Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 110/ШШ2021/0020

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн шүүх хуралдàаны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: К.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өлгий  сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Газар эзэмшихийг хүсэж гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч К.Жын хүсэлтийн дагуу тухайн газрыг  эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчээс К.Ж-с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Өлгий сумын газрын даамал, ерөнхий архитектораар ажиллаж байсан хүмүүс Өлгий сумын Засаг дарга, аймгийн ерөнхий архитектор зэрэг төрд хариуцлагатай албан тушаал хашиж байсан, одоо хашиж байгаа албан тушаалтнууд Монгол улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиудыг ноцтой зөрчин миний газар эзэмших, өмчлөх эрхийг олон жил зөрчиж, хохироож улмаар хууль бус шийдвэр гаргасанд нь туйлын гомдолтой байна.

Нэхэмжлэгч миний бие хүүхэд, ач зээ нарын хамт Баян-Өлгий аймгийн төв буюу Өлгий сумын төвд олон жил амьдарч ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” эрх маань зөрчигдөж амьдарч байгаа хашаа маань агаарын болон хөрсний бохирдол ихтэй эрүүл бус янз бүрийн өвчин эмгэг тархах магадлал асар их газарт амьдрах болсон.

Бидний олон жил амьдарч байгаа газрын хувьд, нэг хашаанд олон айл байдгаас талбайн хэмжээ маш бага, нягтрал ихтэй, шигүү, худаг, жорлон муу, стандартад нийцээгүй, усны цооног бүгд нэг дор төвлөрсөн, жорлон, худаг, муу усны цооног, малын хашаа хороо саравчны хоорондын зай нь маш ойрхон бөгөөд эсгий гэртэй хааяа нийлсэн, хашааны агаарын болон хөрсний бохирдол тоосонцор, тоосжилт ихтэй, үүний улмаас одоо харшлын өвчтэй болсон, худгийн усны бохирдол ихтэй ууж  болохгүй болсноос хаагдсан, зуны цагт хашаанд бүгчим, хөрсний бохирдол ихтэйгээс амьдрах бүү хэл амьсгалах аргагүй болсон. Шинээр худаг гаргах гэтэл  жорлон, муу усны цооног хогийн савтай нийлэхээр байсан тул гаргах боломжгүй болсон. Манай доод талын хөрш айлын худгаас дээд талын айлын бохирын ус гарсан байдалтай байна.

Ийм хүнд нөхцөлд амьдрах аргагүй болоод өөр шинэ газар авч нүүх шаардлага гарч Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх тухай хуулийн дагуу газар эзэмших хүсэлтээ тухайн үеийн аймаг, орон нутгийн төр, захиргааны байгууллагад 2007 оноос эхлээд өөрөө болон ач охин Ж.Аийн хамт Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т “энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, сум, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он,сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэж заасны дагуу өргөдлөө холбогдох материалын хамт өгсөн байдаг

Гэтэл мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-т ”Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн  газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасны дагуу шаардлага хангаагүй өргөдөл гаргасан талаар огт мэдэгдээгүй тул  хуульд заасан шаардлага хангасан өргөдөл гаргасан гэж үзэж байна. Надад болон ач охин Ж.Ад 2007-2020 оныг хүртэл хугацаанд өргөдлийг шийдвэрлэсэн эсэхтэй холбоотой албан бичиг, цахим шуудан /е майл/, утсаар мэдэгдэж байгаагүй болно.

Нэхэмжлэгч миний өмчлөхөөр хүссэн газар нь Өлгий сумын ** дугаар баг Сагсай сум явах замд НИК, Петровис ШТС-ын доод талд байдаг бөгөөд тэр хүсэлт гаргасан газартай хамт залгаа байсан Аий А нарын 5 айлын газрын зөвшөөрөл гэрчилгээ бүгд гарсан байсан боловч миний өргөдлийг одоог хүртэл шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүй үүнээс харагдаж байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Төрөөс газрын талаар баримтлах зарчим”, 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” гэсэн заалтын дагуу төрдөө орон нутгийн удирдлагад, газрын холбогдох албан тушаалтнуудад итгэж газар олгочих байх гэж бодон хэд хэдэн удаа очиж асууж, хүлээсээр итгэсээр найдсаар суутал газрын асуудал маань шийдэгдэхгүй бүдгэрч  эхэлсэн. Өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөхгүй байсан тул тухайн үеийн Өлгий сумын холбогдох албан тушаалтнуудад хэлж, танилцуулж тэдний өгсөн чиглэл зөвшөөрлийн дагуу тухайн газарт тэмдэглэгээ хийж цэг хатгаж, тэтгэврийн зээл авч хашаа барьсан.

