| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2021/0142/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/224 |
| Огноо | 2022-09-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 21.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2017/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгч Д.М*******, Р.Н*******,
шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Отгонжаргал,
шүүгдэгч Н.А******* нарыг оролцуулан,
Булган аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.М*******, Р.Н******* нарт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.А*******д холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015001100037 дугаартай, 163/2021/0142/Э индекстэй хэргийг Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г******* овогт Д******* М*******, Булган аймгийн Сайхан суманд __ оны __дугаар сарын ___-ны өдөр төрсөн, Булган аймаг,...... тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Орхон аймагт түр оршин суух, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг,
урьд Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2020/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, 55 настай, эрэгтэй, РД: ____.
Монгол Улсын иргэн, Б******* овогт Р******* Н*******, Булган аймгийн Сайхан суманд ... оны .... дүгээр сарын ...-ний өдөр төрсөн, Булган сумын ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор Орхон аймагт түр оршин суух, бага боловсролтой, малчин, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 54 настай, эмэгтэй, РД: _____.
Монгол Улсын иргэн, Х******* х******* овогт Н А*******, Булган аймгийн, Дашинчилэн суманд ....оны ... дүгээр сарын ....-ний өдөр төрсөн, Булган аймаг,......оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 51 настай, эрэгтэй, РД: ......
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нар нь бүлэглэж Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Холбоогийн булаг гэх газраас 2018 оны 10 дугаар сард иргэн Р.Д 1 тооны нас гүйцсэн хар зүсмийн үхрийг, 2018 оны 11 дүгээр сард иргэн Н.Н 1 тооны хээр алаг зүсмийн морийг, иргэн Г.Б 1 тооны хар зүсмийн нас гүйцсэн сувай үхрийг, иргэн М.А*******ийн сартай хонгор зүсмийн, сартай халтар зүсмийн нас гүйцсэн морийг, иргэн Н.Ө 2 тооны үхэр буюу хөх саарал зүсмийн хязаалан гуна, хар зүсмийн шүдлэн гуныг, 2019 оны 01 дүгээр сард иргэн М.М 1 тооны бидэртэй хүрэн зүсмийн үхрийг, Булган аймаг, Сайхан сум, 1 дүгээр баг, Мануулт гэх газраас иргэн Ж.Б сартай халтар зүсмийн үрээ, дэлтэй хүрэн зүсмийн үрээ, хул зүсмийн үрээ, хээр зүсмийн үрээг тус тус хулгайлж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч Н.А******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрүүгийн 2015001100037 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Н.А******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “...би өмнө нь мэдүүлэг өгөөгүй, Ганхуяг манай хүүхдүүдтэй холбогдоод мах өгсөн авсан гарын үсэгтэй юмны талаар мэдүүлэг авсан. Би өөрөө байгаагүй, миний дэвтрийг үндэслэн мэдүүлэг бичсэн, би өөрийн биеэр мэдүүлэг өгч байгаагүй гэж...” зориуд худал мэдүүлэг өгсөн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
1. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Н.А*******ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх тал/,
2. Н А******* нь 2020 оны 10 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Буянт-Ухаа олон улсын нисэх буудал дахь агаарын замын хилийн боомтоор Монгол Улсын хилээр нэвтрэн орсон тухай..... дугаартай тэмдэглэгээ бүхий ...... дугаартай Н А*******ийн эзэмшлийн гадаад паспортын хуулбар /5 дугаар хавтаст хэргийн 55-57 дахь тал/,
3. Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн материалууд нь бичгийн хэвийн чөлөөт, туршилтын загвар адилтгалын шинжилгээний шаардлагыг хангаж байна. Гэрч Н.А*******ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Н.А*******ийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрч Д.А*******ийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкаар үйлчлүүлж зурсан гарын үсгийг гэрч Н.А******* зурсан байна гэх дүгнэлт /4 дүгээр хавтаст хэргийн 197-205 дахь тал/,
4. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 329 дугаартай хуралдааны тэмдэглэлийн 34-38 дахь талд гэрч Н.А*******ийг шүүх хуралдаанд цахимаар оролцож өгсөн мэдүүлэг болон хэргийг прокурорт буцаах тухай 2021/Ш3/29 дугаартай шүүгчийн захирамж /4 дүгээр хавтаст хэргийн 121-125, 140-152 дахь тал/,
5. Гэрч Н.А*******ээс 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэлд: ...Намайг Солонгос Улсад байх хугацаанд надтай хэсгийн төлөөлөгч С.Ганхуяг холбогдож байгаад манай хүүхдээс миний мал худалдаж авсан тэмдэглэлийг авсан юмаа. Тухайн үйл явдалтай андуураад тэгээд хэлчихсэн байна лээ шүүх хуралд. Түүнээс би Солонгос Улсаас ирээд хэсгийн төлөөлөгч С.Г мэдүүлэг өгсөн нь үнэн... гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 172-174 дэх тал/,
