| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2018/00459/И |
| Дугаар | 00488 |
| Огноо | 2018-08-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 00488
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, Г овогт Х.Б -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1981 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, М овогт Б.Э /-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00459/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир, хариуцагч Б.Э , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э тай 2002 онд танилцаж дотносон 2004 онд гэрлэлтээ батлуулсан юм. Бидний дундаас 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э.М , 2008 онд охин Э.Ү нар төрсөн. Б.Э аас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Төв аймгийн шүүхэд очих боломжгүй учир тус шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна гэв.
Хариуцагч Б.Э нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2002 оноос хамтран амьдарч, 2004 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э.М , 2008 оны 12 дугаар сард охин Э.Ү нар төрсөн.
Бид 2002-2012 он хүртэл хамт амьдарсан. Х.Б хамт амьдарч байх хугацаандаа өглөө гараад архи уугаад ирдэггүй. Би араас нь олж авчирдаг байсан. Сүүлийн жилүүдэд таарамж муутай, архи дарс уусан үед хэрүүл гарах болсон.
2012 оноос хойш тусдаа амьдрах болсон. Би салснаас хойш Х.Б т үр хүүхдүүддээ зарцуул гэж мөнгө явуулдаг байсан. Надаас их хэмжээний мөнгө нэхдэг байсан. Би боломжоороо өгдөг байсан. Х.Б ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид өгч, тэтгэлэг өгнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Б.Э т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Х.Б , Б.Э нар нь 2004 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э.М , 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Ү нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээний хуулбар болон төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон, 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.М , 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Ү нарыг эхийн асрамжид үлдээж, эцэг Б.Э аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан Г овогт Х. Б , М овогт Б. Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүү Э.М , 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Ү нарыг эх Х.Б ийг асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2004 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Э.М 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2008 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Ү 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Б.Э аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Х.Б т даалгасугай.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нь нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Э аас 120209 /нэг зуун хорин мянга хоёр зуун ес/ төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