Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагч Д.Аянагүл,

хохирогч М.*******,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн 2107000000279 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *******, ******* дугаар тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт *******ийн ******* /Регистрийн дугаар *******/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ний төмрийн үйлдвэрийн хашаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч М.*******ыг “ажлын байрандаа байж ажлаа хийхгүй архи уулаа” гэж хэлснээс болж маргалдаж, түлхэн унагасны улмаас түүний баруун хөл нь хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.*******ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Болсон хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлын хувьд хохирогч энэ оны 01 сард надаас 3,500,000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн үед надад ийм хэмжээний мөнгө байхгүй байснаас өгч чадаагүй. Хохирогч шүүхийн журмаар баримтаар төлбөрөө гаргуулна гэсэн. Нотлох баримтаар нэхэмжилсэн бүх хохирлыг төлж барагдуулна” гэв.

 

   Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би үйлдвэр дээр байгаагүй. Ээлжийн амралтаа авсан байсан. Тухайн үед би найзынхаа гэрт архи уусан байсан учраас А.*******ийг дуудахад “...цонхоор утсаар зургийг нь дарчих” гэж хэлсэн. Гэтэл араас дуудаад байхаар нь би ажил дээрээ очсон. Би А.*******эд “...өмнө бусад хүмүүс зургийг нь дарж аваад болдог байсан” гэхэд А.******* “...үгүй, заавал пүүний бичиг авна” гээд зогсоод байсан. Тэр асуудлаас болж бид хоёр муудалцсан. Өмнөх шүүх хуралд би орж чадаагүй. Гэтэл А.******* шүүх хуралдаан дээр намайг “...ажлын байран дээрээ архи ууж, согтуу байсан” гэж худал хэлсэн байсан. Прокуророос компанид торгууль ирсэн гэсэн. Компаниас надад “...та асуудлаа өөрөө зохицуул” гээд хүлээж аваагүй. Би хөл муугаас болоод ажлаа хийж чадаагүй, цалин аваагүй. Би цагдаагаас А.*******ийн оршин суудаг хаягийг авч, гэрт нь очиж үзэж байсан. Би ар гэрийг нь хараад жолооч хийж амьдралаа залгуулж байгаа хүнээс 3,500,000 төгрөг нэхээд яах вэ гэж бодоод давж заалдах гомдолдоо эмчилгээний зардал, хамгийн бага цалин 500,000 төгрөг нийт 1,000,000 төгрөг нэхэмжилсэн. Энэ талаар өөрт нь би “...3,500,000 төгрөг нэхэхгүй, 500,000 төгрөг өгчих” гэж хэлж байсан. Одоо би өдөр болгон өвчин намдаах эм хэрэглэж байна. Баримтаар гаргаж өгсөн хохирол, мөн ажилгүй байсан хугацааны хамгийн бага цалин 500,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэв.

 

            Хохирогч М.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* хороо 3 дугаар байранд байх найзындаа орсон чинь манай найз 1 шил “Хараа” нэртэй архи гаргасан. Тэгээд тэр архийг нь задлаад талдаа оруулж байсан чинь үйлдвэр дээр чулуу буулгах гэж ирсэн ачааны машины жолооч залгаад “би чулуу буулгаж байгаа юм. Пүүн дээр гарчихсан байна, бичиг авах гэсэн юм” гэхээр нь “ах нь төвд завгүй байна, цонхоор нь зургийг нь дараад авчих” гэсэн чинь “үгүй заавал бичиг нь хэрэгтэй, бид нар дараа нь тооцоо тулдаг” гэхээр нь би үйлдвэр лүүгээ хүнээр хүргүүлээд очсон чинь нэг залуу байсан. Тэгээд би “чи чинь хүн завгүй байхад дуудаад байх юм” гэсэн чинь А.******* гэх залуу “та архи уучихсан байна” гэхээр нь “миний ууж идэх нь чамд хамаагүй” гээд бид хоёр маргаж нэг нэгнийгээ заамдаад авсан. Тэгсэн А.******* гэх залуу миний нүүр хэсэг рүү гараараа түлхэхээр нь би нүүрэн хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Тэгсэн чинь миний хоёр гарыг дахиад бариад авсан ба араас манай нэг ажилтан хятад залуу орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би холдсон чинь нөгөө А.******* гэх залуу нөгөө хятад залуугийн дээгүүр гараа гаргаж ирээд миний нүүр лүү түлхсэн чинь би угаалгын машин, шүүгээ хоёрын голд унасан ба унах үедээ хөл маань эвгүй болсон болохоор нь эмнэлэг дуудаад үзүүлсэн чинь хөл хугарсан байна гэсэн. Баруун хөл өвдөж байна. Өөр өвдөж байгаа зүйл алга. Миний хөл зүгээр болчихвол гомдол, санал гээд байх зүйл алга.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...өдөр 12 цагийн үед  ачаа буулгах гэж нэг улаан өнгийн машин ирсэн. М.******* болон нөгөө ачааны машины жолооч хоёр маргалдаад байсан. Нэг харсан чинь нэгнийгээ бариад авахаар нь би ороод салгасан. Тэгсэн би эргээд буруу харсан байсан чинь гэнэт М.******* газар унаад өгсөн. Хэн нь хэнийгээ юугаар хаана нь хэдэн удаа яаж цохисныг нь хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,

 

