Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/327

 

 

 

 

 

 

 

 

2022          10             03                                   2022/ШЦТ/327

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж

 

Нарийн бичгийн дарга Н.Б

Улсын яллагч Л.Э

Шүүгдэгч Д.С 

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2225004860358 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

 

1. Д.С

2. Г.Б.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Д.С   нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вэйв” баарны гадна Х.А-н  нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вэйв” баарны гадна зогсоолд байрлуулсан Ө.М-н эзэмшлийн **** ОРХ улсын дугаартай Тоёота Премио загварын тээврийн хэрэгсэлийн зүүн талын толийг хууль бусаар хугалж устгасны улмаас 600000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ “гэм бурууга хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч Х.А  шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Хохирогч Ө.М шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Х.Б-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 4 дэх тал/

2. Х.А-н  цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 5 дахь тал/

3. Ө.М-н цагдаагийн газарт гаргасан гомдол /хавтаст хэргийн 6 дахь тал/

4. Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /хавтаст хэргийн 7-8 дахь тал/

5. Хохирогч Ө.М-н “Би хүн дуудах гээд нөгөө залуучууд дээр очихгүй өөр газар хэсэг зогсож байгаад утсаараа хүн рүү залгаж байгаад машин дээрээ ирэхэд миний машины зүүн талын толь хугарсан, Х.Б-н гарнаас их хэмжээгээр цус гарч машины дотор салон цус болгосон байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Миний машины толийг хэн хугалсанг би бол хараагүй, Х.Б-с асуухад бусдаасаа арай өндөр залуу Х.Б-г гараад ир гээд миний машиныг өшиглөөд, цохиод байсан гэсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/

6. Хохирогч Х.А-н  “С гэдэг залуу уурлан мөн бид нарыг хэл амаар доромжлоод байхаар нь би болиулах гээд С-г салган машины урд талд очин зогсоход С гэнэт миний хамар хэсэг рүү гараараа цохиход хамраас цус гарахаар нь нүүрээ дараад доош тонгойход толгой болон бие хэсэг рүү олон удаа цохиод байсан. Тэгээд дээш харахад Г.Б , Б.Б нар нь над дээр ирж, би Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд С яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 26 дахь тал/

7. Гэрч Б.Б-н “А ёолох чимээ гаргахаар нь салаад Б бид 2 А дээр очиход А-гийн хамарнаас цус гарсан байсан. А-гийн хамрыг хэн хэрхэн яаж гэмтээснийг мөн хараагүй. Гэхдээ хажууд нь очиход А С-г заагаад энэ залуу намайг цохин өшиглөөд хамар гэмтээчихлээ ш дээ гээд байсан...” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 29 дэх тал/

8. Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаартай "Х.А-н  биед хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийг хэзээ үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Хамрын таславчийн муруйлт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Уг гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт. /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

10. Орхон аймаг дахь "Ашид билгүүн” ХХК-ны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 687 дугаартай "Толь дохиотой /зүүн/ 550000 төгрөг, будах зардал 50000 Шууд зардлын дүн 600000 төгрөг. Шууд бус зардал 20000 төгрөг, нийт дүн 620 000 төгрөг" гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 43 дахь тал/

11. Сэжигтэн Д.С-ий “Х.А  над руу гар далайхаар нь би түрүүлээд зүүн гараараа нүүр хэсэг рүү нь нэг цохиход нүүрээ бариад доошоо тонгойхоор нь бие хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд шууд хаяад ганцаараа яваад өгсөн” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 49 дэх тал/,

12. Яллагдагч Г.Б ы “Х.А  ёолох шиг болохоор Б.Б бид 2 Х.А  дээр очиход хамраас нь цус гарчихсан өндөр залууг цохичихлоо ш дээ гэж байсан, нэг залуу нь машин руу орохоор нь уг залууг би буугаад ир гэж уурлахдаа машины зүүн талын толийг нь цохиж хугалсан. Хийсэн хэргээ хүлээж байна. Хохирлыг Ө.М-д өгч барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/

13. Г.Б ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/

14. Д.С-ий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Э  дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.С   нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вэйв” баарны гадна Х.А-н  нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч Г.Б нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вэйв” баарны гадна зогсоолд байрлуулсан Ө.М-н эзэмшлийн **** ОРХ улсын дугаартай Тоёота Премио загварын тээврийн хэрэгсэлийн зүүн талын толийг хууль бусаар хугалж устгасны улмаас 600 000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.С  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санатлай байна. Шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох саналтай. гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

  1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан Х.Б-н цагдаагийн газарт гаргасан гомдол, Х.А-н  цагдаагийн газарт гаргасан гомдол, Ө.М-н цагдаагийн газарт гаргасан гомдол, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ө.М-н “Миний машины толийг хэн хугалсныгг би хараагүй, Х.Б-с асуухад бусдаасаа арай өндөр залуу Х.Б-г гараад ир гээд миний машиныг өшиглөөд, цохиод байсан гэсэн” гэх мэдүүлэг, хохирогч Х.А-н  “С гэнэт миний хамар хэсэг рүү гараараа цохиход хамраас цус гарахаар нь нүүрээ дараад доош тонгойход толгой болон бие хэсэг рүү олон удаа цохиод байсан” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-н “Агийн хамрыг хэн хэрхэн яаж гэмтээснийг мөн хараагүй. Гэхдээ хажууд нь очиход А С-г заагаад энэ залуу намайг цохин өшиглөөд хамар гэмтээчихлээ ш дээ гээд байсан” гэх мэдүүлэг, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 621 дугаартай дүгнэлт, Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 625 дугаартай гэх дүгнэлт, Орхон аймаг дахь "Ашид билгүүн” ХХК-ны хохиролын үнэлгээ гаргасан 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 687 дугаартай шинжээчийн дүгнэлт, сэжигтэн Д.С-ий“Х.А  над руу гар далайхаар нь би түрүүлээд зүүн гараараа нүүр хэсэг рүү нь нэг цохиход нүүрээ бариад доошоо тонгойхоор нь бие хэсэг рүү нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Б ы “уг залууг би буугаад ир гэж уурлахдаа машины зүүн талын толийг нь цохиж хугалсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.С   нь 2022 оны 08 дугаар сарын 09- ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вэйв” баарны гадна Х.А-н  нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Г.Б нь 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Вэйв” баарны гадна зогсоолд байрлуулсан Ө.М-н эзэмшлийн **** ОРХ улсын дугаартай Тоёота Премио загварын тээврийн хэрэгсэлийн зүүн талын толийг хууль бусаар хугалж устгасны улмаас 600000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Д.С-ийүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Б ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, сэдэлт, зорилго, шалгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, учирсан хохирол, хор уршиг бүрэн нотлогдож тогтоогдсон байна.

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.С  , Г.Б нарыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгч нарын гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэл, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

 

            Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Х.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Хохирогч Ө.М-д 620 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овгийн Д-ийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М овгийн Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, Г.Б нарт оногдуулсан 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С, Г.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг дүрс бичлэгийн CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.А