| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2017/00339/И |
| Дугаар | 00426 |
| Огноо | 2018-07-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 00426
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1983 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, М овогт Х.Б нэхэмжлэлтжэй,
Хариуцагч: Төрийн банкны Булган салбарт холбогдох
ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 9 403 713 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00339/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Х.Б , хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч:1986 онд Булган аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, Б овогт Ю.Д нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Х.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Төрийн банкны Булган салбарт харилцааны ахлах менежерээр ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ажлаасаа үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дугаартай шийдвэрээр ажилдээ эгүүлэн тогтоогдсон. Тус шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг магадлалыг миний бие эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан. Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хэлэлцээд 001/ХТ2018/00517 тоот тогтоолоор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Иймд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх /ажлын 105 хоног/ ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6.925.170 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх /ажлын 32 хоног/ бага цалинтай ажил эрхэлж байсан цалингийн зөрүү болох 1.159.473 төгрөгийг гаргуулна. Мөн миний бие тус ажилдаа эргэж орохгүй өөр ажилд орсон учраас 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хойш 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ээлжийн амралтын цалин 1.319.070 төгрөг, нийт 9.403.713 төгрөгийн цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулах хүсэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Х.Б нь манай банканд харилцааны ахлах менежерээр ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн.
Шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон боловч ажилдаа эргэж ороогүй, цалингийн тооцоолол нь зөв бол маргах зүйл алга байна. Ажилдаа эргэж орохгүй тул эцсийн тооцоо хийж ээлжийн амралтын цалинг тооцох нь зөв байх. Татгалзах зүйл байхгүй гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Х.Х.Б нь Төрийн банкны Булган салбарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 925 170 төгрөг, цалингийн зөрүү 1 159 473 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 319 070 төгрөг бүгд 9 403 713 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагын төлөөлөгч тооцооллын алдаагүй бол дээрх олговорыг олгоход маргах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч Х.Х.Б нь Төрийн банкны Булган салбарт харилцааны ахлах менежерээр ажиллаж байгаад 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дугаартай шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна. Тус шийдвэрийг хариуцагч байгууллага болон нэхэмжлэгч нар эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 001/ХТ2018/00517 дугаартай тогтоолоор ажилд эгүүлэн тогтоосон 454 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх-ийн/
Нэхэмжлэгч Х.Х.Б нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөр ажилд томилогдсон, Төрийн банкны Булган салбарын харилцааны ахлах менежерийн ажилд эргэн орохгүй тул ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 6 925 170 төгрөг, цалингийн зөрүү 1 159 473 төгрөг, ээлжийн амралтын олговор 1 319 070 төгрөг бүгд 9 403 713 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллага татгалзаагүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “... ажилтныг ажил, албанд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговорыг олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч Х.Х.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй байна.
Иймд Төрийн банкны Булган салбараас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх ажлын 105 хоног ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6.925.170 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх ажлын 32 хоног бага цалинтай ажил эрхэлж байсан цалингийн зөрүү болох 1.159.473 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон тооцсон ээлжийн амралтын цалин 1.319.070 төгрөг, нийт 9.403.713 төгрөгийн олговорыг гаргуулж нэхэмжлэгч Х.Х.Б д олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165409 /нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун есөн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 165409 /нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төрийн банкны Булган салбараас ажилгүй байсан хугацааны цалин хөлстнй тэнцэх нөхөн олговор 9403713 /есөн сая дөрвөн зуун гурван мянга долоон зуун арван гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Х.Б д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Х.Бнийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт бичилт хийхийг Төрийн банкны Булган салбарт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165409 /нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун есөн/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 165409 /нэг зуун жаран таван мянга дөрвөн зуун есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН