| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2018/00210/И |
| Дугаар | 00313 |
| Огноо | 2018-06-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 00313
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 24 дүгээр хороо, 09 дүгээр гудамжны “1б” тоотод оршин суух, Боржигон овогт Энхбаатарын Э.А /РД:УД90012307/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Сайхан сум, 5 дугаар багт оршин суух, Боржигон овогт У.Б д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3380000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00210/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Булган аймгийн Булган сумын 3 дугаар баг, 3б-9-04 тоотод оршин суух, Гөрөөчин овогт Пүрэвсүрэнгийн Ган-Очир /РД:ХА63020773/, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Б нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2400000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлсэн боловч өнөөдрийг хүртэл үндсэн мөнгө болон хүүгээ төлөөгүй сураггүй алга болсон. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрэн сурвалжлуулахад хариуцагч У.Б нь Булган аймгийн Сайхан суманд нөхөр хүүхдийн хамт амьдардаг сумандаа багш хийж байгаа нь тогтоогдсон. Иймд гэрээнд заасны дагуу 2 сарын хүү болон үндсэн зээл нийт 2880000 төгрөг гаргуулж өгнө үү.
Нэмэлжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад: Э.А миний бие 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр иргэн У.Б 2880000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд миний бие ажлын зав чөлөөнөөс болон шүүхэд өөрийн биеэр очих боломжгүй тул 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөлийн хөлс, тээврийн зардалд 500000 төгрөгийг банкаар шилжүүлсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагаа 2880000 төгрөгөөр багасгаж, У.Б гаас нийт 3100000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч У.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У.Б миний бие 2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Э.А 2000000 төгрөг зээлсэн бөгөөд 2016 оны 09 сараас эхлэн 20 хувийн хүү, алдангитай нь төлж байсан. Сүүлдээ төлж чадахгүй нь гэхэд би бага хүүтэй мөнгө оллоо гээд 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нотриатаар орсон. Гэхдээ тэр 2400000 төгрөгийг бэлнээр болон дансаар надад өгөөгүй. Хэнээс авч хэнд өгсөн нь тодорхойгүй байгаа. Тиймээс би энэ 2400000 төгрөгийг өгөх боломжгүй. Мөн анх 2000000 төгрөг авснаас дахин 1000000 төгрөг авч 1300000 төгрөг болгон буцааж өгсөн. 1 сарын хугацаанд би 240000 төгрөг бас төлсөн. Одоо би энэ их мөнгийг өгөхгүй гэж бодож байна. Мөн энэ хугацаанд намайг болон гэр бүлийг маш их хэл амаар доромжилж байсан. Надтай олон жил найзалчихаад намайг хаана байгааг мэдэж байж эрэн сурвалжилж олон нийтийн сүлжээгээр цацсан. Энэ бүх үйлдэлд нь хариу гомдолтой байна. Үндсэн авсан мөнгөнөөсөө үлдэгдэл мөнгийг л би өгнө илүү мөнгө өгч чадахгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ган-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч У.Б гаас 3380000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч үүнээс 1300000 төгрөг, сарын хүү гэж 240000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 500000 төгрөгийг өөрсдөө төлөх ёстой учраас хариуцагч үүнийг төлөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дамбажийжин шүүх хуралдаанд хуралдаанд гаргасан хууль зүйн үндэслэлдээ: Нэхэмжлэгч Э.А нэхэмжлэлийн шаардлагыг анх 2880000 төгрөг гэж гаргасан боловч нэхэмжлэгч тооцож үзээд 2600000 төгрөг болгосон. Үүнд дэээрээ өмгөөллийн хөлс 500000 төгрөг нэмэгдээд 3100000 төгрөг болно. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Э.А , У.Б нарын хооронд зээлийн хэлцэл хийгдсэн. Энэ хэлцэл нь иргэний хуулийн 199 дүгээр зүйлд нийцнэ. Э.А нь У.Б д 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр мөнгө зээлдүүлэхдээ зээлийн гэрээ хийгээгүй ба аман гэрээ хийсэн. Тэгээд зээлж авсан мөнгөө У.Б төлөхгүй байсан тул Э.А нэг найзаараа дамжуулж У.Б тай уулзаж зээлээ төлөхийг шаардаж, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээг нөхөн байгуулсан байдаг. 2017 оны дүгээр сараас хойш өдий хүртэлх хугацаанд хүү, алданги тооцож нэхэмжлээгүй. Хэлцэл нэгэнт хийгдсэн учраас У.Б гаас зээлийн гэрээний үүрэгт 2600000 төгрөг, өмгөөллийн хөлс 500000 төгрөг, нийт 3100000 төгрөгийг хариуцагч У.Б гаас гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч У.Б д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2880000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа 500000 төгрөгөөр нэмэгдүүлж /өмгөөлөгчийн хөлс/, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагаа 2880000 төгрөгөөр багасгаснаар нэхэмжлэлийн дүн 3100000 төгрөг болжээ.
Нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 2400000 төгрөгийг 2 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн гэж тайлбарлаж байна. Хариуцагч тал 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2000000 зээлсэн. Харин 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 2400000 төгрөг аваагүй. Анх авсан 2000000 төгрөгөөс тодорхой хэмжээний төлөлт хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Э.А ын Төрийн банкны дефозит дансны хуулгаас харахад зохигчдын хооронд 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ зээлийн гэрээ байгуулагдаж, 2000000 төгрөгийг шилжүүлснээр гэрээний үүрэг үүссэн байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч У.Б нь 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 2000000 төгрөгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн гэрээний хувьд бичгээр байгуулаагүй тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү авах эрхгүй байна.
Харин хавтаст хэрэгт талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ авагдсан байх бөгөөд тус зээлийн гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үйлдсэн гэж бичигджээ. Тус гэрээний 1 дэх хэсэгт, зээлийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай, 10%-ийн хүүтэй зээлдүүлэх ба зээлдэгч нь заасан хугацаанд зээлийн хуваарийн дагуу мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээнэ гэж заажээ. Хүү авах хүсэл зориг хэдийд илэрхийлэгдсэн эсэхээс үл хамааран бичгээр хэлбэржүүлэн баталгаажуулсан байх хүсэл зоригийн хэлбэрийн шаардлага хуулиар тавигдаж байх тул 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс гэрээг бичгээр байгуулж хэлбэржүүлэх хугацаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 16-ныг хүртэлх хугацаанд хүү тооцон шаардах эрхгүй байна. Харин хүү авах тохиролцоо, хүсэл зориг байгааг хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн хугацаа буюу 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс тус гэрээнд заасны дагуу хүү тооцон шаардах эрх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д заасан зохицуулалтын дагуу бүрдсэн байна. Гэрээний үүргийн дагуу 240000 төгрөгийг зээлдүүлэгч тал хүлээн авсан гэж тайлбарласан тухайн хугацаа нь хүү тооцогдохгүй хугацаанд хамаарч байх тул дурдсан дүнгээр зээлийн үндсэн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй. Тооцооллын дагуу 1760000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүү тооцон гэрээг бичгээр байгуулах үеэс хүү тооцогдвол зохих зээлийн төлбөрийн хэмжээ гэж тодорхойлов. Иймд үндсэн зээлийн төлбөрт 1760000 төгрөгийг шаардах эрхтэй бөгөөд хуульд зааснаар гаргуулах үндэслэлтэй. Тус үнийн дүнд 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс бичгээр хийсэн хугацаанаас хойш гэрээнд зааснаар 10 хувиар, 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл тооцоход хүүний төлбөрт 352000 төгрөг гэж тооцоолов. Үндсэн зээлийн төлбөрт 1760000 төгрөг, зээлийн хүүнд 352000 төгрөг, нийт 2112000 төгрөгийг зээлдэгч буюу хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч талд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс өөрт нь хохирол учирсан ба өмгөөллийн хөлс 500000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжлэх эрхтэй гэснийг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулсны хөлс нь нэхэмжлэгч тал шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ хууль зүйн туслалцаа авч өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө гаргаж буй зардал юм. Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан “хохирол” гэдэгт хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл гэрээний талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлүүлэхээр заасан байх тул өмгөөллийн хөлсийг хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгч Э.А ын 3100000 төгрөг гаргуулах шаардлагаас 2112000 төгрөгийн шаардлагыг хангаж, 988000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65600 /жаран таван мянга зургаан зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.А 11080 /арван нэгэн мянга ная/ төгрөг гаргуулж Төрийн санд, хариуцагч У.Б гаас 48742 /дөчин найман мянга долоон зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.А д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