Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 00512

 

   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, 37 настай, эмэгтэй, бага боловсролтой, Т овогт Б.Х ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1982 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой Б овогт С. Г  д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00456/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х , хариуцагч С.Г , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С.Г тай 2005 онд танилцаж, 2006 онд гэр бүл болж, бидний дундаас 2006 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү Г.Б төрсөн. С.Г  нь хүү Г.Б төрснөөс хойш 3 сар л хамт амьдарсан. Түүнээс хойш өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон учир бид тусдаа амьдрах болсон. Бид тусдаа амьдраад 12 жил болж байна. С.Г  бидэнд тусламж, дэмжлэг үзүүлж байгаагүй. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж, С.Г ас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.Г  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2006 онд Б.Х тай гэр бүл болсон. Гэр бүлийн баталгааг намайг байхгүй байх үед халамжийн хүнтэй сайн дураараа бүртгүүлсэн байсан. Тэгээд бид хоёр 1 жил хамт амьдарч байгаад ээж эгч нар нь хэл амаар доромжилж нэг өдөр машинтай ирээд аваад явсан. Ингээд бид хоёр тусдаа амьдарч эхэлсэн. Миний бие 2008 онд өөр хүнтэй танилцаад одоо болтол хамт амьдарч байна. Манайх 3 хүүхэдтэй амьдрал маань тийм ч сайнгүй байдаг тул хүүхдийн тэтгэлэг өгч чадахгүй. Мөн хүүгээ ээжийхэнд халамжинд байлгаж, гэрлэлтээ цуцлуулах саналтай байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х  нь хариуцагч С.Г  гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Х , хариуцагч С.Г  нар нь 2006 онд гэр бүл болсныг Булган аймгийн Сэлэнгэ сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2006 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 10 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

2018 оны 07дугаар сарын 26-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс 2006 оноос хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын дундаас 2006 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү Г.Б төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй тул хүү Г.Бг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг С.Г ар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Т овогт Б.Х, Б овогт С.Г  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2006 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Б эх Б.Х гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү Г.Б тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг С.Г ар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Х д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Г ас 103348 /нэг зуун гурван мянга гурван зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч Б.Х д, 33148 /гучин гурван мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг Төрийн санд тус тус олгосугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       О.ОДОНЧИМЭГ