Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
Хэргийн индекс | 186/2022/0687/Э |
Дугаар | 2022/ШЦТ/753 |
Огноо | 2022-09-22 |
Зүйл хэсэг | 117.1., |
Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 2022/ШЦТ/753
2022 09 22 2022/ШЦТ/753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Б.Дөлгөөн, шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.От холбогдох эрүүгийн “2211 00921 1342” дугаартай, 186/2022/0687/Э индекстэй хэргийг 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, 00 тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Д.О,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар цахилгаан түгээхийн байрны 86 тоотод байхдаа хохирогч Ц.Бийн эзэмшлийн Хаан банкны “5064830431” дугаартай дансны картыг хулгайлж, улмаар тус картаас 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ:...Лхагва-Эрдэнэ миний картаас 500.000 төгрөг аваад ир би такси бариад гэртээ харимаар байна гэж хэлэхээр нь би бэлнээр АТМ-ээс авч ирсэн. Тухайн үед таксинд дотор Лхагва-Эрдэнэ намайг хүлээж байсан гэв.
Хоёр: Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Бийн:...2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би Зайсанд байрлах “Seven star” төслийн барилгад туслах ажилтан хийдэг. 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр манай цалин бууж, би 733.000 төгрөгний цалин авсан. Би цалингаа аваад 15 цагийн үед ажлаа тарчихаад явж байтал нутгийн дүү Баасандорж надруу залгаад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар цахилгаан түгээхийн байрны 86 тоотод хүрээд ир би хоол хийж байна гэж хэлсэн. Би Баасандоржийн хэлсэн газар нь ирэхэд тэнд Баасандоржоос гадна зүс таних Нямдаваагийн Лхагва-Эрдэнэ, түүний найз хүүхэн Д.О нар байсан. Бид нар хоол идчихээд Д.Оийг үлдээгээд гурвуулаа “Бөмбөгөр” худалдааны төв орж Баасандоржийн аранзанд эд зүйлс худалдаж авчихаад 19 цагийн үед буцаад Баасандоржийнд ирсэн. Дараа нь бид гурав архи уухаар болж би өөрийн цалингийн картаа Лхагва-Эрдэнэ, түүний найз хүүхэн Оюунцэцэг хоёрт өгөөд 9895 гэх нууц дугаарын хэлээд дэлгүүр ороод юм аваад ир гээд гаргасан. Удалгүй тэр хоёр дэлгүүрээс 1 шил 750 граммын архи, 10 лаазтай пиво авчирсан. Тэгээд миний картыг эргүүлж өгсөн. Бид нар архи, пиво уугаад нэлээд халчихсан 21 цагийн үед уух юм дуусаж байсан болохоор би картаа Баасандорж, Лхагва-Эрдэнэ хоёрт дахиж өгөөд дэлгүүр ороод уух юм аваад ир гээд нууц дугаарыг нь хэлээд гаргасан. Хэсэг хугацааны дараа тэр хоёр 1 шил 750 граммын архи, 10 лааз пиво авчирсан. Тэр хоёр миний картыг буцааж өгсөн. Би гар утасныхаа гэрэнд картаа хийгээд утсаа ширээн дээр тавиад орхисон. Түүнээс хойш картаа ахиж хэн нэгэнд өгч дэлгүүр явуулаагүй. Тэдний гэрээс ч гаралгүй авчирсан архи, пиво ууж байгаад 23 цаг өнгөрөөгөөд бид нар унтацгаасан. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 22-ны өглөө буюу маргааш нь 06 цагийн үед манай эхнэр надруу залгаад би гар утсаа аваад хартал миний утасны гэрэнд байсан цалингийн карт байхгүй болчихсон байсан. Би интернэт банк руугаа ороод хартал шөнө 01 цаг 44 минутад миний алга болсон картын “5064830431” тоот Хаан банкны данснаас 500,000 төгрөгийн зарлага гарчихсан байсан. Би тэр гуравт энэ талаар хэлж асуухад хэн нь ч мэдэхгүй байсан. Бид нартай хамт Оюунцэцэг архи уугаагүй эрүүл байсан. Мөн ярианыхаа дунд шөнө гарч 100 айл орсон гэж хэлсэн. Өмнөх шөнө нь бид нарыг архи ууж байхад би орой гарна найзуудтайгаа караоке орно гэж ярьж байсан. Харин одоо тэр талаар нь асуухаар би шөнө огт гараагүй гээд байгаа. Би картынхаа нууц дугаарыг тэр гуравт гурвууланд нь хэлсэн ч Баасандорж, Лхагва-Эрдэнэ хоёр надтай хамт архи уугаад суудал дээрээ тасраад унтчихсан байсан болохоор тэр хоёрыг сэжиглэхгүй