Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 00500

 

  Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1985 онд Булган аймгийн Булган суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, Б овогт Д. Б ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хаан банкны Булган салбарт холбогдох

Хаан банкны Булган салбарын захиралын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00448/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б ,

хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1978 онд төрсөн, Хаан банкны хүний нөөцийн удирдлагын газарт ахлах хуулийн зөвлөх, Т овогт Н.А хариуцагч байгууллагын өмгөөлөгч Н.Баасажав, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д овогтой Б  нь ХААН банкны Булган салбарт 2007 оноос хойш теллерийн албан тушаалаас эхлэн Бизнес хөгжил хариуцсан менежер зэрэг албан тушаалаар ажиллаж байсан бөгөөд ХААН банкны Булган салбарын захиралын 2018 оны 06 сарын 22-ны өдрийн 193 тоот тушаалаар Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.3 дахь заалтууд болон ХААН банкны хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний дээрх тушаалд дурьдсан заалтуудыг үндэслэн ажлаас халагдсан бөгөөд миний бие хөдөлмөрийн тухай хуулийн 129.2 дахь заалтын дагуу дараах шалтгаан, шаардлагаар энэхүү гомдолыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 06 дугаар сарын 22 -ны өдрийн 193 тоот тушаалд дурьдсан өөрийн орон сууцны болон цалингийн зээлд эргэн төлөлтийн дүнг өөрчилсөн, бууруулж зассан, онолын үлдэгдэл нэмэгдүүлсэн нийт 11 удаагийн үйлдэл нь 2017 оны 05 сараас 2018 оны 05 сарын 25-ны хугацаанд бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь заалтыг зөрчин тушаал гаргасан гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.4, 5.7.13 дахь заалтуудад дурьдсанаас тодорхой утга, хэсгүүдийг зөрчсөн нь үнэн бөгөөд үүгээрээ өөрийгөө буруутайг үгүйсгэхгүй байгаа ч 2012 оны 06 сарын 15-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн зөвлөмжийн 2.4-т тайлбарласанаар "ноцтой зөрчил" гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон” гэж дурьдсан бөгөөд ажил олгогчид дээрх нөхцөл байдал үүсгээгүй гэдгийг харгалзан үзнэ үү. Иймд дээрхи үндэслэлээр Д.Б  намайг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, ХААН банкны Булган салбарын захиралын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Б  нь Хаан банкны Булган салбарт Бизнес хөгжил хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны давуу тал, өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглан өөрийн цалингийн зээл болон орон сууцны зээлийн үлдэгдлийн эргэн төлөлтийн дүнг 8 удаа төлөлтгүй болгож эргэж зассан, 1 удаа төлөх дүнг бууруулж зассан, 2 удаа онолын үлдэгдэл нэмэгдүүлэх байдлаар хугацаа хэтрэлтээс гаргасан ажлын байрны давуу тал, эрх мэдлээ ашиглан журам зөрчиж ашиг сонирхолын зөрчил гаргасан. Энэхүү зөрчил нь банкны дотоод аудитын шалгалтаар нотлогдсон бөгөөд Д.Б  энэхүү зөрчлөө хүлээн зөвшөөрсөн энэ тухайгаа нэхэмжлэлдээ ч дурдсан байгаа.

Д.Б гийн гаргасан энэхүү үйлдэл нь Зээлийн бодлогын 2.2.5.1, 2.2.5.3, 2.2.5.7, 2.2.5.10, 2.2.5.11, 4.1, Хаан банкны Ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 4.4.13, Ажлын байрны тодорхойлолтын 2.1, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.4, 5.7.13-д заасан ноцтой зөрчилд хамаарна.

Иймд Хаан банкны Булган салбарын зээлийн багц хариуцсан менежер Б.Баярбатын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тушаал хууль тогтоомжийн дагуу гарсан хуульд нийцсэн тул Д.Б гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлэд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б  нь Хаан банкны Булган салбарт холбогдуулан ажил олгогч үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргаж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн учир салбарын захиралын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “Д.Б  нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг давтан гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Б , хариуцагч Хаан банкны Булган салбарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож, нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7-д зааснаар дээрх хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар талууд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан байна. Гэтэл дээрх гэрээг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тушаалаар цуцласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Б  нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан, нэхэмжлэгч ажил олгогчийн шийдвэрийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгэж маргаагүй тул гомдол гаргах хуульд заасан хугацаа хэтрээгүй гэж үзлээ.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас чөлөөлсөн үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ. Хариуцагч Хаан банкны Булган салбарын захирлын 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн  193 тоот тушаалаар Д.Б г ажлаас чөлөөлөхдөө ажлын байрны давуу талаа ашиглан өөрийн цалингийн зээл болон орон сууцны зээлийн үлдэгдлийн эргэн төлөлтийн дүнг 8 удаа төлөлтгүй болгон өөрчилж, зассан, 1 удаа төлөх дүнг бууруулж зассан, 2 удаа онолын үлдэгдэл нэмэгдүүлэх байдлаар хугацаа хэтрэлтээс гаргасан гэх үндэслэл зааж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хаан банкны хөдөлмөрийн дотоод журмын 9.2.3, Хөдөлмөрийн гэрээний 5.7-д заасныг баримталжээ.

 Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөл бүрдэнэ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Д.Б  нь Хаан банкны Булган салбарт Бизнес хөгжил хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа ажлын байрны давуу тал, өөрт олгогдсон эрх мэдлээ ашиглан өөрийн цалингийн зээл болон орон сууцны зээлийн үлдэгдлийн эргэн төлөлтийн дүнг 8 удаа төлөлтгүй болгож эргэж зассан, 1 удаа төлөх дүнг бууруулж зассан, 2 удаа онолын үлдэгдэл нэмэгдүүлэх байдлаар хугацаа хэтрэлтээс гаргасан үйл баримт тогтоогдож байх ба түүний гаргасан дээрх зөрчил нь “Булган салбарын Бизнес хөгжил хариуцсан менежер Д.Б  нь өөрийн цалингийн болон орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна” гэх Хаан банкны салбарын Аудитын газрын дүгнэлт, Д.Б гийн ийн Аудитын газарт гаргасан “...өөрийн нэр дээрхи цалингийн зээл болон орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, ОАО-ийн үлдэгдэл тэнцүүлэх байдлаар хугацаа хэтрэлтээс гаргаж байсан нь үнэн болно” гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь банкны дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл гаргасан нь үнэн боловч энэ үйлдлийн улмаас банкинд ямар нэг хохирол учраагүй гэж маргаж байгаа хэдий ч өөрийн цалингийн зээл болон орон сууцны зээлийн үлдэгдлийн эргэн төлөлтийн дүнг 8 удаа төлөлтгүй болгож эргэж зассан, 1 удаа төлөх дүнг бууруулж зассан, 2 удаа онолын үлдэгдэл нэмэгдүүлэх байдлаар хугацаа хэтрэлтээс гаргасан үйлдэл нь Зээлийн бодлогын 2.2.5.1, 2.2.5.3, 2.2.5.7, 2.2.5.10, 2.2.5.11, 4.1, Хаан банкны Ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1, 5.4.2, 5.4.4, 5.5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.1, 4.4.13, Ажлын байрны тодорхойлолтын 2.1, ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.7.2, 5.7.3, 5.7.4, 5.7.13 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Нэхэмжлэгч Д.Б гийн дээрх гаргасан зөрчлийг түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн гэрээний 5.7-д “...дор дурдсан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлах...”, 5 дугаар зүйлийн 5.7.1-д заасан “...Хаан банкны эрх ашиг, сонирхолд харш сөргөөр нөлөөлөх, харилцагчийн банкинд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх үйлдэл, эс үйлдэхүй гаргасан”, 5.7.2-т “...Хаан банкны ажилтны ёс зүйн дүрэм”-д “хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилтэй адилтган тооцно гэж заасан ноцтой зөрчлийг гаргасан”, 5.7.3-д “...ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, ...аливаа үйлдэл эс үйлдэхүй гаргасан...” зэрэг зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлд хамаарч байх бөгөөд Хаан банкны ёс зүйн дүрмийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.10-т “...энэхүү дүрмийн 5.7.1-д заасныг зөрчсөн тохиолдлыг хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцно” гэжээ.

Дээрх зөрчлийн улмаас банкинд хохирол учраагүй гэж нэхэмжлэгч маргаж байгаа ч энэ нь зөрчил гаргаагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн нэхэмжлэгч нь салбарын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 217 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар сарын цалинг 3 сарын хугацаагаар 19 хувиар бууруулах арга хэмжээг авагдаж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин сахилгын зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй.

Иймд Хаан банкны Булган салбарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

     ТОГТООХ нь: 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Хаан банкны Булган салбарын захиралын 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 тоот тушаалыг хүчингүйд тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           О.ОДОНЧИМЭГ