6. Гэрч З.Бгийн өгсөн: 2020 оны 11 сарын дундуур Солонгосоос ирээд байж байхад мэдүүлэг өгсөн гэж манай нөхөр А******* өөрөө ярьж байсан. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр манай нөхөр А******* Монгол Улсад ирээд тусгаарлалтад 21 хоноод улмаар Дашинчилэн суманд байх гэртээ ирсэн гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 176-177 дахь тал/,
7. Гэрч С.Г өгсөн: ...тухайн үед гэрч А******* нь Солонгос Улсад байсан гээд мэдүүлэг авч чадахгүй хэрэг удааширч байсан юм. Улмаар Монгол Улсад ирснийг нь мэдээд тусгаарлалтад байж байгаад Дашинчилэн суманд ирсэн даруйд нь мэдүүлэг авсан гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 179-180 дахь тал/,
8. Мөрдөн шалгах ажиллагаанд Н.А*******ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын үеэр Солонгос Улс руу явсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын эхээр Монгол Улсад ирсэн. Удаагүй байж байтал Ганхуяг цагдаад болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн. Улмаар 2021 оны 08 дугаар сарын эхээр болсон эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд цахимаар орсон. Цахимаар шүүх хуралдаанд орж байх үед надаас Ганхуяг цагдаа танаас мэдүүлэг авсан уу? гэж асуухад би надаас мэдүүлэг аваагүй гэж хэлсэн. Учир нь би тухайн үед анх удаа шүүх хуралд суугаад айж, сандраад буруу ярьсан байсан. Түүнээс би мэдүүлэг өгөх үедээ Дашинчилэн суманд байсан гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Харин Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарыг бүлэглэж Булган аймаг, Сайхан сум, 1 дүгээр баг, Холбоогийн булаг гэх газраас 2018 оны 10 дугаар сард иргэн Р.Д 1 тооны нас гүйцсэн хар зүсмийн үхрийг, 2018 оны 11 дүгээр сард иргэн Н.Н 1 тооны хээр алаг зүсмийн морийг, иргэн Г.Б 1 тооны хар зүсмийн нас гүйцсэн сувай үхрийг, иргэн М.А*******ийн сартай хонгор зүсмийн, сартай халтар зүсмийн нас гүйцсэн морийг, иргэн Н.Ө 2 тооны үхэр буюу хөх саарал зүсмийн хязаалан гуна, хар зүсмийн шүдлэн гуныг, 2019 оны 01 дүгээр сард иргэн М.М 1 тооны бидэртэй хүрэн зүсмийн үхрийг, Булган аймаг, Сайхан сум, 1 дүгээр баг, Мануулт гэх газраас иргэн Ж.Б сартай халтар зүсмийн үрээ, дэлтэй хүрэн зүсмийн үрээ, хул зүсмийн үрээ, хээр зүсмийн үрээг тус тус хулгайлсан гэх гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М*******ын өгсөн: Миний бие 2019 онд мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан. Би тус ялыг Булган аймгийн Сайхан сумын төвд хог цэвэрлэж бүрэн эдэлж дуусгасан. Ингээд намайг эзгүй хойгуур манай эхнэрээс нутгийн иргэдийн алга болсон адуу, үхэр, гүү малын талаарх мэдүүлгийг хууль бусаар Ганхуяг цагдаа авсан байдаг. Хохирогч гэх М нэг үхэр алга болсон гэж байна. Би Миас Сайхан суманд 240 цагийн нийтэд тустай ажил хийж байхдаа 10.000 төгрөг гуйж авч байсан. Тухайн өдөр тэр мөнгөний талаар л ярьсан болохоос биш үхэр авсан гэж огт хэлээгүй. М ч тэр талаар яриад байх шиг байсан. Мөн хохирогч Ж.Б гэх хүнд би зодуулсан. Тэр хүн намайг 4 адуу хулгайлсан гэж хэлээд зодсон. Тэр хүний адууг би аваагүй. Би Н.А******* гэх хүнд тийм олон тооны азарга, морь үхэр, алаг үхэр зэрэг олон тооны мал өгөөгүй. Би 3 үхэр, 10 тооны хонь худалдаж байсан. Худалдаж зарахдаа гарал үүслийн тамга тэмдэгтэй аваачиж Н.А******* гэх хүнд өгсөн байдаг. Намайг эдгээр малыг Мануултын аманд хулгай хийж байсныг хэн нь хараад хэн нь намайг гэрчилж байгаа юм. Шүүх хуралдаан олон ч удаа болж байна. Би прокурорын шатанд П.Ган-очир өмгөөлөгчтэй прокурорт өргөдөл бичиж байсан. Намайг тал бүрээс хань ижил, үр хүүхдийг маань бүгдийг нь мөрдөгч илрээгүй байсан бүх малын хулгай хэрэг дээр гүтгэж байгаад би их харамсаж байна. Үүнийг үнэн зөв шийдэж өгнө үү. Би аваагүй байж шүүгдэгч болж байгаад маш их гомдолтой байна. Мөрдөгч Ганхуяг гэдэг хүн хууль бусаар баахан материал бүрдүүлж, гомдолтой хүмүүсийг нэмээд л аймгийн шүүх, цагдаа руу явуулчихвал тэр хүнд нь ялыг нь үүрүүлээд явуулдаг юм шиг байна. Би ийм хэрэг огт хийгээгүй. Намайг үхэр алсныг, алсан үхрийнх нь арьс шир, баас, шээс энэ байна гээд нотлох баримт хэрэгт байхгүй, мөн хохирогч нарын мал алга болсон гэх цаг хугацаа нь миний А*******д мах хүргэж өгсөн гэх хоног хугацаа нь хоорондоо таарахгүй байна. Амьдралдаа алдаад борооноор сүргээсээ тасарсан байсан 10 хургатай хонийг авсан үйлдэлдээ би шүүхээс ял шийтгүүлсэн. Гэтэл энэ алдаан дээр минь дөрөөлөөд эзэн нь олдохгүй байсан хулгайн хэргийн олон хүний малыг авсан яллах гээд байна. Энэ хэрэгт хүчээр орчхоод байна. Энэ гэмт хэрэгт шалгагдаж эхэлсний улмаас миний амьдрал орвонгоороо эргэсэн одоо надад мал байхгүй. Шүүх, цагдаа дуудаж байна гээд хавар, өвлийн улиралд дандаа Булган аймагт ирсэн. Малыг харах хүн байхгүй орхиж явсаар байтал надад одоо мал байхгүй. Би банкинд 16.000.000 төгрөгийн зээлтэй. Удахгүй 2022 оны 11 дүгээр сард зээлээ төлөөгүй гээд энд шүүх хурлаар орохоор болчихсон байгаа. Шүүхээс энэ хэргийг үнэн зөв байдлаар шийдэж өгөхийг хүсэж байна. Зохион байгуулалтай нотлох баримтыг бүрдүүлж намайг гэмт хэрэгтэн болгох гэж байна. Би Эрдэнэтийн пост дээр 4 цаг саатуулагдсан. Тэгсэн намайг эрэн сурвалжилж байсан байна