| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2018/00387/И |
| Дугаар | 00489 |
| Огноо | 2018-08-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 00489
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:1968 онд төрсөн, Б овогт М.Б ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хариуцагч: 1981 онд төрсөн, Б овогт Х.М т холбогдох,
Гэм хорын хохирол 3890303 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00387/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч М.М , түүний өмгөөлөгч Д.Дарьбазар, иргэдийн төлөөлөгч П.Жавхлантөгс, нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б миний бие нь 2017 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумаас Булган аймгийн Булган сумын төв орохоор **-** УБХ улсын дугаартай авто машинаар М.М , Ц.Ц , С.С нарын хамт явж байгаад эдгээр хүмүүс намайг зодсон. Энэ асуудлыг тухайн шөнөдөө цагдаагийн байгууллагад мэдэгдэж, гомдол гаргаж өөрөө эмнэлэгийн тусламж авч, улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, онош, гэмтлээ тогтоолгохоор нэг бус удаа Орхон аймаг, Улаанбаатар хот руу явж эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирсон. Нэгэнт цагдаагийн байгууллагад гомдол гаргасан учир шийдвэрлэж өгөх байх гэж найдсаар очиж уулзаж байсан боловч ямар нэг шалтаг, шалтгаан хэлж хэргийг олон байцаагчид дамжуулж явсаар 1 жил гаруй хугацаа өнгөрсөн. Үүнээс болж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би үүнийг эс зөвшөөрч Булган аймгийн Прокурорт гомдол гаргасан боловч шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин гэм хорын хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхийг зөвлөсөн. Уг хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, эмнэлэгт хэвсэн, эмчлүүлсэн зардал, замын зардал, нийт 3890303 төгрөг болсон. Иймд М.М өөс 3890303 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай суманд цагаан сарын морины уралдаан болсон. Миний уясан азрага айргийн 5-д орсон. Тэр өдрөө Б.Б тай танилцаад худ ураг хүмүүс байна гээд архи ууцгаасан. Тэр оройдоо Бүрэгхангай сумаас гараад замдаа нэг шил архи уусан. Тэгээд замдаа агсам тавьж машины шилрүү хөлөөрөө жийгээд цонх хагалах гээд байсан. Би дүүгийнхээ үгэнд ороочдээ гээд аргалаад цааш явтал удалгүй намайг 3 удаа үсдээд машины дунд хайрцаган дээр толгойгоор минь дарсан. Миний уур хүрээд машинаа зогсоогоод бид хоёр хоорондоо ноцолдож миний доор унахдаа машины дугуйны сэртгэр төмөр дээр унаад толгойны арын арьс нь зүсэгдээд цус гоожсон. Б.Б ын цус нь гоожоод ухаангүй юм шиг хэвтээд байхаар нь сандралд орсон. Хэсэг хугацааны дараа аргадаад машиндаа суулгаад явахад дахиад агсам тавьж эхлээд намайг дахиад үсдэхээр нь машинаа зогсоогоод буулгасан. Замд портер машинтай хүмүүс таараад манай аймгийн зааныг яаж байгаа юм бэ гэхээр нь бид нар шалтгаанаа хэлээд зодоогүй гэж хэлсэн. Тэгтэл тэр машинаас бууж ирсэн Үүрийнтуяаг Б.Б шууд цохиод унагаахад өө энэ хүн чинь яаж байнаа наадах чинь зодуулж байхдаа таарсан амьтан байна гэж хэлсэн. Миний хажууд Үүрийнхаяа зогсож байгаад Б.Б ын нүд рүү нь цохиод авсан. Бид хэд байж байгаад та нар энэ хүнээ таньдаг юм бол аваад явчих гэж хэлэхэд бид нар авч явахгүй өөрөсдөө авч яв гэж хэлсэн. Бид хэд цаашаа явахад надтай цуг явсан С.Сайнбаярыг багалзуурдаж аваад агсам тавьхаар нь буцаж яваад Үүрийнхаяа дээр очиход Б.Б шууд буугаад явахаар нь миний уур хүрээд хаалгаа хаа шууд явъя гэж хэлээд бид нар 500 метр орчим яваад буцаж очиж авахад миний дүү ийм сайхан сэтгэлтэй гэж хэлээд машинд суусан. Б.Б ын нүд нь хавдсан байсан. Булган аймгийн Цагдаагийн газарт ирэхэд Б.Б орилж хашиграад эхэлсэн. Тухайн үеийн жижүүрийн цагдаа Б.Б ын нүдийг нь хэн цохьсон бэ гэхээр нь араас ирж байгаа Үүхийнхаяа гэдэг залуу цохьсон гэж хэлсэн. Бид нар тэр оройдоо Эрдэнэт явж хоночихоод маргааш өглөө нь Булган аймгийн Цагдаагийн газарт ирсэн. Тэгтэл Үүрийнхаяа гэдэг залуу би Б.Б ын нүдийг цохиогүй гэж мэдүүлсэн байсан. Булган аймгийн шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гэж дүгнэсэн. Б.