Хашаа барьж байтал Өлгий сумын удирдлагаас “… энэ газрыг Хүүхэд залуучуудын паркийн хаалга гарах юм байна. Асуудал шийдэгдтэл түр зогсож байгаарай” гэсний дагуу бид аймаг орон нутгийн, иргэдийн нийтлэг эрх ашгийг хүндэтгэн тэдний шийдвэрийг дагасан. Гэтэл нөгөө хүүхэд залуучуудын парк нь өөр газар стадионы цаад цэргийн анги тал руу байгуулагдаж хаалга нь өөр газар гарах болсон. Уг асуудлаас болж нийлээд хугацаа өнгөрсөн. Бид тухайн үед Өлгий сумын удирдлагад танилцуулж байж дээрх хашааг барьсан, дур мэдэн буусан асуудал байхгүй.

Одоо уг газарт хашаагаа үргэлжлүүлэн барьж эрүүл агаар амьсгалж амьдрах гэтэл газар өмчлөх асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж уг газрыг Ө.Х Засаг дарга, Өлгий сумын архитектор асан Р.С нар “ойн бүс”, “тусгай хэрэгцээний” газарт оруулсан гэж сонссон боловч тодорхойгүй байсан.

Гэтэл энэ газар нь хойд урд талаар авто зам баригдахаар аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд орсон, тоосжилт ихтэй, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурсан, хөрс нь элэгдэж эвдэрсэн, хуурайшилт бохирдолт ихтэй болсон, бүр сүүлд айл амьтны хог хаядаг, хог асгадаг газар болсон байна. Одоо яг хажууд нь зэрэгцээ УИХ-ын гишүүн асан Д.Мын 664 айлын орон сууц,  сургууль цэцэрлэг баригдаж барилгын ажил өрнөж байна.

Газрын тухай хуулиар энэ газрыг иргэн надад өгөх боломж бүрэн байсан. Гэтэл сүүлд энэ газарт олон хүн булаацалдаж улмаар албан тушаалтнуудаас “маргаантай газар” мэтээр буруу мэдээлэл тараах болсон. Учир нь, аймгийн болон Өлгий сумын эрх бүхий зарим албан тушаалтнуудад өгөх эсвэл өөрсдөө авч бусдад зарах зэрэг хувийн ашиг сонирхлын улмаас бидний талд шийдэгдэхгүй газар эзэмших эрх зөрчигдсөөр байна. Газрын тухай хуульд уг газрыг түрүүлж хүсэлт гаргасан этгээд нь эзэмшиж, өмчлөх давуу эрхтэй байдаг. Гэтэл уг газрыг олгохгүй байгаа шалтгаанаа”... энэ газар өндөр настанд олгож болохгүй, албан тушаалтанд бол олгож болдог” мэтээр тайлбарлаж хуулийг зөрчиж байна.

Уг газрыг надад олгочихвол Баян-Өлгий аймгийн ногоон бүс сүйтгэгдэж тусгай хэрэгцээний газаргүй болчих гээд байгаа мэт надад хандсанд гомдолтой байна. Гэтэл өөр албан тушаалтанд энэ газрыг захирамжаар олгосон байсан. Дээрх албан тушаалтнуудын энэ үйлдэл нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1- дэх хэсэгт заасан “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөнөөс өнөөдөр бид энэ газрыг өмчилж чадаагүй өдий хүрлээ. Гэтэл тухайн үед өргөдлөө өгч байсан хөрш айлуудын газрын асуудал шийдвэрлэгдсэнд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн хууль ёсны итгэлийг хангах зарчим алдагдаж байна.

