Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 110/ШШ2021/0015 

 

             Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

              Нэхэмжлэгч: “Е” хоршооны нэхэмжлэлтэй;

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ц сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  холбогдох;

             “Баян-Өлгий аймгийн Ц сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг  хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Е” хоршооны дарга Д.Е, түүний өмгөөлөгч А,  хариуцагч  Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга А.Ж, түүний өмгөөлөгч С.Н,  гэрч Б.Е, шүүх  хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Е” хоршоог төлөөлж дарга Д.Е  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоол гаргаж, тус суманд 2020 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний 32 төрлийн ажлын жагсаалтыг баталж, нийт 289.400.000 төгрөгийн санхүүжилтийг баталжээ. Тус төсөл, хөтөлбөр, арга хэмжээг сумын Засаг даргын Тамгын газраас зохих хуулийн хүрээнд гэрээ хийж, хэрэгжүүлж ажиллаж иржээ. 2020 онд дэлхий дахинд тархсан Ковид-19 өвчний улмаас аймгийн хэмжээнд төсвийн хэмнэлт хийх үүрэг даалгаврыг Монгол Улсын Засгийн газраас өгсний дагуу тус сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 36,6 сая төгрөг хасагдсан байна. Аймгийн Засаг даргын Тамгын газраас дээрх хасагдсан төсвийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж, төсөвт тодотгол хийж хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг даргын Тамгын газарт мэдэгдсэн байна. Үүний дагуу сумын Засаг даргын Тамгын газар гэрээ хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлуудыг  эрэмбэлэн гаргаж, гэрээ хийгдээгүй  ажлуудыг 36,6 сая төгрөгт тохируулж тодотгол хийж өгөхийг хүсэж шинээр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулсан байна. Гэтэл шинээр сонгогдсон Хурлын төлөөлөгчид дур мэдэн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд бүхэлдээ өөрчлөлт оруулж, гэрээ хийгдэж ажил нь эхэлсэн дараах ажлуудыг мөн адил улс төржиж хасаж, бидний эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн тогтоолыг баталжээ. Үүнд,  2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хэрэгжүүлэхээр баталж Засаг даргын Тамгын газраас гэрээ хийж хэрэгжүүлж  эхэлсэн  “Мал эмнэлгийн арга хэмжээ” ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хассан юм. Дээрх хууль бус тогтоолын улмаас иргэд бидний хууль ёсны эрх ашиг зөрчигдөж, хийж эхэлсэн ажил зогсож, улмаар их хэмжээний өрөнд орох болоод байна. Иймд шүүхээс Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна  гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  13 дугаар тогтоол гарснаар нэхэмжлэгчийн эрх ашиг, үйл ажиллагаа явуулж байгаа “Ехоршооны эрх ашиг нь хөндөгдсөн. 13 дугаар тогтоол өөрөө хуулийн хүчин төгөлдөр биш учраас хүчингүйд тооцож өгөхийг хүсэж байна. Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 35 төрлийн ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай төсөв баталсан байдаг. Үүний  9-д “Мал эрүүлжүүлэх арга хэмжээ”  гэж  “Е” хоршоод 10 сая төгрөг хуваарилсан. Мөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд тодотгол хийж, уг тогтоолоор дээрх 35 хөрөнгө оруулалт, арга хэмжээний жагсаалтыг баталж, “Е” хоршооны “Мал эрүүлжүүлэх төсөл”-д 10 сая төгрөгийг баталгаажуулсан байгаа. 08, 01 дугаар тогтоолуудыг үндэслээд “Е”хоршоо сумын Засаг даргын Тамгын газартай 2020 оны 10 дугаар  сарын 27-ны өдөр 10 дугаартай гэрээ хийсэн. Монгол Улсын хэмжээнд амьжиргааны гол үүсвэр нь мал аж ахуй байдаг. Мал аж ахуйг эрчимжүүлэх, эрүүлжүүлэх, чанарыг сайжруулах талаар орон нутагт хариуцан хийх үүрэгтэй.  2020 онд хийх ажлын төлөвлөгөөг 2019 онд баталдаг. Үүний дагуу 2019 онд баталсан төлөвлөгөөг 2020 онд хэрэгжүүлэх ёстой.Тэнд зайлшгүй  хийх ёстой ажлын нэг нь мал аж ахуйг эрчимжүүлэх, хөгжүүлэх, чанаржуулах ажил ба уг ажлыг мэргэжлийн дагуу хийхээр мал эмнэлэг ажиллаж, төлөвлөгөө, төслөө боловсруулж танилцуулсны үндсэн дээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төсвөө батлуулсны дагуу Засаг даргын Тамгын газартай гэрээ хийсэн. Ковид-19 өвчинтэй холбоотой, мөн санхүүгийн бололцоогүй байдлаас болж төлөвлөсөн ажлууд хугацаандаа хийгдээгүй,  хойшлуулах шаардлага гарсан. “Е” хоршоо уг төслөө хэрэгжүүлэхийн тулд өөрөөсөө хөрөнгө гаргаж, зээл авч, малын эмчилгээ, тэжээлийн эрүүлжүүлэх цэг ажиллуулсан. Малын бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулах  лабораторийн аппарат авч, өр төлбөрт баригдсан байгаа. Нэгэнт гэрээ хийсэн учраас төсвөө олгох байх гэсэн итгэл үнэмшлээр зээлээр авч байхад төсвийн тодотгол хийнэ гэж 13 дугаар тогтоолоор “Е” хоршооны төсөлд хуваарилсан 10 сая  төгрөгийг хассан. 08, 01 дүгээр тогтоолуудаар нийт 289 сая төгрөг төсөвлөж, 35 ажил хийлгэх ёстой. Гэхдээ Ковид-19 өвчинтэй  холбоотой санхүүгийн дутагдлаас болж, төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж дээд шатны байгууллагаас албан шаардлага ирсэн. 08, 01 дүгээр тогтоолуудад өөрчлөлт оруулж, зайлшгүй шаардлагатай ажилд хуваарилъя гэж  шийдээгүй, дур мэдэн, ялгаварлан гадуурхсан байдлаар цөөхөн хэдэн хүний гэрээг бичиж, бусад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн хүмүүсийн гэрээг шууд хасаж шийдвэрлэсэн. Тиймээс 13 дугаар тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Е” хоршоо 08, 01 дүгээр тогтоолуудын дагуу гэрээ  хийж, үйл ажиллагаа явуулж байгаа, 13 дугаар тогтоол хууль бус гарсан гэж үзэж байгаа. Нэгэнт 08, 01 дүгээр тогтоолууд хүчинтэй байгаа тохиолдолд 13 дугаар тогтоол үндэслэлгүй гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй учраас  ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв. 

