Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 844

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ш-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Энхбат,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,                 

                                                                                             

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлоор Д.Ш-д холбогдох 1808 0272 80341 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Х овгийн Д-ын Ш, 1986 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “...........................” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

Д.Ш нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 80 дугаар гудамжны 16 тоотод оршин суух иргэн О.Ариунболдыг “Хөдөөний Засаг дарга малчдад өгөх гэж байгаа юм...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр, 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нийт 5 удаагийн үйлдлээр 779 ширхэг мөнгөн аягыг хуурч, залилан авч, бусдад нийт 110.760.000 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хошууд овогт Дооровын Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг бий болгон төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Ш-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоож, тогтоосон хугацаанд биелэгдээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ын баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг 30.000 /гучин мянга/ төгрөгөөр тооцож шүүгдэгчийн төлөх торгох ялаас хасч тооцож, шүүгдэгч Д.Ш-аас 46.760.000 /дөчин зургаан сая долоон зуун жарган мянга/ төгрөг гаргуулж хохирогч О.Ариунболдод олгуулж, хохирогч О.Ариунболдын мөнгөн аяганы үнийн зөрүүд 7.790.000 /долоон сая долоон зуун ерөн мянга/ төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хүүгийн төлбөрт 11.852.000 /арван нэгэн сая найман зуун тавин хоёр мянга/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцээгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Ш-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Хохирогч О.Ариунболд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, түүнийг нөхөн төлсөн байдал...зэргийг харгалзан үзлээ. Шүүгдэгчид ... торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.” гэжээ. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил 6 сар гаруйн хугацаа өнгөрсөн. Шүүгдэгч Д.Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй. Үүнээс болж миний амьдрал болон бизнесийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, маш ихээр хохирч байна.

Товч дурьдвал. Би мөнгөн аяганы чиглэлээр үйлдвэр эрхэлдэг. Жилд дунджаар 8.000-14.000 ширхэг мөнгөн аяга үйлдвэрлэдэг байсан. 2018 оноос хойш 2000-4000 ширхэг аяга үйлдвэрлэх хэмжээнд хүрч, үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиг орлого илт буурч, алдагдал хүлээх болсон нь гагцхүү Д.Ш-ын үйлдсэн хэрэг, түүний учруулсан хохирол, хор уршигтай шууд холбоотой юм. 2018 оны 4 дүгээр сард би мөнгөн аяганы үйлдвэрээ зогсоохгүйн тулд сарын 2.5 хувийн хүүтэй 50.000.000 төгрөгийг “Капитрон” банкнаас зээлсэн. Улмаар зээл, хүү төлж байсан зэргээс шалтгаалан нөхцөл байдал улам хүндэрсэн. Аргагүйн эрхэнд би өөрт байгаа бүх хөрөнгөө “Капитрон” банкинд барьцаалж, бага хувийн буюу сарын 1 хувийн хүүтэй 180.000.000 төгрөгийг “Капитрон” банкнаас дахин зээлж, өндөр хүүтэй өмнөх 50.000.000 төгрөгийн зээлээ төлсөн. Үлдсэн мөнгөөр нь үйлдвэрээ сэргээх гэж аль байдгаараа зүтгэж байгаа ч зээлийн хүүд сар бүр их хэмжээний мөнгө төлж байгаа нь алдагдал хүлээхэд хүрч байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өмнө болон явцад би Д.Ш-д дээрх нөхцөл байдлын талаар хэлж ойлгуулах, мөн мөнгө төгрөгөө авах гэж олон удаа гэрт нь очиж байсан боловч олдохгүй, утас нь холбогдохгүй, гэртээ байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан. Цагдаагийн байгууллагад хандаж, түүнийг эрж олсон боловч мөнгө төгрөгөө өгнө гэж хэлээд алга болдог, утсаар залгахаар холбогдохгүй, дугаараа өөрчилсөн болохоо хэлэхгүй байх зэргээр зайлсхийж, хохирол, хор уршгаа төлөхгүй явсаар өдийг хүрлээ.