Миний өмчлөхөөр өргөдөл гаргасан газар нь хотын төвийн А бүсийн газар биш. Заавал дуудлага худалдаанд оруулах шаардлагагүй, бидний он удаан жил удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу өмчлөлд өгөх боломжтой газар.

Учир нь, 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2 дугаар хуралдаанд 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний асуудал хэлэлцэх үеэр зарим төлөөлөгчдөөс  “энэ хүнд олгох ёстой газрыг яагаад дуудлага худалдаанд оруулах шийдвэр гаргасан” талаар аймгийн газрын албаны холбогдох албан тушаалтнуудаас асуухад энэ газрыг “зүгээр л оруулсан” гэж ямар ч хариулт өгч чадаагүй мэлзэж байсан байна.

Хамгийн их гомдсон зүйл гэвэл газрын албаны зарим албан тушаалтнуудад өндөр настан бидэнд энэ газрыг олгохгүй янз бүрийн шалтаг шалтгаан хэлж хууль, дүрэм ном журам хэлээд өгөхгүй, болохгүй гэж хэлчхээд албан тушаалтанд болохоор найр тавьж  бидэнд мэдэгдэхгүй энэ газрыг гадуур бусадтай хуйвалдаж, хууль бусаар газрын хууль зөрчиж өөр хүнд нууцаар өмнөх Засаг даргаар ажиллаж байсан А.Г олгосон байсан булхайг нь бид мэдээд хууль зөрчсөн үйл ажиллагааг нь таслан зогсоосон юм.

Ингэж бодохоор хууль зөвхөн албан тушаалтнуудад үйлчилдэг юм байна, төрийг хүндэтгэж олон жил итгэж суусан бидний хүлээлт буруу байжээ гэдэгт л гомдож байна.

Өлгий сумын удирдлага, Аймгийн ГХХБГ/Ерөнхий архитектор/ Н.М/ энэ газрыг “тусгай хэрэгцээний “ “ойн сан бүхий газар” хэнд ч олгох боломжгүй, олговол хууль зөрчигдөнө гэсэн. Мэргэжлийн байгууллагын хариуцлагатай албан тушаалтан ийм хариулт өгөхөөр итгэсэн. Дээрх албан тушаалтнууд нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дэх хэсэгт заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” заалтыг илтэд зөрчсөн юм.

Сүүлд энэ газрыг иргэн К.Ж надад олгуулахаар ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас шийдвэр гарсан гэж дам сонссон. Гэтэл дээрх албан тушаалтнууд Газрын тухай хуулийн дүгээр зүйлийн 4.1.6 дахь хэсэгт заасан газар зохион байгуулалтын төлөвлөлтөд иргэдийн оролцоог хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т “хууль ёсны итгэлийг хамгаалах” , мөн хуулийн 26,27,28 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд газар эзэмших, өмчлөх өргөдлийг шийдвэрлэлгүй, нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн акт юм.

Мөн уг газрын асуудлаар би аймгийн өмнөх Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “ил захидал”-аар хандсан бөгөөд газрын асуудлыг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар  хэлэлцэлдээд газар олгохоор болсон талаар дам сонссон. Гэтэл энэ талаар надад мөн л мэдэгдээгүй. Аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлаас газрын асуудлаар гарсан шийдвэрийг үл тоож, Өлгий сумын Засаг дарга 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн А/366 дугаар захирамжид Өлгий сумын ИТХ-ын хуралдааны 2019.12.09-ний өдрийн 35 дугаартай тогтоолыг үндэслэсэн нь Өлгий сумын Хурлын тогтоол нь Аймгийн ИТХ-ын тогтоолын шийдвэрийг давж гарсан нь хууль бус үйлдэл.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл юм. Уг Өлгий сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн  дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт заасан газар өмчлүүлэх арга хэмжээг газар өмчлөн авахыг хүссэн иргэний сайн дурын үндсэн дээр зөвхөн энэ хуульд заасан зориулалтаар төр, олон нийтийн хяналтын дор ил тод явуулах зарчим, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан “Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь хэсэгт заасан “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.3-т  заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ”, 61 дүгээр зүйлийн 61-д хэсэгт заасан “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдлээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасны дагуу Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол хүсэлт гаргах тухай хуулийн заалтыг дээрх албан тушаалтнуудад дагаж мөрдөн ажиллаагүйгээс болж газар эзэмших, өмчлөх эх маань зөрчигдсөөр байна.

