| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2018/00422/И |
| Дугаар | 00499 |
| Огноо | 2018-08-31 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 00499
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, эмэгтэй, Х овогт М.Н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1975 онд төрсөн, эрэгтэй, Б овогт Ц. Д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00422/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Н , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.Д той 2001 онд танилцаж, 2003 онд хүү Д.Ч төрүүлсэн. Би хүүгээ хараад Булган аймагт аав, ээжтэйгээ хамт байдаг байсан. Харин Ц.Д Өмнөговь аймагт “Оюу толгой” компанид ажиллаж байсан. Бид 2004 оны 12 дугаар сараас салсан. Ц.Д нь жилд 2-3 удаа ярьдаг ч хүүтэйгээ ярьдаггүй, туслаж, дэмждэггүй. Өөрөө өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон. Иймд түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2003 онд М.Н бид хоёрын дундаас хүү Д.Ч төрсөн. М.Н бид хоёр удалгүй хоорондын таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон. М.Н хүү Д.Ч огт хайхардаггүй гэсэн нь арай дэгсдүүлж байна. Би хүү Д.Ч т тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас замын ачаалал даах боломжгүй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Ц.Д ид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Н , хариуцагч Д.Д нар нь 2001 оноос гэр бүлийн харилцаатай болж, тэдний дундаас 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүү Д.Ч төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.Н , хариуцагч Ц.Д нар нь гэр бүлээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас 2003 онд хүү Д.Ч эцэг Ц.Д оор овоглон төрсний гэрчилгээ авсан байх бөгөөд түүний эцэг Ц.Д мөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. Хариуцагч Ц.Д нь хүүхдийн эцэг мөн гэдэгт маргахгүй, тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар 2003 онд төрсөн хүү Д.Ч эцэг Ц.Д нь хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2003 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Д.Ч 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ц.Д оор нь тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх М.Н д даалгасугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч М.Н д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 30844 /гучин мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж Төрийн санд тус тус олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Цэнгүүнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