            Шүүгдэгч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Тухайн үед тэр М.******* гэх ах архи уучихсан байсан болохоор “та чинь одоо ямар сонин хүн вэ, уусан идсэнээ шингээж чадахгүй, ажлын байран дээрээ байж, ингэж архи уугаад байж болдог юм уу” гээд хэлсэн чинь “миний ууж идэх чамд хамаагүй” гээд босож ирээд намайг шууд нүүрэн хэсэгт гараараа 1 удаа цохиод авсан. Тэгэхээр нь би 2 гарыг нь барьж байгаад цааш нь түлхсэн чинь бөгсөөрөө газар суучихсан. Тэгээд босож ирээд дахиад цохих гээд гараараа далайгаад ирэхээр нь би гараараа нүүрэн хэсэг рүү нь түлхсэн. Тэгсэн чинь “өө муу пизда чамайг ална” гээд миний нүүрэн хэсэгт гараараа дахиад хоёр удаа цохисон. Яг намайг цохиж байхад гаднаас нэг хятад улсын иргэн орж ирээд салгасан. Тэгэхээр нь би бид хоёрыг салгасан хятад улсын иргэний дээгүүр нь гараа давуулаад М.******* гэх ахыг мангастах буюу нүүр рүү нь түлхсэн. Би бусдын биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна” /хавтаст хэргийн 71 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-06 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Налайх дүүргийн Криминалистикийн Шинжилгээний Тасгийн шинжээч эмч С.гийн гаргасан 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай шинжээчийн “М.*******ы биед баруун шаант ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн түргэн тусламжийн дуудлагын хуудас /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

           

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул А.*******эд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

            Гэм буруугийн талаар.

 

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд А.******* нь ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн төмрийн үйлдвэрийн хашаанд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хохирогч М.*******ыг “ажлын байрандаа байж ажлаа хийхгүй архи уулаа” гэж хэлснээс болж маргалдаж, түүнийг түлхэн унагасны улмаас М.*******ы баруун хөл нь хугарч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч М.******* шүүгдэгч А.*******ийн зүгээс өөрийг нь түлхэж унагасны дараа хөл нь эвгүй болж, эмнэлэг дуудаж үзүүлэхэд хөл хугарсан байна гэдгийг мэдсэн гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, гэрч гийн хохирогч М.******* хүнтэй маргалдаж байхад нь би салгаж эргэж харахад гэнэт газар унаад өгсөн гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 90 дэх тал/,  шүүгдэгч А.*******ийн ******* гэх ахыг мангастах буюу нүүр рүү нь түлхэхэд угаалгын машин болон төмөр шүүгээ хоёрын голоор уначхаад босож ирэх гэж байснаа ёо хөл гэж бариад суусан гэх агуулгатай яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 02-06 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Налайх дүүргийн Криминалистикийн Шинжилгээний Тасгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаартай М.*******ы биед баруун шаант ясны доод 1/3 хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дахь тал/, Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн түргэн тусламжийн дуудлагын хуудас /хавтаст хэргийн 37-38 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

            Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

 

            Шүүгдэгч А.******* нь хохирогч М.*******ы биед халдсан, хүндэвтэр гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, хүндэвтэр хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан, цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангасан байна.

            Мөн шүүгдэгч А.******* нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

 

            Шүүгдэгч А.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд хохирогч гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлоос үүдэн гарах хор уршгийг нэхэмжлэх эрхтэй юм.

 

Шүүгдэгч А.******* нь хохирогч М.*******ы биед баруун шаант ясны доод 1/3 хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан ба хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролтой холбоотой нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн хор уршигт баримтаар нийт 2,194,146 төгрөг, баримтгүй ажилгүй байсан хугацааны цалин 500,000 төгрөг, нийт 2,694,146 төгрөг нэхэмжилсэн болно.

 

Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр эмийн сангаар үйлчлүүлсэн 285,985 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 154 дэх тал/ гэмт хэрэг гарахаас өмнөх огноотой, гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн хохирогч сарын 3,000,000 төгрөгийн цалин авдаг, шүүгдэгчийн ар гэрийн байдлыг харгалзан ажилгүй байсан хугацааны цалинд 500,000 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн цаг хугацаанд авч байсан цалингийн цэс, тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй тул энэхүү иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж шийдвэрлэв.

 

Шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан баруун шаант ясны доод 1/3 хэсгийн далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл нь хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахаас гадна хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарахаар тусгасан байдал болон хохирогчийн тайлбар зэргийг тус тус харгалзан дээрх ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хавтаст хэргийн 153, 154 дүгээр талд авагдсан 2,194,146 төгрөгийн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 285,985 төгрөгийг хасаж, үлдэх 1,908,161 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой баримтууд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал тул шүүгдэгч А.*******ээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******д олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн хор уршигт нийт 1,908,161 төгрөг гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******д олгох шийдвэрийг гаргасантай холбогдуулан, шүүгдэгч А.******* Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хүртэл хохирогчид дээрх хохирлыг төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгчийн хувьд улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн тайлбар гаргав.

 

Шүүгдэгч А.******* нь урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар тус тус заасан.

 

            Шүүх шүүгдэгч А.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ажил хөдөлмөр эрхэлдэг хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, улмаар үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг тус тус үндэслэн түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заагаагүй бөгөөд шүүгдэгч А.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1.Шийтгүүлсэн этгээд хууль, эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор, хэрэв хуульд зааснаар торгуулийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосон бол тогтоосон хугацаанд торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй. гэж заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 /ер/ хоногийн дотор торгох ялыг гүйцэтгэх үүрэгтэй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

 

            Бусад асуудлаар.       

   

Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

   Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******эд оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг А.*******эд мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******ы нийт нэхэмжилсэн 2,694,146 төгрөгөөс 285,985 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, 500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, үлдэх 1,908,161 төгрөгийг шүүгдэгч А.*******ээс гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч М.*******д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч М.******* нь ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ВОЛОДЯ