Хариуцагч Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг төлөөлж дарга А.Жшүүхэд ирүүлсэн болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улсын Их Хурлаас 2020 оны төсөвт тодотгол хийсний улмаас сумууд ч гэсэн 2020 оны төсөвт тодотгол хийх талаар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс албан бичиг ирсний дагуу хуралдааныг зарлан хуралдуулсан юм. Хуралдаанаар сумын 2020 оны төсөв, Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөд тодотгол хийх асуудал хэлэлцсэн. Засаг даргын Тамгын газраас Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөрийн төслийг жагсаалтаар оруулж ирсэн. Үүнд, хийгдсэн ажил гэсэн 10 ажил, гэрээ хийгдсэн гэсэн 18 ажил, хасагдах ажил гэж төлөвлөсөн 6 ажлыг оруулж ирж танилцуулсан. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26-т “төсвийн тодотгол” гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг ойлгоно гэж заасан. Мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1 дэх заалтуудыг үндэслэж нэгэнт тодотгол хийх гэж оруулж ирсэн болохоор ажлуудыг эхнээс авч хэлэлцье гэж төлөөлөгчид санал гаргасны дагуу нэг бүрчлэн авч хэлэлцсэн. Хэлэлцэх явцад хийгдэх төсөл, арга хэмжээнүүд нь ажил нь эхлээгүй, гэрээний нөхцөлүүд биелэгдээгүй, гэрээнүүд нь нөхцөл шаардлагуудыг бүрэн тусгаагүй, урьдчилсан байдлаар санхүүжилт олгогдоогүй гэх мэтийн дутагдлууд байсан. Тэгээд төлөөлөгчдийн саналаар нэн шаардлагатай гэсэн ажлуудыг авч үлдээд, шаардлагагүй гэсэн ажлуудыг заагдсан хэмжээнд хассан.  Үүний дотор “Мал эмнэлгийн арга хэмжээ” гэж заасан 10 сая төгрөгийн өртөгтэй ажил байсан. Үүнийг тодруулахад Д.Е төлөөлөгчийн нэрээр гэрээ хийгдсэн гэсэн тайлбарыг өгсөн. Хуралдааны үед Д.Е төлөөлөгчийн өөрөөс нь тодруулж асуухад “компьютер авна” гэж нэг хэлснээ “багаж хэрэгсэл” авна гэж хариулсан. Нэр томьёолол нь “Мал эрүүлжүүлэх төсөл” гэж байгаа боловч багаж хэрэгсэл, компьютер авна гэж  хариулсан. Мал эрүүлжүүлэх төсөл нь зориулалт нь тодорхой бус, нэн шаардлагагүй ажил гэж үзэн төлөөлөгчдийн олонхын саналаар хасагдсан.  Мөн “Е” хоршооны хувьд ямар нэг хохирол байхгүй гэж үзсэн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд “сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газартай гэрээ хийгдэж, мал эмнэлгийн тоног төхөөрөмж авах хэлцлүүд хийгдсэн” гэсэн боловч хэлцэл хийгдсэн тухай ямар нэгэн нотлох баримт байгаагүй. Мөн Хурлын дэргэдэх Төсөв санхүү, эдийн засгийн хороо тодотголоор хасагдсан ажлуудад хяналт шалгалт хийхэд “Мал эрүүлжүүлэх” арга хэмжээ, төсөлд ямар нэгэн ажил хийгдээгүй, урьдчилгаа санхүүжилт аваагүй гэсэн дүгнэлт гаргасан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 13 дугаар тогтоол хуралдаанаас гарах болсон шалтгаан нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасантай нийцэж байгаа. Дээд шатны байгууллагаас тухайн орон нутгийн төсвийг хасах болсонтой холбоотой төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага гарсан. Төсвийн тодотгол гэдэг нь өөрөө төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байгаа. Төсөвт өөрчлөлт оруулах нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн асуудал. Засаг даргын Тамгын газрын дарга нь төсвийн тодотгол хийж, өөрчлөлт оруулах эрхгүй. Дараа жилийн төсвийг тухайн жилийн эцэст батлах ёстой, баталсан төсөв нь хүчин төгөлдөр байхад Хурлаас дур мэдэн өөрчлөлт оруулсан нь хуульд нийцээгүй гэдэг тайлбар нь үндэслэлгүй. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-д “дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон” гэсэн үндэслэлээр төсөвт тодотгол хийсэн байна. Төсөвт тодотгол хийхдээ “Е” хоршооны асуудлыг тухайн төсөвт багтаан батлаагүй, Хурлын эс үйлдэхүйтэй холбоотой асуудал байгаа. Хуулийн дагуу хуралдаан хийж, 13 дугаар тогтоол гарах ёстой байсан. Хуулийн дагуу хуралдаан хийгдсэн.  13 дугаар тогтоол гарах ёсгүй, гаргасан нь хууль бус учраас уг тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх “Е” хоршоонд байхгүй. Зөвхөн “Е” хоршоонд хамаарах шаардлагын хүрээнд гаргах ёстой. Төсвийн тодотгол хийсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг үгүйсгэсэн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй. “Е” хоршоо нь зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гэтэл “Е” хоршооны зөрчигдөж байгаа, зөрчигдөж болзошгүй эрх нь юу бэ гэдгийг харах хэрэгтэй. “Е” хоршоонд олгогдох ёстой 10 сая төгрөгийг хассан Хурлын эс үйлдэхүйтэй холбоотой шийдвэр болохоос “Е” хоршоог хасчихсан асуудал биш. Төсөвт тодотгол хийхэд хэд хэдэн хийгдээгүй ажлуудыг хассан, “Е” хоршооны төслийг төсвийн тодотголд оруулаагүй  шалтгаан нь  “Е” хоршооны төсөл нь 2020 оны төсөвт хийгдэх ёстой ажил байсан. 2020 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэх ёстой ажил нь 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр  төсвийн тодотгол хийгдэх  хүртэл эхлээгүй, нэг ч ажил хийгдээгүй байсан.

Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйл нь Орон нутгийн хөгжлийн сантай холбоотой байгаа. 60.3-д “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг дараах зүйлд зарцуулахыг хориглоно”, 60.3.6-д “орон нутгийн иргэдийн саналыг аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ” гэж заасан. Гэтэл “Е” хоршооны  төсөлд шууд 10 сая төгрөгийн гэрээ хийчихсэн. Орон нутгийн иргэдийн саналыг аваагүй,  Тамгын газрын дарга дур мэдэн гэрээ хийчихсэн хэрэгжээгүй ажил байгаа. Төсөлд “Мал эрүүлжүүлэх төсөл” гэж бичсэн байна. Гэтэл төсөл нь өөрөө махны үйлдвэрүүд, мах экспортынхны хувийн хөрөнгөөр хийгдэх ёстой ажил үйлчилгээг Орон нутгийг хөгжүүлэх  сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх тухай байсан. Энэ нь өөрөө зөрчилтэй. 10 сая төгрөгөөр лаборатори байгуулна, хэдэн шинжилгээний тест гэсэн байна. Мал эрүүлжүүлэх гэдэг нь малыг халдваргүйжүүлэх, эрүүлжүүлэх, малын өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил юм. Төрийн чиг үүрэгтэй давхацсан ийм ажил үйлчилгээг Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр худалдан авч, төсөл хэрэгжүүлж байгаа нь хуульд нийцэхгүй. Орон нутгийн төсвийн тодотгол хийсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар тогтоолыг хүчингүй болгосноор “Е” хоршооны ямар эрх ашиг яаж сэргээгдэх юм вэ гэдэгт хариулж чадахгүй байна. 13 дугаар тогтоол нийтийн эрх ашгийг хүрээнд гарсан шийдвэр. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч “Е” хоршооны Баян-Өлгий аймгийн Ц сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд тодотгол хийх тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаар “Баян-Өлгий аймгийн 2020 оны төсөв батлах тухай”  тогтоолоор[1] Орон  нутгийн хөгжлийн сангаас Ц сумын Орон нутгийн хөгжлийн санд  олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 289.447.800 төгрөгөөр баталсан байх ба Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор[2] Орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх 30 хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтыг, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор[3] Орон нутгийн хөгжлийн сангийн  төсөвт тодотгол хийж, Орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх 33 хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтыг тус тус  хавсралтаар баталсан байна. Энэхүү Орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх 33 хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад  10.000.000 төгрөгийн төсөв бүхий “Мал эмнэлгийн арга хэмжээ” гэсэн төсөл багтсаны дагуу Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргаас  “Е” хоршоотой 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  “Баян-Өлгий аймгийн Ц сумын мал эрүүлжүүлэх арга хэмжээний ажлыг гүйцэтгэх гэрээ”-г[4] байгуулжээ.