лээ. Ганхуяг гэдэг байцаагч намайг эрэн сурвалжлуулсан байсан. Миний эхнэр хүүхдийг энэ хэрэгт холбогдуулж хууль бусаар мэдүүлэг авсан. Н, Б нар тухайн газар дээр нь мэдүүлэг авсан тэмдэглэлд тухайн өдөр нь гарын үсэг зураагүй, дараа нь нөхөж зурсан гэдгийг хэлдэг. Тэгэхээр манай эхнэр тэмдэглэлтэй танилцаагүй, гарын үсэг зураагүй нь батлагдаж байна. Энэ гар утсаар хийсэн гэх бичлэгийг ам барьж дуурайж хийсэн байх. Би хууль сайн мэдэхгүй. Өөртөө ял авах гэж байх шиг байна. Тухайн малыг намайг яг авсан гэдгийг нотлох, батлах, харсан үзсэн хүн байхгүй. Бод мал гаргана гэдэг чинь маш том ажил, их хэмжээний цус, сэвс баас гээд л их л ажил болдог. Айлын мал хулгайлаад өдөр болгон гаргаад байсан бол нутгийн иргэд мэдэх байсан. Сайхан сумын гүүрээр гаргахгүй гэсэн болохоор Архангай аймгийн Өлзийт сумаас 2 удаа малын гарал үүслийн бичиг авсан. Өөрөөр гарал үүсэл хуурамчаар бүрдүүлж хулгай хийсэн зүйл байхгүй. Энэ хэрэг 2018 оноос хойш шүүх цагдаагаар явж байна. Миний мал алга болоход хууль хэрэгждэггүй. Хулгайчийн мал алга болсон гэж цагдаа нар ч тоохгүй байгаа. Би алдсан малынхаа талаар асуухаар хэсгийн төлөөлөгч нь би мэдэхгүй гэж хэлдэг. Хулгайчийн мал алга болох нь цагдаад огт хамаагүй юм байх. Хийгээгүй хэрэгтээ хүчээр гүтгүүлж, ял шийтгүүлэх гэж байгаадаа маш их харамсалтай байна. Үнэхээр шударга бус байна. Нэг шүүх хуралдаан дээр Н.Ө гарын үсэг биш гэж нотлогдсон. Шүүгч шүүх хуралдаанд таны гарын үсэг зөрж байна гэж хэлж байсан шүү. Миний эрх, чөлөө зөрчигдөж байна. Үүнийг зөвөөр шийдэж цагаатгаж өгнө үү. Би 4 жил нэр төр, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө маш их хохирсон. Би хийгээгүй хэрэгтээ яллагдаж байгаад харамсалтай байгаа учраас амиа хорлосон ч бэлэн байна. Миний эхнэр миний хийгээгүй хэргийн талаар ингэж мэдүүлэг өгөхгүй, миний эхнэрийн гарын үсэг буруу байна, биш байна гэж прокурор М.Сайнзаяад удаа дараа хэлж байсан. Гэтэл тоогоогүй, харин шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг нь биш гэдэг нь тогтоогдсон. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Н*******гийн өгсөн: Би гарын үсгээ луйвардуулсан. Ганхуяг гэдэг хүн манай Сайхан сумын хэсгийн төлөөлөгч. Надаас мэдүүлэг аваагүй байж авсан гэж бичиж, хуурамчаар миний гарын үсгийг луйвардсан. Би тухайн үед өөрийн гаргасан малын махыг А*******д өгсөн талаараа л хэлсэн болохоос биш айлаас малыг нь хулгайлаад, хулгайн малын махаа өгсөн гэж огт хэлээгүй. Ганхуяг миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн. Р.Н******* хулгай хийсэн хулгайлсан малаа Дашинчилэн суманд өгдөг гэж хэлээд байгаад би маш их гомдолтой байна. Өчнөөн олон хүний алдсан малыг надад болон манай гэр бүлийн хүн, миний төрсөн хүүд тохож шалгасан. Тухайн малыг би нөхөртэйгээ нийлж хулгайлсан бол нотлох баримттай байх ёстой. Жишээлбэл: Ж.Б 4 адууг, Д хар үхрийг өгсөн гэх ямар ч баримт байхгүй. Өөрөөр хэлбэр хохирогч гэх 7 хүний малыг нөхөр бид хоёр хэзээ нь хулгайлаад хэзээ нь ямар байдлаар махыг нь өгсөн гэх баримт байхгүй. Баримтгүй байж намайг гэмт хэрэгт холбогдуулж ял үүрүүлнэ гэж байна. Би хүний малыг Н.А*******д аваачиж өгөөгүй. Өөрийн малаа өгсөн гэж хэлсэн. Хүний гарын үсгийг луйвардсан. Шүүхийн шинжилгээгээр миний гарын үсэг биш байна гэж нотлогдсон гэх мэдүүлэг,
2015001100037 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан
1. Гэрч Н.А*******ийн худалдан авсан мал, махаа тэмдэглэдэг тэмдэглэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 20-22, 86-91, 165-170, 223-228, 2 дугаар хавтаст хэргийн 64-60, 105-111, 199-205, дэх тал/,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Б өгсөн: Би өөрийн адууг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр бүртгэж үзэхэд бүрэн байсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 03-04-ний өдрийн үед бүртгэж үзэхэд сартай халтар үрээ, дэлтэй хүрэн үрээ, хул үрээ, хээр үрээ дутсан байсан. Тухайн адууны байж болох нутаг дэвсгэрүүдээс хайж үзэхэд олдоогүй. ...2020 оны хавар манайд Ганхуяг төлөөлөгч ирэхдээ танай адууг болон нутгийн иргэдийн малыг Р.Н*******, М.Д нар авсан гэсэн. ...Гомдолтой, төлбөрөө барагдуулж авмаар байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31, 33-35 дахь тал/,
3. Гэрч Д.Э өгсөн: Манай хөгшин л адуундаа явдаг. 2018 оны 12 дугаар сарын эхээр Мануултад байсан 4 үрээ алга болчихлоо, урьд өдөр нь байсан юм, ойр хавьд болон өөр газраар хайгаад байхгүй байна, хулгай авчих шиг боллоо гэж хэлж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
4. Гэрч М.С өгсөн: ...2 шүдлэн үрээ, 2 хязаалан үрээ байсан. Хүрэн үрээ, халтар үрээ 2 нь жороолдог байсан юм. Сулдаа жороо явдаг байсан. Манай 1 дүгээр багийн хүмүүс бол ер нь бүгд мэднэ дээ гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41 дэх тал/,
5. Алдагдсан адууны хохирлын үнэлгээ тогтоосон Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 210097 дугаартай: Ж.Б эзэмшлийн 4 тооны адууны хохирлын үнэлгээ 4.900.000 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 46-51 дэх тал/,
