| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2018/00329/И |
| Дугаар | 00314 |
| Огноо | 2018-06-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 00314
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1990 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Могод сумын 5 дугаар багт оршин суух, Номгон овогт Т. Н ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд, Булган аймгийн Могод суманд оршин суух, Ё овогт Г. О д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00329/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гочоо, хариуцагч Г.О , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н би 2012 онд Г.О тэй гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бид 2016 оны 04 дүгээр сар хүртэл хамт амьдарч байсан. Хамт амьдарч байх эхэн үедээ бид бие биедээ хайр халамжтай амьдарч байсан боловч миний нөхөр Г.О нь 2013 оноос эхлэн ааш араншин нь өөрчлөгдөж, миний итгэл найдварыг алдаж улмаар өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоож, архи ууж, агсам согтуу тавих зэрэг миний эрх чөлөөнд халдаж хэл амаар доромжлох зэргээр авирлаж байснаас үр хүүхэд миний эрх ашиг, хайр сэтгэл, амьдралыг хохироосон. Одоо Г.О нь өөр хүнтэй амьдарч байгаа тул бид цаашид хамтран амьдрах боломжгүй. Хамгийн гол нь үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх асуудал надад оногдож байна. Бидний дундаас 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр охин О.Ц төрсөн. Одоо миний асрамжинд байдаг. Г.О бид хоёр анх нийлэхдээ тодорхой хэмжээний мал хөрөнгөтэй байсан. Одоо миний нөхөр надаас анх очсон үхэр, адуу, хонь, ямаа нийлсэн 30 толгой малыг өгөх ёстой. Энэ талаар бид хоёр маргах зүйлгүй бөгөөд Г.О нэгэнт гэр бүлээ цуцлах учраас миний эзэмшлийн малыг өгнө гэдгээ илэрхийлсэн. Шүүхээр хөрөнгийн талаар шийдвэр гаргуулах шаардлагагүй. Харин Г.О төрсөн охиндоо тэтгэлэг төлөх ёстой. Миний хувьд ч тэтгэлэгийг хуулийн дагуу гаргуулах болно. Бид хоёр гэр бүлээ цуцлуулахыг аль аль нь хүлээн зөвшөөрч байгаа. Нөхөр Г.О нь одоо гэр бүлтэй болж тогтвортой амьдарч байгаа зэрэг хэн хэнийхээ цаашдын амьдралд чирэгдэл учруулахгүйгээр асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа учир бидний гэрлэлтийг цуцалж, охин О.Ц ийг миний асрамжинд үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Н тай 2012 онд гэр бүл болж, 2016 он хүртэл 4 жил нэг гэрт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд 2013 онд охин О.Ц төрсөн билээ. Т.Н д түүнд ногдох малыг өгнө. Өөрөө очоод малаа туугаад ав гэж хэлсэн боловч өнөөг хүртэл аваагүй байгаа. Гэрлэлтээ цуцлуулж, охин О.Ц ийг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Г.О гээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Т.Н , хариуцагч Г.О нар нь 2012 онд гэр бүл болсныг Булган аймгийн Могод сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 0155355/12 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.
2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс 2016 оноос хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан зохигчдыг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын дундаас 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр охин О.Ц төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй тул охин О.Ц ийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Г.О гээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Н овогт Т. Н , Ё овогт Г. О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин О.Ц ийг эх Т.Н гийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн охин О.Ц ийг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.О гээр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Т.Н д даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.О гээс 101562 /нэг зуун нэг мянга таван зуун жаран хоёр/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Н д 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, Төрийн санд 31362 /гучин нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