Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Г.Баясгалан,

Шүүгдэгч Ч.*******,

Нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                                          

   Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох 2207000000026 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

 

  Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт *******, ******* тоотод оршин суух, урьд Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар /*******/,

 

  Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эх Г.г “загналаа” гэх шалтгаанаар толгой, цээжин тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ч.*******г яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Ч.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 7-ны өглөө 9 цагт гэрээсээ гараад найз нартайгаа архи уусан. Тэгээд гэртэй орж ирээд унтаж байхад ээж “бос чи” гээд татаж чангаагаад байхад нь хойшоо бол гээд цээж рүү нь 2 цохисон. Тэгээд ээж гараад явсны араас цагдаа дуудсан байсан. Хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэртээ өөрийн бага хүү Ч.*******гийн хамт амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө 08 цагийн үед Ч.******* согтуу ирсэн. Тэгэхээр нь би уурлаад “хаана, хэнийхээр хоноод ирэв, ичээч чи” гэж загнахад миний өмнөөс юм хэлэлгүй гэрээс гараад явсан. Тэгээд 16 цагийн орчим дахиад гэртээ согтуу орж ирээд миний оёдлын машины урд унаад өгсөн. Тэгэхдээ миний оёдлын машины тавцанг салгахаар нь би уурлаад “чи согтуу ирж дандаа гай болно” гэж хэлсэн. Тэгтэл миний баруун нүдийг баруун гараараа цохиод, зүүн гараараа миний цээж хэсэгт дахиад хоёр удаа цохисон. Энэ үед би гарч гүйгээд хажуу хашаанд байх өөрийн том хүү д “ээжийг нь ******* цохичихлоо” гэж хэлсэн чинь цагдаа дуудсан. Тухайн үед би найз эмгэнийхээ гэрт 100 грамм архи уусан байсан. Ч.******* юу болж байгааг мэдэхгүй, тасарсан байсан. Архи уусан үедээ үглээд “пизда минь” гээд загнаад байдаг. Архи уусан үед нь би айдастай байдаг ба архи ууж ирсэн үед нь айгаад том хүүгийнхээ гэрт орж хонодог. Согтуу үедээ өмнө нь хэд хэдэн удаа зодож байсан, зодох гэж оролдож байсан.” /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай ээж Г. надад “******* намайг зодчихлоо” гэж хэлээд гэрт ороод ирсэн. Тэгээд харсан чинь нэг нүд нь хөхөрсөн байсан.” /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Ч.*******  ээжтэй хамт амьдардаг. Ажил хийж ээжийг маань тэжээн тэтгэж яваа. Архи уусан үедээ солиороод элдэв зан гаргаад байдаг, эрүүл үедээ төлөв даруу хүний үгэнд ордог.” /хавтаст хэргийн 67 дахь тал/,

 

Гэрч Р. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйл тогтмол хэрэглэдэг. Бүлэг бөөгнөрөл байнга үүсгэж байдаг өрх байгаа. Архины хамааралтай иргэдийн судалгаа, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй иргэдийн хүний бүртгэлд бүртгэлтэй байдаг.” /хавтаст хэргийн 70 дахь тал/,

 

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 19-22 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын  12-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Г.гийн биед баруун дээд, доод зовхи, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

 

Согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Шүүгдэгч Ч.*******гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтаст хэргийн 76 дахь тал/

 

          Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал /хавтаст хэргийн 83 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.*******д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ч.*******г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Ч.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эх Г.г “загналаа” гэх шалтгаанаар толгой, цээжин тус газарт нь гараараа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ. Тухайлбал;

 

  Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ч.******* миний баруун нүдийг баруун гараараа цохиод, зүүн гараараа миний цээж хэсэгт дахиад хоёр удаа цохисон. Энэ үед би гарч гүйгээд хажуу хашаанд байх өөрийн том хүү д “ээжийг нь ******* цохичихлоо” гэж хэлсэн чинь цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

 

Гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай ээж Г. надад “******* намайг зодчихлоо” гэж хэлээд гэрт ороод ирсэн. Тэгээд харсан чинь нэг нүд нь хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ч.*******  ээжтэй хамт амьдардаг. Архи уусан үедээ солиороод элдэв зан гаргаад байдаг.” гэх мэдүүлгүүд /хавтаст хэргийн 67 дахь тал/ болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаартай шинжээчийн Г.гийн биед баруун дээд, доод зовхи, цээжинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 17-18 дахь тал/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хавтаст хэргийн 19-22 дугаар тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

 

Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Г.гийн биед халдсан, хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

 

 Мөн шүүгдэгч Ч.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн байх тусгай шалгуурыг тогтоосон.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт: эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд амьдарч байгаа этгээдийг тус тус гэр бүлийн хамаарал бүхий гэж үзэхээр заасан бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг дээрх этгээдүүдийн хувьд үйлдэгдсэн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэж заасан байна.

 

   Хохирогч Г. нь шүүгдэгч Ч.*******гийн төрсөн эх, тэд хамт амьдардаг болох нь тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдож байх ба дээрх хуулийн тайлбарын үйлчлэлд хамаарах этгээд гэж үзэх тул шүүгдэгчийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан гэж дүгнэлээ.  

 

Иймд шүүгдэгч Ч.*******гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Г.гийн биед баруун дээд, доод зовхи, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Ч.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгчийн хувьд прокурорын сонсгосон ялыг зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбар гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэсэн үндэслэлээр хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Шүүх шүүгдэгч Ч.*******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.

 

 Хэрэв шүүгдэгч нь 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Ч.*******д мэдэгдэх нь зүйтэй.

 

Бусад асуудлаар.       

 

Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.******* нь Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Х/84 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол”-оор тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт  *******ын *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Ч.*******д мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г. нь хохирол, төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                           

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ВОЛОДЯ