Б үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гээд Улаанбаатар хот явж дахин дүгнэлт гаргуулж бас л хүлээн зөвгөөрөхгүй гээд Эрүүл мэндийн яамны дүгнэлтээр гэмтлээ хүнд болгож гаргасан. Надаас БНСУ руу явж хагалгаанд орно гээд мөнгө нэхсэн. Би зодоогүй эмчилгээний зардал төлөх боломжгүй гэж хэлсэн. Хоорондоо тохиролцоод би 2500000 төгрөг өгье гэж хэлэхэд би БНСУ руу явж эмчилгээ хийлгэнэ гэж хэлсэн. Яагаад надаас мөнгө нэхээд байна вэ гэхээр би Булган аймгийн Бүрэгхангай суманд уул уурхайн салбарт ажилладаг мөнгөтэй гэж бодоод мөнгө нэхээд байгаа юм. Цагдаа биш хүнээр над руу яриулж чи яагаад цагдаа дээр ирэхгүй байна гэж яриулдаг. Надтай цуг явж байсан Ц.Ц , С.С нартай цуг бүлэглэж зодсон гэж худал мэдүүлэг өгсөн. Бид 3 цагдааг дуудах болгонд ирж байсан, Б.Б худлаа ярьж байна. Б.Б хүнд гэмтэл гаргуулах гээд зөндөө хөөцөлдөж явсан. 2018 оны хавар түүнтэй уулзахад түүхий эд авах гэсэн чинь мөнгө байдаггүй, 5000000 төгрөг өг, хэрэг прокурорт хянагдаж байгаа, би хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө гэж хэлсэн. Би түүнд 2500000 төгрөг өгье гэж хэлсэн. Эмчилгээний зардал нэхэхээр нь 1000000 төгрөг өгсөн. Би М.Б ын нэхэмжилсэн 3890303 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Х.М т холбогдуулан гэм хорын хохирол 3890303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Х.М нь нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ
2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын чиглэлд **-** БУИ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа М.М , М.Б нь нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар М.М нь М.Б ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд энэ хэрэгт М.М ийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан үндэслэлээр Булган аймгийн Прокурорын газрын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5/01 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч М.М ийн гэм буруутай үйлдлийн улмаас М.Б ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан, үүнийг эмчлүүлэх, сувилуулахтай холбоотой зардал гарсан нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд холбоотой байна. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1-д заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.
Нэхэмжлэгч нь эмчилгээ сувилгаа хийлгэсний зардал нэхэмжилсэн байх бөгөөд уг хохирлыг арилгахдаа гэм хор учруулагч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирлыг мөнгөөр нөхөн төлөх замаар арилгах үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн эмчилгээ, сувилгаатай холбоотой замын зардлын зарим баримтууд он, сар, өдөр засвартайн улмаас эргэлзээгүй үнэн зөв гэж үнэлэх боломжгүй, мөн хоол хүнсэнд зарцуулсан зардлууд нь гэм хор учруулснаас үүсэх зардалд хамааралгүй байх тул уг баримтуудын 1304033 төгрөгийн баримтыг хасч, нотлох баримтын шаардлага хангаж буй нэхэмжлэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс Булган-Улаанбаатар, Улаанбаатар-Булган, Булган-Орхон, Орхон-Булган чиглэлд зорчсон замын зардал 770000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Медипас” эмнэлэгт котпьютерт томографын зураг авахуулсан зардал 320000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 02-ны өдрүүдэд Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ор, хоногийн зардал 352770 төгрөг, “Мандах хөлөг” ХХК-ийн зочид буудалд 2017 оны 04 дүгээр сарын 17-24, 2017 оны 05 дугаар сарын 05-06-ны өрдүүдэд байрласан зочид буудлын зардал 800000 төгрөг, эм тарианы зардал 183500 төгрөг, харааны шилний зардал 80000 төгрөг, нийт 2586270 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нь Эрүүгийн хэргийг шийдвэрлэх явцад 1000000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбараар нотлогдсон бөгөөд дээрхи төлбөр нь эрүүгийн хэргийг шийдвэрлэснээс хойш гарсан зардалд хамаарахгүй тул одоогийн нэхэмжилж буй эмчилгээний зардлаас хасч тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч М.М өөс 1586270 /нэг сая таван зуун наян зургаан мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2304033 /хоёр сая гурван зуун дөрвөн мянга гучин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.М өөс 40330 төгрөг гаргуулж Төрийн санд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Б.ХИШИГДАВАА