2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Д.Ш нь шүүх хуралдааны өмнө надад “...Би чиний байдлыг ойлгож байна. 20 хоногоос хэтрүүлэхгүй үлдэгдэл мөнгийг чинь бүрэн өгнө. Бас зээлийн хүүг төлнө. Чамтай холбоотой байна. Надад хорих ял оногдуулахгүй талаар шүүх хурал дээр хэлж өгөөч. Надад итгэ...” гэхээр нь түүнд итгэсэн. Д.Ш нь надад хэлсэн амлалтаа шүүх хуралдаан дээр бас хэлсэн. Шүүх энэ байдлыг нь харгалзан үзэж, түүнд торгох ял оногдуулсан.

...Д.Ш надад хохирол, хор уршиг төлөх талаар тодорхой хугацаа заасан баримт бичиж өгсөн боловч надтай уулзаагүй, хохирол, хор уршгаа төлөөгүй. Амласан хугацаа нь өнгөрсөн.

Д.Ш бол маш их худлаа ярьдаг, хоосон амладаг болохыг би өнгөрсөн 1 жил гаруйн хугацаанд мэдсэн. Иймд, би Д.Ш-ын байдлыг бодож, шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийнхөө хамт шүүхэд Д.Ш-д оногдуулах торгох ял дээр нэмж түүнд хохирол, хор уршиг төлөх талаар 20 хоногийн хугацаатай үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргасан. Анхан шатны шүүх бид нарын саналыг үндэслэлгүйгээр хүлээж аваагүйгээс гадна, шүүгдэгч Д.Ш-ын хоосон амлалтад итгэж, шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд хангалттай дүгнэлт хийгээгүй гэж үзэж, өөрөөр хэлбэл, Д.Ш-д оногдуулсан торгох ял дээр нэмж түүнд хохирол, хор уршиг төлөх талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үндэслэл бүхий байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гомдол гаргаж байна. ..” гэжээ.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Д.Ш-д холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар улсын яллагчийн зүгээс хорих ялыг оногдуулахаар санал гаргасан. Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүй байх талаар санал гаргасан. Эдгээр байдлыг харгалзан анхан шатны шүүх шүүгдэгчийг 10.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгчээс 46.760.000 төгрөгийг хохирогчид гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүх хуульд заасан үндэслэлтэй дүгнэлт гаргасан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж оролцогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

Д.Ш нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 80 дугаар гудамжны 16 тоотод оршин суух иргэн О.Ариунболдод “Хөдөөний Засаг дарга малчдад өгөх гэж байгаа юм...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар түүнийг төөрөгдөлд оруулж, 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр, 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нийт 5 удаагийн үйлдлээр 779 ширхэг мөнгөн аягыг хуурч, залилан авч, О.Ариунболдод 110.760.000 төгрөгийн  буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Ариунболдын “...Д.Ш-д 110.750.000 төгрөгийн үнэ бүхий 779 ширхэг мөнгө аяга зээлээр өгөөд авч чадалгүй залилуулсан. ...” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 13-15/,

хохирогч О.Ариунболдын “...би 2004 оноос эхлэн хувиараа мөнгөн аяга хийж зарж байгаа юм. 2018 оны 2 дугаар сарын эхээр манай эхнэр Лхагвадэлгэртэй Д.Ш гэх хүн ирж уулзаад, 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нийт 84 ширхэг мөнгөн аяга буюу 8.345.000 төгрөгийн,

2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 196 ширхэг аяга буюу 25.910.000 төгрөгийн,

2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 200 ширхэг аяга буюу 25.785.000 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 13.5 см диаметрийн аяга 140 ширхэг буюу 11.900.000 төгрөгийн,

2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 181 ширхэг мөнгөн аяга буюу 25.340.000 төгрөгийн,

- 7 хэмжээтэй буюу 16 см диаметрийн аяга 29 ширхэг, нийт 31.720.000 төгрөгийн аяга авсан.