Миний бие нэхэмжлэгч К.Ж  нь тус шүүхэд Өлгий сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн А/366 дугаартай захирамжийг хүчингүй болгож, газар эзэмшихийг хүсэж гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан газрыг надад эзэмшүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Өлгий сумын засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/417 дугаартай захирамжаар маргаан бүхий 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/366 дугаартай захирамжийг хүчингүй болгосон.

Иймд миний бие нэхэмжлэлийн шаардлагаа газар эзэмшихийг хүсэж гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу тухайн газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах гэж тодруулж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О би нэхэмжлэгч К.Жын нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасан эрхийг зөрчсөн. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим зөрчигдсөн гэж үзэж байна.

Учир нь, 2007 онд миний үйлчлүүлэгч К.Ж газар эзэмших тухай хүсэлт гаргасан талаар нэхэмжлэлдээ дурдсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгчийн Өлгий суманд газар эзэмшихээр гаргаж байсан хүсэлт нь  байхгүй, хүсэлт гаргасан талаар сумын газрын даамлын бүртгэлд байхгүй ба ийм байдлаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн.

Мөн хариуцагчаас  газар эзэмших тухай өргөдөл, бүртгэл нь 5 жилийн хугацаанд хадгалагдаж байгаад устгалд ордог журамтай гэсэн тайлбар өгсөн байна. Үүнээс үзэхэд, тухайн журмын хэрэгжилт болон тухайн үеийн албан тушаалтны хариуцлагагүй байдлаас болж  миний үйлчлүүлэгчийн эрх нь зөрчигдсөн.

 2007 онд нэхэмжлэгч К.Ж өргөдөл гаргасан байхад тухайн хэрэгт хамааралгүй маш олон нотлох баримт цугларсан. Хувь хүний нууцтай холбоотой нотлох баримтууд авагдсан гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл, К.Жын хүү Жанибек, ач охин болон бусад иргэдийн газар эзэмшин өмчилж байсантай холбоотой нотлох баримтууд цугларсан байна. Уг нотлох баримтууд 2007 онд гаргасан өргөдлийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байгаа учраас нотлох баримтаас хасуулах  саналтай байна. 

2014 онд тухайн маргаан бүхий газар ногоон бүсэд харьяалагдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарахаас өмнө миний үйлчлүүлэгч газар эзэмших хүсэлтээ гаргасан байсан. Иргэн К.Ж тухайн газрыг эзэмших талаар 2007 онд хүсэлт гаргах үед шийдвэрлэх боломжтой байсан гэдэг нь харагдаж байна.

Түүнчлэн, хүсэлт гаргасан газартай холбогдуулаад нэр бүхий 4 иргэний газар эзэмших эрхийг шалгуулсан. 2008  оны 08 дугаар сарын 26-ны өдөр миний үйлчлүүлэгчийн хүсэлтэд заасан газрын зүүн талаас 4 иргэнд газар эзэмших захирамж гарч, газар эзэмших гэрчилгээ нь хавтаст хэрэгт авагдсан.  Тухайн үед хүсэлт гаргасан 4 иргэний асуудлыг шийдээд, миний үйлчлүүлэгчийн эрхийг зөрчиж, тэгш байдлын зарчим алдагдсан.

2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/436 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын захирамжаар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/433 дугаартай Б.Ат газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон байгаа. Шүүхээс баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцахад, 433 дугаартай захирамжид өөр агуулгатай захирамж байна гэж үзлэг хийгдсэн.

Хэрэв өөр захирамж байсан бол 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр яагаад тухайн захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гарсан. Тэгэхээр энэ баримт бичиг боловсруулж байгаа төрийн албаны стандарт зөрчсөн үү, эсвэл санаатайгаар 433 дугаартай захирамжийг өөрчилж, өөр захирамж  хийсэн юм шиг эргэлзээтэй байдал харагдаж байна.