6. Хохирогч М.М өгсөн: Би 2019 оны 01 дүгээр сарын яг өдрийг нь бол санахгүй байна. Манай үхэр Сайхан сумын 1 дүгээр багийн Холбоогийн булаг гэх газарт бүгд байсан. Тэгээд удалгүй үхрээ авах гээд очиход манай үхрээс бидэртэй хүрэн гуна алга болсон байсан. Тэгээд тэр хавиар зөндөө хайгаад олдохгүй болохоор нь Д.М******* гуайг авчихлаа гэж хардаад гэрт нь Эрдэнэдэмбэрэл ахын хамт ороход Д.М******* гуай нэлээн согтуу гэртээ эхнэртэйгээ байж байсан. Тэгснээ надад хандан ах нь Молоогийнхоо нэг үхрийг авчихсан гэж хэлэхэд эхнэр нь муухай хараад Д.М******* ахыг нудрахад дуугүй болоод орондоо ороод унтаад өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст 94-95, 96-97 дахь тал/,
7. Гэрч Ч.Э өгсөн: ...гэрт нь ороход Д.М******* ах нэлээн халамцуу сууж байснаа бид хоёрыг суунгуут бид нарт хандан ах нь Молоогийнхоо нэг үхрийг авсан даа гэж хэлэхэд эхнэр нь нудраад Д.М******* ах орондоо ороод дахиж юм яриагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 103-104 тал/,
8. Гэрч Б.Г өгсөн: ...эр үхэр байхгүй, эр бяруу ч байхгүй үхэр бол зараагүй, адуу гэвэл сая 2019 оны намар бор морио зарсан, өөр адуу бол зараагүй. Ноднин байсан адуунууд бүгд л одоо байгаа гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
9. Гэрч Э.А өгсөн: 2018 оны 11 дүгээр сард 1 эр хээр даага хүнд зарсан. 2019 оны 10 дугаар сард бор морио зарсан. Өөр адуу зараагүй бусад нь байгаа гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 107-108 дахь тал/,
10. Алдагдсан малын хохирлын үнэлгээ тогтоосон Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 210095 дугаартай: М.М 1 тооны шүдлэн насны эр үхэр 850.000 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-119 дэх тал/,
11. Хохирогч М.А*******ийн өгсөн: 2018 оны 10 дугаар сарын сүүлээр Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг Холбоогийн булаг гэх газраас өөрийн адууг бүртгэж үзэхэд манай адуунаас нас бие гүйцсэн халтар, хонгор зүсмийн дэлтэй морьд алга болсон. ...Уг хоёр тооны адуу нь өөр нутаг руу огт гүйж адуунаасаа салах учиргүй. Д.М*******, М.Д нартай уг хэргийн талаар ярилцаагүй. ...Гомдолтой байна, алдсан адууныхаа мөнгийг нэхэмжилж авмаар байна. ...Хоёулаа зоосон тамгатай 2 морио алдсан гэх мэдүүлэг, /1-р хх-н 176, 178-179/,
12. Гэрч Э.Г өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр М******* өөрөө 2 адууны бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүргэн Д.Б нь 2 адуу, 1 үхрийн махны гарал үүслийн бичиг авч байсан байна. Сүүлдээ өгөхөө байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал/,
13. Гэрч Н.Б өгсөн: Сайханаас явж байна гээд настай ах, эгч хоёроос 2 бүдүүн морины мах авсан. Хот явахаа болиод энд өгчихье гээд орж ирж өгч байсан. Цагаан өнгийн Probox загварын машинтай ирж өгч байсан. ...Тухайн махны мөнгө гэж 1.936.000 төгрөг шилжүүлж байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 184 дэх тал/,
14. Далай ван аудит хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 02/02-96 дугаартай: М.А*******ийн 2 тооны морины үнэлгээ нийт 1.900.000 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 193-197 дахь тал/,
15. Хохирогч Н.Ө өгсөн: 2018 оны 11 дүгээр сарын эхээр өөрийн үхрийг бүртгэж үзэхэд тоо ёсоороо Холбоогийн булаг гэх газарт байсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн үед байхаа очиж үзэхэд хөх саарал зүсмийн хязаалан гуна, хар шүдлэн гуна алга болсон байсан. Тухайн үед хойд талд нь Д.М*******ынх, зүүн талд нь С.Гансүхийнх байсан гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал/,
16. Гэрч Т.С өгсөн: Сайхан сумын 1 дүгээр баг “Холбоогийн булаг” гэх газарт манай үхэр байсан юм. Тэгээд манай хүн үхрээ татах гээд очиход хар шүдлэн гуна, хөх саарал хязаалан гуна алга байсан. Д.М*******, түүний хүргэн Д.Б гэх айлууд хамгийн ойр байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 236-237 дахь тал/,
17. Гэрч Д.Б өгсөн: ...Холбоогийн булагт байж байгаад авах гээд очиход 2 гуна алга болчихлоо, хайгаад олохгүй байна гэж байсан. М*******ыг авлаа гээд манай дүү нар ярьж байсан. Угаасаа яг тэдний урд бэлчиж байсан юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 239 дэх тал/,
18. Далай ван аудит хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02/02-141 дугаартай: Н.Ө 2 тооны үхрийн үнэлгээ нийт 1.950.000 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 249-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-4 дэх тал/,
19. Хохирогч Г.Б өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Манай үхэр Холбоогийн булаг гэх газраас ус уугаад Холбоогийн дунд байх өвөлжөө рүү нар жаргахын өмнөхөн цуваад явж байсан. Тэгэхэд бол манай үхэр бүрэн байсан. Өглөө босоод хар үнээгээ идшиндээ идэх гээд барьж уях гээд гараад хайгаад олоогүй. Манайх М******* гуайн зүүн талд 500м орчим зайд л өвөлжсөн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал/,
20. Далай ван аудит хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02/02-142 дугаартай: Г.Б 1 тооны хар зүсмийн нас гүйцсэн сувай үнээний үнэлгээ 900.000 төгрөг гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 73-78 дахь тал/,