Мөн Д.Шыг мөнгөн аяга авахад нь би лангуун дээрээс ногоон хаш тагштай, алтаар шарсан мөнгөн аяга 2 ширхэг, 1 нь 1.250.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийн, цагаан шүрэн, мөнгөлсөн, алтаар шарсан аяга 1.800.000 төгрөг, модны үндсэн тагштай, шүртэй мөнгөн аяга 1 ширхэг 1.800.000 төгрөг, бүгд 7.100.00 төгрөг болж байгаа юм. Д.Ш нь анх мөнгөн аяга авахдаа хөдөөний Засаг дарга, малчиддаа өгөх гэж байгаа юм гэж хэлж байсан. Өөрөө авч хэрэглэнэ гэж хэлээгүй. ...Манайх дархны үйлдвэр хувиараа ажиллуулдаг ба ямар нэгэн аж ахуйн нэгж байгуулаагүй. Д.Ш гэх хүнд нийт 779 ширхэг мөнгөн аяга, нийт 110.760.000 төгрөгийн аяга зээлээр өгсөн. ...Мөнгөн аяга өгөх үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Мөнгөн аяга зээлээр аваад маргааш гэрээ байгуулна гэж хэлж яваад дахиж уулзахгүй алга болсон. Түүнээс хойш хайж явж байгаад 2018 оны 4 дүгээр сарын сүүлээр олж аваад Д.Штай гэрээ байгуулсан. Түүнээс хойш уулзахгүй зугтаагаад утсаар ярихаар өгнө гээд байдаг юм. ...” /1хх 20-23/,

 

Гэрч Х.Лхагвадэлгэрийн “...нөхөр бид хоёр 2004 оноос эхлэн одоог хүртэл хувиараа мөнгөн аяга хийж зарж байгаа юм. Тэгээд 2018 оны 2 дугаар сарын эхээр манай төрсөн дүү Нямсүрэнгийн нөхөр Б.Баярбат хамаатан Д.Ш гэх хүнийг дагуулан ирж уулзаад 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 84 ширхэг мөнгөн аяга, дараа нь 2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 196 ширхэг мөнгөн аяга зээлээр авч явсан, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 200 ширхэг мөнгөн аяга зээлээр авч явсан, 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 140 ширхэг мөнгөн аяга, 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 181 ширхэг мөнгөн аяга, 29 ширхэг, 2 ширхэг, 1 ширхэг мөнгөн аяганууд зээлээр авч явсан. Д.Ш нь анх мөнгөн аяга авахдаа хөдөөний Засаг дарга таньдаг болохоор түүнд зарна гэж байсан. Яг хэн гэдэг хүнд хаана зарах гэж байгаагаа хэлээгүй. Д.Ш өөрөө авч хэрэглэнэ гэж хэлээгүй. Тэгээд түүнээс хойш мөнгөө өгөхгүй 1 жил болоод нэхэл дагал болж байж авсан. ...Манай нөхөр сүүлд нь гэрээ байгуулсан. Эхлээд мөнгөн аяга өгөхдөө зүгээр өгөөд өөрөө бүртгэж авсан. ...” /хх 32-33/,

 

гэрч Б.Баярбатын “...Д.Ш надтай уулзаад гайгүй мөнгөн аяга хийгдэг газар байна уу, Өмнөговь аймаг руу явуулах гэсэн юм гэж асуухад нь би манай эхнэр Нямсүрэнгийн эгч нь нөхөртэйгөө мөнгөн аяга хийж зардаг болохоор утасны дугаарыг нь өгсөн. Тэгээд Д.Ш ах, эгчтэй холбогдоод зээлээр мөнгөн аяга авсан. Би хоёр удаа Д.Ш ахтай хамт очиж авсан ба түүнээс хойш мөнгийг нь өгөхгүй алга болсон. Д.Ш ах Ариунболд ахаас мөнгөн аяга аваад 25 дугаар эмийн сангийн ойролцоо байдаг “Эрдэнэс” ломбарданд тавьсан. Тэгэхдээ нөгөө авах хүн нь арай авах болоогүй байна, ломбарданд тавиад хэсэг байж байгаад аваад хөдөө явуулна гэж байсан. ...Би ах эгчийг мөнгөн аягаа зараасай гэж зааж өгсөн. Д.Ш надад ямар нэгэн урамшуулал өгөөгүй. ...” /1хх 26-27/,

 

гэрч Д.Ганзоригийн “...Д.Ш гэх хүнийг танихгүй. Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороо, ахмадын байгууллага нь 2018 оны Сар шинийн баяр, Олон Улсын эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяруудыг тохиолдуулан малчдад болон өндөр настангуудад гарын бэлэг өгөх зорилгоор Д.Ш гэх хүнд 1000 орчим мөнгөн аяганы захиалга өгч байгаагүй, Д.Ш нь Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хороонд Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад арга хэмжээний үеэр хандив, тусламж өгч байсан зүйл байхгүй. ...” /1хх 47-48/,