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор  Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 92 дугаар “Аймгийн 2020 оны төсвийг тодотгох тухай” тогтоолоор[5]  Орон  нутгийн хөгжлийн сангаас Ц сумын Орон нутгийн хөгжлийн санд  олгох орлогын шилжүүлгийн хэмжээг 252.845.700 төгрөгөөр  тогтоосон буюу  сангийн батлагдсан төсвийг 36.602.100 төгрөгөөр бууруулж  өөрчлөлт оруулсан.

Улмаар Ц сумын Засаг даргын Тамгын газраас  сангийн 2020 оны  батлагдсан төсвөөс 36.602.100 төгрөг  хасагдсан гэсэн үндэслэлээр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн тодотголын төслийг  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд  2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн[6] байх ба уг төсөлд  гэрээ хийгдээгүй гэх  36.602.100 төгрөгийн төсөв бүхий 6  ажлыг  хасаж, урьд оны үлдэгдэл санхүүжилт 12.119.000 төгрөгөөс гадна хэрэгжсэн гэх 10 ажил, гэрээ хийгдсэн гэх 18 ажил, нийт 28 ажлын 252.845.700  төгрөгийн төсвийг батлуулахаар тусгасан байна. Мөн уг төсвийн тодотголын  төсөлд байгаа гэрээ хийгдээгүй гэх 6 ажил болон гэрээ хийгдсэн гэх 18 ажилд Орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх 33 хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад багтсан 6.000.000 төгрөгийн төсөвтэй  “1 дүгээр цэцэрлэгийг зөөлөн эдлэлээр хангах” төсөл тус тус орсон  байх ба уг төслийг хэрэгжүүлэхээр  2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэн Ж.Бтай 2.8457.00 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан, төслийн үлдсэн төсвөөр гэрээ байгуулагдаагүй байна.

Энэхүү Орон нутгийн хөгжлийн сангийн  төсвийн тодотголын төслийг Баян-Өлгий аймгийн Ц сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн  хуралдаанаар  хэлэлцээд “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд тодотгол хийх тухай” 13 дугаар тогтоол[7] гаргасан байх ба уг тогтоолоор сумын Орон нутгийн хөгжлийн сангийн  төсөвт тодотгол хийж, урьд оны үлдэгдэл санхүүжилт 12.119.000 төгрөгөөс гадна  Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх 252.845.700 төгрөгийн төсөв бүхий 24 хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтыг баталсан байна.  Уг тогтоолоор баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт,төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтад нэхэмжлэгч “Е” хоршоотой гэрээ байгуулсан   “Мал эмнэлгийн арга хэмжээ” гэсэн төсөл багтаагүй, өөрөөр хэлбэл тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх  2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан Орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх 33 хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээнээс 9-ийг  нь хасаж, 24 хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалтыг баталсан, уг хасагдсан 9 хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр, арга хэмжээний хувьд санхүүжилт олгогдоогүй, ажил хийгдээгүй[8] байх бөгөөд эдгээр үйл баримтууд нь  тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Нэхэмжлэгчээс энэхүү маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ  “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 08 дугаар тогтоолоор хэрэгжүүлэхээр баталж, Засаг даргын Тамгын газраас гэрээ хийж, хэрэгжүүлж  эхэлсэн  “Мал эмнэлгийн арга хэмжээ” ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хассан, уг хууль бус тогтоолын улмаас  хийж эхэлсэн ажил зогсож, хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна” гэж тодорхойлон маргасан. Харин  хариуцагчаас “Улсын Их Хурлаас 2020 оны төсөвт тодотгол хийсний улмаас сумууд ч гэсэн 2020 оны төсөвт тодотгол хийх талаар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс албан бичиг ирсний дагуу хуралдааныг зарлан хуралдуулсан. Хуралдаанаар сумын 2020 оны төсөв, Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөд тодотгол хийх асуудал хэлэлцсэн. Засаг даргын Тамгын газраас Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, хөтөлбөрийн төслийг жагсаалтаар оруулж ирсэн. Нэгэнт тодотгол хийх гэж оруулж ирсэн болохоор ажлуудыг эхнээс авч хэлэлцье гэж төлөөлөгчид санал гаргасны дагуу нэг бүрчлэн авч хэлэлцсэн. Хэлэлцэх явцад хийгдэх төсөл, арга хэмжээнүүд нь ажил нь эхлээгүй, гэрээний нөхцөлүүд биелэгдээгүй, гэрээнүүд нь нөхцөл шаардлагуудыг бүрэн тусгаагүй, урьдчилсан байдлаар санхүүжилт олгогдоогүй гэх мэтийн дутагдлууд байсан.Мал эрүүлжүүлэх төсөл нь зориулалт нь тодорхой бус, нэн шаардлагагүй ажил гэж үзэн төлөөлөгчдийн олонхын саналаар хасагдсан.  Мөн “Е” хоршооны хувьд  ямар нэгэн хохирол байхгүй гэж үзсэн” гэсэн тайлбар гаргажээ