21. Гэрч Ч.Э өгсөн: ...Бадаа ах /Н/ манай үхэр нь Холбоогийн булгаас холддоггүй, энэ хавиас ойрхноос хүн авчихлаа. Д.М******* уу, эсхүл хүргэн нь авчихлаа гэж ярьж байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал/,
22. Гэрч Б.Г өгсөн: ...Б үнээ хулгайд алдсаныг мэднэ. Бяруу нь Д.М*******ын гэр рүү мөөрөөд давхиад байсан гэж ярьж байсан. Д.М*******ын гэрийнхнийг сэжиглэж байна. Тэдний урдаас алга болсон. Бас бяруу нь байнга мөөрч очоод байсан гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 130-131 дэх тал/,
23. Хохирлын үнэлгээ тогтоосон Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 210096 дугаартай: 1 тооны нас гүйцсэн бүдүүн адуу 900.000 төгрөг гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 153-158 дахь тал/,
24. Хохирогч Р.Д өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын яг хэдэн гэдгийг мэдэхгүй байна. Манай үхэр Мануултын баруун бэл дээр байсан. Тэгээд 2 хоногийн дараа очиж харахад сувай хар үнээ байхгүй, бусад нь яг байрандаа байсан. Тэгээд тэр хавиар хүн амьтнаас сураглаад сурагч гараагүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 211-212, 214-215 дахь тал/,
25. Гэрч Б.Т өгсөн: ...алга болохоос нь хэдхэн хоногийн өмнө манай нөхөр үхрээ бүртгэхэд Мануулт гэх газар бүрэн байсан гэж байсан. Тэгээд удаагүй дахиад үхэр дээрээ очсон чинь сувай хар үнээ байхгүй, бусад нь бүгд яг байдаг газраа байсан. Тэгээд тэр хавиар хайгаад олоогүй гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 216-217 дахь тал/,
26. Гэрч Р.Б өгсөн: ...2018 оны 10 дугаар сарын яг хэдний өдөр гэдгийг сайн мэдэхгүй байна. Миний төрсөн ах Д болон манай үхэр тухайн үед Мануултын баруун хөтөл дээр цуг байсан юм. Тэгээд би үхрээ нэг өнжөөд л хараад байсан. Би нэг өдөр үхрээ бөөгнүүлээд хот руу яваад хотод байхад манай ах Дүвчинбаатар над руу залгаад хар үнээг харсан уу? гэж хэлэхээр нь би 2 хоногийн өмнө харахад Мануултын баруун хөтөл дээр үхрүүдтэйгээ байсан гэж хэлсэн чинь ах хайгаад олохгүй байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 218 дахь тал/,
27. Далай ван аудит хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 02/02-143 дугаартай: Р.Д 1 тооны хар зүсмийн нас гүйцсэн сувай үнээний үнэлгээ 900.000 төгрөг гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 224-229 дэх тал/,
28. Гэрч Н.А*******ийн өгсөн: 2018 оны 11 дүгээр сард байх, би мал нядалгааны газарт махаа ачаад байж байсан чинь Д.М******* эхнэрийн хамт цагаан өнгийн Probox загварын машинтай ирээд хээр алаг, их содон цагаан шахуу хээр морь, мөн адил нэг хээр адууны мах толгой, ширийн хамт авчирч өгсөн. ...Үүнээс хэд хоногийн дараа манай төвийн гэрийн гадаа М******* эхнэрийн хамт цагаан Probox загварын машинтайгаа ирээд хөх саарал эр үхэр, хар шүдлэн эр үхэр, нэг улаан үнээ юм уу гэмээр нөгөө хоёроосоо арай бага 3 үхрийн махыг толгой, ширний хамт авчирч өгсөн. ...Үүний дараа мөн эхнэрийн хамт цагаан өнгийн Probox загварын машинтайгаа манай гэрийн гадаа ирээд бараан голдуу 4 тооны адуу том жижиг нийлсэн адууны махыг ширнүүдийн хамт авчирч өгсөн. Тэгээд үүний дараа бол ганц нэг үхрийн мах зэргийг бол ширний хамт авчирч өгсөн. ...Өөрийн худалдан авсан мал махаа бүртгэдэг, ногоон дэвтэр дээр бичдэг байсан. ...2018 оны 11 дүгээр сарын эхээр 2 адууны махтай ирсэн. Тухайн үед эхнэр Н*******гийн хамтаар цагаан өнгийн Probox машинтай ирсэн. ...Нэг нь болохоор алаг зүсмийн, нөгөө нь болохоор бараан зүсмийн адуу байсан. Ойролцоогоор тухайн хоёр адуу нас бие гүйцсэн адуу байсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үеэр 3 тооны үхэртэй ирсэн. ...Эдгээр үхрүүд нь бүгд нийлээд 472 кг болж байсан. 2018 оны 12 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. М******* нь эхнэртэйгээ ирээд 2 тооны адууны махыг надад зарсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-44, 4 дүгээр хавтаст хэргийн 172-174 дэх тал/,
29. Шүүгдэгч Д.М*******ын Төрийн банкны депозит дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 128 дахь тал/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно.”, 7 дахь хэсэгт “энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан баримт мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж, мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ” гэж, 1.1 дэх заалтад “...энэ хуульд заасан журмыг зөрчиж мэдүүлэг авсан.” гэж тус тус зохицуулсан байна.
Гэтэл мөрдөгч Р.Н*******гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж гэмт хэрэгт холбогдсон этгээдийг мөрдөн байцаалтад гэрчээр тогтоож, хууль сануулж мэдүүлэг аваад тэрхүү мэдүүлгийг өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний эсрэг яллах талын нотлох баримт болгон ашиглаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно ...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэрч нь өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй” гэж тус тус заасныг зөрчиж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.
