Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/318

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Г.Ч нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ч-т  холбогдох эрүүгийн 2225005270482 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Г Ч

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Г.Ч 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн хойд хороололд гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ч-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Г.О “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Г.О-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 2 дахь тал/,

2. Хохирогч Г.О-н “...Би 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 08 цагийн үед Улаантолгой сумаас Эрдэнэт рүү орж ирэхэд миний араас манай нөхөр Ч  залгаад яах гэж явсан юм гэж уурлаад байсан. Тэгээд 01 цагийн үед Орхон аймгаас гарч Улаантолгой суманд гэртээ ирэхэд манай нөхөр Ч  намайг алцагнаад юу хийгээд яваад байдаг юм гэж уурлаад намайг аяга угааж байхад түлхэж газар унагаагаад миний өмсөж байсан хувцаснаас зулгааж гэрээс авч гараад миний зүүн талын бөөр хэсэгт 2 удаа өшиглөж гараараа 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан. Би Ч той гэр бүл болоод 15 жил болж байна. Тухайн үед Ч  архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан. Тухайн үйл явдал болоход хажууд манай ах Гантулга харж байсан. Миний 2 гарын шуу хөхөрч, толгой өвдөж байгаа. Манай нөхөр Ч нь 2021 оны 12 дугаар сард гэр бүлээрээ шинэ жил тэмдэглээд явж байхад намайг нойлын өрөөнд байсан хүмүүстэй хардаж толгой хэсэгт 1 удаа цохиж алгадаж байсан. Өөр миний бие эрх чөлөөнд халдаж байсан асуудал болж байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 6 дахь тал/

3. Гэрч Б.Т-н “2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай дүү О   Орхон аймаг руу сүү оруулчхаад буцан 01 цагийн үед Улаантолгой суманд ирэхэд нөхөр Ч  нь хардаж хэрүүл маргаан үүсгэж манай дүү О  ын нүүр хэсэгт 1 удаа алгадаж хоорондоо муудалцаад байхаар нь би салгаж маргалдаж муудалцахаа боль гэж хэлээд гэрээс гарч яваад гэрийн гадна хадлангийнхаа юмнуудыг бэлдсэн. Хэсэг хугацааны дараа би буцаж ирэхэд манай дүү О   зүүн талын хавирга хэсэг рүү өшиглөчих шиг боллоо гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 9 дэх тал/

4. Г.Ч ийн “2022 оны 08 дугаар сарын 30-ний өдөр Орхон аймаг Жаргалант суманд эхнэр хүүхдийн хамт байсан. Би өглөө нь босоод үхрээ бэлчээр рүү туугаад явсан тэгээд гэртээ ирэхэд манай эхнэр О   байхгүй байсан би хүүхдээсээ асуухад Эрдэнэт рүү усанд орохоор явсан гэхээр нь би эхнэр О   руу яриад хаана байгааг нь асуусан, тэгээд орой явахын хооронд төв орж яадаг юм аав явахад болдоггүй юм уу, гэж хэлээд утсаа салгасан. Орой нь тугалдаа явчихаад гэртээ ирэхэд эхнэр О   ирсэн байсан. Эхнэр намайг чи хардлаа би өөрөө хаашаа явахаа мэдчихэж болно биз дээ гэхээр нь чи бид хоёр таархаа болж байгаан байна даа гэж хэлээд О  ыг ор луу түлхээд гараад явах гэтэл араас сав шидээд зууралдаад байхаар нь би нүүр хэсэг рүү нь 2-3 удаа алгадсан тэгээд гэр рүү гараас нь зуураад оруулах гээд ноцолдож байхад О   цээж хэсгээ хаалганы цоожинд урсан тэгээд газар унахаар нь баруун гарын булчин хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн тэгээд би яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 10 дахь тал/

5. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 657 дугаартай “...Г.О-н биед цээж, хоёр гарын мөр, бугалга, зүүн гарын шуу, зүүн өгзөгт цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Цээж, хоёр гарын мөр, бугалга, зүүн гарын шуу, зүүн өгзөгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 13-14 дэх тал/

            6. Г.Ч ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 32 дахь тал/

            7. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 40-42 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Ч 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн хойд хороололд гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Ч ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.

 

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Г.О-н цагдаагийн газарт гаргасан гомдол, хохирогч Г.О-н “миний зүүн талын бөөр хэсэгт 2 удаа өшиглөж гараараа 3-4 удаа цохиж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг, гэрч Б.Т-н “Ч  нь хардаж хэрүүл маргаан үүсгэж манай дүү О  ын нүүр хэсэгт 1 удаа алгадаж хоорондоо муудалцаад байхаар” гэх мэдүүлэг, Г.Ч ийн сэжигтнээр мэдүүлсэн “би нүүр хэсэг рүү нь 2-3 удаа алгадсан тэгээд газар унахаар нь баруун гарын булчин хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 657 дугаартай дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Ч 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн хойд хорооололд байх гэртээ эхнэр Г.О-г зодож цээж, хоёр гарын мөр, бугалга, зүүн гарын шуу, зүүн өгзөгт цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэрээ шууд санаатай үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Ч ийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Г.О-н эрүүл мэндэд нь цээж, хоёр гарын мөр, бугалга, зүүн гарын шуу, зүүн өгзөгт цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

            3. Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г овгийн Г-н    Ч ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-т оногдуулсан 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А