Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 106

 

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00106

 

 

 “АИП ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02414 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “АИП ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.А, Л.М нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 89 082 528 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй,

2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2015/31 тоот барьцаат зээлийн гэрээ 2015/31-01 тоот барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, 6 965 549 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Чинбат

Хариуцагч нарын өмгөөлөгч: О.Мөнхболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.А, Л.М нар нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр барьцаат зээлийн гэрээг “АИП ББСБ” ХХК-тай байгуулж 100 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн.

Мөн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 63а байр, .... тоотод байрлах 210 м.кв бүхий 5 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдэгч нар нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар гүйцэтгээгүй үүрэг нь үндсэн зээл 60 000 000 төгрөг, үндсэн хүү 18 882 122 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 200 406 төгрөг, нийт 89 082 528 төгрөг болсон тул гаргуулж өгнө үү.

Мөн хариуцагч нар нь гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч “АИП ББСБ” ХХК нь анх 2014 оны 07 дугаар сарын 07-нд үүсгэн байгуулагдаж, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад нэг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчтэйгээр бүртгэгдсэн. 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр “АИП ББСБ” ХХК-ийн Үүсгэн байгуулагчийн шийдвэрээр Т.Мөнхжаргалыг гүйцэтгэх захирлаар томилж, түүнтэй 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр контрактын гэрээ байгуулсан байдаг. Үүнийгээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн.

Иймд гүйцэтгэх захирал Т.Мөнхжаргал хуулийн дагуу томилогдон ажиллаж байгаа тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэл гаргасан.

“АИП ББСБ” ХХК-тай Ч.А, Л.М бид нар нь 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 2015/31 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2015/31-01 тоот “Барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 100 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Туул гол гудамж 63А байр .... тоот орон сууцаа барьцаалсан.

 Зээлдэгч нарын зүгээс зээлийн эргэн төлөлтөнд өнөөдрийн байдлаар нийт 106 965 549 төгрөг төлөөд байгаа болно.

Гэтэл гэрээнүүдэд “АИП ББСБ” ХХК-ийг төлөөлж захирал Т.Мөнхжаргал гарын үсэг зурсан боловч уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл Т.Мөнхжаргал гэдэг хүн нь 2017 онд гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Энэ нь уг гэрээ байгуулагдах үед “АИП ББСБ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр гэрээ хэлцэл байгуулсан байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулж, хүчин төгөлдөр бус гэрээ хэлцлийн улмаас илүү төлсөн 6 965 549 төгрөгийг “АИП ББСБ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Ч.А, Л.М нараас зээлийн гэрээний үүрэгт 51 264 091 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “АИП ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 37 818 437 төгрөгийн, хариуцагчийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2015/31 тоот барьцаат зээлийн гэрээ болон 2015/31-01 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, илүү төлсөн 6 965 549 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.А, Л.М нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Зээлийн барьцааны гэрээнд заасан Сүхбаатар дүүрэг 19-р хороо зуслан, Майхан толгой 2-р хэсэг гудамж 282 тоот хаягт байршилтай зуслангийн 650 м.кв газар, 132 м.кв талбайтай хувийн сууц нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “АИП ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 810 438 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 692 778 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.А, Л.М нараас улсын тэмдэгтийн хураамжинд 414 270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АИП ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх талуудын тохиролцооны нөхцөлийг зөрчиж, уг тохиролцсон нөхцөлд дүгнэлт өгөхгүйгээр хуулийн заалтыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Өөрөөр хэлбэл гэрээний тохиролцоо байгаа нөхцөлд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг шүүх хэрэглэх ёсгүй байсан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216.4 дэх заалтыг тайлбарлан хэрэглэхдээ гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш гүйцэтгэсэн мөнгөн төлбөрийн үүргийг ямар ч нөхцөлд уг хуулийн заалтад заасан дарааллаар гүйцэтгэхээр тайлбарласан.

Харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч хугацаандаа зээлээ төлөөгүй ч хүү, нэмэгдүүлсэн хүү үргэлжлүүлэн бодогдох байтал Иргэний хуулийн 216.4 заасан дагуу зээлийн хугацаа дуусгавар болоход эхний ээлжинд зээлийг төлүүлэх нь уг хуулийн 2 заалтыг зөрчилтэй мэт харагдуулж байна.

Гэтэл шүүхийн зүгээс хуулийн уг заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс талуудын тохиролцоог зөрчсөн шийдвэр гаргахад хүрсэн байна.

Нөгөөтэйгүүр, шүүгч хэргийг буруу шийдвэрлэхдээ тооцоолол дээр мөн л алдаа гаргасан. Хариуцагчийн 40 000 000 төгрөг төлсөн өдрийг хүртэлх хугацааны буюу 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хүүгийн нийлбэр нь 61 150 684 төгрөг болж байна. Харин уг хугацаанаас хойш үндсэн зээлийн үлдэгдэл 60 000 000  төгрөгөөс хүү тооцож дараагийн төлөлт буюу 50 000 000 төгрөг төлсөн өдөр болох 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны хүүгийн нийлбэр нь 4 497 534 төгрөг болж байна. Харин 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойш шүүхэд нэмэгдүүлсэн шаардлага гаргасан хугацаа болох 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл 10 000 000 төгрөгөөс хүү тооцоход 2 866 849 төгрөг болж байна.