Уг нөхцөл байдлуудаас харахад, 433 дугаартай захирамж байсан. Гэхдээ уг захирамж яагаад өөрчлөгдөж, алга болсон асуудал байна. 2014 оноос тухайн газрыг ногоон бүсэд хамруулж, иргэдэд эзэмшүүлэхгүй гэсэн асуудал яригдсан бол 2016 онд яагаад тухайн газрыг иргэнд эзэмшүүлчихсэн бэ гэдэг асуудал байгаа.

Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хариуцагч Өлгий сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор “Нийтийн эдэлбэрийн газрын талбай, ногоон байгууламжийн бүсийн газар”-ын хэмжээг баталсан. Энэхүү тогтоолыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 109 дүгээр “Нийтийн эдэлбэрийн газрын талбай, ногоон байгууламжийн бүсийн газрын хэмжээг шинээр батлах тухай” тогтоолоор хүчингүй болгосон байх ба дараа нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 32 дугаар тогтоолын дагуу 2019 оны 109 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, 2014 оны 24 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 109 дүгээр тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед Өлгий сумын ИТХ-ын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 35 дугаар тогтоолоор баталсан “2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолын “Иргэн аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээ, хөрөнгө оруулалт” хавсралтын холбогдох хэсгээр ногоон байгууламжийн бүсэд хамаарах Өлгий сумын ** дугаар баг А багаас үйлдвэр үйлчилгээний зориулалтаар тусгагдсан 1300м2 газарт дуудлага худалдаа явуулсан Өлгий сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн А/366 дугаар захирамж, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/417 дугаар захирамжийн дагуу хүчингүй болгосон.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04-04-029/197 дугаартай дүгнэлт ирүүлсэн ба тус дүгнэлтэд холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж,  аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлэхгүй, ашиглуулахгүй, өмчлүүлэхгүй байх эсэх талаар тусгасан байна.

Иймд нэхэмжлэлд дурдсан газар 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, цаашид ногоон байгууламжийн бүсээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн журмаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн маргаж байгаа газартай холбоотой Засаг дарга тайлбар, холбогдох нотлох баримтуудаа гаргаж өгсөн. 2020  онд тухайн маргаан бүхий газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж, дуудлага худалдаанд оруулсан байсан.  Уг дуудлага худалдаагаар газрыг авсан хүн төлбөрөө төлөөгүй учраас хүчингүй болсон нь үнэн.

 Энэ үед нэхэмжлэгч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргах явцад, энэхүү газарт дүгнэлт гаргаж өгнө үү гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хүсэлт гаргаад, тухайн газарт 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 040402229/197 дугаартай дүгнэлт гаргуулсан.

Энэхүү дүгнэлтийн нэг хувийг Өлгий сумын Засаг даргад хүргүүлсэн. Уг газар 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24 дүгээр тогтоолоор батлагдсан нийтийн эдэлбэр газар буюу ногоон бүсийн газар учраас хууль зөрчиж, бусдад эзэмшүүлж болохгүй гэсэн дүгнэлт хүргүүлсэн.

Уг дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор 2021 оноос эхлэн энэхүү газрыг ногоон бүсийн зориулалтаар ашиглана, цаашид иргэн, аж ахуйн нэгжид олгохгүй гэсэн үндэслэлээр 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаагүй. Шүүхээс нэхэмжлэгч  К.Ж нь  2007 онд Өлгий суманд газар эзэмшүүлэх хүсэлт гаргасан талаарх баримт бичигт үзлэг хийсэн. Гэхдээ К.Жын хүсэлт олдоогүй.