 

гэрч Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны дэргэдэх ахмадын холбооны дарга П.Оюунчимэгийн “...Д.Ш гэх хүнийг танихгүй, танихгүй учраас ямар нэгэн харилцаа, холбоо байхгүй. ...” /1хх 49-50/,

 

гэрч Э.Батзаяагийн “...Д.Ш гэх хүн манай ломбарданд дандаа мөнгөн аяга тавьж мөнгө авсан. Тухайн мөнгөн аягаа буцааж аваагүй. ...тухайн мөнгөн аягануудаа хүнээс өрөндөө авсан гэж ярьж байсан. ...” /1хх 52/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 380 дугаартай “...5 хэмжээтэй мөнгөн аяга 12.5 см, 37 грамм мөнгө 75.000 төгрөг, 5.5 хэмжээтэй мөнгөн аяга 13.5 см, 47 грамм мөнгө 85.000 төгрөг, 6 хэмжээтэй мөнгөн аяга 15 см, 57 грамм мөнгө 110.000 төгрөг, 7 хэмжээтэй мөнгөн аяга 16 см, 70 грамм мөнгө 140.000 төгрөг, 9 хэмжээтэй мөнгөн аяга 19 см, 110 грамм мөнгө 220.000 төгрөг, 5 хэмжээтэй стандарт мөнгөн аяга 12.5 см, 75 грамм мөнгө 150.000 төгрөг, 6 хэмжээтэй мөнгөн аяга 15 см, 110 грамм мөнгө 200.000 төгрөг, 7 хэмжээтэй мөнгөн аяга 16 см, 135 грамм мөнгө 225.000 төгрөг, ногоон хаш тагштай алтаар шарсан мөнгөн жижиг аяга 1.250.000 төгрөг, цагаан шүрэн мөнгөлсөн аяга 1.800.000 төгрөг, модны үндсэн тагштай ёроолдоо улаан шүртэй мөнгөн аяга 1.800.000 төгрөг...” /1хх 68-71/ эд зүйлийн үнэлгээний дүгнэлт,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 380 дугаартай дүгнэлтийг үндэслэн хохирогч О.Ариунболдын бусдад залилуулсан гэх 779 ширхэг мөнгөн аягыг 110.760.000 төгрөгөөр үнэлсэн мөрдөгчийн магадлагаа /1хх 74-76/,

“Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газарт мөнгөн аяганууд барьцаанд тавьж байсан болохыг нотолсон “Сайн зууч” ХХК-ийн албан бичиг, “Эрдэнэс” барьцаалан зээлдүүлэх газрын “барьцаат зээлийн гэрээ” /1хх 151-154/,

 

Өмнөговь аймгийн Монгол Ардын намын хорооны Өмнөговь аймгийн Монгол Ардын намын дэд даргаар 2017-2018 онд О.Баярсайхан гэх хүн ажиллаж байгаагүй болно гэсэн Өмнөговь аймгийн Монгол Ардын намын 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 6 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /1хх 188/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Ш-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хохирогч О.Ариунболдын “... Д.Ш-д оногдуулсан ял дээр нэмж хохирол, хор уршиг арилгах талаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх Д.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал, хохирогч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд ялын талаар гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялын доод хэмжээгээр буюу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг үндэслэн уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцсэн байх тул түүнд оногдуулсан ял дээр нэмж заавал албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

 

Харин шүүгдэгч Д.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 1 дүгээр сарын 18-наас 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 2 хоног баривчлагдсан байх бөгөөд анхан шатны шүүх түүний урьд баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцон торгох ялаас хасаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх боловч ийнхүү шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийн эдэлбэл зохих нийт ялын хэмжээг тодорхой, ойлгомжтой байдлаар тусгаагүй орхигдуулсан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь  зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн холбогдох заалтад өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хохирогч О.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дүгээр сарын 11-ний өдрийн 644 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

- 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ын баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг 30.000 /гучин мянга/ төгрөгөөр тооцож, шүүгдэгчийн төлөх торгох ялаас хасч тооцсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ш-ын баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг 30.000 /гучин мянга/ төгрөгөөр тооцож, нийт эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 9.970.000 төгрөгөөр тогтоосугай.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогч О.Ариунболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

 

                   ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР

 

                   ШҮҮГЧ                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