Ийнхүү нийт бодогдсон хүүгийн нийлбэр 68 515 068 төгрөг болно. Уг хүүгийн нийлбэрээс гэрээний хугацаанд төлсөн хүүгийн нийт төлөлт болох 16 965 549 төгрөгийг хасахад нийт төлөх ёстой хүүгийн дүн нь 51 549 519 төгрөг дээр үндсэн зээлийн үлдэгдэл 10 000 000 төгрөг болон нэмэгдүүлсэн хүү 7 333 557 төгрөгийг тус тус нэмээд нийт хариуцагчийн төлөх ёстой дүн нь 68 883 076 төгрөг байна.

Иймд анхан шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ

 

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хариуцагч нарын өмгөөлөгч нь 2017 оны 11 сарын 07-ны өдрийн 10.30 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаантай давхцсан байсан тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй байгаа хүсэлтээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдааны товын хамт өгсөн байдаг.

Гэтэл анхан шатны шүүх миний гаргасан үндэслэл бүхии хүсэлтийг болон хариуцагч нарын Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх эрхийг нь хангалгүй шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн.

Мөн нэхэмжлэгч талыг төлөөлж Т.Мөнхжаргал гэрээнд гарын үсэг зурсан байх боловч "АИП ББСБ" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард Т.Мөнхжаргалыг 2017 онд захирлаар бүртгэгдсэн бүртгэл хийгдсэн байсан нь гэрээ байгуулж байх үед түүнийг гүйцэтгэх захирал байгаагүй гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна.

Хариуцагч Л.М нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотойгоор “АИП ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон компанийн хувийн хэрэг, гүйцэтгэх удирдлагатай холбоотой баримтуудыг гаргуулах хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх уг хүсэлтүүдийг хангахаас татгалзаж байсан нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн явдал бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт тооцооллын хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч “АИПс ББСБ” ХХК нь хариуцагч Ч.А, Л.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 89 082 528 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ хэлцэл гэж үзэж, илүү төлсөн 6 965 459 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

            Талууд 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 100 000 000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, сарын 4 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар зээлдэгчид зээлдүүлэхээр тохиролцсон. Энэхүү зээлийн гэрээгээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг үүсгэсэн байх бөгөөд мөн хуулийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн.

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талууд мөн өдөр зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 63 а байр .... тоотод байрлах 210 м.кв талбайтай, Ү-2206017565 үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулсан. Уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасанчлан бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, барьцаалагч нар нь уг эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй өмчлөгч нар мөн байна.

 

Нэхэмжлэгч “АИП ББСБ” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 296 дугаар тогтоолоор “банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх ба компанийн үүсгэн байгуулагчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 14/04 дугаар ажилд томилох тухай тушаалд Т.Мөнхжаргалыг гүйцэтгэх захирал болон дотоод хяналтын ажилтнаар томилсон ба уг тушаалыг тусгай зөвшөөрөл авахдаа хавсаргаж өгсөн нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7/2228 албан бичиг, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтуудаар тогтоогджээ.

 

Иймд талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч нарын гаргасан төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах боломжгүй болно.

 

Гэрээний 2.1.3 дахь хэсэгт талууд нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 48 000 000 /100.000.000Ч4%Ч12 сар/ төгрөг, нийт 148 000 000 төгрөг төлөхөөс 106 965 549 төгрөг төлж, 41 034 451 төгрөг төлөөгүй байна. Гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дууссан, талууд гэрээний хугацааг сунгаагүй, үүнээс хойш төлсөн төлбөрүүдийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүрэг болох зээлийг зээлийн хүүгийн төлбөрөөс хасч тооцох нь хуульд нийцнэ.

 

Иймд гэрээний хугацаа дуусахад төлөгдөөгүй төлбөрийг үндсэн зээл гэж 41 034 451 төгрөгөөс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан хугацаа хүртэлх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох учиртай. Иймд гэрээний хугацаа дууссан 2016 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилд зээлдэгч нар хэтэрсэн хугацааны хүү 19 696 536 /41.034.451Ч4%Ч12сар/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 939 307 /19.696.536Ч20%/ төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 41 034 451 төгрөгийн хамт нийт 64 670 294 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр багасгасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ. 

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Хариуцагч нарын өмгөөлөгчид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр товлосон шүүх хуралдааны зарыг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр анхан шатны шүүх мэдэгдсэн байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр товлогдсон байх тул энэ өдрөөс өмнө зарлагдсан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгах үндэслэлгүй юм. Мөн хариуцагч нарын нотлох баримт гаргуулах хүсэлтийг үндэслэл нь тодорхойгүй гэж хангахгүй орхисон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/02414 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын “51 264 091” гэснийг “64 670 294” гэж, “37 818 437” гэснийг “24 412 234” гэж,

3 дахь заалтын “414 270” гэснийг “481 301” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “АИПс ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347 043 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 415 000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

 

                                                                        Э.ЗОЛЗАЯА