Маргаан бүхий газар нь ногоон бүсийн газар учраас газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орохгүй. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К.Жаас анх  Өлгий сумын Засаг даргад холбогдуулан “Өлгий сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн А/366 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдаа явуулах тухай” захирамжийг[1] хүчингүй болгож,  газар эзэмших тухай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны актын дагуу маргаж буй газарт дуудлага худалдаа явагдаж, улмаар ялагч нь дуудлага худалдааны үнийг төлөөгүй үндэслэлээр Өлгий сумын Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/147 дугаар захирамжаар[2] уг дуудлага худалдааг хүчингүй болгосон байх ба   нэхэмжлэгч нь  нэхэмжлэлийн шаардлагаа “Газар эзэмшихийг хүсэж гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу тухайн газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах” гэж  багасгасан.

Нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Өлгий сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрших 1300 м2 талбай бүхий газрыг 2008 оноос хойш гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлэх хүсэлтийг эрх бүхий албан тушаалтнуудад  гаргаж байсан, тухайн үед зохих албан тушаалтнуудын зөвшөөрлөөр цэг тавьж тэмдэглэсэн, тэтгэврийн зээл авч хашаа барьсан боловч одоо хүртэл шийдвэр гаргаагүй, 2016 онд аймгийн  Засаг дарга уг газрыг өөр иргэнд эзэмшүүлсэн, мөн уг газраас шууд залгаа нэр бүхий  4 иргэнд сумын Засаг дарга газар  эзэмшүүлэх шийдвэр гаргасан  нь газар эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах  зарчмыг алдагдуулсан,  2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд үйлдвэр үйлчилгээ явуулах зориулалтаар дуудлага худалдааны журмаар бусдад эзэмшүүлэхээр тусгасан  зэрэг нь миний газар эзэмших, цэвэр орчинд амьдрах эрхийг зөрчсөн” гэж  тайлбарлан маргажээ.

Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт  авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн   оролцогчдын тайлбарыг  үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзлээ.

1. Нэхэмжлэгчээс “...2008 оноос хойш уг газрыг эзэмшүүлэх талаар хүсэлт гаргасан байхад надад олгох шийдвэр гаргахгүйгээр  маргаан бүхий газартай шууд залгаа газрыг 4 иргэнд  эзэмшүүлсэн, аймгийн Засаг дарга 2016 онд уг газрыг А/433 дугаар захирамжаар Б.Ат эзэмшүүлээд дараа нь 2016 оны А/436 дугаар захирамжаар хүчингүй болгосон”  гэж маргасан ба уг газартай шууд залгаа А.А, Х.Берикбол, Д.Б нарын тус бүрт нь Өлгий сумын Засаг даргын 2008 оны 104 дүгээр захирамжаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар  700 м2 газрыг  эзэмшүүлсэн нь  хэрэгт авагдсан нэр бүхий иргэдийн газар эзэмших гэрчилгээгээр[3], мөн аймгийн Засаг даргын А/433, А/436 дугаар захирамжууд иргэн Б.Ат газар олгосон, түүнийг хүчингүй болгосон захирамжууд бус,  харин өөр агуулгатай захирамжууд болох нь шүүхээс хийсэн үзлэгээр[4]  тус тус батлагдаж  байх тул  маргаан бүхий газрыг өөр иргэнд эзэмшүүлж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэх нөхцөл байдал  тогтоогдохгүй байна.

 Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Устгах хэргийн акт[5] болон Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын хугацаа дууссан түр хадгалах архивын материалыг устгасан тухай 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн актаар[6] Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын 2006-2015 онуудын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэр  устгалд орсон байх ба  маргаан бүхий газрыг эзэмшүүлэх тухай нэхэмжлэгчээс  2008-2016 оныг хүртэл гаргасан хүсэлтийг   эрх бүхий албан тушаалтан  шийдвэрлээгүй гэж шүүхээс шууд дүгнэх боломжгүй байна.

Харин хэрэв нэхэмжлэгч хүсэлт гаргасан, уг хүсэлтийг нь эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхгүй орхигдуулсан гэж үзсэн тохиолдолд нэхэмжлэгч нь зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 он/ 12 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны захиргааны байгууллагад гомдлоо эсхүл  шүүхэд нэхэмжлэлээ гаргах  эрхтэй байсан.