Мөн Р.Н*******гийн өгсөн гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд зурагдсан гарын үсэг нь Р.Н*******гийн гарын үсэг биш болох нь 4 дүгээр хавтаст хэргийн 246-250 дахь тал, 5 дугаар хавтаст хэргийн 1-7 дахь талд авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” гэсэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэх огноотой баримт дээрх гарын үсэг бусад цаг хугацаанд зурсан Р.Н*******гийн гарын үсэг тохирохгүй байна. Хөдөлгөөний үйлдэц, хэлбэр, байрлал, хэмжээ зэрэг элемент гүйцэтгэлийн онцлог тэмдгүүдээрээ тохирохгүй байна.” гэх дүгнэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.О шүүх хуралдааны бэлтгэл үе шатанд шүүгдэгч Р.Н*******гийн 2020 оны 02 дугаар сарын 20, 21-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэг болон 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрчээр мэдүүлэг өгөх үед дуу дүрсний бичлэг хийсэн гэх хэсгийн байцаагч С.Г утсанд хийгдсэн гэх СД бичлэгийг тус тус нотлох баримтаас хасуулах тухай хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, дээрх үндэслэлүүдээр 344 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хөндлөнгийн гэрч тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүн байна” гэж, 4 дэх хэсэгт “...мөрдөн шалгах ажиллагааны журам сахих, нууцыг задруулахгүй байх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байхад хохирогч Н.Н дүү Н.Ныг Р.Н*******гийн мэдүүлэг шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцуулсан, хөндлөнгийн гэрч Н.Н нь ах Н.Н мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахгүй байх үүргээ зөрчиж, Р.Н*******гийн мэдүүлгийн талаар мэдээлэл өгсөн, хохирогч Н.Н нь дүүгийнхээ хэлснийг эх сурвалжаа болгон хохирогчоор гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт “Хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгдэгч Р.Н*******гийн гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Л.Б, Н.Н нарын мэдүүлэг мөн гэрч Б.Э, хохирогч Н.Н нарын мэдүүлгийн эх сурвалжийг шүүх хууль зөрчиж, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэсэн үндэслэлээр 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 344 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэсэн тул дээрх гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.А*******ийн гэм буруугийн тухайд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Н.А*******ээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, Е1958846 дугаартай гадаад паспортын хуулбар, Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 329 дугаартай хуралдааны тэмдэглэлийн 34-38 дахь талд гэрч Н.А*******ийг шүүх хуралдаанд цахимаар оролцож өгсөн мэдүүлэг болон хэргийг прокурорт буцаах тухай 2021/Ш3/29 дугаартай шүүгчийн захирамж, гэрч Н.А*******ийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг, гэрч З.Б, С.Ганхуяг нарын мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Н.А*******ийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь хэрэг үйлдсэн цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэгт ач холбогдол бүхий байх бөгөөд шүүгдэгч Н.А******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “...би өмнө нь мэдүүлэг өгөөгүй, Ганхуяг манай хүүхдүүдтэй холбогдоод мах өгсөн авсан гарын үсэгтэй юмны талаар мэдүүлэг авсан. Би өөрөө байгаагүй, миний дэвтрийг үндэслэн мэдүүлэг бичсэн, би өөрийн биеэр мэдүүлэг өгч байгаагүй гэж...” зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, тогтоогджээ.
Шүүгдэгч Н.А******* нь хууль сануулсаар байтал шүүхийн хэлэлцүүлэгт худал мэдүүлэг өгч буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Н.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Н.А******* нь Хэрэг шалгах шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарт холбогдох хэргийн тухайд:
Шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулиар бусдын олон тооны малыг хулгайлсан шинжтэй байхаар хуульчлагдсан байна.
Тодруулбал шүүгдэгч нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг гарах цаг хугацаанд 2017 оны 05 дугаар сарын 11-нд батлагдсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд “олон тооны мал хулгайлах” нь уг хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байжээ. Харин 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр батлагдан 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн хуулиар тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нэмэлт орсны дотор “бүлэглэж”, “олон тооны” мал хулгайлсан шинжүүд багтсан байна.
Иймээс гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хууль болон сүүлд батлагдсан хуульд зааснаар тодорхой гэмт хэргийн шинж өөрчлөгдөөгүй, эсхүл шинэ хууль агуулгын хувьд хөнгөн хуульд тооцогдохгүй байгаа бол Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх тусгайлсан зарчим, ойлголт хөндөгдөхгүй, гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу зүйлчлэн шийдвэрлэх ёстой тул прокурорын зүйлчлэл үндэслэлтэй байх боловч шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нар нь бүлэглэж, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн, тэдний гэм буруугийн талаарх нотлох баримт хэрэгт хангалттай цуглараагүй, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бус арга хэрэгслээр цуглуулж бэхжүүлэгдсэн, эргэлзээ төрүүлэхүйц баримт мэдээлэл авагдсан байна.