байна. Харин Оюунцэцэг нь шөнө гарч явсан байх өндөр магадлалтай миний данснаас АТМ-ээс мөнгө авсан байсан. Би алдсан картаа Хаан банкнаас 2022 оны 4 дүгээр сарын 10-нд захиалж авсан. Тэр картыг посс машинд уншуулахад код шаарддаггүй зарлага гарчихдаг байсан. Харин АТМ-ээс мөнгө авахад заавал кодыг нь хийж авна. Би Хаан банкны 1800-1917 дугаар луу залгаж холбогдоход надад оператор нь таны данснаас 1068 дугаартай Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороонд байрлах АТМ-ээм 500,000 төгрөг гаргаж авсан байна гэж хэлсэн. Би Хаан банканд хүсэлт гаргаж 3 дугаар сургуулийн Хаан банкны салбар дээр очиж миний картаас мөнгө авч байгаа хүний зургийг харахад Оюунцэцэг мөн байсан. Тэр одоо хүртэл надтай холбоо барьж миний мөнгийг эргүүлэн өгөөгүй. Би өөрийн хохирол болох 500.000 төгрөгийг эргүүлэн авч миний картаас мөнгө хулгайлсан Оюунцэцэгт хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна гэх мэдүүлэг. /хх-ийн 12-15 дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Лхагва-Эрдэнийн:..би 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр найз хүүхэн Оюунцэцэгийн хамт гадуур Сансар орчим захилгаар юм авах гээд явж байсан. Баасандорж гэх манай хамаатны залуу надруу залгаад манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Би Баасандоржтой уулзаагүй удсан байсан тул очихоор болж Оюунцэцэгийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар цахилгаан түгээхийн байранд нь очсон. Тэр үед 14 цаг болж байсан байх тодорхой санахгүй байна. Оюунцэцэг бид хоёр Баасандоржийнд очиход Баасандорж ганцаараа байсан. Удалгүй Батдорж ах тэднийд ирсэн. Баасандорж, Батдорж, бид гурав “Бөмбөгөр”худалдааны төв орж Баасандоржийн аранзны юмыг цуглуулах гээд тэдний гэрт Оюунцэцэгийг үлдээгээд гарцгаасан. Бөмбөгөр захаас Баасандоржийн аранзны юмыг цуглуулчихаад буцаад тэдний гэрт очих замдаа дэлгүүр орж 1 шил 750 граммын архи, 10 ширхэг пиво авч гэрт нь очоод ууцгаасан. Бид 3 архи, пиво уусан, Оюунцэцэг огт уугаагүй. Тэгээд орой уух юм дахиж хэрэгтэй болсон чинь Батдорж ах картаа надад өгөөд дэлгүүр ороод архи аваад ир гэсэн. Би Оюунцэцэгтэй хамт гарч дэлгүүр ороод дахиж архи, пиво аваад буцаад орсон. Яг хэдэн шил архи, пиво авсанаа санахгүй байна, ямартай ч Батдорж ахын картаар авсан. Тухайн үед би архи уугаад нилээд согтсон байсан. Би тэр өдөр юу болсон талаар сайн санахгүй байна, би өөрийн ухаангүй болоод тасарчихсан. Нэг мэдэхэд өглөө болчихсон би Оюунцэцэгтэй нэг үл ялиг зүйлээс болж хэрэлдэж байгаад түүнтэй хамт Баасандоржийнхоос гарч Бэлх рүү такси барьж яваад тэнд гэрээс Оюунцэцэгийн цүнхийг авч өгөөд буцаад Баасандоржийнд хүрч ирсэн. Манай Бэлхэд байдаг гэрлүү явж байх замд юу болсон талаар санахгүй байна. Тэр өдөр маш их архи уусан. Баасандоржийн гэрт буцаж ирэхэд Батдорж ах картаа алга болгочихсон хайгаад Оюунцэцэгийг авсан байх гэж хардаад байж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар тал/,
2.3. Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 49 дүгээр тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс:.. Хавтаст хэргээс гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-5 дугаар тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-10 дугаар тал/, хохирогч Ц.Бийн мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар тал/, хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49 дүгээр тал/, яллагдагч Д.Оийн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/, яллагдагч Д.Оийн иргэний үнэмлэхний лавлагаа, ял шалгасан хуудас /хх-ийн 44-47 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
3.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс:...хх-ийн 42-47 дугаар тал, мөн хохирогчид хохирол төлсөн баримтыг шинжлэн судлав.