2. Нэхэмжлэгчээс маргаж буй  газрыг эзэмшүүлэх талаар  2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Л, аймгийн  Засаг дарга Х.Д, Засаг даргын орлогч  Н.С, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга А.Насихат, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Болатхан, Өлгий сумын Засаг дарга Ө.Х нарт хаяглаж “Газрын асуудлыг шийдвэрлүүлэх тухай” хүсэлтийг[7] гаргасан байх ба аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргаас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 97 дугаар албан тоотоор[8] хариу хүргүүлсэн, 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын веб сайтаар дамжуулан  өргөдөл[9] гаргасан зэрэг үйл баримтууд нь хэрэгт авагдсан хүсэлт, өргөдөл, хариу албан тоот болон  шүүхээс хийсэн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлийн[10] холбогдох хэсгээр  тус тус тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-т “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-т “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”,    32.2.3-т “газар эзэмших зориулалт, хугацаа” гэж зааснаас үзэхэд газар эзэмшихийг хүссэн иргэн нь газар эзэмших тухай хүсэлтээ бичгийн хэлбэрээр гаргах,  уг хүсэлтэд хуульд заасан дээрх зүйлүүдийг тодорхой тусгах шаардлагатай байх ба  нэхэмжлэгч нь 2016, 2017 онуудад маргаан бүхий газрыг эзэмшүүлэх талаар хүсэлтээ бичгийн хэлбэрээр гаргажээ.

Мөн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.2-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшихийг хүссэн газар нь газар зохион байгуулалтын ерөнхий болон  тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлэхээр заагдсан байх хуулийн шаардлагатай ба зөвхөн дээрх байдлаар төлөвлөгөөнд тусгагдсан тохиолдолд л Засаг дарга газар эзэмшүүлэх шийдвэр гаргахаар байна.

Нэхэмжлэгчийн  хүсэлт гаргасан гэх 2016, 2017, 2018, 2019, 2020,  2021  онуудад маргаан бүхий газар нь газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар  үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхээр, эсхүл нэг удаа үнэгүй өмчлүүлэхээр  тусгагдаагүй нь,  түүнчлэн, уг газар нь 2014 оноос хойш ногоон байгууламжийн бүсийн газарт хамаарч байгаа нь тус тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр албан бичиг[11],  аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04-04-029/197 “Газрын байршлын тухай”  дүгнэлтээр[12]  тогтоогдож байх тул нэхэмжлэгч К.Жд уг газрыг  эзэмшүүлэх шийдвэр гаргаагүй эрх бүхий албан тушаалтны   эс үйлдэхүйг буруу, нэхэмжлэгчийн газар эзэмших эрх,  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн  гэж үзэх үндэслэлгүй байна.  

Шүүх  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасан үүргийн хүрээнд   нэхэмжлэгч  өмнө нь  Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т зааснаар үнэ төлбөргүйгээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмшиж байсан эсэх, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т зааснаар нэг удаа үнэгүй   өмчилж байсан эсэхийг тус тус  тогтоох зорилгоор нотлох баримт цуглуулсан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хэрэг хэлэлцэж эхэлсний дараа буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч мэтгэлцэх шатанд дээрх нотлох баримтуудыг хасах, нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасан ба шүүх хуралдаан  хуульд  заасан дэгийн дарааллаар явагдах үндэслэлээр   шүүхээс хүсэлтийг нь хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.К.Жаас   Өлгий сумын  Засаг даргад холбогдуулан гаргасан  “Газар эзэмшихийг хүсэж гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийн дагуу тухайн газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”  шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                      

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 99 дүгээр хуудас

[2] Хэргийн 123 дугаар хуудас

[3] Хэргийн 212, 214, 218 дугаар хуудас

[4] Хэргийн 180-181 дүгээр хуудас

[5] Хэргийн 146-149 дүгээр хуудас

[6] Хэргийн 150 дугаар хуудас

[7] Хэргийн 108 дугаар хуудас

[8] Хэргийн 112 дугаар хуудас

[9] Хэргийн 114 дүгээр хуудас

[10] Хэргийн 173 дугаар хуудас

[11] Хэргийн 153 дугаар хуудас

[12] Хэргийн 102-104 дүгээр хуудас