Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 128/2024/0031/з |
Дугаар | 221/МА2024/0389 |
Огноо | 2024-06-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2024/0389
“Г б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч О.Оюунгэрэл
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Нэхэмжлэгч: “Г б” ХХК
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/382 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0345 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Л.И
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2024/0031/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г б” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус холбогдуулан “... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/382 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0345 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г б” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/382 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт гаргаж чадсангүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Г б” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болж, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд байрлах Зайсангийн аманд 1.0 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/382 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Тус дуусгавар болгосон тушаалын гол үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасныг удирдлага болгосон.
3.2. Хэрэгт авагдсан баримтаар “Г б” ХХК нь анх 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/116 дугаар тушаалаар 5 жилийн хугацаагаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй болж, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр гэрчилгээ авсан. Дээрх газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа нь 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дууссан бөгөөд дээрх хугацааны дотор газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллага болон харьяа хамгаалалтын захиргаанд гаргаагүй болох нь тогтоогдсон бөгөөд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргана” гэснийг зөрчсөн.
3.3. Гэтэл анхан шатны шүүхээс 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргасан, мөн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж хүсэлтээ гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг төрийн захиргааны байгууллага шалган тогтоох үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
3.4. Учир нь тус хамгаалалтын захиргаанд болон яаманд ирүүлсэн хүсэлтүүд нь хуульд заасан хугацаа өнгөрсөн байхад ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахдаа түүнд тавигдах шаардлага, холбогдох баримт бичгийг бүрдүүлээгүй байхад төрийн захиргааны байгууллагаас хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй талаараа дурдаж, баримтаа бүрдүүлэн дахин хандах талаар албан бичгээр хүсэлтийг буцаасан.
3.5. Нэхэмжлэгчээс 2021 оны 8 сараас хойш дахин хүсэлт гаргаж хандаагүй байхад анхан шатны шүүхээс маргаан бүхий акт гарах үед буюу 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд нэхэмжлэгч кампаниас хугацаа сунгуулах хүсэлтээ өгөөд 2 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байхад энэ асуудалд дүгнэлт өгөлгүйгээр дээрх хугацааны дараа газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дугаар зүйлийн 121.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, хэргийн оролцогчдын маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын зарим үндэслэлд холбогдуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай нийцсэнгүй.
3. Нэхэмжлэгч “Г б” ХХК нь (а) Байгаль орчин, аялал жуулчлалын яам, (б) Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг тус тус хариуцагчаар тодорхойлж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/382 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж маргасан.
3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2024/0179 дүгээр “Захиргааны хэрэг үүсгэх тухай” захирамжаар, уг хуулийн этгээдийн нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус холбогдуулж захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан атлаа “Г б” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагын “газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахыг хариуцагчид даалгах” хэсгийг аль хариуцагчид холбогдуулан гаргасан буюу захиргааны байгууллагын ямар эс үйлдэхүй, татгалзсан шийдвэрийн эсрэг ямар үндэслэлээр маргасан нь нэхэмжлэлийн өргөдөлд тодорхой бус байхад уг шаардлагын үндэслэлийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
3.2. Өөрөөр хэлбэл Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдуулан ямар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, эсхүл нэхэмжлэлийн өргөдөлд тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын аль хэсгийг нь уг хариуцагчид холбогдуулан гаргасан, түүнд шүүхээс ямар хууль зүйн дүгнэлт өгч, хэрхэн шийдвэрлэсэн болох нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэр зэргээс тодорхой илэрхийлэгдэхгүй байна.
4. Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/382 дугаар тушаалаар, ... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр ирүүлсэн санал болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан XI хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэн “... “Г б” ХХК нь олгосон газрын ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй” гэж тухайн аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
6. Гэтэл анхан шатны шүүх, маргаан бүхий дээрх А/382 дугаар тушаалын үндэслэл болсон гэх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хуралдсан XI хурлаас гарсан шийдвэрийг хэрэгт нотлох баримтаар аваагүй байх тул маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч, хэргийг бүхэлд нь хянан, нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.