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.1-д “Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ: 18.1.2.нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар:  б/Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах” , Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ““төсвийн төсөл” гэж дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн, хуульд заасан шаардлагын дагуу төсвийн шатлал бүрээр төсвийн ангилал ашиглан Засгийн газраас Улсын Их Хуралд, түүнчлэн бүх шатны Засаг даргаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн төсвийн саналыг”, 4.1.26-д ““төсвийн тодотгол” гэж тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулахыг”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Засаг дарга дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ: 34.2.1.дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон”,63 дугаар зүйлийн 63.3-т “Энэ хуулийн 63.2-т заасны дагуу баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлаас ирүүлсэн саналыг сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар ач холбогдол, тухайн орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан эрэмбэлж, төсвийн төсөлд тусган сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”, 63.4-т “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 63.3-т заасан саналыг хэлэлцэж, төсвийн төсөлд тусган, батална”, 64 дүгээр зүйлийн 64.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 64.1.2.тухайн жилийн төсөв, түүний тодотголын төслийг хэлэлцэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих, нийтэд мэдээлэх” гэж тус тус заасан.

Мөн Сангийн сайдын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 228 дугаар тушаалаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 2.5-д “Аймаг, нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагч нь сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилах орлогын шилжүүлгийн дүнг тооцохдоо энэ журмын 2.4-д заасан суурь тооцооллын дүн, Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжих суурь зардал болон Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.4 болон 60.2.5-д заасан бусад эх үүсвэрийн хамт тухайн жилийн аймаг, нийслэлийн төсвийн төсөлд энэ журмын 9 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу тусгаж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ”, 2.7-д “Энэ журмын 2.5 ба 2.6-д заасан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ бүрийг тухайн шатны  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн батална”, 2.8-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн  төсвийн тодотголын төслийг Төсвийн тухай хуульд заасны дагуу боловсруулж батлуулна” гэж тус тус зохицуулжээ.

Эдгээр зохицуулалтуудаас  үзэхэд дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон тохиолдолд Засаг даргаас эрх бүхий байгууллагын төсөв баталсан шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах  талаар төсвийн тодотголын төсөл боловсруулан тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх бөгөөд сумын төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарахаар хуульчилсан, мөн  аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлаас хуваарилсан  сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг буюу  Орон нутгийн хөгжлийн сангийн төсөв хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ бүрийг  сумын хувьд сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэн батлахаар  зохицуулжээ.

Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад эрх бүхий байгууллага, төсвийн захирагч нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”,  6.2-т “Энэ хуулийн 5.1.1-д заасан төсвийн тогтвортой байдлыг хангасан байх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:  6.2.6.Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газар, Засаг даргын өргөн мэдүүлсэн төсвийн төсөлд өөрчлөлт оруулахаар бол доор дурдсан зохицуулалт хийнэ: 6.2.6.а.тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зарлагыг нэмэгдүүлэхээр бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулж, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх” гэж заасан.

