Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2024/0392

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

С.Дгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн: шүүгч З.Ганзориг

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н

 

Нэхэмжлэгч: С.Д /РД:/

Хариуцагч: ё

Нэхэмжлэлийн шаардлага: 15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын 650800**** дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг даргад даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 109/ШШ2024/0011 дүгээр шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч С.Д

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 109/2024/0001/з

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Д Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулан “...15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын 650800**** дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг даргад даалгах”-аар маргасан байна.

2. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 109/ШШ2024/0011 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Дгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын 650800**** дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, үлдсэн хэсэг болох “газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1. Шийдвэрт “ ... нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах агуулгаар бус, харин газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах агуулгаар тодорхойлсон нь дээрх хуулийн уг зохицуулалтад нийцэхээргүй байна” гэжээ.

Захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн тухайд захиргааны акт бодитоор гараагүй, харин ирээдүйд тодорхой асуудлыг шийдвэрлэхийг даалгах зорилготой захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбогддог байна. Тодорхой асуудлыг шийдвэрлэхийг даалгахаар буюу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахыг даалгахаар нэхэмжлэл гаргасан нь хуульд болон дээрх тайлбартай нийцэж байгаа болно.

3.2. Шийдвэрт “Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд ямар нэгэн байдлаар шийдвэрлээгүй, сунгах эсэх нь тодорхойгүй, энэ талаар ямар нэгэн үндэслэл бүхий шийдвэр гаргаж нэхэмжлэгчид хүргүүлээгүй ажээ” гэжээ.

Хугацаа сунгахаас татгалзсан үндэслэлээ тухайн үедээ танай газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байгаа хэмээн амаар тайлбарлаж байсан ба шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... хоёр жил дараалан газраа ашиглаагүй, дуудлага худалдаанд ороогүй” гэсэн байна. Тэгэхээр газар эзэмших эрхийг сунгахгүй гэдэг нь тодорхой байхад тодорхойгүй байгаа мэтээр дүгнэсэн нь буруу юм.

3.3. Шийдвэрт “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар ... сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй буюу энэ нь захиргааны байгууллагын сонгох боломж эрхийн хүрээнд хамаарна” гэжээ. Хуульд заасан 15 хоногийн хугацаа хэтэрсэн ба сунгахгүй гэдгээ илэрхийлээд байхад сонгох боломжоо хэрэглэх ёстой гэж байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл сунгахгүй, сунгахаас хуульд заагаагүй үндэслэлээр татгалзаад байгаа учраас хуульд заасан эрх зөрчигдөөд байх тул түүнийгээ сэргээлгэхээр шүүхэд хандсан болно.

3.4. Шийдвэрт “... хуулийн дээрх хэм хэмжээнээс үзвэл хариуцагч эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж зөвшөөрсөн эсхүл татгалзсан шийдвэрийн аль нэгийг хуульд заасан хугацаанд хууль зүйн үндэслэлтэйгээр хариу өгч шийдвэрлэх үүрэгтэй. Ийнхүү тухайн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэснээс хамаарч нэхэмжлэгчийн хувьд эрх нь хөндөгдөх учиртай байна” гэжээ. Татгалзаад байгаа ба түүнийгээ хариуцагч бичгээр илэрхийлээд байхад заавал татгалзсан шийдвэрийг нь бичгээр гаргуулж байж, дахин шүүхэд ханд гэж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаа явдал болно.

Нөгөөтэйгүүр “2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын 6508002205 дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож” шүүх шийдвэрлэчихээд, түүнийхээ эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл даалгах шаардлагыг хангахаас татгалзсан нь буруу юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл зохих хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын “... газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг даргад даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

3. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаас үзэхэд;

3.1. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 80 дугаар захирамжаар тус сумын Алтан овоо баг, Халуун усанд Шивээт манхан жуулчны баазаас дээш 20 метрийн зайд 1 га газрыг С.Д-д аялал жуулчлалын зориулалтаар эзэмшүүлж, 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 00031**** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

3.2. С.Д-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг Сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/180 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон ба уг захирамжтай холбогдуулан гаргасан С.Д-гийн нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэргийг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 622 дугаар магадлалаар нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор, хариуцагчийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.

3.3. Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/82 дугаар захирамжаар, өмнөх 2021 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болгохын зэрэгцээ анх газар эзэмших эрх олгосон сумын Засаг даргын 2007 оны А/80 дугаар захирамжийг үндэслэн 0000177282 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2023 оны оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 06546-2023/00029 дүгээр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

3.4. Улмаар нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.2-д тус тус заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах тухай хүсэлтийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Цэнхэр сумын Засаг даргад хүргүүлсэн боловч С.Д-гийн энэ хүсэлтэд ямар нэг хариу өгөөгүй, харин 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 01/35, 1 дүгээр сарын 18-ны өдрийн 01/51 дүгээр албан бичгээр, газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийг түүнд хүргүүлсэн.

4. Нэхэмжлэгч С.Д нь Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад холбогдуулж “15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын 650800**** дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэл гаргахдаа, ... сумын Засаг даргын 2023 оны А/82 дугаар захирамж гарах хүртэл хугацаа тасалдсан, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сумын Засаг даргад гаргасан ч хариу өгөхгүй буюу сунгахгүй эс үйлдэхүй гаргасан ... гэх зэргээр шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.

5. Хариуцагчийн хувьд “2007 онд С.Д-д газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийг зөрчсөн, 2006 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдаа явагдаагүй, цаашид сунгах үндэслэл байхгүй,  газар эзэмшүүлэх эрх олгосон гэх 2007 оны А/80 дугаартай захирамж нь “Эцэг эхийн нэр өөрчлөх тухай” захирамж байдаг” гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан.