Тодруулбал Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг Холбоогийн булаг гэх газраас 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 1 дүгээр сарын хооронд нэр бүхий 7 хохирогчийн 12 тооны бод мал хулгайд алдагдсан, уг гэмт хэргийн улмаас Булган аймгийн Сайхан сумын малчин Р.Дүвчинбаатар, Н.Н, Г.Б, М.А*******, Н.Ө, М.М, Ж.Б нарт 12.300.000 төгрөгийн хохирол учирсан нь Далай ван аудит, Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчдийн дүгнэлтүүдээр тогтоогдсон боловч энэ гэмт хэргийг шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нар үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлохоор цуглуулж бэхжүүлсэн шүүгдэгч Р.Н*******гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, мэдүүлгийг газар нь дээр шалгасан тэмдэглэлийг нотлох баримтаар тооцохгүй байхаар, Р.Н*******гийн гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон Л.Б, Н.Н нарын мэдүүлэг мөн гэрч Б.Э, хохирогч Н.Н нарын мэдүүлгийн эх сурвалжийг шүүх хууль зөрчиж, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй ба хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан Булган аймгийн Сайхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч С.Ганхуяг нь Р.Н*******гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэн бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж мөрдөн байцаалтад гэмт хэрэгт холбогдсон этгээдийг гэрчээр тогтоож, хууль сануулж мэдүүлэг аваад тэрхүү мэдүүлгийг өөрийнх нь болон гэр бүлийн гишүүний эсрэг яллах талын нотлох баримт болгон ашиглаж, хохирогч нарын гэрээр очиж Р.Н******* нь нөхөр, хүүхдийн хамт танай малыг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн гэдгийг хэлж, хохирогч нараас гомдлыг нэг цаг хугацаанд гаргуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хууль зөрчсөн болох нь:
- хохирогч Ж.Б, Н.Н нараас 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 1930 минутад,
- хохирогч М.Маас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 1220 минутад,
- хохирогч М.А*******ээс 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1200 цагт,
- хохирогч Н.Өаас 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 1100 цагт, хохирогч Г.Боос 1110 минутад, хохирогч Р.Д 1120 минутад тус тус өргөдөл, гомдол гаргасан байгаа нь хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр,
- хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...2020 оны хавар манайд Ганхуяг төлөөлөгч ирэхдээ танай адууг болон нутгийн иргэдийн малыг Р.Н*******, М.Д нар авсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,
- хохирогч М.М 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн “...Би алдсан малаа Ганхуяг гэдэг байцаагчид тэмдэглүүлсэн байсан, тэгтэл Ганхуяг надад Н******* өөрөө ярьсан. Танай малыг авсан гэж байна. Өөрөө нас зүстэй нь хэлж байна гэсэн” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдал нотлогдоогүй, өөрөөр хэлбэл гэмт хэрэг хэзээ хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийг хэн үйлдсэн нь хэрэгт хангалттай нотлогдож тогтоогдоогүй гэж үзэв.
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан 1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дүгээр талд авагдсан гэрч Н.А*******ийн өгсөн “...2018 оны 11 дүгээр сард байх, би мал нядалгааны газарт махаа ачаад байж байсан чинь Д.М******* эхнэрийн хамт цагаан өнгийн Probox загварын машинтай ирээд хээр алаг, их содон цагаан шахуу хээр морь, мөн адил нэг хээр адууны мах толгой, ширийн хамт авчирч өгсөн. ...Үүнээс хэд хоногийн дараа манай төвийн гэрийн гадаа М******* эхнэрийн хамт цагаан Probox загварын машинтайгаа ирээд хөх саарал эр үхэр, хар шүдлэн эр үхэр, нэг улаан үнээ юм уу гэмээр нөгөө хоёроосоо арай бага 3 үхрийн махыг толгой, ширний хамт авчирч өгсөн. ...Үүний дараа мөн эхнэрийн хамт цагаан өнгийн Probox загварын машинтайгаа манай гэрийн гадаа ирээд бараан голдуу 4 тооны адуу том жижиг нийлсэн адууны махыг ширнүүдийн хамт авчирч өгсөн. Тэгээд үүний дараа бол ганц нэг үхрийн мах зэргийг бол ширний хамт авчирч өгсөн. ...Өөрийн худалдан авсан мал махаа бүртгэдэг, ногоон дэвтэр дээр бичдэг байсан. ...2018 оны 11 дүгээр сарын эхээр 2 адууны махтай ирсэн. Тухайн үед эхнэр Н*******гийн хамтаар цагаан өнгийн Probox машинтай ирсэн. ...Нэг нь болохоор алаг зүсмийн, нөгөө нь болохоор бараан зүсмийн адуу байсан. Ойролцоогоор тухайн хоёр адуу нас бие гүйцсэн адуу байсан. 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үеэр 3 тооны үхэртэй ирсэн. ...Эдгээр үхрүүд нь бүгд нийлээд 472 кг болж байсан. 2018 оны 12 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. М******* нь эхнэртэйгээ ирээд 2 тооны адууны махыг надад зарсан...” гэх гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2 жилийн дараа өгсөн мэдүүлэг нь хэрэгт ач холбогдлын хувьд учир дутагдалтай, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 20-22, 86-91, 165-170, 223-228, 2 дугаар хавтаст хэргийн 64-60, 105-111, 199-205 дахь талд авагдсан Н.А*******ийн худалдан авсан мал, махаа тэмдэглэдэг тэмдэглэлийн дэвтэрээр хохирогч Р.Д 1 тооны нас гүйцсэн хар зүсмийн үхэр, Н.Н 1 тооны хээр алаг зүсмийн морь, Г.Б 1 тооны хар зүсмийн нас гүйцсэн сувай үхэр, М.А*******ийн сартай хонгор зүсмийн, сартай халтар зүсмийн нас гүйцсэн морь, иргэн Н.Ө 2 тооны үхэр буюу хөх саарал зүсмийн хязаалан гуна, хар зүсмийн шүдлэн гуна, М.М 1 тооны бидэртэй хүрэн зүсмийн үхэр, Ж.Б сартай халтар зүсмийн үрээ, дэлтэй хүрэн зүсмийн үрээ, хул зүсмийн үрээ, хээр зүсмийн үрээг тус тус шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нар Н.А*******д зарсан гэдгийг нь хөдөлбөргүй нотолсон баримт гэж тус тус үзэх боломжгүй юм.
Мөн нэр бүхий 7 хохирогч нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 1 дүгээр сарын хооронд өөрсдийн бод малыг хулгайд алдсан, тухайн үед сэжиглэж байсан хүн байхгүй байсан, 2020 оны 2 дугаар сард хэсгийн төлөөлөгч гэрт ирээд “танай алдагдсан малыг М*******, Н******* нар авсан байна гэж өөрсдөө хэлсэн” гэсэн болохоор гомдол мэдээллээ албан ёсоор гаргаж өгсөн, тэрнээс биш бид нар тэднийг яг манай малыг гаргаад ачаад явж байхыг хараагүй, өмнө нь малын хулгайн хэрэгт холбогдож байсан болохоор манай нутгийнхан тэднийг хулгайлсан гэж ярьдаг гэх байдлаар мэдүүлэг өгсөн, өөрөөр хэлбэл тус шүүхийн шүүгчийн 344 дугаартай захирамжаар нотлох баримтаар тооцохгүй байх нотлох баримтыг мэдүүлгийн эх сурвалж болгон мэдүүлсэн байна.