3.3 Шүүгдэгч хавтас хэргээс:...тусгайлан шинжлэн судлуулах зүйгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Д.О нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Улаанбаатар цахилгаан түгээхийн байрны 86 тоотод байхдаа хохирогч Ц.Бийн эзэмшлийн Хаан банкны “5064830431” дугаартай дансны картыг хулгайлж, улмаар тус картаас 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Ц.Бийн:...2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр би Зайсанд байрлах “Seven star” төслийн барилгад туслах ажилтан хийдэг. 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр манай цалин бууж, би 733.000 төгрөгний цалин авсан. Би цалингаа аваад 15 цагийн үед ажлаа тарчхаад явж байтал нутгийн дүү Баасандорж надруу залгаад Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Улаанбаатар цахилгаан түгээхийн байрны 86 тоотод хүрээд ир би хоол хийж байна гэж хэлсэн. Би Баасандоржийн хэлсэн газар нь ирэхэд тэнд Баасандоржоос гадна зүс таних Нямдаваагийн Лхагва-Эрдэнэ, түүний найз хүүхэн Д.О нар байсан. Бид нар хоол идчихээд Д.Оийг үлдээгээд гурвуулаа “Бөмбөгөр” худалдааны төв орж Баасандоржийн аранзанд эд зүйлс худалдаж авчихаад 19 цагийн үед буцаад Баасандоржийнд ирсэн. Дараа нь бид гурав архи уухаар болж би өөрийн цалингийн картаа Лхагва-Эрдэнэ, түүний найз хүүхэн Оюунцэцэг хоёрт өгөөд 9895 гэх нууц дугаарын хэлээд дэлгүүр ороод юм аваад ир гээд гаргасан. Удалгүй тэр хоёр дэлгүүрээс 1 шил 750 граммын архи, 10 лаазтай пиво авчирсан. Тэгээд миний картыг эргүүлж өгсөн. Бид нар архи, пиво уугаад нэлээд халчихсан 21 цагийн үед уух юм дуусаж байсан болохоор би картаа Баасандорж, Лхагва-Эрдэнэ хоёрт дахиж өгөөд дэлгүүр ороод уух юм аваад ир гээд нууц дугаарыг нь хэлээд гаргасан. Хэсэг хугацааны дараа тэр хоёр 1 шил 750 граммын архи, 10 лааз пиво авчирсан. Тэр хоёр миний картыг буцааж өгсөн. Би гар утасныхаа гэрэнд картаа хийгээд утсаа ширээн дээр тавиад орхисон. Түүнээс хойш картаа ахиж хэн нэгэнд өгч дэлгүүр явуулаагүй. Тэдний гэрээс ч гаралгүй авчирсан архи, пиво ууж байгаад 23 цаг өнгөрөөгөөд бид нар унтацгаасан. Тэгээд 2022 оны 5 дугаар сарын 22-ны өглөө буюу маргааш нь 06 цагийн үед манай эхнэр надруу залгаад би гар утсаа аваад хартал миний утасны гэрэнд байсан цалингийн карт байхгүй болчихсон байсан. Би интернэт банк руугаа ороод хартал шөнө 01 цаг 44 минутад миний алга болсон картын “5064830431” тоот Хаан банкны данснаас 500,000 төгрөгийн зарлага гарчихсан байсан…би өөрийн хохирол болох 500.000 төгрөгийг эргүүлэн авч миний картаас мөнгө хулгайлсан Оюунцэцэгт хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна гэх мэдүүлэг. /хх-ийн 12-15 дугаар тал/,
- гэрч Н.Лхагва-Эрдэнийн:..тэр өдөр маш их архи уусан. Баасандоржийн гэрт буцаж ирэхэд Батдорж ах картаа алга болгочихсон хайгаад Оюунцэцэгийг авсан байх гэж хардаад байж байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар тал/,
- Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга. /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ хулгайд алдаж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, картнаас 500.000 төгрөг авсан талаар хохирогч, шүүгдэгч, гэрч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Д.Оийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Оийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.О нь хохирогчид учруулсан 500.000 төгрөгийн хохирлыг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төлж барагдуулсан болох нь Хаан банкны мөнгө шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүх шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлав.
Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, урьд авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD- ийг хэрэгт хавсаргахыг дурдах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Оийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 / нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэргийн хугацаа дуусах хүртэл хугацаагаар хадгалсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