Дээрх байдлаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  аймгийн 2020 оны төсөвт тодотгол хийсний улмаас Ц сумын төсөвт тодотгол хийх, үүнд Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийг 36.602.100 төгрөгөөр багасгаж тодотгол хийх  зайлшгүй шаардлага бий болсон тул  тус сумын Засаг даргаас  Орон нутгийн хөгжлийн сангийн 2020 оны төсвийн тодотголын төслийг  өргөн мэдүүлснээр  Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг баталсан өмнөх шийдвэрт өөрчлөлт оруулж, 252.845.700  төгрөгийн төсөв бүхий 24 хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг  батлан сангийн төсөвт тодотгол хийсэн  маргаан бүхий тогтоол нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.1.2-ын б, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,6.2, 6.2.6.а,  34 дүгээр зүйлийн 34.2.1, 63 дугаар зүйлийн 63.4,64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасантай нийцсэн, эрх хэмжээний хүрээнд гаргасан  шийдвэр байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хуульд заасан үндэслэл бий болсон тохиолдолд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилийн төсвийг баталсан эрх бүхий байгууллагын шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах буюу  төсөвт тодотгол хийх  бүрэн эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхдээ  төсвийн зарчмыг  мөрдлөг болгох үүрэгтэй, мөн  сумын  Орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн хувьд сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ бүрийг  хэлэлцэн батлах эрхтэй байхаар  зохицуулсан тул сангийн төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсонтой холбоотойгоор Ц сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тухайн асуудлыг  хуралдаанаар хэлэлцээд өмнөх тогтоолоор баталсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2020 онд хэрэгжүүлэх 289.447.800  төгрөгийн төсөв бүхий 33 ажлаас  санхүүжилт олгогдоогүй, ажил хийгдээгүй гэх нөхцөл байдлуудыг үндэслэн, нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зарчмыг мөрдлөг болгон 252.845.700  төгрөгийн төсөвтэй нийт 24 ажлыг /гэрээ байгуулагдсан болон гэрээ байгуулагдаагүй 23 ажлаас 14 ажил,  хэрэгжсэн гэх 10  ажил/ сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр төлөөлөгчдийн  олонхын саналаар  баталсан  шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс “тухайн гэрээний дагуу мал эмнэлгийн тоног төхөөрөмж авах хэлцлүүд хийгдсэн тул уг тогтоолын улмаас хууль ёсны эрх ашиг зөрчигдөж, хийж эхэлсэн ажил зогсож, улмаар их хэмжээний өрөнд орох болоод байна“ гэж  маргасан, гэтэл  Ц сумын Засаг даргын Тамгын газраас “Е” хоршоотой 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр  байгуулсан “Баян-Өлгий аймгийн Ц сумын мал эрүүлжүүлэх арга хэмжээний ажлыг гүйцэтгэх гэрээ”-нд  мал эрүүлжүүлэх  арга хэмжээний ажлыг 2020 оны 10 дугаар сарын 27-оос 2020 оны 12  дугаар сарын 31-ний  өдөр хүртэл хүлээлгэж өгөхөөр, гэрээний нийт дүн болох 10.000.000  төгрөгөөс эхний ээлжид 3.000.000 төгрөг, 2 дахь ээлжид 3.000.000 төгрөг,  ажил дууссаны дараа  4.000.000 төгрөг олгохоор тус тус заасан боловч  хэрэг авагдсан нотлох баримтуудаар[9] маргаан бүхий  2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоол гарах хүртэлх хугацаанд санхүүжилт олгогдоогүй, мөн төслийг хэрэгжүүлэгч “Е” хоршоо гэрээний  дагуу ажил хийгээгүй болох нь тус тус тогтоогдсон.

Үүнээс гадна  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”   гэж зааснаар нэхэмжлэгч “Е” хоршооноос маргаан бүхий тогтоолын улмаас  эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар  дээрх байдлаар тайлбарлан маргасан боловч энэ талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, гаргаж өгөх боломжгүй  нотлох баримт байгаа бол эх сурвалжийг нь заагаад цуглуулах талаар хүсэлт гаргаагүйгээс гадна тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанд  төлөөлөгчөөр оролцсон “Е” хоршооны захирал  Д.Е нь тухайн гэрээний дагуу ажил эхэлсэн, мал эмнэлгийн тоног төхөөрөмж авах хэлцлүүд хийгдсэн талаар тайлбар хэлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэл, нотлох баримтуудаар маргаан бүхий захиргааны актыг хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн  эрх  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болох нь  тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн  18.1.2-ын б,Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1,6.2, 6.2.6.а, 34 дүгээр зүйлийн 34.2.1, 63 дугаар зүйлийн 63.4, 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасныг  тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” хоршооны  “Баян-Өлгий аймгийн Ц сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг  хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЕРКЕШ

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 71-73-р хуудас

[2] Хэргийн 52-53-р хуудас

[3] Хэргийн 54-55-р хуудас

[4] Хэргийн 13-р хуудас

[5] Хэргийн 130-135-р хуудас

[6] Хэргийн 20-21-р хуудас

[7] Хэргийн 40-51,56-57-р хуудас

[8] Хэргийн 40-51,58,59-60,100-102,127,148-р хуудас

[9] Хэргийн 40-51,58,59-60,100-102,148-р хуудас