6.1. Учир нь хариуцагчийн итггэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Сайдын тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга, мэргэжилтнүүдийг оролцуулсан 6 хүний бүрэлдэхүүнтэй газар ашиглах эрхэд хяналт тавих зөвлөл байгуулсан. Тус зөвлөл нь газар ашиглах эрх сунгах, цуцлах асуудлыг зөвлөлийн хурлаараа шийдвэрлэдэг. Хурлаар хэлэлцэж, судлаад сайдад танилцуулдаг” гэх зэргээр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дээрх маргаан бүхий тушаалыг гаргахдаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн саналыг уг зөвлөлөөр хэлэлцүүлсний дүнд шийдвэрлэх байдлаар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам тогтоожээ.
6.2. Харин “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар, “Г б” ХХК-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох талаар хуульд заасан ямар үндэслэл тогтоогдсон гэж шийдвэрлэсэн тухай хэлэлцсэн асуудалд холбогдох нотлох баримт авагдаагүй байх тул маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэх, зорилгодоо нийцсэн буюу бодит нөхцөлд тохирсон эсэхэд давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломж хязгаарлагдана.
6.3. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1112 дугаар албан бичгээр “Г б” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах саналыг уламжилж байсан бол эсрэгээрээ 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 625 дугаар албан бичгээр “эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаагүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 7 жил дараалан ашиглаагүй” гэх, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 736 дугаар албан бичгээр “хариу тайлбар өгөөгүй” гэх үндэслэлийг тус тус зааж, газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал уламжилсан тохиолдолд эдгээр нөхцөл байдлыг хариуцагч шийдвэр гаргахдаа хэрхэн шалгаж тогтоосон талаарх нотлох баримтуудыг шүүх зайлшгүй цуглуулах шаардлагатай.
6.4. Тодруулбал, захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд “... захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн нь тогтоогдвол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Үүний тулд захиргааны актыг гаргасан этгээд нь эрх бүхий захиргааны байгууллага мөн эсэх, захиргааны акт гаргах ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэх, нөхцөл байдлыг бүрэн тогтоосон эсэх, захиргааны акт хуульд заасан хэлбэрээр гарсан эсэхийг шалгах шаардлагатай тул маргаан бүхий актын үндэслэл болсон дээр дурдсан хурлаас гарсан шийдвэр болон тус хурлаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэлийн хүрээнд хэлэлцэгдсэн холбогдох нотлох баримтыг хэрэгт цуглуулах нь зүйтэй.
6.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... 2021 оны 6 сард гаргасан хүсэлтийг яамнаас буцаасан, дараа нь 8 дугаар сарын 11-ний өдрийн 003 дугаар албан бичгээр, холбогдох баримтуудыг хавсарган хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан байхад шийдвэрлээгүй, татгалзсан хариу өгөөгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... хуульд заасан баримтуудыг хавсаргаж ирүүлээгүй тул Сайдын 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 01/3873 дугаар албан бичгээр хүсэлтийг буцаасан, цахим бүртгэлийн системээс үзэхэд түүнээс өмнө манайд хүсэлт гаргаж байгаагүй” гэж шаардлага ба татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан бөгөөд “Г б” ХХК-аас 2021 оны 6 дугаар сард газар ашиглах эрхийн хугацаа сунгуулахаар хүсэлт гаргасан эсэх, яам түүнийг хүлээн авсан эсэх үйл баримтыг мадаггүй тогтоох нотлох баримтыг цуглуулж, дүгнэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.
7. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “Г б” ХХК-ийн дүрмийн 1.3-т “Хувьцаа эзэмшигч: “Э А Ю” б д с ХХК” гэж тодорхойлсонтой холбогдуулан http://opendata.burtgel.gov.mn/, https://opendatalab.mn/ гэх нийтэд илэрхий мэдээллийн сангаас тус хуулийн этгээдийн ...... регистрийн дугаараар хайлт хийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг шалгаж үзэхэд, түүнд анх газар ашиглах эрх олгосон, түүнийг дуусгавар болгосон аливаа хугацаанд тус хуулийн этгээд нь Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.
7.1. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““хөрөнгө оруулалт” гэж Монгол Улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан, санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг”, 3.1.2-т ““хөрөнгө оруулагч” гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийг”, 3.1.5-д ““гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг” гэж тус тус заасан.
7.2. Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид хамаарах эсэхийг холбогдох байгууллагаас лавлагаа авч тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн эсэх, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэв.
7.4. Өөрөөр хэлбэл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчий хувьд дээрх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх маргааны үйл баримтад бүрэн гүйцэт дүгнэлт хийгээгүй, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой баримтуудыг бүрэн цуглуулаагүй учраас шийдвэрийн хууль зүйн үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгч шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2024/0345 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