8.22-ны өдрийн Б/141 дүгээр захирамжаар Б.Амгаланг Нийслэлийн Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлаар томилсон боловч 2018.9.20-ны өдрийн Б/159 дүгээр захирамжаар Оюуны эрин цогцолбор сургууль байгуулсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, уг тушаалд ...Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан.

 

Нийслэлийн Засаг даргын 2018.8.02-ны өдрийн А/703 дугаар захирамжаар Багануур дүүрэгт шинээр ашиглалтанд орох 320 хүүхдийн суудалтай сургуулийг Нийслэлийн ерөнхий боловсролын 125 дугаар сургуультай нэгтгэн Оюуны эрин цогцолбор сургууль гэж өөрчилсөн нь нэхэмжлэгч Б.Амгаланг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй, учир нь Багануур дүүргийн 125 дугаар сургууль татан буугдаагүй, захирлын орон тоо хасагдаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Багануур дүүрэгт шинээр 320 хүүхдийн суудалтай, сургалтын зориулалттай барилгыг барьж ашиглалтанд оруулан, түүнд ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн сургалтын үйл ажиллагааг явуулж, тус сургуулийн нэрийг Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургууль гэж өөрчилсөн үйл баримтууд тогтоогджээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүхээс, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.Амгаланг Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,130,829 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дугаар зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас, Нийслэлийн Засаг даргын Б/159, Б/160 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдэл зөв, шүүхүүд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуульд нийцсэн дүгнэлт хийжээ.

 

Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02042 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2247 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