6. Анхан шатны шүүхийн хувьд, нэхэмжлэлийн шаардлагын “15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын 650800**** дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох” хэсгийг хангаж шийдвэрлэхдээ, ... С.Д-д сумын Засаг даргын 2007 оны А/80 дугаар захирамжаар олгосон газар эзэмших эрх 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр дуусах байсан ч түүнээс үл хамаарах шалтгаанаар хугацаа тасалдсан, нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ Газрын тухай хуульд заасан хугацаанд, зохих баримтыг бүрдүүлж гаргасан байхад захиргааны байгууллага түүнийг хүлээн авсан ч шийдвэрлэж хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан нь хэрэгт цуглуулсан нотлох баримтаар тогтоогдсон” гэж маргааны үйл баримтад холбогдуулан Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

7. Учир нь хуульд заасан үндэслэл журмын дагуу үүссэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг захиргааны байгууллага үндэслэлгүйгээр дуусгавар болгосныг энэ хэсгийн 3.2-т заасан шүүхийн шийдвэрүүдээр тогтоосон байхад сумын Засаг дарга нь хүчин төгөлдөр шийдвэрээр дүгнэсэн дээрх үндэслэлийг дахин зааж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан буюу сунгахаас татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан хууль бус эс үйлдэхүй мөн.

8. Гэтэл анхан шатны шүүх, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх буюу “... газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Цэнхэр сумын Засаг даргад даалгах” хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг /хэлнэ/”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ... -/ыг/ хүчингүй болгуулах, ... эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж тус тус заасантай нийцсэнгүй.

9. Дээрх зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хууль бус болохыг нь тогтоолгохоор маргаж байгаа захиргааны үйл ажиллагаа буюу эс үйлдэхүй нь (а) хууль зөрчсөн байхын зэрэгцээ (б) түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах боломжтой.

10. Нэхэмжлэгчийн сэргээлгэхээр шүүхээс шаардаж буй эрх, ашиг сонирхол  гагцхүү хуулийн дагуу үүссэн байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болно.

Энэ тохиолдолд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар “шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах” шийдвэрийн урьдчилсан нөхцөл хангагдсан талаар анхан шатны шүүхээс ... газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон гэж үндэслэл бүхий тайлбарласан атлаа “... иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, сунгах эсэхийг шийдвэрлэх нь Засаг даргын сонгох боломжид хамаарахаар хуульчилсан, С.Д нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгах агуулгаар бус, харин газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах агуулгаар тодорхойлсон нь хуулийн зохицуулалтад нийцэхгүй” гэх зэргээр энэ хэсгийн 6-д зааснаас зөрчилтэй дүгнэлт хийжээ.

11. Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад хандаж 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан С.Д-гийн “газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах” хүсэлт, түүнийг газрын даамал Г.Н хүлээн авсан талаарх сумын Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэл зэрэг хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтыг, энэ талаар хариуцагч татгалзлын үндэслэлдээ тодорхойлоогүй зэрэг үйл баримттай харьцуулан дүгнэхэд, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулахаар хүсэлт гаргахдаа Газрын тухай хуульд заасан хугацаа, нөхцөл шаардлагыг хангасан эсэх талаар хэргийн оролцогчид маргаагүй гэж үзэхээр байна. /хэргийн I хавтасны 6, 51-53 дахь талд/

12. Энэ талаар анхан шатны шүүх “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан газар эзэмших гэрчилгээний нөхцөлийг нэхэмжлэгч нь хангаж ажилласан эсэхийг шалган тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар хариуцагчаас тодорхой ажиллагааг хийгээгүй байх тул шүүхээс хариуцагч захиргааны байгууллага сонгох боломж, эрхийг зөв хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй” гэх зэргээр дүгнэсэн нь учиртай дутагдалтай болсон. 

Тухайн асуудлаар хариуцагч татгалзлын үндэслэлээ тодорхойлж маргасан тохиолдолд маргааны үйл баримтыг тогтоохын тулд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэг нь захиргааны хэргийн шүүхэд хадгалагдаж буйг дурдах нь зүйтэй.

13. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан захиргааны үйл ажиллагаа хууль бус болох нь тогтоогдсон, С.Д-гаас газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтээ Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан, хариуцагчаас хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргасан эсэх, бүрдүүлбэл зохих баримтыг хангасан эсэх асуудлаар тухайлан маргаагүй буюу захиргааны байгууллагын эс үйлдэхүйг хууль бусад тооцсон тохиолдолд урьдчилсан нөхцөлд хангагдсан гэж үзэх тул шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагчид даалгах эрх зүйн үр дагавар үүсэх учраас нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... анхан шатны шүүхээс газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож шийдвэрлэчихээд, түүний эрх зүйн үр дагаврыг шийдвэрлэхгүй орхигдуулж байгаа нь буруу” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрх нь заавал бодитоор хэрэгжих буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч зайлшгүй оролцохыг шаардахгүй, энэ тохиолдолд анхан шатны шүүхээс хариуцагчийн “өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрх”-ийг хангаж, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан болох нь хэргийн материалаас тодорхойлогдох бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн агуулга адил хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэрт нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарахгүй болохыг тэмдэглэв.   

15. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 109/ШШ2024/0011 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 37 дугаар зүйлийн 37.2, Захиргааны ерөнхий хуулийн 37.3 дахь хэсгийг тус тус баримтлан С.Дгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 15 жилийн хугацаатай 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр олгосон нэгж талбарын 6508002205 дугаартай, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н-ийн гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                   Т.ЭНХМАА

 

                          ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН

 

  ШҮҮГЧ                                                                     З.ГАНЗОРИГ