Хохирогч М.М нь 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд “...Нэг үхэр авсан гэж хэлээгүй, Молоогийнхоо нэг юмыг авчихсан гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй эргэлзээтэй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.М*******ыг Булган аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг Холбоогийн булаг гэх газарт өвөлжиж байсан, урьд нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн гэсэн үндэслэлээр түүнд тухайн орон нутагт гарсан малын хулгайн гэмт хэргийг түүний эхнэрээс хууль бус аргаар цуглуулж, бэхжүүлж авсан гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэгт яллах үндэслэлгүй, энэ нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэв.
Шүүгдэгч Р.М*******ын Хаан банкны диспозит дансны хуулгаар мал худалдан авсан А*******ийн эхнэр З.Бгаас шилжүүлсэн 5.950.000 төгрөг, Н.Болдоос шилжүүлсэн 1.936.000 төгрөгийг шүүгдэгч нар нь өөрсдийн халтар гүү, хүрэн гүү, хул шийр алаг морь, хээр шүдлэн, халтар сортой эр үхэр, 1 үнээ, хүрэн бидэртэй хязаалан гуна, 10 тооны хонийг банкны зээлээ төлөхөөр нядалж махыг нь зараад мөнгийг нь дансаар авч Төрийн банкинд зээлээ төлсөн, Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн охин Д.Буянхишиг нь хоёр бага насны ихэр охин, нөхрийн хамт амьдардаг, хүүхдүүд нь бага болохоор өвчин тусаж өвдсөн үед нь аав, ээжийн хувьд тус болохоор очдог байсан, охин, хүргэн хоёр нь тухайн суманд оршин суудаг учир хүргэнээрээ болон өөрөө малын гарал үүслийн гэрчилгээг малын эмч Э.Гантөмөрөөр бичүүлэн авдаг байсан, мөн гүүрээр гаргахгүй байсан тул Архангайн Өлзийт сумаас гарал үүслийн гэрчилгээг гаргуулан авсан гэх мэдүүлгүүдийг хэрэгт няцаах, үгүйсгэх баримт авагдаагүй, энэ талаар шалгаж тогтоогоогүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус заасан ба шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарын дээр дурдсан нөхцөл байдал нь бодит байдалтай нийцэж байх тул нотлох баримтаар тооцогдох үндэслэлтэй юм.
Улсын яллагч шүүгдэгч нарыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр болсон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь хохирол төлбөрийг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж байсан, шүүгдэгч Р.Н******* нь шүүх хуралдаан даргалагчийн асуусан “гаргасан малын гэдсийг хэн арилгадаг бэ?” гэсэн асуултад “би гэдсийг нь арилгадаг байсан, махаа зарахаар явахдаа нөхрийн хамт явдаг байсан” гэж хариулсныг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай гэж яллах талын нотлох баримт болгон мэтгэлцсэн хэдий ч Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс тухайн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас гарсан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, зээлээ төлөхөөр өөрийн малыг гаргахдаа гэдсийг нь би арилгасан, нөхрийн хамт очиж махаа зарсан гэх мэдүүлгээр түүнийг Эрүүгийн хуульд заасан бусдын олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж боломжгүй юм.
Эдгээр нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд энэ хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулахдаа хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж хууль бус, арга хэрэгслээр бэхжүүлж, цуглуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай бус шүүгдэгч нар нь тухайн хохирогч нарын малыг хэзээ, ямар байдлаар хулгайлан авч, хаана нядлаад бусдад худалдсан нь нотлогдоогүй, эргэлзээтэй, байх тул шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” зааснаар шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд эргэлзээ төрсөн үндэслэлээр шүүгдэгч нарт ашигтайгаар буюу Булган аймгийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.М*******, Р.Н******* нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй буюу тэдний гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж, шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хохирогч нарын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгч Н.А*******д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгч Н.А*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
3 дугаар хавтаст хэргийн 52-60, 62-69, 5 дугаар хавтаст хэргийн 29-31 дэх талд авагдсан Н.А*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, цагдаагийн газрын цахим системийн гэмт хэрэг, гомдол, мэдээлэл, зөрчлийн талаарх лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогдсон байна.
Н.А*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Н.А*******ийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А*******, Д.М*******, Р.Н******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Р.Н*******, Д.М******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэсэн тул тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Н.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт шүүгдэгч Д.М*******ын эзэмшлийн улаан зүсмийн нас бие гүйцсэн үнээ нэг ширхэг, хүрэн зүсмийн нас бие гүйцсэн үнээ нэг ширхэг, эрээн зүсмийн эр бяруу нэг ширхэг, ухаа улаан зүсмийн эр бяруу нэг ширхэг, хул алаг зүсмийн азарга нэг ширхэг, шийр алаг зүсмийн нас бие гүйцсэн морь нэг ширхэг, нийт 6 тооны бод малын битүүмжлэлийг хүчингүй болгож, 4.794.375 /дөрвөн сая долоон зуун ерэн дөрвөн мянга гурван зуун далан тав/ төгрөгийн үнэлгээ бүхий 6 тооны бод малыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 4/03 дугаартай тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч Н.А*******ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн ногоон өнгийн дэвтэр, CD нэг ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.М*******, Р.Н******* нарыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Х******* х******* овогт Н А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэрч шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А*******ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан Н.А******* нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
5. Шүүгдэгч Н.А*******, цагаатгагдсан этгээд Д.М*******, Р.Н******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А*******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, цагаатгагдсан этгээд Д.М*******, Р.Н******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хохирогч нарын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт прокурорын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 4/03 дугаартай тогтоолоор битүүмжлэгдсэн улаан зүсмийн нас бие гүйцсэн үнээ, хүрэн зүсмийн нас бие гүйцсэн үнээ, эрээн зүсмийн эр бяруу, ухаа улаан зүсмийн эр бяруу, хул алаг зүсмийн азарга, шийр алаг зүсмийн нас бие гүйцсэн морь тус бүр нэг ширхэг, нийт 6 тооны бод малын битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Н.А******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн ногоон өнгийн дэвтэр, бичлэг бүхий CD нэг ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган хадгалсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