Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 00476

 

  Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, Ч овогт С.З  ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1984 онд төрсөн, Б овогт Х.С д холбогдох,

221000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00414/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.З , хариуцагч Х.С ,

Гэрч: 1992 онд төрсөн, Б овогт Б. Ө  нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.З  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Би БНСУ-аас хуучин хувцас болон бусад бараа авч ирж зардаг. 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Х.С над руу залгаад чамд ямар бараа байна үзмээр байна гэсэн. Би ирээд үз гэж хэлсэн. Тэгээд тэр оройдоо 18 цагийн үед надруу залгаад гэрийн чинь гадаа ирсэн байна юм үзэх гэсийн зээлгээр өгөх үү гэсэн. Зээлээр өгөхөд хэцүү байна за захав чи өмнө бараа аваад зарж байсан болхоор чи ав гэхдээ 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зээл төлдөг учраас би 2018 оны 3 дугаар сарын 10-нд багтаад өгвөл болно гэж хэлсэн. Тэгэе гэж хэлээд хамгийн боломжит хувцасыг шилээд авсан. Тэгээд Х.С манайд очоод цай уу гээд намайг гэртээ авч очсон. Эдгээр авсан бараанууд дундаас 1 ширхэг сандалыг нь буцаая гэж хэлсэн. Би тэг тэг гэж хэлсэн. Би гэртээ очоод үзтэл орхисон байна гэж ойлгосон. 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр БНСУ-руу нисэх гээж байж байтал надад нэг чат ирээд залгаад үзхэд утас ярьж болохгүй байна чат бичье гэж хэлсэн. Би бараагаа буцаая Булган аймагт шүлхий өвчин гарчихаад зарагдахгүй байна гэж хэлсэн. Тэгээд би хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 10 болгож хойшлуулъя гэж хэлсэн. Ингээд тогтсон хугацаандаа мөнгөө төлөхгүй байсан болхоор нь гайхаад байж байтал намайг хэл амаар доромжилсон. Тэгээд би шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн үнийн дүн 221000 төгрөгнөөс сандалны 12000 төгрөгийг хасаад 209000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Х.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би С.З тай урьд өмнө нь нэг удаа хувцасыг нь тохиролцож аваад зарж байсан ба тооцоо хийгээд дууссан. Надад С.З  бараа ирсэн шилэгдээд дууслаа гэж надад хэлсэн. Би тэгээд очиж хувцасыг нь шилж авсан. Би авсан хувцаснаас нь ерөөсөө 1 ширхэг гутал, 1 ширхэг цув нийт 13000 төгрөгийн бараа зарсан. Надад 13000 төгрөг нь бэлэн байна. Би өмнөх шигээ бодоод авсан хувцасаа зарах гэтэл Булган аймагт шүлхий өвчин гараад зарж чадаагүй учраас С.З д хувцасыг нь буцааж өгөхөөр болсон. Энэ тухайгаа хэлхэд буцааж авахгүй би харин 2018 оны 4 дүгээр сарын 10 хүртэл хуацаа өгье гэж хэлсэн.  Би утсаар чат бичээд чамаас авсан хувцас зарагдахгүй байна буцаагаад ав Эрдэнэтэдээ очоод өөрөө бөөнддөг газраа өгчих гэж хэлсэн. С.З гаас авсан бараа тоо ёсоороо байгаа. Ийм учраас мөнгө төлөх ёсгүй гэж үзэж байна гэв.

Гэрч Б.Өлзийчимэг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Х.С нь С.З гаас хувцас зээлээр авсан байгаа үүнийг буцааж өгмөөр байна гэсэн. Тэгээд С.З  руу залгаад болохгүй байсан болхоор чат мессеж бичсэн. С.З  хувцасаа буцааж авахгүй мөнгөө авна гэж мессеж бичсэн байсан. Х.С С.З  хувцасаа авч магадгүй энд үлдээлээ шүү гээд дэлгүүрийн агуулахад үлдээгээд явсан гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.З  нь хариуцагч Х.С холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 221000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 12000 төгрөгөөр багасгаж, 209000 төгрөг нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэгч С.З , хариуцагч Х.С нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хуучин хувцас худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус бүр нь 2000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн хувцас 32 ширхэг /32 х 2000=64000₮/, тус бүр нь 8000  төгрөгийн үнэ бүхий куртик 7 ширхэг /7 х 8000=56000₮/, тус бүр нь 10000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн куртик 2 ширхэг /2х10000=20000₮/, тус бүр нь 5000 төгрөгийн үнэ бүхий том хүний хувцас 9 ширхэг /9х5000=45000₮/, тус бүр нь 3000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн куртик 3 ширхэг /3х3000=9000₮/, 10000 төгрөгийн үнэ бүхий том хүний өмд 1 ширхэг, 5000 төгрөгийн үнэ бүхий пүүзэн гутал 1 ширхэг, 12000 төгрөгийн үнэ бүхий сандал 1 ширхэг, нийт 221000 төгрөгийн үнэ бүхий хуучин хувцас худалдан авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс 221000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч “авсан хувцаснуудаа зарж амжаагүй. Цаашид зарах боломжгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хувцасыг буцаан өгнө“ гэж маргажээ.

Хариуцагч Х.С нь гэрээнд заасан хугацаанд буюу 2018 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэгчийн зүгээс төлбөр төлөх хугацааг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны болон хойшлуулж, хугацаа тогтоосон боловч хариуцагч дээрхи хугацаанд төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч С.З  нь гэрээний үүргийн гүйцэтгэл 221000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдан авагчаас шаардах эрхтэй байна.

Хариуцагч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч С.З д 13000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 12000 төгрөгөөр багасан тул дээрхи тооцоог нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй гэж үзлээ. /221000₮-13000₮-12000₮=196000₮/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Х.С эс 196000 /нэг зуун ерэн зургаан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.З д олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7280 /долоон мянга хоёр зуун ная/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 6530 /зургаан мянга таван зуун гуч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тrухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ОДОНЧИМЭГ